BOOK HUNTING:  Бусдаас харамлан сонсдог плэйлист шиг хайрламаар 5 ном

2026.07.305 минут унших
BOOK HUNTING:  Бусдаас харамлан сонсдог плэйлист шиг хайрламаар 5 ном - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хүн бүрд номын тавиуртаа зүгээр л хадгалаад байдаггүй, харин амьдралынх нь нэгээхэн хэсэг болоод үлдчихсэн номууд бий. Зарим нь арван найман насны анхны дурлал шиг догдлуулж, зарим нь анхны хайрын шархыг дахин сэдрээх мэт өвтгөдөг. 

Номонд дурлагсдын дунд "Хүн амьдралдаа гуравхан ном уншихад хангалттай. Харин тэр гурван номоо олохын тулд мянган ном унших хэрэгтэй" гэх яриа бий.  Hunting цувралынхаа энэ удаагийн дугаараар таны амьдралдаа учрах гурван номын нэг ч болж мэдэх таван бүтээлийг хуваалцаж байна.

Альбер Камю - Уналт (The Fall, 1956) 

Номын эхний хуудаснаас эхлээд төгсгөл хүртэл гол дүр Кламанс зөвхөн танд зориулж ярьж байгаа мэт өөрийнхөө нүгэл, бардамнал, хоёр нүүрт зан, хамгийн харанхуй бодлуудаа аажмаар дэлгэнэ. Гэхдээ хачирхалтай нь зохиолын төгсгөлд түүний тухай биш, харин өөрийнхөө дотор нуугдаж байсан хэсгийг харсан мэт мэдрэмж төрдөг.

Хүн бүр бусдад харуулдаг дүртэй. Бас зөвхөн өөрөө л мэддэг нэг дүртэй. Харин Камю энэ хоёрын дунд үүсэх мөргөлдөөнөөс бид үнэндээ хэн бэ гэдэг асуултыг уншигч танд үлдээнэ. 

BOOK HUNTING:  Бусдаас харамлан сонсдог плэйлист шиг хайрламаар 5 ном нийтлэлийн зураг

Уг туужийг уншсаны дараа хэн нэгэнд өөрийнхөө сэтгэлийн хамгийн харанхуй бодол, хамгийн ичгэвтэр алдаа, хамгийн эмзэг хэсгээ юу ч үлдээлгүй ярьчихмаар санагдана. "Уналт" бол тэр яриаг бидний өмнөөс хийчихсэн мэт санагддаг цөөн романуудын нэг.

Зохиолын үйл явдлаас дурдвал нэгэн шөнө Парисын гүүрэн дээгүүр алхаж явахдаа гол дүр Кламанс ус руу үсрэх эмэгтэйг хардаг. Хэсэг эргэлзэнэ. Дараа нь ард нь ус цалгих чимээ, тусламж хүссэн орилох дуу сонстох боловч тэр эргэж ч харалгүй алхсаар явчихдаг. Тэр шөнөөс хойш Кламанс өөрийгөө "сайн хүн" гэж итгэж ирсэн бүх амьдралаа эргэн эргэцүүлнэ. Бусдад тусалдаг байсан нь үнэхээр энэрэнгүй сэтгэл байсан уу, эсвэл бусдад сайн хүн шиг харагдах гэсэн хүсэл байсан уу гэсэн асуулт түүнээс салахаа болино.

“Заримдаа үнэнийг хэлдэг хүнээс илүүтэй худал ярьдгаас нь юмны учир тод илэрдэг бус уу. Үнэн гэдэг бол хурц гэрлийн адил сохор юм. Худал хуурмаг нь харин ч аливаа юмсыг ялгаруулдаг үдшийн гэгээ юм.”

Альбер Камю гэж хэн бэ?

Альбер Камю (1913-1960) нь Францын зохиолч, философич, сэтгүүлч бөгөөд XX зууны хамгийн нөлөө бүхий сэтгэгчдийн нэг юм. Тэрээр Алжирт төрж өссөн бөгөөд хүний эрх чөлөө, ёс суртахуун, амьдралын утга учрын талаар бичсэн бүтээлүүдээрээ дэлхийд алдаршсан. 1957 онд 44 насандаа Утга зохиолын Нобелийн шагнал хүртжээ.

