Хэрхэн ажлаас халшрах хам шинжээс сэргийлэх вэ?


Наадмын нарлаг өдрүүдээр уншигч та хөдөө гарав уу, сэлүүхэн хотдоо амрав уу? Аль нь ч байсан, бид аажмаар ажлын хэмнэлдээ ингээд эргэн орлоо. Амралтын дараа ажилдаа эрч хүчээр дүүрэн орсон ч хэсэгхэн хугацаа өнгөрсний дараа өдөр хоног нэг л жирийн давтагдаж байгаа мэт санагдан, үр бүтээмж буураад, ажил амьдралын хооронд гацсан мэт санагдаж байна уу? “How to” буланд яг энэ асуудалтайгаа тэмцэж, шийдэл эрж яваа нэгэн уншигч маань захиа илгээжээ. Танд ч бас шийдмээр байгаа асуудал бий бол hello@tsoilogsoz.com хаяг руу “How to” буланд гэж гарчиглаад илгээгээрэй!
“How to” буланд
Ойрын үед ажил, өдөр тутмын амьдралаасаа залхаад, урам зориггүй болон, ихэд ядардаг болжээ. Энэ нь магадгүй ажлаас халшрах хам шинж (burnout) байх. Өөрөө уг нь амьдралын идэвхтэй хэмнэлээ хадгалж үлдэхийг хүсэж буй юм л даа. Хэрхэн энэ хам шинжийг даван туулж, цаашдаа сэргийлэх вэ?
Хүндэтгэсэн, “Халширсан” нэгэн
Халширсан нэгэнд өгөх зөвлөгөө
Юуны өмнө та ганцаараа биш шүү гэдгийг сануулъя. Энэ нь харин ч элбэг тохиолддог үзэгдэл юм. 2023 онд АНУ-ын улс дамнасан зөвлөх үйлчилгээний газар Mckinsey-ээс гаргасан 15 улс, 15,000 ажилчин хамрагдсан судалгаанд 4 хүн тутмын 1-д нь ажлаас халшрах хам шинж илэрсэн хэмээн өгүүлсэн байдаг. Ажлаас халшрах хам шинж нь ажил мэргэжлийн орчинд бий болдог боловч энэ нь эрүүл мэндийн ямар нэг өвчин эмгэг биш гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлдог байна. Нэг ёсондоо ажлын уур амьсгал, дарамт, шахалт, ужиг стресс зэргээс үүдэн бий болдог гэсэн үг.
Ажлаас халшрах хам шинж гэж юу вэ?
Thirdspace төслөөс авсан судалгаанаас харахад монголчуудын 47 хувь нь ажлаас халшрах хам шинжийн талаар сонсож байсан ч бүрэн ойлгодоггүй, харин 10 хувь нь энэ талаар мэддэггүй ажээ. Иймд ажлаас халширсан нэгний асуултад хариулах зорилгоор манай редакц Улаанбаатар Элит олон улсын дунд сургуулийн сэтгэл зүйч Б.Мөнх-Учралтай ярилцлаа.
Ажлаас халшрах хам шинж гэдэг нь тухайн хүний амьдралын бүх талбарт нөлөө үзүүлдэг, сар болон түүнээс дээш хугацаанд үргэлжилдэг их хэмжээний стресс юм. Хүн бүрд ямар нэгэн хүлээлт гэж байдаг шүү дээ. Хүний төсөөлж байсан хүлээлт биеллээ олж чадахгүйгээс үүдэн стресс бий болдог. Стресс үүсэх үед тархины сэтгэл хөдлөлийг удирдсан хэсэг нь гомдол, цөхрөл гэх таагүй мэдрэмжүүдийг уураар нууж байгаад тархинд маш хүчтэй сэрэл, дохиог өгдөг. Тархинд ийм дохио ирэх үед тархины урд хэсэг болох удирдлагын системд нөлөөлж эхэлнэ. Тэрхүү их хэмжээний стресс нь ажлын бүтээмжийг бууруулах, сэтгэл санаа тогтворгүй болгох зэрэг үр дагавартай байдаг.
Шинж тэмдгүүд

Нэгэн хэвийн өдрүүд давтагдсаар
Өглөө босоод ажилдаа явна, өдөржин дэлгэц ширтэнэ, түгжрэлтэй өрсөж гэрийн зүг яарна. Маргааш ахиад л өглөө сэрнэ, цайгаа ууна, ажлаа хийнэ, орой нь хийх сонин содон зүйлгүй, унтах хүртлээ цаг нөхцөөнө. Өдөр хоногууд нэг л жирийн, уйтгартай өнгөрөөд байна уу? Сүүлдээ ажил руугаа зүглэхээс залхан, очих хүсэл эрмэлзэлгүй болчихсоноо анзаарч байсан уу? Тэгвэл бид ажлаас халшрах хам шинжийн талаар сэтгэл зүйч Б.Мөнх-Учралаас асуухад “‘Өөрийгөө үсдэж сэрээлээ’ гэж ярьдаг даа бид. Түүн шиг ажилдаа явах урам зориггүй, ажлаа хийх хүсэл сэдэл байхгүй, ажлын байрандаа нэг л уур бухимдалтай, бусадтай харилцахдаа түрэмгий, ширүүн, тогтворгүй байх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ” гэж тодорхойллоо.
Багассан үр бүтээмж
Тоолж баршгүй олон цагаар дэлгэцийн ард суудаг атлаа хийж бүтээсэн зүйлээ дүгнэх үед үр бүтээмж нэг л сайжирч өгөхгүй байна уу? Хааяа бид яаж ч чармайсан гараас юм гарахгүй байдаг үе тааралддаг даа. Энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл ажлаас халшрах хам шинж болно.
