УБ 16°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Сэтгүүлч туршлаа: 6 өдөр өөртөө цэцэг бэлэглэхэд гарах 6 өөрчлөлт 
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Сэтгүүлч туршлаа: 6 өдөр өөртөө цэцэг бэлэглэхэд гарах 6 өөрчлөлт 

Сэтгүүлч туршлаа: 6 өдөр өөртөө цэцэг бэлэглэхэд гарах 6 өөрчлөлт 

Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч
2025.06.24 · 4 унших

Цэцэг бол зүгээр л навч, дэлбээ, ишнээс бүтсэн ургамал биш. Заримдаа тэр аз жаргалын чимээгүй хэл, зөөлөн уучлалт, өөртөө зориулсан хамгийн уянгалаг “чи үнэ цэнтэй” гэх үг байж чаддаг. Бид заримдаа бусдаас цэцэг авахыг тэр дундаа хамгийн дуртай цэцгээ авахыг хүсдэг дээ. Гэхдээ яагаад хэнийг ч хүлээхгүйгээр өөртөө авч болохгүй гэж. Ер нь яагаад бид онцгой өдрийг хүлээж амьдралгүйгээр өөрөө өнөөдрийг онцгой болгож болохгүй гэж. Яг ийм бодолд хөтлөгдөн сэтгүүлч би зургаан өдрийн турш өөртөө цэцэг бэлэглэсэн юм.  

Зургаан өдөр, зургаан цэцэг = Зургаан өөрчлөлт 
 

Энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн өдөр бүрийн эхэнд өөртөө цэцэг авч, өөрийнхөө сэтгэлийн өнгийг ажиглаж эхэлсэн юм. Энэ нь ердөө зургаахан өдөр мэт боловч үүрд үргэлжлэх дотоод өөрчлөлтийн эхлэл байлаа.  

Өдөр 1: Гербара (Gerbara daisy) - Шинэ эхлэлийн мэдрэмж 

Frame 1261158707.jpgСарын эхний өдөр ажлаа тараад харих замаараа гэрийнхээ ойролцоох цэцгийн дэлгүүрээс өөртөө ганцхан ширхэг цагаан гербара авав. Хонин нүдэн (daisy) цэцгийн нэг төрөл учраас эргэлзэлгүйгээр эхний цэцгээрээ сонгосон юм. Сонсох дуртай Скарлет Роузын “In My Beautiful Garden” дуунд “Үзэсгэлэнт цэцэрлэгтээ би хүн болгон харахаар хонин нүдэн цэцэг тарьсан” гэж гардаг нь сэтгэлд хоногшсоных байх. Цагаан гербера цэцэг нь ариун журам, энгийн байдал, цэвэр ариун шинэ эхлэлийг бэлгэддэг. Тиймдээ ч бүх хар бараан бүхэн ард үлдэж, өөрийгөө хайрладаг шинэ би дахин төрж байгаа мэт мэдрэмж төрж байв.  

Өдөр 2: Цагаан сарнай - Өөрийгөө өршөөх нь

Frame 1261158708.jpg Хоёр дахь өдрийн өглөө өөртөө цагаан сарнай авлаа. Олон янзын сарнай авч байсан ч цагааныг авч байгаагүй юм билээ. Энэ цэцэг надад нэн хэрэгтэй байсан уучлалын дохио шиг санагдсан. Өөртөө цэцэг бэлэглэнэ гэдэг өөрийнхөө өнгөрсөнд зөөлөн хүрч, “Зүгээр дээ…” гэж шивнэх шиг мэдрэмж төрүүлдэг. Өөрийгөө ямар их буруутгаж, хэчнээн хурц ширүүн харцаар өөрийгөө хардаг байснаа ч эргэцүүлэн бодох боломжийг олгодог юм билээ. Цагаан сарнай цэцгийн хэлээр  “тэнцвэр”, “өршөөл” гэсэн утгатай. Тэр өглөө би зүрх сэтгэлдээ нэг жижигхэн цонх нээж, өөрийгөө шүүмжлэхээ түр азнасан юм. Тэр цэцэг шиг л нам гүмхэн, зөөлөн, тайван байхыг хүссэн. Өөртөө “Чи хангалттай” гэж хэлэх ховор боломжийг өөртөө олгосон юм. 

Өдөр 3: Шар алтанзул - Сэтгэлдээ гэрэл асаасан нь 

Frame 1261158709.jpgГурван өдөр цэцэг авахдаа гурван өөр цэцгийн дэлгүүрээс цэцэг авсан юм. Ердөө гуравхан өдрийн дотор олон юм шинээр мэддэг болсон юм шиг. Өөр өөр цэцгийг яаж арчлах, ямар цэцгийн дэлгүүр хамгийн эрт нээдгийг, аль дэлгүүрт ямар цэцгүүд байдгийг мэдэж авлаа. Мөн цэцгийг дараа нь хог болох олон давхар боолтоор боож багласнаас яг байгаагаар нь, боолгохгүйгээр авах илүү сайхан мэдрэмж төрүүлдэг болохыг ч мэдэрсэн. Тэр өдрийн тэр жижигхэн шар алтанзул миний харцанд гэрэл нэмж, инээмсэглэл бэлэглэсэн юм. 

Өдөр 4: Ягаан цээнэ - Зүрхэнд дэлбээлэх зөөлөн талархал 

Frame 1261158712.jpgЭнэ өдөр би анх удаа цээнэ цэцэгтэй танилцсан юм. Урьд өмнө нь мэддэггүй байсан энэ ягаан цэцэг миний туршилтын өдрүүд дэх хамгийн эмзэг, хамгийн тансаг, хамгийн гүн мэдрэмж төрүүлсэн цэцэг байлаа. Гар дээрээ авч, үнэрлэх тэрхэн мөчид л зөөлөн гомдол, талархал, уучлалыг зэрэг тээсэн нэгэн эмэгтэй дэргэд минь зогсож байгаа мэт мэдрэмж төрж байв. 