Камюгийн зохиолоос үргэлжлүүлэн уншихыг хүсвэл...

The Stranger (Этгээд хүн, 1942)

Хүний хөндий байдал, нийгмийн хүлээлт, амьдралын утга учрын тухай өгүүлэх Камюгийн хамгийн алдартай роман. Гол дүр Мерсо нийгмийн "хэвийн" хэм хэмжээнд үл захирагдсанаараа уншигчийг өөрөөсөө асуулт асуухад хүргэдэг.

The Plague (Тахал, 1947)

Тахлын тухай өгүүлдэг ч үнэндээ айдас, эв нэгдэл, хариуцлага, хүний мөс чанарын тухай роман. Хямралын үед хүн ямар сонголт хийдэг вэ гэдэг асуултыг хөндөнө.

The Myth of Sisyphus (Сизифийн тухай домог, 1942)

Камюгийн абсурдизмын философийг хамгийн тодорхой тайлбарласан философийн эсээ. Амьдрал утгагүй мэт санагдсан ч хүн тэр утгыг өөрөө бүтээж чадна гэсэн санааг Сизифийн домгоор дамжуулан өгүүлдэг.

Михаил Булгаков - Мастер Маргарита хоёр

"Мастер Маргарита хоёр" бол Михаил Булгаковын хамгийн алдартай бөгөөд XX зууны уран зохиолын сор бүтээлүүдийн нэг. Булгаков романаа 1928-1929 онд бичиж эхэлж, 1940 онд нас барах хүртлээ дахин дахин засварласан ч бүрэн хэвлэгдсэн хувилбарыг нь үзэж амжилгүй хорвоог орхижээ. Харин эхнэр Елена Булгаковагийн хүчин чармайлтаар гар бичмэл нь хадгалагдан үлдэж, роман 1966-1967 онд анх цензурдсан байдлаар, 1973 онд бүрэн эхээрээ хэвлэгдсэн байна.

BOOK HUNTING:  Бусдаас харамлан сонсдог плэйлист шиг хайрламаар 5 ном нийтлэлийн зураг

Романы үйл явдал нэгэн хаврын өдөр Москвагийн Патриархын цөөрмийн дэргэд эхэлдэг. Хоёр зохиолч үл таних нэгэн гадаад хүнтэй тааралдах бөгөөд удалгүй тэр хүн Воланд буюу чөтгөр болох нь илэрнэ. Воланд өөрийн этгээд дагалдагчдын хамт Москвад ирснээр үл тайлагдах гайхамшигт үйл явдлууд өрнөж, хүмүүсийн шунал, айдас, бардамнал, хоёр нүүрийг нэг нэгээр нь илчилж эхэлдэг.

Үүний зэрэгцээ Мастер хэмээх зохиолч болон түүний хайртай бүсгүй Маргаритатай танилцана. Хэвлэгдэх боломжгүй болсон зохиолынхоо төлөө бүхнээ алдсан Мастерыг эргүүлэн олохын тулд Маргарита бүр чөтгөртэй гэрээ хийхээс буцахгүй шийдвэр гаргадаг.

Энэ зохиолын хамгийн сонирхолтой дүр бол Воланд юм. Тэр бол эсрэг дүрийн баатар мэт боловч ердийн ойлголт дахь муугийн бэлгэдэл биш. Харин хүмүүсийн дотор нуугдсан үнэн төрхийг ил гаргаж, сайн ба муу хоёр бие биеэсээ салшгүй оршдог гэдгийг сануулдаг философийн дүр юм. Романы төгсгөлд Матай Левид хандан "гэрэл сүүдэргүйгээр оршин тогтнож чаддаггүйтэй адил сайн нь ч муугүйгээр орших боломжгүй" хэмээн өгүүлэх нь түүний үзэл санааг хамгийн тодорхой илэрхийлдэг.

"Мастер ба Маргарита" бол нэг удаа уншаад дуусгах биш, амьдралын өөр өөр үед дахин сөхөж унших бүрд шинэ утга нээдэг ховор бүтээл юм.

Михаил Булгаков гэж хэн бэ?

