“Брайл болон дохионы хэлтэй тайлбар нь мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж байна”


Бид өмнөх “Соёлын хүртээмж налуу замаар хязгаарлагдахгүй: Дугаар 1” сурвалжилгаараа соёлын үйлчилгээний байгууллагын хүртээмжийн тухай асуудлыг барилга байгууламжийн шийдлээр үл хязгаарлан, уран бүтээлийг мэдрэхүйгээр хүртэх боломж болон брайл тайлбар зэрэг тусгай хэрэгцээт иргэн бие даан соёлын үйлчилгээ авах боломжийг хэрхэн бүрдүүлж байгааг Монголын уран зургийн галерей, Улаанбаатар хотын музейн жишээн дээр хөндсөн билээ.
Тэгвэл "Урлагийн түүх" булангийн энэ удаагийн дугаартаа хүртээмжийн асуудлыг мэдээлэл болон харилцааны тэгш байдлын түвшинд гүнзгийрүүлэн авч үзэж байна. Монголын Үндэсний музейн хэрэгжүүлж буй боловсролын хөтөлбөрүүд, иргэний бодит туршлага болон мэргэжлийн арга зүйчийн байр суурийг нэгтгэн, соёлын үйлчилгээ хүн бүрд ижил хэлээр ярьж чадаж буй эсэхийг сурвалжиллаа.
Мэдээлэл болон харилцааны тэгш байдал гэж юу вэ?
Өнөөдөр дэлхий дахинаа соёлын үйлчилгээний байгууллагуудын дунд хараа, сонсгол болон танин мэдэхүйн өөр өөр хэрэгцээтэй хүн бүр бусдын тусламжгүйгээр мэдээлэл авч, үзмэр, уран бүтээлтэй бие даан харилцах тухай мэдээлэл болон харилцааны тэгш байдал хэмээх ойлголт чухал сэдэв болоод байна.
Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2022 оны тайлангаар дэлхийн 6 хүн тутмын нэг нь ямар нэг хэлбэрийн бэрхшээлтэй байна. Харин ЮНЕСКО-гийн судалгаанаас үзэхэд эдгээр иргэдийн талаас илүү хувь нь ойлгомжгүй тайлбар, дохионы хэл болон аудио хөтөчгүй байх зэрэг мэдээллийн хүртээмжгүй байдлаас үүдэн соёлын үйлчилгээг бүрэн дүүрэн авч чаддаггүй аж. Эдгээр тоон мэдээллээс харахад соёлын үйлчилгээний салбарт мэдээлэл болон харилцааны тэгш байдал гэдэг ямар чухал сэдэв болохыг харж болох юм.
Орчны саад ба хандлагын бэрхшээл

Тэгвэл манай улсын хувьд музей, галерей зэрэг соёлын байгууллагуудын үзмэр, үйлчилгээ, уран бүтээлүүд хүн бүрд нээлттэй, тэгш хүртээмжтэй байж чаддаг болов уу? Бид энэ асуултад хариулт эрэлхийлэх замаар энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэсэн бөгөөд энэ талаар иргэн Б.Энхсайханы байр суурийг тодруулсан юм. Түүний хувьд музей, галерейгаар зочлох хүсэл их байдаг ч орчны болон хандлагын олон саадтай тулгардаг байна.
“Тэргэнцэртэй иргэний хувьд стандарт налуу зам байхгүйгээс үүдэн орох боломж хязгаарлагдах, арай гэж орлоо ч зориулалтын ариун цэврийн өрөө байхгүй зэрэг нь хамгийн том саад болдог. Энэ нь эргээд тухайн орчинд тав тухгүй байх, санаа зовох шалтгаан болохоос гадна соёлын үйлчилгээний байгууллагууд бүхэлдээ хүртээмжгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн орчны саад бэрхшээлээс гадна хүмүүсийн хандлагын асуудал тулгардаг. Тусгай хэрэгцээт иргэдийг утга учиргүй өрөвдөх эсвэл орчны хүртээмжгүй байдлыг тухайн хувь хүний буруу мэтээр харах нь таагүй мэдрэмж төрүүлдэг.”
Б.Энхсайханы үзэж буйгаар соёлын байгууллагууд нэгдүгээрт, орчны саадгүй байдлыг бүрдүүлж, хоёрдугаарт ажилчдадаа хөгжлийн бэрхшээлийн талаарх зөв ойлголт өгөх сургалтуудыг тогтмол зохион байгуулах шаардлагатай байна. Түүнчлэн, тусгай хэрэгцээт иргэдтэй хамтран соёлын контент, кино, анимэйшн бүтээх нь нийгэмд илүү хүмүүнлэг, хүртээмжтэй соёлыг түгээхэд томоохон түлхэц болно гэдгийг тэрбээр онцолсон юм.
Хүртээмжтэй үйлчилгээний гэж юуг хэлэх вэ?
Тэгвэл энэхүү хандлагын саад болон бие даан соёлын үйлчилгээ авах тухай эрхийн асуудлыг мэргэжлийн түвшинд хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ? Бид энэ талаар Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн сургалтын арга зүйч Н.Ундралтай ярилцлаа.

