Gen Z: Дураараа биш, өөртөө үнэнч үеийнхэн

М.Энхмаа
Д.Жавхлан
М.Энхмаа, Д.Жавхлан
2026.01.294 минут унших
Gen Z: Дураараа биш, өөртөө үнэнч үеийнхэн - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

“Ажилд ороод удалгүй гарчихлаа”, “Хэлэх гэснээ шууд хэлээд хэцүү юм”, “Сэтгэл санаа хэцүү байна гээд л чөлөө авах юм, бидний үед ийм байгаагүй”... 

Эдгээр яриа танд танил сонсогдож байна уу? Өнөөдөр ажлын байран дээр Gen Z буюу 1997-2012 оныхон гарч ирснээр үе хоорондын томоохон зөрчил, шинэ соёл бий болж буйг дэлхий дахинаа онцолж байгаа. Гэхдээ тэднийг ердөө “хэцүү” гэсэн ганц үгээр тодорхойлохоосоо өмнө сэтгэл зүйн онцлогийг нь жаахан гүнзгий анзаараад үзье. Gen Z үеийнхэн гэж хэн юм бэ?  

Дураараа биш, өөртөө үнэнч үеийнхэн

Gen Z: Дураараа биш, өөртөө үнэнч үеийнхэн нийтлэлийн зураг

Өмнөх үеийнхний хувьд хариуцлага гэдэг нь өөрийнхөө сэтгэл зүй, хувийн амьдралыг хойш тавьж, ажлаа нэгт тавихыг хэлдэг байв. Харин Gen Z нар үүнийг тэвчих биш харин өөрчлөх ёстой асуудал гэж хардаг байна. Тухайлбал, McKinsey-ийн судалгаагаар тэднийг “True Gen” буюу үнэнийг эрэлхийлэгчид гэж нэрлэжээ. Тэд ажлын байран дээр баг зүүж, дүр эсгэхийг хүсдэггүй. Тиймээс тэдний хэлэх гэснээ хэлдэг зан нь үнэндээ байгууллагыг илүү ил тод, шударга байхад шахдаг хөдөлгүүр юм.

Сэтгэл зүйгээ сонсдог анхны үе

Тэднийг “сэтгэл зүйн хувьд тогтворгүй” гэх нь бий. Гэвч бодит байдал дээр тэд сэтгэл хөдлөлөө хамгийн сайн таньж, түүнийгээ илэрхийлж сурсан анхны үе юм. Америкийн Сэтгэл Судлалын Холбоо (APA)-ны судалгаагаар Gen Z үеийн 37% нь сэтгэл зүйн зөвлөгөө авдаг нь өмнөх үеийнхнээс хамаагүй өндөр үзүүлэлт аж. Тиймээс "Би зүгээр биш байна, надад амралт хэрэгтэй байна" гэж хэлэх нь сул тал биш харин сэтгэл зүйн дархлаагаа урт хугацаанд хадгалах гэсэн оролдлого юм. Тэд өөрийгөө сонсдог учраас л ажил, амьдралын хил хязгаарыг маш тодорхой тогтоодог.

Тэд яагаад ажилдаа тогтдоггүй вэ?

“Ажилд ороод удалгүй гарчихлаа” гэдэг гомдол ажил олгогчдын дунд түгээмэл. Deloitte-ийн 2023 оны судалгаагаар Gen Z үеийнхний ажлаас гарах гол шалтгаан нь "үнэт зүйл нийцэхгүй байх" болон "ажил нь утга учиргүй санагдах" явдал байв. Тэд ердөө амьдрахын тулд ажиллахыг хүсдэггүй. Тэдний хувьд ажил нь өөрийгөө илэрхийлэх, нийгэмд нөлөөлөх нэг хэсэг байх ёстой. Хэрэв хийж буй ажил нь хувь хүнийх нь хувьд өсгөхгүй бол тэд шууд л дараагийн боломжийг хайдаг байна. Энэ нь тэднийг хувирамтгай гэхээсээ илүү зорилгодоо үнэнч болохыг харуулдаг юм.

Хамтран ажиллах түлхүүр: Чиглүүлэг ба ойлголцол

Тэд захиргаадалтын арга барилд маш дургүй аж. Сэтгэл зүйн хувьд тэд удирдлагыг дарга гэж биш, зөвлөгч байгаасай гэж хүсдэг байна. Тэдэнд зөвхөн юу хийхийг биш, яагаад хийж буй учир шалтгааныг нь тайлбарлах нь тэдний сэтгэл зүйн бүтээмжийг нэмэгдүүлдэг.

