

Таны хамгийн дуртай уран зураг ямар өнгөтэй вэ? Тэрхүү бүтээлийн өмнө зогсоход танд ямар мэдрэмж төрдөг вэ?
Хэрвээ та тэрхүү зургийг харах боломжгүй байсан бол... Эсвэл галерейн шатаар өгсөөд дуртай үзэсгэлэнгээ үзэх гэтэл таны тэргэнцэрт зориулсан зам байхгүй бол яах вэ? Магадгүй урлагийн бүтээлийг тайлбарлаж өгөх хүн байхгүйгээс болоод ганцаардаж байсан уу? Бидний хувьд энгийн мэт санагдах эдгээр боломжууд олон хүний хувьд давж гаршгүй далай мэт хол санагддаг.
"Урлагийн түүх" булангийн энэ удаагийн дугаарт бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд урлагийг хэрхэн тэгш хүртээмжтэй хүргэх талаар хөндөж байна. Энэ асуудал барилга байгууламжийн гаднах налуу замаар хязгаарлагдахгүй. Харин хүн бүр урлагийг мэдрэх, соёлын амьдралд ижил тэгш оролцох эрхийн тухай ойлголт юм. Бид энэ сэдвээр хоёр цуврал дугаар бэлтгэсэн бөгөөд энэ удаагийн сурвалжилгаараа Монголын уран зургийн галерей болон Улаанбаатар хотын музейг зорин, өнөөгийн нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.
Урлаг яагаад хүн бүрд хэрэгтэй вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019 онд гаргасан “Соёл урлаг эрүүл мэндэд нөлөөлөх нь” нэгдсэн тайланд урлаг нь хүний мэдрэлийн системийн уян хатан чанарыг идэвхжүүлж, сэтгэл түгшүүрийг бууруулах замаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг 3,000 гаруй судалгаагаар баталсан байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тархинд мэдээлэл боловсруулах явц өөр өөр сувгаар дамждаг. Тухайлбал, Жонс Хопкинсийн Их сургуулийн Neuroarts Blueprint өслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар харааны бэрхшээлтэй хүний тархины харааны төв ажиллахаа больдоггүй, харин сонсох болон хүртэх мэдрэмжээс ирж буй дохиог дүрслэл болгон хувиргахад дасан зохицдог байна. Иймд уран зургийг сонсгох эсвэл баримал болгон мэдрүүлэх нь тухайн хүний тархинд дүрслэх үйл явцыг бодитоор өрнүүлдэг. Мөн урлаг нь тархины таашаалын төвийг өдөөж, допамины түвшинг нэмэгдүүлснээр өөртөө итгэх итгэл, нийгэмших чадварыг дэмждэг байна.
Соёлын эрх чөлөөг хүлээж буй 111 мянган иргэн
2023 оны байдлаар Монгол Улсад өнөөдөр энэхүү мэдрэхүйн болон сэтгэл зүйн үйлчилгээг авах нэн хэрэгцээтэй 111,228 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байна. Үүнээс 35,608 нь нийслэл хотод амьдарч байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийг нарийвчлан авч үзвэл:
- Хөдөлгөөний: 20,018 (18%)
- Сэтгэцийн: 21,396 (19.2%)
- Харааны: 12,053 (10.8%)
- Сонсголын: 7,800 (7%)
- Ярианы: 3,618 (3.2%)
- Хавсарсан: 7,409 (6.6%)
- Бусад хэлбэрийн: 38,934 (35.2%)
Эдгээр иргэдийн урлагт хүрэх замд хөтөч болох, мэдрэхүйн онцлогт нь тохирсон орчин бүрдүүлэх асуудлыг Монголын уран зургийн галерейн захирал М.Отгончимэг өөрийн докторын судалгааны хүрээнд анхлан авч үзсэн юм.
“Урлагийн хүртээмж бол хүн бүрийн эдлэх ёстой суурь эрх”
Иймд бид Монголын уран зургийн галерейг зорьсон юм. Дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг хадгалж, хамгаалдаг тус байгууллага сан хөмрөгийн баялаг нөөцөөрөө музейн статустай үйл ажиллагаа явуулдаг. Галерейн үзэсгэлэнгийн танхимаар ороход "Мэдрэхүйн төсөөлөл" төслийн хүрээнд хийгдсэн брайль тайлбар, хүртэхүйгээр мэдрэх хуулбар бүтээлүүд нүдэнд тусна. Энэхүү шинэчлэлийн эхлэлийг тавьж, "Монгол Улсын соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах боломж” сэдвээр докторын зэрэг хамгаалсан тус галерейн захирал М.Отгончимэгтэй ярилцлаа.