- Хүн бүрд тэгш хүртээмжтэй үйлчилгээ явуулахад манай соёлын байгууллагуудын бэлтгэл хангагдсан эсэх, иргэдэд тулгардаг нийтлэг бэрхшээл юу вэ?
- Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил жигд бус байна. Зарим газар налуу зам, лифт хийж эхэлсэн ч иргэд бие даан үйлчилгээ авах боломж бүрэн бүрдээгүй. Шат, өндөр босго гэх мэт орчны саадаас гадна мэдээлэл ойлгомжгүй, зөвхөн бичвэр хэлбэрээр байх зэрэг бэрхшээлүүд үзэгчдэд тулгардаг.
- Мэдээллийн самбар, үзмэрийн өндрийг хэрхэн стандартжуулж, хүн бүрд харагдахуйц байлгах вэ?
- Зогсож байгаа болон сууж байгаа хүний харах түвшин өөр тул мэдээллийг зөвхөн нэг өндөрт байрлуулах нь буруу. Тэргэнцэртэй хүний харах түвшин хүүхдийнхтэй ижил буюу 90-120 см байдаг. Тиймээс мэдээллийг зөвхөн насанд хүрсэн хүний түвшинд бус, олон түвшний шийдлээр байршуулах нь зөв.
- Үйлчилгээний ажилтнууд харилцааны ямар арга зүйг баримтлах ёстой вэ?
- Бэрхшээл бүр өөрийн гэсэн харилцааны онцлогтой. Жишээлбэл, тэргэнцэртэй иргэнтэй харааны нэг түвшинд ярилцах, тэргэнцэрт нь хүрэхээсээ өмнө заавал асуух шаардлагатай. Харин харааны бэрхшээлтэй хүнтэй харилцахдаа эхлээд өөрийгөө танилцуулж, ямар тусламж хэрэгтэйг асуух жишээтэй. Манай байгууллага энэ чиглэлийн арга зүйн сургалтуудыг аж ахуйн нэгжүүдэд ордог.
- Мэдээллийг өөр өөр онцлогтой иргэдэд хэрхэн хүртээмжтэй хүргэх вэ?

- Мэдээллийг зөвхөн нэг хэлбэрээр бус, олон сувгаар хүргэх нь чухал. Тухайлбал,
- Харааны бэрхшээлтэй иргэдэд: Аудио тайлбар, барьж мэдрэх загвар.
- Сонсголын бэрхшээлтэй иргэдэд: Зурагт бичвэр, дохионы хэл.
- Оюуны бэрхшээлтэй иргэдэд: Хялбаршуулсан богино өгүүлбэрүүд. Нэг мэдээллийг харж, сонсож, барьж мэдрэх боломжтойгоор давхар хүргэснээр хүн бүр өөрт тохирсон аргаар ойлгох боломж бүрддэг.
- Соёлын үйлчилгээнд хамрагдах нь тухайн иргэнд ямар ач холбогдолтой вэ?
- Соёлын үйлчилгээнд тогтмол хамрагдах гэдэг бол нийгмийн амьдралд идэвхтэй оролцож буй хэлбэр юм. Бие даан үйлчилгээ авах нь амьдрах чадварыг нэмэгдүүлж, өөртөө итгэх итгэлийг өсгөдөг. Хүртээмжтэй орчин нь тухайн хүнийг зөвхөн үйлчлүүлэгч биш, нийгмийн идэвхтэй оролцогч иргэн болгодог тул үйлчилгээний байгууллагууд тэгш, хүртээмжтэй, хүн бүрд ээлтэй орчныг бүрдүүлэх нь нэн чухал.
- Тэгвэл соёлын байгууллагууд бодит үр дүнд хүрэхийн тулд хэрхэн хамтарч ажиллах вэ?
- Хүртээмжтэй байдлыг хангах гэдэг бол хамтын ажиллагааны тухай ойлголт юм. Юу дутагдаж байгааг хэрэглэгч өөрөө хамгийн зөв хэлдэг тул орчны үнэлгээг тусгай хэрэгцээт иргэдийн оролцоотой хийх ёстой. Мөн ажилтнуудаа мэргэжлийн байгууллагын сургалтад хамруулж, харилцааны арга зүйд сургах хэрэгтэй. Учир нь тусгай хэрэгцээт хүмүүсийн асуудлыг тэдэнгүйгээр шийдэх боломжгүй шүү дээ.
Мэдлэг олгох арга замыг олон хэлбэрт шилжүүлсэн Монголын Үндэсний музейн туршлага
Мэргэжлийн арга зүйчийн дэвшүүлсэн нийгмийн түншлэл болон мэдээллийн олон сувагт дамжуулалт хэмээх эдгээр зарчим бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж буйг тодруулах зорилгоор Монголын Үндэсний музейг зорьсон юм. Бид өмнөх дугаартаа соёлын хүртээмжийг биет дэд бүтцийн шийдлээр хязгаарлан сурвалжилсан бол энэ удаад Монголын Үндэсний музейн Боловсролын ажилтан И.Мөнхчимэг, Б.Энхсайхан нараас мэдээллийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлж буйг тодрууллаа.
Музейн зүгээс мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ үзэгчдийг өөрийн онцлогт нийцсэн мэдрэхүйн сувгаар дамжуулан түүхэн өвтэй харилцах боломжийг олгож байна. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар арга зүйч И.Мөнхчимэг дараах мэдээллийг өгсөн юм.

