Залуусын орон зай

"Технологийг мэдээлэл дамжуулах хэрэгсэл бус хүний зан төлөвт нөлөөлөх амьд харилцаа гэж харах хэрэгтэй"

М.Энхмаа2025.09.297 минут унших
"Технологийг мэдээлэл дамжуулах хэрэгсэл бус хүний зан төлөвт нөлөөлөх амьд харилцаа гэж харах хэрэгтэй" - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

 Учир нь аливаа технологи  хэрэглэгчдийн сэтгэл зүй, зан төлөвт тулгуурлан, итгэл төрүүлж, таатай мэдрэмж өгөх нь нэн чухал аж. Тэгвэл хэрэглэгчдийн зан төлөвийг технологийн хөгжүүлэлттэй хэрхэн уялдуулж, өдөр тутмын зуршил, хандлагад тулгуурласан бүтээгдэхүүн байгууллагад ямар үнэ цэн өгдөг бол? Энэ талаар TechWeek 2025 арга хэмжээний хүрээнд бид Танасофт ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяртай ярилцлаа.

“Технологи бол бизнес, хэрэглэгч хоёрыг холбох гүүр”

Өнөө цагт технологи гэдэг өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчлах техник, програмчлалын шийдэл төдийгүй хэрэглэгчийн сэтгэл зүйг ойлгож, хэрэгцээ, зан төлөвт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоход чухал нөлөө үзүүлж байна. Тиймээс технологийг тухайн бизнес болон хэрэглэгч хоорондын харилцааг илүү хурдан, найдвартай, үр дүнтэй болгох “гүүр” гэж харах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, технологийн тусламжтайгаар уламжлалт, цаг хугацаа их шаарддаг үйл явцуудыг богино хугацаанд, орон зай үл хамааран гүйцэтгэх боломжтой болсон бөгөөд хэрэглэгчдэд илүү тав тухтай, эерэг туршлагыг олгож байна. Жишээлбэл, өмнө нь зээл авахад олон шат дамжилга, гарын үсэг, биечлэн очих зэрэг шаардлага гардаг байсан бол одоо энэ бүхнийг хэдхэн минутын дотор аппликэйшнээр шийдвэрлэх боломжтой боллоо шүү дээ.

Тэр ч утгаараа албан байгууллагууд хиймэл оюун ухаан, технологийн тусламжтайгаар хэрэглэгчийн зан төлөвт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож, өөрсдийн ялгарлаа бүтээх болсон. Бидний хувьд технологи болон хэрэглэгчийн сэтгэл зүйг салангид бус харилцан уялдаатай байдлаар авч үзэхийг зорьдог. Жишээлбэл, зээл төлөлтийн мэдэгдлийг хэт хатуу, дарамттай өнгөөр бус эерэг, урам өгсөн байдлаар дамжуулах нь хэрэглэгчийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тухайн аппликэйшнийг “найз” гэдэг өнцгөөр хүлээн авахад тусалдаг. Өөрөөр хэлбэл, технологийг мэдээлэл дамжуулах хэрэгсэл гэж харахаас илүүтэйгээр хүний зан төлөвт нөлөөлөх “амьд харилцаа” бий болгох хүчин зүйл гэж харах хандлага түгээмэл болж байна. Ингэснээр хэрэглэгчидтэйгээ итгэлцэл дээр суурилсан урт хугацааны түншлэл бүтээж, байгууллага тогтвортой, удаан хугацаанд хөгжих нөхцөл бүрддэг.

“Судалгааг тогтмол шинэчилж, олон өнцгөөс хандах нь нэн чухал”

"Технологийг мэдээлэл дамжуулах хэрэгсэл бус хүний зан төлөвт нөлөөлөх амьд харилцаа гэж харах хэрэгтэй" нийтлэлийн зураг

Тэрбээр технологийн тухай ойлголт цар тахлын үеэс эрс өөрчлөгдсөнийг онцолж  технологигүйгээр цаашид үр дүнтэй амьдрах боломжгүй болж байгаа нь их сонирхолтой асуудал гэдгийг дурдсан юм. Тухайлбал, урьд нь технологи зөвхөн мэргэжилтнүүдийн хүрээнд ойлгогддог тусдаа салбар байсан бол өнөөдөр жолоо барих чадвар хүн бүрд хэрэг болж байгаа шиг, технологи ч мөн хүн бүрийн зайлшгүй эзэмших суурь мэдлэгийн нэг болжээ. Энэ нь технологийн хэрэглээ, ач холбогдол ямар түвшинд хүрснийг тод харуулж байна.

