Залуусын орон зай

Цэцэгсийн нууцад нэвтрэхүй: Цэцгийн бэлгэдэл

М.Энхмаа2025.03.083 минут унших
Цэцэгсийн нууцад нэвтрэхүй: Цэцгийн бэлгэдэл - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Цэцэгс бол байгаль эхийн хамгийн үзэсгэлэнтэй бүтээлүүдийн нэг бөгөөд олон утга бэлгэдлийг агуулсан гайхамшиг ертөнц билээ. Хүн төрөлхтөн эртээс нааш цэцэгсийг хайр сэтгэл, нөхөрлөл, итгэл найдвар, аз жаргал, уйтгар гуниг гэх мэт мэдрэмж, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болгосоор ирсэн түүхтэй. Тийм ч учраас “Цэцэгс бол бидний амьдралын өнгө, аз жаргалын хэл” хэмээдэг. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнгээс гадна өөрийн гэсэн гүн гүнзгий утга агуулга, нарийн бэлгэдлийг шингээсэн байдаг нь нэн сонирхолтой биш гэж үү? Тэгвэл энэхүү нийтлэлээр цэцэгсийн нууцад хамтдаа нэвтэрцгээе!

Цэцэгсийн хэл буюу “флориографи”

Флориграфи нь хэдэн мянган жилийн турш Европ, Ази, Африк зэрэг олон орны соёлд хэрэглэгдсээр ирсэн ойлголт бөгөөд цэцэгсээр дамжуулан харилцах урлаг юм. Цэцэгс бүхэн өөрийн гэсэн гоо үзэсгэлэн, өвөрмөц шинж, домог түүхээрээ дамжуулан гүн гүнзгий утга агуулгыг илэрхийлж, зүрх сэтгэлийн тусгал болсоор ирсэн нь энэ юм. Флориграфи хэмээх энэхүү ойлголт нь Викториан үед хамгийн өргөн дэлгэрсэн бөгөөд цэцэгсийн нууцлаг утгыг судлах нь нэгэн сонирхолтой хобби болсон байна. Тухайн үед цэцэгсийг сэтгэл хөдлөл, далд утга санааг илэрхийлэх буюу нууц зурвас дамжуулах хэрэгсэл болгон ашиглаж байв. Жишээлбэл, өөрийн сэтгэлтэй хүндээ ганц улаан сарнай илгээхэд л хангалттай бөгөөд танд шар өнгийн лиш цэцгээр (carnation) хариу илгээвэл таны сэтгэлээс татгалзаж буйн илрэл ажээ. Энэ мэтчилэн цэцэгсийн утга, бэлгэдлийг мэддэг болсноор өөрийн мэдрэмжийг гүн гүнзгий илэрхийлэхэд тань туслах болно.

Цэцэгсийн нууцад нэвтрэхүй

Цэцэгсийн нууцад нэвтрэхүй: Цэцгийн бэлгэдэл нийтлэлийн зураг

Викториан үеийн цэцгийн хэлэнд ганц цэцэг бэлэглэх эсвэл баглаа цэцэг бэлэглэх нь өөр өөр утгыг илэрхийлдэг байжээ. Тухайлбал, ганц цэцэг нь романтик хайрын эхлэлийг бэлгэддэг бөгөөд хэн нэгэнд татагдаж буйгаа илэрхийлэхэд ганц цэцэг илүү тохиромжтой гэж үздэг байна. Ганц цэцэг нь өөрийн онцгой утга учрыг бүрэн илэрхийлдэг гэж үздэг бөгөөд цэцэг бэлэглэж буй нэгний сэтгэл хөдлөл тодорхой, үнэнч байдлыг илтгэдэг. Харин баглаа цэцэг нь илүү торгон мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд цэцэг бүрийн гоо үзэсгэлэн, утга агуулгын цогц нийлэмж нь хувь хүний онцлогийг илэрхийлэхэд төгс зохицдог байна. Сонгосон цэцэгсээс хамааран тухайн баглаа нь хайр, нөхөрлөл, хүндлэл, уучлалт гэх мэт олон төрлийн мэдрэмжийг илэрхийлж, баяр ёслол, хурим найр, төрсөн өдөр зэрэг онцгой өдрүүдийг улам утга учиртай болгодог ажээ. 

