“Windstorm: The Legend of Khiimori” тоглоом 500 мянган еврогийн санхүүжилт татжээ


13-р зууны Монголын уламжлалыг тусган харуулсан “Windstorm: The Legend of Khiimori” тоглоомын санхүүжилтийн аян өндөрлөж, 8,889 дэмжигч, ивээн тэтгэгчээс нийт 504,798 евро буюу 573,000 ам.долларын хөрөнгө оруулалт төвлөрүүлжээ.
“Windstorm: The Legend of Khiimori” нь адал явдалт төрлийн тоглоом бөгөөд морь уях, уралдуулах соёл, Монголын байгаль, цаг агаарын нөхцөл, сур харваа зэрэг сонирхолтой хэсгүүдийг багтаасан байна.
Өөрөөр хэлбэл, тус бүтээл нь зөвхөн адал явдалт тоглоом бус, монгол адууны соёл, байгалийн хүнд нөхцөлд дасан зохицох ур чадвар, түүхэн домог, сур харваа, монголчуудын түүхэн итгэл үнэмшил зэрэг үндэсний онцлогийг нэгэн зэрэг шингээсэн цогц төсөл болжээ. Тоглогч газар газрын адал явдлыг туулахын зэрэгцээ морьтой харилцах холбоогоо бэхжүүлж, анхаарал тавих, зөв шийдвэр гаргах, байгаль орчны аюулыг урьдчилан тооцоолох зэрэг олон талт туршлагыг хуримтлуулах боломжтой аж.
"Windstorm: The Legend of Khiimori" нь төслийн багийнхны хувьд анх удаа олон улсын тоглогчдын дэмжлэг, санал, хүсэлтийг хүлээн авч, хамтран бүтээж буй төсөл бөгөөд контент бүр нь хэрэглэгчийн оролцоонд үндэслэсэн гэдгээрээ онцлог юм байна.
Тоглоомын туршилтын хувилбар /early access/ 2025 оны зун гарах төлөвтэй байгаа ажээ.
Эх сурвалж: Kickstarter