GenZ-ийг өөрчлөх гэж оролдох буюу хуучин хэв загварт шахах нь үр дүнгүй. Харин тэдний энэ нээлттэй, өөрийгөө сонсдог чанарыг ашиглан байгууллагын соёлыг илүү эрүүл, ил тод болгох боломжтой. Тэд бол өмнөх үеийнхний тэвчиж ирсэн бүхнийг өөрчилж чадах, сэтгэл зүйн өндөр боловсролтой, хамгийн чөлөөт сэтгэлгээтэй үе хэмээн судлаачид үзэж байгаа аж.

"Өөрчлөлтийг аюул гэж биш өсөлт гэж харах нь"

Gen Z: Дураараа биш, өөртөө үнэнч үеийнхэн нийтлэлийн зураг

Сэтгэл зүйч Б.Цэндсүрэн

Нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр хүмүүс бид ч дагаж хувьсдаг. Гэвч хүний сэтгэл зүйн нэг сонирхолтой онцлог нь аливаа шинэ өөрчлөлтийг аюул гэж хүлээн авах хандлагатай байдагт оршино. Gen Z үеийнхнийг шүүмжлэх бусад үеийнхний хандлага ч мөн үүнтэй холбоотой. 

Сэтгэл судлаач Карл Рожерсийн онолоор хүн "жинхэнэ өөрөөрөө байх" нь сэтгэл зүйн эрүүл мэндийн суурь хэрэгцээ юм. Gen Z үеийнхэн өөрийн эрх үүргийг мэддэг, хувийн орон зайгаа эрхэмлэдэг нь дураараа зан биш харин сэтгэл зүйн хувьд эрүүл байх гэсэн оролдлого юм. Тэд ирээдүйд санаа зовох, өнгөрсөнд харамсахаас илүү одоодоо төвлөрч, мэдрэмжээ нээлттэй хуваалцдаг. Энэ нь харилцааг илүү тодорхой болгож, үл ойлголцлыг багасгах давуу талтай ч бусад үеийнхэнд зөвхөн "өөрийгөө нэгт тавьсан" мэт таагүй сэтгэгдэл төрүүлж болохыг анхаарах хэрэгтэй.

Тэд техник технологи, ардчиллын дунд өссөн тул мэдээлэлд нээлттэй ч нөгөө талдаа цахим орчноос маш их хамааралтай. Энэ нь тэдний дунд түгшүүрийн хэмжээг нэмэгдүүлж, сэтгэл зүйн савлагаа үүсэх үндсэн шалтгаан болдог. Тиймээс тэднийг ажилдаа тогтворгүй гэж буруутгахаас өмнө дижитал эрин зууны энэхүү түгшүүрийг ойлгож, дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал юм.

Өөрчлөлт бүр сайн, муу хоёр талтай. Энэ үеийнхэн зөвхөн мэдрэмжээ дагаж шийдвэр гаргах нь чухал мөчид сэтгэл хөдлөлдөө автах эрсдэлийг дагуулдаг. Харин бусад үеийнхэнд хандаж хэлэхэд, тэдний өөрчлөлтийг буруу гэж дүгнэхээс илүүтэй нээлттэй хүлээж аваасай гэж хүсэж байна. Биднийг сайжруулж, урагшлуулж буй хөдөлгүүр нь яг энэ өөрчлөлт юм. Тиймээс ажлын байран дээр Gen Z үеийнхэнтэй ойлголцохын тулд тэдний мэдрэмжээ илэрхийлэх эр зоригийг сайшааж, харин түүнийгээ хэрхэн оновчтой шийдвэр болгон хувиргах тал дээр нь зөвлөгч байдлаар хандах нь хамгийн үр дүнтэй.

Gen Z үетэй хэрхэн хамтарч ажиллах вэ?

Дижитал орчинд, мэдээлэлтэй ойр өссөн Gen Z үеийн хувьд ажлын байран дээр гараад ажлынхаа утга учрыг ойлгож, өөрийгөө хөгжүүлэн, бусдад болоод өөртөө хэрэгтэй зүйл хийж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг чухалчилдаг аж. Тэгвэл бие биеэ ойлгож хамтарч ажиллахад тань туслах аргыг хуваалцаж байна.

Gen Z: Дураараа биш, өөртөө үнэнч үеийнхэн нийтлэлийн зураг

Ил тод, нээлттэй харилцаа

Энэ үеийнхэн компанийн зорилго, аливаа шийдвэрийн цаадах гол утга учрыг үргэлж хайж, “яагаад” хэмээх асуултын хариуг олохыг хүсдэг. Хэт албаны, хөндий харьцахаас илүү энгийн, ойлгомжтой яриа, шууд харилцаа тэдэнд итгэл төрүүлдэг. Удирдлага, багийн ахлагчид бодлого, төлөвлөгөөгөө нээлттэй тайлбарлаж, санал бодлыг нь сонсож байх нь тэдний оролцоог нэмэгдүүлж, багийн уур амьсгалыг сайжруулахад чухал нөлөө үзүүлж болох юм. Гэвч хувь хүний онцлогоос хамаарч зарим Z үеийнхэн өөрсдийн бодлоос илүү удирдлагынхаа заавар зөвлөгөө, шийдвэрийг дагахыг илүүд үздэг байна. 