"Манай музейн есөн танхим Монголын түүхийг он цагийн дарааллаар хүүрнэдэг. Бид энэ их мэдлэгийг хүн бүрд ижил хүртээмжтэй хүргэхийг зорьж, танхим бүрдээ харааны бэрхшээлтэй үзэгчдэд зориулсан Брайл үсэгтэй тайлбар номуудыг байршуулсан. Мөн биет бус өвөө таниулахын тулд “Ингэнд ботго авхуулах”, “Эмээл хийх арга” зэрэг баримтат кинонуудыг дохионы хэлний орчуулгатайгаар үзүүлж байна.

Музейн барилга маань 1971 оных болохоор цахилгаан шатгүй гэх мэт хүндрэл бий. Гэхдээ бид шатны бариул, халтирдаггүй шал, гадна талын налуу зам, зориулалтын ариун цэврийн өрөө гээд дэд бүтцээ боломжоороо сайжруулсаар ирсэн. Үзмэрийн хорго, тайлбар бичвэрүүдээ ч тэргэнцэртэй хүн харахад тохиромжтой түвшинд байрлуулдаг. Түүнчлэн 29 болон 55 дугаар сургууль зэрэг сургуулиудтай хамтарч тухайн сургууль дээр авч очин сургалтын хөтөлбөр явуулдаг.”
Тусгай хэрэгцээт үзэгчдийн идэвх ба боловсролын хөтөлбөрийн үр дүн
Сүүлийн гурван жилийн хугацаанд Монголын Үндэсний музейн боловсролын хөтөлбөрт хамрагдсан тусгай хэрэгцээт хүүхдүүдийн тоо хоёр дахин өссөн байна. Нийгмийн энэхүү хэрэгцээг хангахын тулд жил бүр шинээр нэвтрүүлж буй хөтөлбөрүүд болон тэдгээрийн хүртээмжийн талаар бид Боловсролын ажилтан Б.Энхсайханаас тодрууллаа.

- Тусгай хэрэгцээт иргэдийн музей үзэх идэвх болон боловсролын хөтөлбөрийн хамрагдалт сүүлийн жилүүдэд ямар байна вэ?
- Статистик мэдээллээс харахад үзэгчдийн тоо тогтмол нэмэгдэж буй дүр зураг харагдаж байна. Тухайлбал:
- 2023 онд: Нийт 64,667 үзэгчийн 380 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бол боловсролын хөтөлбөрт 147 хүүхэд хамрагдсан.
- 2024 онд: Нийт 98,332 үзэгчийн 530 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бол боловсролын хөтөлбөрт 143 хүүхэд хамрагдсан.
- 2025 онд: Нийт 69,554 үзэгчийн 316 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан бол боловсролын хөтөлбөрт хамрагдах хүүхдийн тоо 316 болж, хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн байна.
- Боловсролын хөтөлбөрийн агуулга, арга зүй хэрхэн шинэчлэгдэж байна вэ?
- Бид "Алтан соёмбо", "Монгол хөөрөг, даалин" зэрэг 20 гаруй боловсролын хөтөлбөрийг чиглэл үүргийн дагуу явуулдаг. Соёмбо тэмдгийн утга бэлгэдэл болон хөөргөний гарал үүслийн талаарх мэдээллийг хүүхдүүд брайл үсгээр уншихаас гадна бодит үзмэрийг барьж, тэмтэрч танилцдаг. Бид жил бүр 2-3 шинэ хөтөлбөр гаргаж, насны бүлэг бүрд тэгш хүртээмжтэй байлгахаар агуулгаа байнга шинэчилдэг.