Мөн энэ өдөр цахим орчинд өөртөө цэцэг авч байгаагаа хуваалцсан бичлэгийг минь үзсэн нэгэн танил маань “Чиний бичлэгийг үзээд өөртөө башир цэцэг авлаа. Үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм байна” гэж бичсэн юм. Миний хийж байгаа зүйл нэг хүнд ч болов үйлдэл болж, өөрийгөө эргэн харахад нь нөлөөлжээ гэдгийг мэдрэх сайхан байв. Тиймээс би ягаан цээнэ цэцгийг талархлын цэцэг гэж нэрлэмээр санагдсан юм. Энэ бол бусдаас биш, өөрөөсөө эхэлж, дотроосоо ургуулсан талархлын цэцэг. Би эхэлсэн. Харин хэн нэгэн үргэлжлүүлсэн. Магад цаашид олон хүн үүнийг туршина байх. 

Өдөр 5: Улаан башир - Өөртөө амлалт өгсөн нь 

Frame 1261158710.jpg

Тав дахь өдрийн өглөө би өөртөө улаан башир цэцэг авсан. Эл цэцгийн хүчирхэг улаан өнгөнд миний доторх чимээгүй зориг, өөртөө өгсөн амлалтууд далд утгаар нуугдаж ч байх шиг. Улаан башир итгэл үнэмшилдээ үнэнч байхын бэлгэ тэмдэг юм. Энэ нь бусдад өгөх амлалт бус, харин өөртөө өгсөн амлалт. Өөрийгөө орхихгүй байх, өөрийгөө дэмжих, өөрийгөө үнэлэх амлалт аж.  

Өдөр 6: Гоо даль - Өөрийн үнэ цэнийг мэдрэх нь 
 Frame 1261158711.jpg

Туршилтын сүүлийн өдөр би өөртөө гоо даль авсан юм. Тэр бол зүгээр нэг цэцэг биш. Миний сэтгэлийн хамгийн чимээгүй буланд нуугдаж явсан хүсэл мөрөөдлийн хэлбэр юм. Би энэ цэцэгт бүхий л амьдралынхаа турш дурлаж ирсэн. Гэхдээ “Чи ямар цэцэгт дуртай вэ?” гэж хэн ч надаас асууж байгаагүй. Тэгээд нэг л өдөр  би өөрөө өөртөө энэ асуултыг тавьж, хариулт нь болсон гоо далийг бэлэглэсэн юм. Гоо даль бол тансаг чимээгүй байдал шиг. Хүн бүрийн нүдэнд тусах албагүй, харин анзаарсан нь шууд дурлаж мэдэх гүн мэдрэмж.  Энэ цэцгийг аваад би онцгой өдрийг хүлээх шаардлагагүй. Би өөрөө онцгой учраас, миний өдөр бүр онцгой гэдгийг ухаарсан юм. 

Цэцэг ба сэтгэл зүй: Анхаарал, амар амгалангийн нууц хэл 

Цэцэг гэдэг зүгээр нэг гоёл, энгийн нэг бэлэг бус. Энэ бол хүний сэтгэлзүйн түвшинд гүн нөлөө үзүүлдэг байгалийн ухаалаг хэл юм. Ратгерсийн их сургуулийн сэтгэл судлаач, профессор Жанет Л.Хавилланд-Жонс болон түүний багийнхны хийсэн судалгаагаар цэцэг хүлээн авсан хүмүүсийн сэтгэл санаа тэр дороо эерэг болж, сэтгэл хөдлөл 100 хувь идэвхэжжээ. Тухайлбал, судалгаанд оролцогчдын нүүрний илэрхийлэл, нүдний хөдөлгөөн хүртэл баяр хөөртэй болж өөрчлөгдсөн аж. Түүнчлэн “Nature Neuroscience” сэтгүүл дэх нэгэн судалгаагаар байгалийн анхилуун үнэр, ялангуяа цэцгийн үнэр нь тархины тайвшруулах төвүүдийг идэвхжүүлж, амгалан байдлыг төрүүлдэг болохыг нотолсон. Үнэр мэдрэхүйн дохио нь тархины сэтгэл хөдлөлийн хэсэгтэй хамгийн шууд холбогддог учир энэ нөлөө нь гүн бөгөөд хурдан үйлчилдэг ажээ. 

Тиймээс цэцэг бол бидний дотоод орон зайд гэрэл нэмэгч юм. Сэтгэл гутрал, ядаргаа, энэ бүх ойлгомжгүй амьдралын хэмнэл дунд өөртөө цэцэг авч өгнө гэдэг “Би чухал” гэж өөртөө сануулах хамгийн намуухан, бат хүчтэй хэлбэр. Энэ зургаан өдөрт сэтгүүлч би “Цэцэг бол өөртөө анхаарал тавих энгийн алхам. Харин өөртөө цэцэг авах нь өөрийгөө хайрлаж сурч буй хүний сэтгэлийн бяцхан ялалт” гэдгийг ойлгов. Иймээс онцгой өдрийг, хэн нэгэн цэцэг өгөхийг бүү хүлээ. Яг өнөөдөр харцыг чинь булаагаад байгаа тэр цэцгийг өөртөө ав. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Намуун
Б.Намуун
Сэтгүүлч · 0 дагагч

Сэтгүүлч

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.