Цэцэгсийн өнгөний бэлгэдэл

Цэцэгсийн нууцад нэвтрэхүй: Цэцгийн бэлгэдэл нийтлэлийн зураг

Улаан өнгийн цэцэг:  Улаан өнгийн цэцэг нь хамгийн түгээмэл бэлэглэдэг өнгөний нэг бөгөөд хүсэл тэмүүлэл, хайр, тачаангуй байдлын илэрхийлэл юм. Иймд хайртай хүндээ, онцгой нэгэндээ цэцгийн баглаа бэлэглэх гэж байгаа бол улаан өнгийг заавал багтаагаарай. 

Ягаан өнгийн цэцэг: Ягаан цэцэг нь орон орны соёл бүрд өөр өөр утгыг илэрхийлэх хэдий ч ихэвчлэн энхрий ялдам байдал, баяр баясал, гэм зэмгүй сэтгэлийг бэлгэддэг ажээ. Тухайлбал, Тайландад ягаан цэцэг нь итгэл найдварын бэлгэ тэмдэг гэж үздэг бол Хятадад аз хийморийг бэлгэддэг байна. Харин Японд эрүүл мэндийн бэлгэдэл гэж үздэг бол барууны соёлд эмэгтэйлэг, ялдам байдлын илэрхийлэл гэж үздэг байна. Иймд ягаан өнгийн цэцгийн найз нөхдөдөө эсвэл хайртай хүндээ илгээхэд тохиромжтой сонголтын нэг юм.

Шар өнгийн цэцэг: Шар өнгө нь баяр хөөр, баясгалан, аз жаргал, хөнгөн хошигнолыг илэрхийлдэг тул найз нөхдөө баярлуулж, сэтгэлийг нь сэргээхийг хүсвэл шар өнгийн цэцэгс таны төгс сонголт байх болно. Шар өнгийн цэцэг нь ямар ч өрөөг гэрэлтүүлэн эерэг уур амьсгал нэмэгдүүлдэг тул найздаа, дотнын хүмүүстээ бэлэглэхэд тохиромжтой.

Цагаан өнгийн цэцэг: Энгийн атлаа үзэсгэлэнтэй цагаан өнгийн цэцэг нь цэвэр ариун байдал, даруу төлөв зан, гэм зэмгүй ариун сэтгэлийг илэрхийлдэг. Тэр ч утгаараа хуримын ёслол, бүл нэмсэн гэр бүлд бэлэглэхэд тохиромжтой гэж үздэг байна. Харин зарим Азийн орнуудад цагаан цэцэг үхэл, гашуудлын бэлгэдэл болдог тул эхлээд тухайн орны соёлтой танилцахаа мартуузай.

Цэцэгсийн тооны бэлгэдэл

Цэцэгсийн нууцад нэвтрэхүй: Цэцгийн бэлгэдэл нийтлэлийн зураг

1 цэцэг - Төгс хайр: Энгийн бөгөөд гүн утгатай нэгийн тоо нь хайр, үнэнч байдал, анхны хайрын илэрхийлэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүндээ өөрийн үнэнч сэтгэлээ зориулж буйн хэлбэр юм.

3 цэцэг - Тэгш байдал: Гурвын тоо нь тэнцвэрийн бэлгэдэл бөгөөд эхлэл, дунд шат, төгсгөл гэсэн гурван элементийг илэрхийлдэг. Хайр, нөхөрлөл, үнэнч байдал зэрэг аливаа харилцаанд тэнцвэртэй, гүн гүнзгий холбоог бэлгэддэг байна.