- Соёл урлагийн салбарт "хүртээмж" гэдэг ойлголтыг та хэрхэн тодорхойлсон бэ?
- Миний хувьд урлагийн хүртээмж гэдэг нь нас, хүйс, бие бялдрын онцлогоос үл хамааран хүн бүрийн хэрэгцээнд 100% нийцсэн байх ёстой суурь эрх юм. 2018 онд Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байхдаа аутизмтай хүүхэд чанга чимээнд цочмог байдаг, харааны бэрхшээлтэй хүүхдэд эцэг эх нь тайлбарлаж өгөхөд бусдад саад болдог, сонсголын бэрхшээлтэй үзэгч агуулгыг бүрэн ойлгодоггүй дүр зургийг ажигласан. Эндээс урлаг гэдэг нийгмийн бүх бүлэгт нээлттэй соёлын эрх чөлөө байх ёстой гэдгийг анх олж харсан юм.
- "Мэдрэхүйн төсөөлөл" төслийн концепц болон туршилтын үр дүн ямар байв?
- "Мэдрэхүйн төсөөлөл" төсөл нь харааны бэрхшээлтэй иргэдэд уран зургийг хүрэх, сонсох, сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлээр тухайн бүтээлийг тайлбарлах замаар төсөөлөн мэдрэх боломжийг олгох концепцтой. Хүүхэлдэйн театрт ажиллаж байх хугацаандаа "Аз жаргалтай ханхүү" жүжгийг дохионы хэл, дуу чимээний эффектээр баяжуулан хүргэхэд үзэгчдийн 80 гаруй хувь нь бүтээлийг бүрэн ойлгосон. Энэ нь хүртээмж гэдэг бол барилга байгууламжид налуу зам байрлуулахаас гадна уран бүтээлийг өөрийг нь хөрвүүлэх буюу хүртээмжтэй болгох ажил юм гэдгийг баталсан. Галерей дээрх төслийн үр дүн ч миний төсөөлснөөс 40-50 хувь илүү гарч, харааны бэрхшээлтэй иргэдийн 85% нь уран зургийг мэдрэх боломжтойг баталлаа.

- Манай улсын соёлын салбарт хүртээмжийг хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?
- Судалгаагаар гурван гол бэрхшээл байгааг тодорхойлсон. Нэгдүгээрт, эрх зүйн орчин буюу нарийн стандарт зохицуулалт дутмаг байна. Хоёрдугаарт, орон зайн боломж буюу хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын тусламжгүйгээр бие даан үйлчилгээ авах орчин бүрдээгүй. Гуравдугаарт, нийгмийн хандлага. Ар гэрийнхэн нь оролцоог нь хязгаарлах, эсвэл байгууллагууд нь бэлэн биш учраас тухайн иргэн өөрийгөө нийгмээс тусгаарлах сэтгэл зүйтэй болоод байна. Шийдэл нь ердөө төр засгийн бодлогын уялдаа холбоо, нэгдсэн стандарт юм.
Урлаг хүн бүрд нээлттэй юу: Соёлын хүртээмжийг тодорхойлсон 447 иргэний дуу хоолой
М.Отгончимэг захирлын "Монгол Улсын соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах боломж” сэдэвт докторын судалгааны ажилд нийт 447 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдсанаас харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд тус бүр 26 орчим хувийг эзэлжээ. Судалгаанаас гарсан дараах тоон үзүүлэлтүүд нь соёл, урлагийн салбарын хүртээмж ямар түвшинд байгааг тодорхойлж байна.