Тогтмол санал бодлоо солилцож байх

Жилийн эцэст нэг удаа дүгнэлт хийж, шүүмжилж, шаардлага тавихаас илүүтэй, тодорхой цаг хугацаанд тогтмол үнэлж, гаргасан ахиц дэвшлийг нь хамтдаа ярилцах нь Gen Z үеийн суралцах, хөгжих хурдад илүү нийцдэг. Үүний зэрэгцээ, зорилго болон үнэт зүйлд төвлөрсөн хандлага нь энэ үеийнхний идэвхийг нэмэгдүүлдэг аж. Тэдний хийж буй ажил, өгсөн үүрэг даалгавар нь ашиг олохоос гадна нийгэм, байгаль орчин зэрэг өөрт болоод бусдад эерэг нөлөө үзүүлж байгаа гэдгийг ойлгох нь Gen Z нарын “би бусдад хэрэгтэй хүн” гэх үзэлтэй нь нийцэж, ажлаасаа илүү утга учрыг мэдэрч эхлэх хандлагатай байдаг аж.

Уян хатан, бие даасан байдал

Уян хатан цагийн хуваарь, өөрийн төслийг өөрөө удирдах боломж нь тэдний хариуцлагыг нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээг дэмждэг. Энэ үед тэд удирдах албан тушаалтнаасаа сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нь дэмжсэн, ажиллахад тав тухтай орчин бүрдүүлэхийг хүсдэг тул үүнийг анхаарах хэрэгтэй. Нэг нэгнээ шүүмжлэлээс илүү, харилцан дэмждэг багийн уур амьсгал нь Gen Z үеийнхний ажлын бүтээмж, сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг байна.

Карьерын өсөлтийг нь дэмжих

Z үеийнхэн нэг ажлаасаа амархан уйддаг гэж ойлгох нь буруу юм. Тэд гаргасан үр дүн, ажлын бүтээмж, ур чадвар зэргийг нь шударгаар үнэлж буй байгууллагад бусад үеийнхэнтэй адил удаан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах зорилготой байдаг. Тушаал дэвшүүлэх, хүссэн ажлыг нь хийлгэх, менторшип хөтөлбөр, шинэ ур чадвар эзэмших сургалтууд нь энэ үеийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Давуу талыг нь гаргаж өгөх

Дижитал, техник технологитой асуудалгүй харьцаж чаддаг нь Gen Z үеийн хамгийн том давуу тал. Тиймээс байгууллагын инновац, үр ашгийг нэмэгдүүлэхийг хүсвэл тэдний давуу талыг ашиглах боломжтой юм. Тэд ч энэ чадвараа гаргахаас хэзээ ч төвөгшөөдөггүй учир орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, тэдний бүтээлч чадварыг бодитоор хэрэгжүүлэх орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Итгэлцлийг бий болгох 

Итгэлцэл бол бүх үед байдаг харилцааны үндэс суурь. Хуурамч төрх гаргалгүй өөрийнхөөрөө байж, амласан амлалтдаа хүрдэг байх нь Gen Z нарын итгэлийг олж авах энгийн алхам билээ. Хэт шаталсан, дээрээс доош чиглэсэн бүтцээс илүү, үе хоорондын хамтын ажиллагааг дэмжсэн, олон талт, хүртээмжтэй орчин бүрдүүлэх нь тэдний өвөрмөц үзэл бодол, үнэт зүйлсийг хүндэтгэж буй тод илэрхийлэл болох юм.

Ийнхүү Gen Z үетэй амжилттай хамтран ажиллахын гол түлхүүр нь харилцан хүндлэл, ил тод байдал, чөлөөт сэтгэлгээ гэдгийг харж болохоор байна. Тэдний дуу хоолойг сонсон, хөгжих боломжийг нь дэмжиж тусам тэд ажлынхаа утга учрыг илүү ойлгож эхэлдэг. Үр дүнд нь Z үеийнхэн байгууллагын хамгийн идэвхтэй, бүтээлч, шинэлэг боловсон хүчин болох бүрэн боломжтой юм. Зөвхөн Gen Z үе гэлтгүй, үе үеийн онцлогийг харгалзан үзэж, нэгэндээ хүндэтгэлтэй хандах нь амжилтын үндэс билээ.

 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0
Gen Z: Дураараа биш, өөртөө үнэнч үеийнхэн | Posted