12 цэцэг - Төгс амьдрал, цаг хугацаа: Арван хоёрын тоо нь цаг хугацааны хэмнэл, шинэ сарны цикл болон төгс амьдрал, эргэлтийн бэлгэдэл юм. Өөрийн амьдралд хэрэгтэй бүх зүйлстээ хүрч, төгс төгөлдөрт тэмүүлэхийн илэрхийлэл гэж үздэг байна.

99 цэцэг - Мөнхийн хайр: Үнэнч сэтгэл, мөнхийн төгс хайр, хамтдаа амьдрах хүслийг илэрхийлэхэд хамгийн тохиромжтой. Энэ тоо нь гүн гүнзгий сэтгэлийн мэдрэмж, чин үнэнч сэтгэлийг бэлгэдэж, хосын холбоог илүү гүнзгий болгодог.

108 цэцэг - Гүн гүнзгий сэтгэлийн холбоо: Энэ тоо нь олон соёл, шашинд өөрийн гэсэн бэлгэдэлтэй бөгөөд ихэвчлэн ариусал, амьдралын гүн утга учийг бэлгэддэг байна. Уучлал, шинэчлэл, гүн гүнзгий сэтгэл, ариуслын илэрхийлэл болгож 108 цэцэг бэлэглээрэй.

Хайраа илэрхийлэх цэцэгс

Улаан сарнай - Уламжлалт хайрын бэлгэ тэмдэг тул валентины баяраар хамгийн түгээмэл бэлгэддэг.

Улаан алтанзул (Tulip) - Төгс хайрыг бэлгэддэг. Хайртай хүндээ улаан алтанзул илгээснээр та түүнийгээ өөрийн амьдралын “жинхэнэ хайр” хэмээн үзэж буйгаа илэрхийлж чадна.

Улаан лиш (Carnation) - Хайр, татагдалтыг илэрхийлдэг. Улаан лиш цэцэг нь гүн гүнзгий, үнэнч хайрын бэлгэдэл юм.

Далиа (Dahlia) - Мөнхийн холбоо, үнэнч байдлыг илэрхийлдэг тул хуримын ой эсвэл онцгой үйл явдлын үеэр бэлэглэхэд тохиромжтой. 

Нөхөрлөлийг илэрхийлэх цэцэгс

Шар сарнай - Нөхөрлөлийн бэлгэдэл болсон хамгийн алдартай цэцэг бөгөөд хамгийн сайн найздаа илгээхэд төгс тохирох болно шүү.

Фрезия (Freesia) - Итгэл, нөхөрлөл, халамжийн илэрхийлэл тул баглаа цэцэгт оруулах нь гайхалтай сонголт байх болно.

Альстромерия (Alstroemeria) - Харилцан итгэл, үнэнч байдал, дэмжлэгийг илэрхийлдэг учир сайн найздаа илгээхэд тохиромжтой.

Хризантем (Chrysanthemum) - Дэлхий даяар олон өөр утгыг илэрхийлдэг ч нийтлэг утга нь аз жаргал, урт нас, хайрыг бэлгэддэг тул хамгийн сайн найздаа бэлэглэхэд тохиромжтой.

Талархлаа илэрхийлэх цэцэгс

Ягаан сарнай – Ягаан сарнай бол талархал, хүндэтгэлийг илэрхийлэх хамгийн сайхан цэцэгсийн нэг. Танд хүнд хэцүү үед тусалсан хүндээ талархлаа илэрхийлэхэд төгс тохирно.

Гортензия (Hydrangea) – Дүүрэн дэлбээгээрээ гайхагддаг гортензия цэцэг нь чин сэтгэлийн талархал, ойлголцлыг бэлгэддэг.

Вандуйн цэцэг (Sweet pea) – Энэхүү анхилуун үнэртэй, гоёмсог цэцэг нь талархал, баярлаж явдаг сэтгэлийг илэрхийлэхэд хамгийн тохиромжтой.