1. Соёлын үйлчилгээний хэрэгцээ ба ойлголт:
- Оролцогчдын 50 гаруй хувь нь соёлын үйлчилгээг музей, галерейд биечлэн очиж хүртэх нь туйлын чухал ач холбогдолтой гэж үзсэн.
- Нийт иргэдийн 8 хувь нь соёлын үйлчилгээний талаар ямар нэгэн тодорхой ойлголтгүй байгаа нь мэдээлэл зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгааг илтгэж байна.
- Иргэдийн 38.7 хувь нь соёл, урлагийн арга хэмжээнд оролцохдоо ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх тэгш нөхцөлийг хүртээмж гэж тодорхойлжээ.
2. Бодит оролцоо ба тулгарч буй саад:
- Судалгаанд хамрагдсан иргэдийн 75.3 хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд музей, галерейгаар огт үйлчлүүлээгүй байна.
- Оролцогчдын 25 хувь нь соёлын бүтээлийг өөрийн мэдрэхүйн онцлогт (хараа, сонсгол, хүртэхүй) тохируулан хүлээн авах нөхцөлийг нэн тэргүүний шаардлага гэж үзжээ.
- Зөвхөн барилга байгууламжийн налуу замаас гадна нийтийн тээврийн чөлөөтэй зорчих боломж нь соёлын байгууллагыг зориход томоохон нөлөө үзүүлдэг байна.
Энэхүү судалгааны үр дүн нь соёлын байгууллагууд үзвэр, үйлчилгээний хүртээмжээ хүний эрхийг хангасан, мэдрэхүйн онцлогт нийцсэн хүртээмжтэй орон зай болгон шинэчлэх цаг болсныг сануулж байна.
Мэдрэхүйн тэгш эрх: Урлагийг саадгүй хүртэх боломж
Тус судалгааны үр дүнг бодит ажил болгох зорилгоор Монголын уран зургийн галерей "Мэдрэхүйн төсөөлөл" төслийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн явц болон үр дүнгийн талаар бид Монголын уран зургийн галерейн куратор Б.Мөнгөнчимэгээс тодруулсан юм.

“Мэдрэхүйн төсөөлөл" танхим нь харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд дүрслэх урлагийг саадгүй хүртэх боломж олгож байна. Галерейн зүгээс "Өвгөн хуурч", "Ажлын дараа", "Азарганы ноцолдоон" зэрэг хосгүй үнэт уран зургийн бүтээлүүд мөн хөөмөл бүтээлүүдийг арьсан товгор хэлбэрт оруулан дахин урласан бөгөөд одоогоор нийт зургаан үзмэртэй болоод байна. Үзэгчид бүтээлийг гараараа тэмтэрч, хүрч мэдрэхээс гадна аудио тайлбар, AR технологийн дохионы хэлний тусламжтайгаар зургийн агуулгыг төсөөлөх нөхцөл бүрдсэн юм.

Бидний хийсэн судалгаанаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь соёл урлагийн үйлчилгээ авах хүсэлтэй байдаг ч орчин нөхцөл, мэдээлэл хангалтгүйгээс галерейг зорих нь цөөн байв. Энэхүү танхим нээгдсэнээр тэд бие даан үзэсгэлэн үзэх боломжтой болж, урлаг хүн бүрд нээлттэй байх зарчим бодитой хэрэгжиж байна. Цаашид үзмэрийн сангаа жил бүр тогтмол баяжуулахаас гадна галерейн дэд бүтэц, анхан шатны хэрэгцээт зүйлсийг иж бүрнээр нь шийдэхийг зорин ажиллаж байна.
Явуулын үзэсгэлэн буюу музей иргэд рүүгээ очиж үйлчилж байна
Бид сурвалжилгынхаа дараагийн цэг болох Улаанбаатар хотын музейг зорив. 1919 онд баригдсан, 100 гаруй жилийн түүхтэй энэхүү европ хийцийн барилга бол нийслэлийн түүхийг өгүүлэх гол зангилаа юм. Гэвч түүхэн дурсгалт барилга гэдэг утгаараа хүртээмжийн асуудал энд хамгийн том сорилт болдог байна. Тус музейн тайлбарлагч Л.Одмаатай уулзаж, түүхэн барилгыг хүн бүрд нээлттэй болгохын тулд хэрхэн ажиллаж байгаа талаар ярилцлаа.

- Түүхэн дурсгалт барилгад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орчныг бүрдүүлэхэд ямар бэрхшээл тулгардаг вэ?
- Манай музейн барилга 1919 онд баригдсан, 100 гаруй жилийн түүхтэй учраас дур мэдэн өөрчлөх боломжгүй байдаг. Гэсэн хэдий ч бид 2025 онд Нийслэлийн төсвөөр явган хүний шатыг тэргэнцэртэй иргэдэд зориулсан cтандартын налуу замтай болсноор тэгш хүртээмжийг нэмэгдүүлж, ариун цэврийн өрөөний засварыг бүрэн шийдсэн нь иргэдийн үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулсан алхам боллоо.
- Музейг зорьж ирэх боломжгүй иргэдэд зориулж ямар хөтөлбөр хэрэгжүүлдэг вэ?
- Музейн барилга нь стандартын байгууламж биш хувийн орон сууцны зориулалттай баригдсан барилга, зай багтаамж багатайгаас шалтгаалаад музейгээр үйлчлүүлэхиргэдийн хүртээмж хязгаарлагдмал байдаг. Тийм учраас 2022 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүү чиглэсэн явуулын үзэсгэлэн болон боловсролын хөтөлбөрүүдээ хийж эхэлсэн. Бид Нийслэлийн Ерөнхий Боловсролыг 29 дүгээр сургууль, "Солонго" төв зэрэг газруудтай хамтран ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр бүр зорьж ирэх боломж бага учраас музейн үзвэр, үйлчилгээг тэдэнд бодитой ойртуулж, нийгмийн тэгш хүртээмжийг хангахыг зорьж байна.