Ядарч, сульдах нь олширсон уу?
Сэтгэл зүйч Б.Мөнх-Учрал: Эдгээр шинж тэмдгүүд нь эргээд санхүү, хувь хүний амьдралд нөлөөлж эхлэх үед ажил, амьдрал нь ямар ч утга учиргүй болж байгаа мэт мэдрэмжүүд төрч эхэлдэг. Энэ нь ажлаас халшрах хам шинж даамжирч байгаагийн илрэл юм.
1-2 өдөр үү эсвэл хэдэн сарын дотор илрэх үү?
Сэтгэл зүйч Б.Мөнх-Учрал: Ажлаас халшрах хам шинж гэж авч үзэхийн тулд дор хаяж 5-6 шинж тэмдэг илрэх ёстой. Хүмүүс энэ шинж тэмдгүүдийг ганц хоёроороо илрэхийг хам шинж гэж ойлгох хандлагатай байдаг. Олон шинж тэмдгүүд нэг сар болон түүнээс дээш хугацааны турш илрээд ирэхээрээ ажлаас халшрах хам шинж болно. Хам шинж үү, аль эсвэл стресс үү гэдгийг сайн ойлгон, ялгаж сурах хэрэгтэй. Хувь хүний стрессийн зохицуулалт, сэтгэлзүй, ачааллыг тэсвэрлэх болон зохион байгуулах чадвараас хамаарч, ажлаас халшрах хам шинжид өртөх хугацаа нь өөр өөр байдаг.
Ажлаас халширсан та энэ хам шинжийг өөрөө аяндаа алга болно гэж бодож байвал эндүүрсэн хэрэг шүү. Хэрэв та үүнийг зөнд нь хаясан тохиолдолд цаашдаа хүндэрч, сэтгэл гутрал, зүрх судасны өвчин болох эрсдэлтэй юм. Иймээс ажлаас халшрах хам шинжээс хэрхэн сэргийлж, даван туулах талаар мэргэжлийн зөвлөгөөг хүргэе.
Сэтгэл зүйч Б.Мөнх-Учрал: Ажлын орчинд ил тод байдлыг эрхэмлэн, бие биедээ харилцан туслалцахыг эрмэлзэж, хувийн хил хязгаараа тодорхой байлгах нь маш чухал. Яг ямар үүрэг хүлээж байна, хэзээ юу хийх ёстой гэх мэтийн зүйлсийг тодорхойлж, төлөвлөгөө гаргаарай. Хэрэв стресстэй, бухимдалтай байгаа бол найз нөхдөдөө, сэтгэл зүйчдээ, гэр бүлдээ түүнийгээ хуваалцаж, сэтгэлзүйгээ дэмжих арга хэмжээг дор бүр нь аваад явах хэрэгтэй. Үүнээс гадна сонирхол, хоббигоороо стрессээ тайлж, сөрөг мэдрэмжүүдээ хэт их хуримтлуулахаас сэргийлээрэй. Бидний бие махбод сэтгэлзүйтэйгээ ямагт уялдаа холбоотой байдаг тул сайн амарч, зөв хооллон, дасгал хөдөлгөөн хийж, чилээгээ гаргах зэрэг нь зайлшгүй чухал шүү.
Ажлын хамт олны зүгээс юу хийж болох вэ?
Ажлаас халшрах хам шинж нь зөвхөн танаас хамаарах зүйл бус бөгөөд таны ажиллаж буй байгууллагын уур амьсгал, үйл ажиллагаа, удирдлага зэргээс тодорхой хэмжээгээр шалтгаалдаг билээ.
Сэтгэл зүйч Б.Мөнх-Учрал: Ажлын удирдлага, хамт олны зүгээс уян хатан байдал, нээлттэй, ил тод ойлголцлыг бүрдүүлэх нь ажлаас халшрах хам шинжээс сэргийлэх арга хэмжээ болдог. Хүн болгонд ярьж, өөрийгөө ойлгуулах хэрэгцээ байдаг тул байгууллагын зүгээс өөрийгөө илэн далангүй илэрхийлэх орон зайг бүрдүүлэх нь сайн дэмжлэг болж өгнө. Мөн зарим хүн цайны цагаараа ярилцаж, стрессээ тайлдаг бол ганц нэг нь ганцаараа амьсгаа авч, тайвшрахыг илүүд үздэг байж магадгүй. Тийм бол хэсэг амрах боломжтой жижиг орчныг бүрдүүлж өгснөөр өөр өөр онцлогтой ажилчид өөрсдийгөө цэнэглэн, стрессээ тайлах боломжийг олгож байдаг. Ахиад нэмэх нэг чухал зүйл бол таны амьдралын зорилго ажлын орчинтой тань нийцэж байгаа эсэх юм. Таны ажлын байр, хүлээж авдаг үүрэг даалгавар таны зорилго, үнэт зүйлтэй зөрчилдөж, эсвэл нийцэж байна уу гэдгийг бодолцож үзээрэй.
Удаан хугацааны турш стрессдэж, амьдрал, ажлаасаа залхан, сэтгэл хөдлөл тогтворгүй болох нь жирийн нэг үзэгдэл биш, харин ажлаас халшрах хам шинж байж болох нь. Бидний бие махбод, сэтгэлзүй ямагт уялдаа холбоотой оршдог тул өөрийн хил хязгаар, эрүүл мэндийг ажлынхаа төлөө бүү золиослоорой. Уншигч та дээр дурдсан аргуудаар стрессээ өдөр тутамдаа тайлж, сөрөг мэдрэмж, бодлуудаа их хэмжээгээр хуримтлуулахаас сэргийлж байгаарай. Ажилд нь амжилт!
Бэлтгэсэн: А.Гоомарал