Монгол Улс Дэлхийн аз жаргалын индексээр 75-р байранд бичигдлээ

2026.03.202 минут унших
Монгол Улс Дэлхийн аз жаргалын индексээр 75-р байранд бичигдлээ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

2026 оны Дэлхийн аз жаргалын тайлангийн үр дүнг өчигдөр буюу гуравдугаар сарын 19-ны өдөр танилцуулж, дэлхийн улс орнуудын иргэдийн амьдралын чанар, сэтгэл ханамжийг үнэллээ. Энэ жил Финланд улс дахин нэгдүгээр байранд бичигдсэнээр 9 жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай орон буюу амьдрахад таатай нөхцөлтэй улсаар шалгарч, Нордикийн орнууд эхний 10 байрыг эзэлсэн хэвээр байна. Энэ оны тайланд дижитал орчин буюу цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр, иргэд ялангуяа залуучуудын сэтгэл зүй, сайн сайхан байдал буурч байгааг анхааруулжээ. 

Монгол Улсын хувьд 2024 оны байдлаар нийт 147 улсаас 77-р байрт жагсаж байв. Харин энэ онд 75-р байранд бичигдэж хоёр байр урагшилжээ. Судалгаагаар манай улсын аз жаргалын индексийн оноо ойролцоогоор 5.9 буюу дэлхийн дунджаас дээгүүр гарч, ойрын хугацаанд аажмаар өсөх хандлага ажиглагдаж байгаа юм байна. Гэвч нэг хүнд ноогдох ДНБ, амьдрахад тохиромжтой эрүүл аюулгүй орчин, эрх чөлөөний үзүүлэлт зэрэг хүчин зүйлс нь иргэдийн сэтгэл ханамжид нөлөөлсөөр байгаа бөгөөд цаашид тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн итгэлцлийг нэмэгдүүлэх тал дээр анхаарах шаардлагатай гэдгийг тус тайланд онцолжээ.

Дэлхийн аз жаргалын тайлан нь 140 гаруй орноос авсан Gallup World Poll өгөгдөл дээр суурилдаг бөгөөд “та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байна вэ?” гэх гол асуултад хэрхэн хариулснаар үр дүн хэмжигддэг байна. Энэхүү тайланг анх 2012 онд НҮБ-ын санаачилгатайгаар гаргаж эхэлсэн бөгөөд жил бүрийн 3 дугаар сарын 20-ны “Олон улсын аз жаргалын өдрөөр” олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Олон жилийн судалгааны үр дүнд эдийн засаг дангаараа аз жаргалын баталгаа болох боломжгүй бөгөөд зарим өндөр хөгжилтэй орнууд жагсаалтын доогуур эрэмбэлэгдсэн нь энэхүү дүгнэлтийг баталж байгаа ажээ.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Монгол Улс Дэлхийн аз жаргалын индексээр 75-р б... | Posted