- Хүүхдүүдэд хотын түүхийг ойлгомжтой хүргэхийн тулд агуулгаа хэрхэн хялбаршуулдаг вэ?
- Тухайн хүүхдийн нас болон онцлогт тохируулан хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг.Жишээ нь, 1912 онд Богд хааны захиалж авчирсан анхны машины зургийг үзүүлэх, бэлэн бэлдэцийг өөрөөр нь болон тусламжтайгаар будуулах, цутгуулах, зуруулах гэх мэт аргаар маш сонирхолтой, ойлгомжтой байдлаар явуулдаг. Энэ хэлбэрээр хүргэхэд хүүхдүүд өөрсдийн мэддэг зүйлсээр дамжуулан хотын түүхийн талаар тодорхой ойлголттой болсон байдгийг сурган хүмүүжүүлэгч нар нь хэлдэг.
- Мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр ямар технологийн шийдэл ашиглаж байна вэ?
- Бид "Марчаахай" болон "Хотын түүхийг 2 минутад" цуврал бичлэгүүдээ 2025 онд дохионы хэлтэйгээр шинэчлэн цахим хуудсандаа байршуулсан. Мөн музейн ажилтнуудаа тусгай хэрэгцээт иргэдтэй харилцах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалтыг зохион байгуулж, ажилтнуудаа тодорхой хэмжээгээр чадавхжуулах арга хэмжээг авч ажилладаг.
- Цаашид хүртээмжийг олон улсын жишигт хүргэхэд юу шаардлагатай байна вэ?
- Стандартад нийцсэн музейн барилга байгууламжтай болох нь бидний тулгамдсан асуудлыг шийдэх гол шийдэл гэж үзэж байна. Ингэснээр үйл ажиллагааны цар хүрээ томорч, үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодитой бодлогуудыг хэрэгжүүлэх арга замууд нээгдэнэ.
Хүртээмж бол хандлагын өөрчлөлт
Бидний бэлтгэсэн энэхүү сурвалжилгаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 75.3 хувь нь музей, галерейгаар үйлчлүүлж чадахгүй байгаа нь зөвхөн барилга байгууламжийн асуудал биш юм. Мэдрэхүйн болон мэдээллийн хүртээмж дутмаг байгааг дээрх хоёр байгууллага өөр өөрийнхөөрөө шийдэж байна.
Монголын уран зургийн галерей хүртээмжийг барилгын налуу замаар хязгаарлалгүй, уран бүтээлийг өөрийг нь хөрвүүлэх шийдлийг сонгожээ. Тэд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж уран зургийг хүртэхүй болон сонсголоор дамжуулан "төсөөлөн харах" боломжийг бүрдүүлсэн нь салбартаа шинэ инновац болсон юм.
Харин Улаанбаатар хотын музей түүхэн барилгын насжилт, орон зайн багтаамжаас үүдэлтэй бэрхшээлийг явуулын үйлчилгээ болон цахим шинэчлэлээр нөхөж байна. Тэд зорилтот бүлгийн хүүхдүүд рүү өөрсдөө очиж, түүхийг хамгийн энгийнээр хүргэхийн зэрэгцээ цахим контентоо дохионы хэлтэй болгон шинэчилжээ.
Энэ бүхнээс үзэхэд соёлын хүртээмж гэдэг бол хандлагын өөрчлөлт, мэргэжлийн судалгаанаас эхэлдэг болохыг харуулж байна. Хүн бүр урлагийн өмнө тэгш эрхтэй байх хүртээмжтэй орчин бидний дэргэд аль хэдийн эхэлжээ.
Бид цувралын дараагийн дугаараар Монголын Үндэсний музейн нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит дуу хоолой болон энэ салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хөндөх болно.
Сэтгэгдэл