Булгаков Киевийн их сургуулийг анагаахын чиглэлээр төгсөж, хэдэн жил хөдөө орон нутагт эмчээр ажиллаж байжээ. Түүний эмчийн амьдралаас сэдэвлэсэн "Залуу эмчийн тэмдэглэл" (A Young Doctor's Notebook) хожим бие даасан алдартай бүтээл болсон. 1930 онд Булгаков "Мастер Маргарита хоёр" романыхаа анхны хувилбарыг өөрийн гараар шатаасан гэдэг. Гэхдээ дараа нь дахин бичиж эхэлсэн бөгөөд энэ үйл явдлыг роман доторх "Гар бичмэл шатдаггүй" (Manuscripts don't burn) гэх алдартай өгүүлбэрээрээ мөнхөлсөн байдаг. 

Булгаковын зохиолоос үргэлжлүүлэн уншихыг хүсвэл...

Нохойн зүрх (Heart of a Dog, 1925)

Шинжлэх ухааны туршилтын тухай өгүүлэх боловч үнэндээ хүний мөн чанар, нийгмийн өөрчлөлтийг хурц егөөдсөн тууж.

Цагаан гварди (The White Guard, 1925)

Оросын иргэний дайны үеийн нэгэн гэр бүлийн хувь заяагаар дамжуулан түүхэн эргэлтийг өгүүлсэн роман.

Залуу эмчийн тэмдэглэл (A Young Doctor's Notebook, 1925-1926)

Булгаковын эмчээр ажиллаж байсан бодит туршлагаас сэдэвлэсэн, айдас, хариуцлага, хүний төлөвшлийн тухай өгүүллэгийн түүвэр.

Г. Аюурзана - Шүгдэн

Г.Аюурзанагийн зохиолуудыг уншихад түүх, домог зүй, гүн ухаан, хүний сэтгэлзүй зэргийн хоорондын шүтэлцээт байдлыг хадгалсан нэгэн цул ертөнц мэт мэдрэгддэг. Түүний бүтээлүүдэд хоосон чанар, үйлийн үр, шунал, гэгээрэл зэрэг ойлголтууд байнга давтагддаг ч шашны сургаал хэлбэрээр бус, дүрүүдийн хувь тавилан, сонголт, алдаагаар дамжин уншигчид хүрдэг.Энэ өнгө аяс "Шүгдэн" романд хамгийн тод илэрдэг.

BOOK HUNTING:  Бусдаас харамлан сонсдог плэйлист шиг хайрламаар 5 ном нийтлэлийн зураг

Анх уншихад буддын хийдэд гарсан нэгэн ламын учир битүүлэг үхлийг мөрдөх детектив роман мэт эхэлнэ. Гэвч хэдхэн бүлгийн дараа энэ зохиолын гол зорилго алуурчныг олох биш гэдэг нь ойлгогддог. Хөхнуур дахь Гүмбүм хийдэд болсон аллагын мөрөөр мөрдөгч Сэржамц ирэхэд мөрдлөгийн явц аажмаар философи, хүний шунал, нөхөрлөл, үйлийн үрийн тухай эргэцүүлэл болон хувирдаг.

Уншсан ном бүр хүний сэтгэлд нэгэн дүрийг үлдээдэг шүү дээ. "Шүгдэн" романаас Саманд ламын энэрэхүй, бодь их ухаан, амар амгаланг мэдрүүлсэн үгс нь номын хуудсанд биш, сэтгэлд амилсан мэт санагдана. 

“Сэтгэл гэдэг бол ердөө сэтгэл төдий юм шүү дээ. Бариад ацарч болохгүй, илээд аргадаж болохгүй, маажаад тайтгарч болохгүй нь мөн чанар нь. Тэр бол хоосон. Хоосон зүйлээс болж бусдыг бас үймүүлж болохгүй”

Бидний зууралдаад байдаг эрх мэдэл, эд хөрөнгө, нэр хүнд, бүр сэтгэл хүртэл мөнх зүйл биш. Магадгүй зовлонгийн эхлэл нь эдгээрийг мөнхийн мэтээр барьж авах гэсэн оролдлогоос эхэлдэг байх. Хэрэв энэ мэт амьдралын тухай толгой эргүүлэм асуултуудтай нүүр тулж, номоо хаасны дараа ч удаан хугацаанд эргэцүүлэх зохиол хайж байгаа бол "Шүгдэн"-г танд санал болгож байна. 