Цахилдаг (Iris) – Найздаа талархал илэрхийлэхийг хүсэж байвал итгэл, найдварын бэлгэдэлтэй цахилдаг  цэцэг төгс сонголт болно.

Баярт үйл явдалд тохирох цэцэгс

Цээнэ (Peony) – Аз жаргал, амжилт, эд баялгийг бэлгэддэг тул амьдралдаа шинэ эхлэл тавьж буй хүнд хамгийн тохиромжтой.

Лизиантус (Lisianthus) – Жижигхэн хэр нь чамин цэцэг нь итгэл, өөртөө итгэх байдал, дур булаам байдлыг  илэрхийлдэг тул сургуулиа төгссөн, ажлын том амжилт гаргасан хүнд бэлэглэхэд тохиромжтой.

Нарцисс (Daffodil) – Нарцисс бол шинэ эхлэл, итгэл найдварыг илэрхийлдэг тул шинэ байранд нүүж орсон хүнд бэлэглэхэд хамгийн тохиромжтой.

Калла лили (Calla Lily) – Гоо үзэсгэлэн, ариун байдал, гайхамшигтай байдлыг бэлгэддэг тул хуримын ёслолд бэлэглэхэд хамгийн тохиромжтой цэцэг.

Хамгийн түгээмэл цэцэгсийн бэлгэдэл

Цэцэгсийн нууцад нэвтрэхүй: Цэцгийн бэлгэдэл нийтлэлийн зураг

Ийнхүү флориографийн ертөнцтэй танилцахад тань туслах түгээмэл цэцэгсийн бэлгэдлийг та бүхэндээ хүргэж байна.

Сарнай – Хайр, хүсэл тэмүүлэл, гоо үзэсгэлэн
Сараана (Lily) – Гэм зэмгүй, цэвэр ариун, үнэнч байдал, сүсэг бишрэл
Хонин нүдэн (Daisy) – Цэвэр ариун байдал, шинэ эхлэл
Алтанзул (Tulip) – Төгс хайр, дэгжин байдал
Наранцэцэг – Хүндлэл, үнэнч байдал
Цахирмаа (Orchid) – Гайхамшигт гоо үзэсгэлэн, хүч чадал
Лиш цэцэг (Carnation) – Хайр, татагдалт
Цэнхэр цахилдаг (Iris) – Итгэл, ухаарал, найдвар
Цээнэ (Peony) – Элбэг дэлбэг байдал, аз хийморь
Нарцисс (Daffodil) – Сэргэлт, шинэ эхлэл
Гиацинт (Hyacinth) – Үнэнч байдал, тууштай байдал
Голт бор (Lilac) – Анхны хайр, залуу насны ариун сэтгэл
Marigold – Баяр баясгалан, бүтээлч байдал
Намуу цэцэг (Poppy) – Амар амгалан, нойр, тайвшрал
Хризантем (Chrysanthemum) – Нөхөрлөл, баяр хөөр, шударга байдал
Жасмин – Мэдрэмжит байдал, уян налархай байдал
Нил цэцэг (Violet) – Даруу байдал, хүндэтгэл
Дурсгалж (Forget-Me-Not) – Үнэнч хайр, дурсамж
Камелия (Camellia) – Хүндлэл, төгс байдал
Гербера (Gerbera Daisy) – Хөгжилтэй байдал, баяр баясгалан, гэм зэмгүй сэтгэл
Цагаан сараана (Calla Lily) – Цэвэр ариун байдал, гоо үзэсгэлэн
Хонгорзул (Gladiolus) – Хатуужил, зоригтой байдал
Примроз (Primrose) – Залуу хайр, үүрд үргэлжлэх хайр, шинэ эхлэл
Хонхон цэцэг (Bluebell) – Даруу байдал, үнэнч байдал
Астра (Aster) – Тэвчээр, дэгжин байдал
Лаванда – Амар амгалан, тайван байдал

Холбоотой нийтлэлүүд