Бидэнд хамгийн ойр асуудлыг шийдэх төлөөлөгчдийг сонгох сонгууль


Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Бид үүнийг мэднэ. Иймээс хүн бүрээс шахуу энэ эрхээ шаардаж явдаг. Гэхдээ чухам яг хэн энэ асуудалд илүү хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг мэдэхгүйгээс болж зөв хүнд нь зөв шаардлага тавьж чаддаггүй. Байрны гадаах хог, хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэргээс нэхэх нь ч бий. Гэвч бидний амьдарч буй дүүрэг, хорооны тав тухгүй байдал, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу зэргийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид шийддэг. Нэг ёсондоо бидэнд хамгийн ойр байгаа асуудлыг шийдэж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг маань хангах хүмүүсийг сонгох сонгууль болох гэж байна гэсэн үг.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр болно. Гэвч бидэнд хамгийн ойр, өдөр тутам стресстүүлдэг асуудлуудыг шийдэх төлөөлөгчдийг сонгох энэ чухал сонгуулийн ирц жил бүр хангалтгүй хэвээр. Иргэдийг идэвхтэй оролцуулахын тулд нийтээр амрах өдөр болгодог ч бид хамгийн чухал бас “үнэтэй” эрх болох сонгох эрхээ эдлэхгүй, гэртээ амарсаар. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчид 2,393 тойрогт 8,031 мандатын төлөө өрсөлдөнө. Олон улсын жишээг сонирхвол, 2018 оны Мексикийн орон нутаг, мужийн сонгуульд иргэд маш идэвх, санаачилгатай оролцсон нь өөрчлөлтийн эхлэл болсон юм. Тэдний идэвхтэй оролцооны дүнд дагтаршсан авлигатай тэмцэж, тэгш бус байдлыг бууруулахад ахиц гарчээ. Тухайлбал, Мексикийн ядуурлын түвшин 2018-2022 оны хооронд 50 хувиас 43.5 хувь болж буурсан аж. Иймээс бид бүх шатны сонгуульд идэвхтэй оролцож чадвал биднийг стресстүүлдэг олон асуудалд үр дүнтэй шийдвэр олж чадах юм.

Аливаа улсын асуудлыг нэг цэгээс хэдхэн хүн шийдвэрлэнэ гэдэг хүндрэлтэй. Учир нь нэг талаар орон зай, цаг хугацааны хувьд хүрэлцдэггүй, нөгөө талаар улсын өнцөг булан бүрд амьдарч буй хүмүүс өөр өөрийн ашиг сонирхол, асуудалтай байдаг. Түүнчлэн нэг талаас орон нутаг өөрсдийн дотоод асуудлыг ашиг сонирхолдоо нийцүүлэн бие даан шийдэх эрмэлзэлтэй байхад, нөгөө талаас төр нэгдмэл байдлаар оршин тогтнохын тулд орон нутагт өөрийн удирдлагаа хэрэгжүүлэхийг зорьдог /Ө.Лувсанренчин. Иргэдийг төлөөлөгчдийн хурал, засаг даргын эрх мэдлийн харилцаа. УБ., 2013/. Иймээс тухайн нутаг дэвсгэр эрх ашгаа хамгаалан ажиллах болон төрийн оролцоог орхигдуулахгүй байх үүднээс Иргэдийн төлөөлөгчдийн хурал байдаг байх нь.
“Сонгуульд оролцсоноор асуудлаа шийдэх анхны алхмаа хийсэн гэсэн үг”
Улс төр судлаач, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Д.Уртнасан

"Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Иргэдийн нийтийн хурал гэсэн хоёр ойлголт бий. Иргэдийн нийтийн хурал нь хамгийн бага нэгжийнх гэж ойлгож болно. Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг үгээс иргэдээ төлөөлж байгаа хүмүүсийн нэгдэл гэдэг нь илэрхий. Эдгээр төлөөлөгч нэгдэн хурлаа хийж, нийтийн шинжтэй буюу тухайн бүс нутагт оршин сууж буй иргэдийн ашиг сонирхолд хөндөгдөж буй асуудлыг Засгийн газар болон хэрэгжүүлэгч Засаг даргын тамгын газруудад хүргэн, дуу хоолой нь болдог. Ямар ч ажилд ажил, үүргийн хуваарь гэж бий. Энэ хуваарь нь тухайн асуудлыг шийдэхээр ажиллаж буй хүмүүс ямар ямар үүрэгтэй байж, ямар хариуцлага хүлээхийг заасан байдаг. Яг үүн шиг. Бид өдөр тутамд ямар нэгэн асуудал гарч ирэхэд Улсын Их Хурлын гишүүд рүү шууд хандах гэдэг. Гэтэл ажил үүргийн хуваарийн дагуу УИХ-ын гишүүд үүнийг хийх үндэслэлгүй, харин хууль тогтоох, нэгдсэн бодлого гаргах үүрэг, эрх мэдэлтэй. Харин бид ИТХ-аар дамжуулж, энэ асуудлуудыг шийдэх боломжтой болдог. Иймээс бид УИХ-ын сонгуулийг сонирхож, анхаардаг шигээ ИТХ-ын сонгуулийг ч анхаарах шаардлагатай юм. Камержуулалт, тоос шороо, замын эвдрэл гэмтэл гэх мэт хамгийн ойр, өдөр тутмын асуудлыг шийдэх, дуу хоолой болох хүмүүс бол ИТХ-ын төлөөлөгчид. Энэ нь бид сонгуульд оролцсоноор асуудал шийдэх анхны алхмаа хийлээ гэсэн үг".

Төлөөллийн ардчилал бол иргэд өөрсдийн эрх ашгийг төлөөлөн, тэдний өмнөөс шийдвэр гаргах хувь хүнийг сонгодог засаглалын тогтолцоо юм. Иймээс иргэдийн төлөөлөгчдийг сонгох нь олон нийтийн оролцоо болон засаглалыг тэнцвэржүүлдэг. Ард түмэн төрийн эрх барихыг ардчилсан засаглал гэж бид ойлгодог. Нэг талаас зөв. Гэхдээ томоохон нийгэмд аливаа асуудалд олон нийт шууд шийдвэр гаргах нь бодитой бус юм /Robert Dahl. "A Preface to Democratic Theory". 1956/. Тиймээс иргэд өөрсдийн нэрийн өмнөөс төлөөлөгчдөө сонгож байж илүү үр дүнтэй хэлбэрт шилжих билээ.
Энэ тухай улс төр судлаач, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Д.Уртнасан “Ардчилсан засаглалын тулгуур ойлголт нь иргэдийн оролцоо юм. Мөн төлөөллийн ардчиллын гол институц нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Иймээс төлөөллийн ардчилал хэрэгжиж байгаа эсэхийг зөвхөн парламенттай холбож үзэх нь өрөөсгөл ойлголт. Тэгэхээр төрийн бодлого эргэх холбоотойгоор, үр ашигтай хэрэгжих боломжийг ИТХ хангадаг гэсэн үг. “Засаглалын эрх мэдэл ард түмний гарт байна” гэдэг шүү дээ. Үүнийг хуулийн эрх зүйн хувьд бодит болгож буй зүйл нь ч ИТХ учраас энэ сонгууль чухал билээ” гэсэн юм.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль улс төрийн эрх мэдэл үүрдийн биш, харин сонгогчдын хүсэл зоригоос хамаарна гэсэн санааг бататгадаг. Дөрвөн жилд нэг удаа ээлжит сонгууль явуулснаар төлөөллийн ардчилал нь улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлж, төлөөлөгч нь нийтийн эрх ашигт нийцэхгүй бол албан тушаалаас нь чөлөөлөх боломжтойг ч бидэнд сануулдаг билээ.
Улс төр судлаач, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш Д.Уртнасан