Гүн. Аюурзана гэж хэн бэ?

Гүн. Аюурзана нь Монголын нэрт зохиолч, яруу найрагч, орчуулагч. Тэрбээр 1990-ээд оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд яруу найраг, роман, эсээ, судалгааны бүтээлүүдээрээ орчин үеийн Монголын уран зохиолд томоохон байр суурь эзэлдэг. Түүний зохиолуудад хүний оршихуй, дурсамж, хайр, цаг хугацаа, дорнын философийн сэдэв давтагдан гардаг. “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Сахиуст хангайн нууц”, “Сүнсний томьёо” зэрэг түүхэн болон орчин цагийн үйл явдлыг философийн эргэцүүлэлтэй хослуулсан бүтээлүүдээрээ уншигчдын өндөр үнэлгээг хүртсээр байгаа билээ. 

Гүн.Аюурзанын зохиолоос үргэлжлүүлэн уншихыг хүсвэл… 

Бөөгийн домог (2010)

Хэрэв Саманд ламын амар амгалан дүр таны сэтгэлд гүн үлдсэн бол “Бөөгийн домог” романы Хагдай бөөгийн оршихуй таны дотоод ертөнц рүү яг л тэр мэт нэвчин орох болно. Зохиолчийн дөрөв дэх уг бүтээл нь зүгээр нэг зохиомж бус, бөөгийн мөргөл болон тэнгэр шүтлэгийн эртний зан үйлийг өөрийн биеэр судалсан бодит эрэл хайгуул, гүнзгий судалгаан дээр үндэслэн амилсан цогц ертөнц юм.

Өчигдөр уулзъя: Бүрлээчийн монолог (2020)

Уг зохиол нь "Сахиуст хангайн нууц" (2017) романы үргэлжлэл бөгөөд Орос хэмээх залуугийн дотоод сэтгэлийн эргэцүүлэл, хөврөн урсах амьдралын эрхээр өнгөрсөн болон одоо цагийг хэрхэн угтаж буйг “би” баатрын хүүрнэлээр өгүүлсэн бүтээл юм. Энэ номыг хаасны дараа та бүрлээчтэй хамт нэлээд олон "өчигдөр"-ийг туулсан мэт санагдана.  

Монгол хүн цуврал (2023) 

Монгол үндэстний язгуур чанар, түүхэн дурсамж, бичиг соёлын амин холбоог гүнзгий хөндсөн гурван ботиос бүрдэх цогц бүтээл. Хэрэв та өөрийнхөө доторх “монгол хүн”-ийг эргэн таньж, оршихуйн утга учраа тодорхойлохыг хүсвэл энэ цувралыг унших номын жагсаалтдаа хамгийн түрүүнд нэмээрэй. Уг эмхэтгэлээс бидний сэтгэлгээний өвөрмөц ондоошил, бидэнд хадгалагдан үлдсэн хамгийн нандин үнэт зүйлсийг тольдох болно.

Б.Одгэрэл - Үл таних зочин

Зуны сэрүүн үдшээр хөнгөн гунигт автаж, сэтгэлдээ хэн нэгнийг дурсан санах мөчид яруу найраг бидэнд хамгийн энэрэнгүй, ариун мэдрэмжийг бэлэглэх шидтэй мэт санагддаг. Хүний амьдралын зовлон шаналал, уй гунигийг тийм яруугаар илэрхийлж байхад бидэнд бүх зүйл тэсвэрлэж болохуйц, сүүгээр сүлсэн мэт л гэгээн санагдах нь ч бий. Энэ удаа яруу найрагч Б.Одгэрэлийн “Үл таних зочин” хэмээх шүлгийн түүврийг танд санал болгож байна. Түүний шүлгүүд хэт чамирхалгүй, энгийн үг хэллэгээр юмсын гоо сайхан, цэвэр ариун байдал, үнэн мөн чанарыг харуулдгаараа уншигчийн сэтгэлийг өөрийн эрхгүй булаадаг билээ.