- Харааны бэрхшээлтэй иргэд түүхийн олдворыг барьж, мэдрэх боломжийг хэрхэн бүрдүүлдэг вэ?
- Музейн үзмэрт хүний гар хүрэхэд тослог нь насжилтыг богиносгодог тул бид харааны бэрхшээлтэй үзэгчдэд зориулалтын нэг удаагийн бээлий өмсгөөд хөшөө дурсгалыг тэмтрэх боломж олгодог. Ингэснээр тэд буган хөшөөн дээрх дүрслэлийг гараараа мэдэрч таньдаг. Мөн "Буга найзаа урлая" хөтөлбөрөөр дамжуулж хүүхдүүд тасархай зураасыг дагуулж зурснаар түүхэн дүрслэлийг өөрсдөө бүтээж сурдаг юм. Хэрэв музей дээр ирэх боломжгүй бол бид жижгэрүүлсэн хөшөө, үзмэрүүдээ аваад сургуулиуд дээр нь очиж таниулдаг.
Соёлын үйлчилгээний чанар ба ирээдүйн чиг хандлага
Ийнхүү бид соёл, урлагийн тэгш хүртээмж сэдвийн хүрээнд дамнан галерей, музейнүүдийн дотоод зохион байгуулалт, боловсролын хөтөлбөрүүдийг судалснаар хүртээмжийн тухай асуудал гэдэг хүн бүрийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах суурь болохыг онцоллоо. Сурвалжилсан галерей, музейн жишээнүүдээс харахад хүртээмжийг биет дэд бүтэц болон арга зүйн шийдэл гэсэн хоёр өөр өнцгөөс авч үзэх шаардлагатай байгааг харж болохоор аж.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй соёлын байгууллагуудын олонх нь хуучны барилгад байрладаг нь тэргэнцэртэй иргэд болон тусгай хэрэгцээт бүлгийнхэнд биет саад болсоор байна. Монголын Үндэсний музейн туршлагаас үзэхэд барилгын хийцээс үүдэлтэй энэхүү дутагдлыг боловсролын хөтөлбөр, арга зүйн шийдлээр нөхөх боломжтой. Брайл тайлбарт ном, дохионы хэлний видео контент, үзмэрийг тэмтэрч мэдрэх нөхцөлийг бүрдүүлсэн нь Тусгай хэрэгцээт хүний эрхийн тухай хуулийг практикт хэрэгжүүлж буй хэлбэр юм. Энэ нь соёлын үйлчилгээг бүх мэдрэхүйгээрээ хүртэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Нийгмийн түншлэл ба оролцоо
Хүртээмжийг нэмэгдүүлэхэд салбар хоорондын түншлэл чухал үүрэг гүйцэтгэж байна. Музейн мэргэжилтнүүд тусгай сургуулиудтай хамтран ажиллаж, мэдээллийг зорилтот бүлэгт нь хүргэж байгаа нь соёлын үйлчилгээний хүрээг тэлжээ. Монголын Үндэсний музейн сүүлийн гурван жилийн статистик мэдээллээс харахад тусгай хэрэгцээт үзэгчдийн тоо, ялангуяа хүүхэд багачуудын оролцоо тогтмол өсөж байгаа нь энэ чиглэлийн арга зүйн хэрэгцээ нийгэмд их байгааг илтгэж байна.
Цаашдын чиг хандлага
Соёлын хүртээмжийг хангах нь нийгмийн гишүүн бүрийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, мэдээлэл авах тэгш боломж олгох үйл явц юм. Мэргэжлийн арга зүйчийн зөвлөсөн "олон сувгаар мэдээлэл хүргэх" зарчим соёлын байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд стандарт болон нутагших шаардлагатай байна. Барилгын хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ мэдээллийг хүн бүрд ойлгомжтой хэлбэрт шилжүүлэх нь соёлын өвийг мэдлэг болгон хадгалах үндэс болно.
Түүх, соёл гэдэг хэн нэгэнд зориулсан тусгай үйлчилгээ биш бөгөөд хүн бүрийн мэдрэхүйн онцлогоор дамжин бахархал болон хувирах нийтийн өв юм. Соёлын байгууллагууд энэхүү хүртээмжтэй ирээдүй рүү бодит ажлуудаар алхам алхмаар урагшилж байна.
Сэтгэгдэл