“Засаглалын тогтолцооны хувьд бид эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн хуваарилдаг. Энэ нь эрх мэдэл нэг гарт төвлөрч, эргээд дарангуйлал болж тогтохоос хамгаалах юм. Засгийн газар босоо тогтолцоогоор төрийн удирдлагыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төсвийг захиран зарцуулах эрхтэй байгууллага. Орон нутгийн нэгж дээр энэ эрх буухдаа эрх мэдлийг өгөхөөс гадна хяналт тавих боломжийг ч давхар өгдөг. Тухайлбал, Засаг даргын тамгын газар тухайн хороо, дүүрэг, аймаг, сумдад явуулах төсөл хөтөлбөрт шаардагдах төсвийг захиран зарцуулах эрхтэй. Тэрхүү төсөв иргэдийн татвараас бүрддэг шүү дээ. Тэгэхээр зарцуулах ёстой зүйл дээрээ зарцуулж байгаа эсэхийг хянах ажлыг ИТХ-аар дамжуулж хийдэг. Нэг ёсондоо яг жинхэнэ хариуцлага нэхэх субъектүүд тэнд сонгогддог учраас иргэд сонгуульдаа оролцох хэрэгтэй. УИХ улс орны хэмжээнд бодлого боловсруулах болохоос таны амьдарч буй дүүргийн замыг засахгүй. Замаа засуулъя, өөрт ойр асуудлаа шийдүүлье гэвэл ИТХ-даа анхаарал хандуулах хэрэгтэй юм".
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эсэх сонголт таны гарт байна
Улс төр судлаач Д.Уртнасан багшийн хэлсэнчлэн иргэдийг төлөөлнө гэдэг тэр чигтээ иргэдийн өмнө хариуцлага үүрэх ажлыг хийж байна гэсэн үг. Энэ утгаараа сонгууль нь төлөөлөгчдийг сонгогчдын асуудлыг шийдэж, эрх ашигт нь нийцэх шийдвэр гаргахыг шаарддаг. Дахин сонгогдохын тулд тэд олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж, асуудалд гарц хайхын зэрэгцээ эрх мэдлийн хяналтыг бий болгоно. Хяналтгүй эрх мэдэл бол дарангуйлал юм. Тэгэхээр эрх мэдэл төлөөлөгчдөд биш иргэд бидний гарт байна гэсэн үг. Ийм байхад та сонгуулиа өгөхгүй хэвээр гэж үү?

Өнөөдөр гудамжаар сүлжилдэн зөрөх хэнээс ч таны амьдарч буй орчин эрүүл, аюулгүй амьдрах эрхийг тань хангаж байна уу гэж асуувал “Үгүй” гэх нь олонх болов уу... Харин тэд дундаас хэд нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульдаа идэвхтэй оролцдог бол? Өдөр тутмын стресс үүсгэгч хүрээлэн буй орчны асуудлаа шийдэж, өөрчлөлт авчрахад Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль чухал хувь нэмэртэй. Энэ систем нь дээр хэлсэнчлэн иргэдэд сонгуулиар дамжуулан өөрсдөө төлөөлөгчдөд хариуцлага тооцох эрх мэдэлтэй гэдгээ эргэн санах, улс төрийн үймээн самуун, эрх мэдлийг хүчирхийллийн аргаар шилжүүлэх боломжийг үгүй хийхэд тусалдаг билээ.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр улсын хэмжээнд хөдөө орон нутгийн хаягтай Улаанбаатар хотод сурч буй 120,000 гаруй оюутан, үндсэн хаягаасаа өөр газарт ажиллаж буй 60,000 гаруй хүн бий. Хүн бүрийн сонгуулийн тэгш оролцоог хангахын тулд орон нутагт оршин суудаг оюутнуудын хувьд сонгууль болох долоо хоногийн 3, 4 дэх өдрүүдийн хичээлийг дараа нь нөхөх байдлаар зохицуулахаар шаардлага тавьсан байна. Харин уул уурхай болон тээврийн компаниуд хуульд заасан үүргээ биелүүлж, ажилчдадаа чөлөө олгон, зардал, унаа зэргээр дэмжлэг үзүүлэх шаардлагыг тавьж байгаа хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн билээ. Иймээс та сонгох эрхээ эдэлж, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг тогтож нэг уншаад, сонгуульдаа идэвхтэй оролцоорой.