BOOK HUNTING:  Бусдаас харамлан сонсдог плэйлист шиг хайрламаар 5 ном нийтлэлийн зураг

Тунгалаг нүдтэй төрсний чинь төлөө 

Тун хөөрхөн ааштайн чинь төлөө 

Гэнэн цайлган сэтгэлтэйн чинь төлөө 

Гэм зэмгүйхэн чамайг хуурч л байна даа

Тэр бүсгүйтэй огт төсгүйн чинь төлөө 

Тэгээд бас хууртаж үзээгүйн чинь төлөө 

Итгэмтгий, дурламтгай, этгээдийн чинь төлөө 

Энгийн үгээр хуурч л байна даа 

Чамайг хуурахын төлөө ч биш

Өөрийгөө хуурахын төлөө тэр үү 

Өөр нэгнийг чинь өвтгөхийн ч тулд уу 

Өмнө чинь би инээмсэглэсээр л байна даа. 

Б.Одгэрэл гэж хэн бэ? 

Батжаргалын Одгэрэл бол Монголын уран зохиолын мөнгөн үеийн яруу найргийн өвөрмөц өнгө төрхийг бүтээсэн найрагчдын нэг. Тэрбээр 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, 1999-2003 онд ОХУ-ын Москва хот дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг төгссөн. 1990-ээд оноос шүлэг, орчуулгын бүтээлүүдээ нийтэлж эхэлсэн бөгөөд 2003 онд яруу найргийн түүвэр болох "Үл таних зочин" номоо хэвлүүлжээ. 

Алфред Адлер - Амьдрахуйн шинжлэх ухаан

Алфред Адлерын "Амьдрахуйн шинжлэх ухаан" бүтээл бол хүний амьдралын утга учир, зан төлөв хэрхэн бүрэлддэг, яагаад бид өөр өөрөөр сэтгэж, өөр өөр сонголт хийдэг тухай энгийн хэр нь гүн эргэцүүлэл өрнүүлдэг бүтээл юм. Адлер хүний амьдрал үргэлж "дутагдлаас хөгжил рүү" тэмүүлэх хөдөлгөөн гэж үзэж, бидний амьдралын хэв маяг хүүхэд наснаас бүрэлдэн, насан туршийн сонголтод хэрхэн нөлөөлдөгийг тайлбарладаг. Өнөөдөр "дутуугийн комплекс" гэх үгийг бид хэтэрхий амархан хэрэглэдэг болсон. Харин Адлерын хувьд энэ нь зүгээр нэг сул талын нэршил биш, хүнийг хөгжүүлж, урагш тэмүүлэх хүчний тухай ойлголт юм. Хэрэв энэ нэр томьёог жинхэнэ утгаар нь ойлгохыг хүсвэл "Амьдрахуйн шинжлэх ухаан" таны унших ёстой бүтээлүүдийн нэг.

“Нийгмийн амьдралын эхлэл нь угтаа хувь хүний сул доройгоос үүсэлтэй юм.”

BOOK HUNTING:  Бусдаас харамлан сонсдог плэйлист шиг хайрламаар 5 ном нийтлэлийн зураг

Алфред Адлер гэж хэн бэ?

Өнөөдөр бидний түгээмэл хэрэглэдэг "дутуугийн комплекс" гэх ойлголтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж, хүний хөгжилд хэрхэн нөлөөлдгийг системтэй авч үзсэн эрдэмтдийн нэг бол Алфред Адлер юм. 

Алфред Адлер (1870-1937) бол Австрийн эмч, сэтгэл зүйч бөгөөд бодгаль сэтгэл судлал (Individual Psychology)-ын үндэслэгч юм. Тэрээр Зигмунд Фройдын хамтран зүтгэгч байсан ч хүний зан төлөвийг зөвхөн өнгөрсөн туршлага бус, зорилго, нийгмийн харилцаа, амьдралын утга учиртай нь холбон тайлбарласан өөрийн онолыг хөгжүүлжээ. Түүний дэвшүүлсэн дутуугийн мэдрэмж (inferiority feeling), давуу байх эрмэлзэл (striving for superiority), амьдралын хэв маяг (style of life) зэрэг ойлголтууд өнөөдөр ч сэтгэл судлалын салбарт өргөн хэрэглэгдсээр байна. 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

BOOK HUNTING:  Бусдаас харамлан сонсдог плэйлист шиг хайр...