Технологийн тусламжтайгаар ямар ч бизнесийг хэрэглэгчидтэй түргэн шуурхай холбож, тогтвортой, үнэ цэнтэй харилцаа тогтоох боломжтой болсон. 2022 оны судалгаагаар Монгол Улсын нийт өрхийн 80 хувь нь интернэтэд холбогдсон бөгөөд иргэдийн 97.6 хувь нь гар утас ашигладаг гэсэн тоон мэдээлэл бий. Энэ нь бизнес эрхлэгчдэд шинэ боломж нээж өгч байна. Тухайлбал, бизнес эрхлэгчид зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгохоос гадна, хэрэглэгчийн сэтгэл зүй, хандлагад тохирсон аппликэйшн, шийдлийг боловсруулах шаардлагатай болсон. Бизнесүүд хэрэглэгчийн гар утсанд өөрсдийн аппликэйшнийг суулгахын тулд нэгж хэрэглэгчид үнэ цэн, эерэг мэдрэмж өгөхүйц ялгарал үүсгэхэд анхаарлаа хандуулж байна. 

Энэхүү шинэ хандлагыг бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд технологийн салбарынхан хэрэглэгчийн зан төлөв, хэрэгцээг маш нарийн судлах шаардлагатай болдог. Үүний тулд дата шинжилгээ болон сэтгэл зүйн судалгааг хослуулах арга барилыг түгээмэл ашиглаж байна. Тухайлбал, системээс цуглуулсан бодит өгөгдөл дээр тулгуурласан дата шинжилгээ нь хэрэглэгчийн үйлдлийг бодитоор харах боломжийг олгодог бол, сэтгэл зүйн судалгаа нь харилцагчдаас түүврийн аргаар эсвэл тухайн системээр дамжуулан асуулга авч, тэдний мэдрэмж, хандлагыг ойлгоход чиглэдэг. Зарим тохиолдолд мянга гаруй хүнээс биечлэн судалгаа авч, үр дүнгээ гадаад, дотоодын судалгаатай харьцуулан үзэх нь ч бий. Судалгааг тогтмол шинэчилж, олон өнцгөөс хандах нь илүү үнэн бодитой дүгнэлт гаргахад чухал нөлөөтэй.

Ийнхүү технологи ба сэтгэл зүйг хослуулах нь зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжилд бус, харин байгууллагын дотоод үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогод ч эерэг нөлөө үзүүлдэг юм. Бидний хувьд дотоодын төслүүд, тэр дундаа банк бус санхүүгийн байгууллагын “сore” систем болон скорингийн систем дээр голлон ажиллаж байна. Мөн хилийн чанадад, Хятадтай хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд одоо Японд төсөл хийхээр зорьж байна.

Сорилтыг даван туулах нь

Технологийн салбарт хиймэл оюун ухаан гарч ирснээр бүхнийг “тэг цэг” дээр авчирч, өрсөлдөөний шинэ үеийг эхлүүлээд байна. Өнөөдөр хиймэл оюуныг хэн түрүүлж үйл ажиллагаандаа нэвтрүүлж, эзэмшинэ, тэр зах зээлд өрсөлдөх давуу талыг бий болгох нь зайлшгүй болжээ. Энэхүү шилжилтийн хүрээнд Танасофт компани хиймэл оюун ухааны чиглэлд тусгай баг байгуулж, техник хангамжийн шийдлүүдийг судалж эхэлсэн бөгөөд цаашид кодын автоматжуулалтыг хиймэл оюунаар орлуулах зорилт тавин ажиллаж буй талаараа хуваалцсан юм.

"Технологийг мэдээлэл дамжуулах хэрэгсэл бус хүний зан төлөвт нөлөөлөх амьд харилцаа гэж харах хэрэгтэй" нийтлэлийн зураг

Технологи ба сэтгэл зүйг хослуулах нь харьцангуй шинэ салбар учраас зөв буруу эсэхийг нь хийж, туршиж үзэж байж л мэдэх боломжтой шүү дээ. Ялангуяа монгол хүний онцлогт тохирсон судалгаа, материал өмнө нь байгаагүй тул энэ салбарт олон сорилт бий болж байна. Жишээлбэл, хэрэглэгчид судалгааны асуулгад буруу мэдээлэл өгөх, хариулахгүй байх, хүнээр бөглүүлэх зэрэг нь судалгааны бодит үр дүнг бууруулах эрсдэлтэй. 

Мөн энэ салбарт туршлагатай мэргэжилтэн, хүний нөөцийн олдоц багатай байна. Шинэ зүйл сурах хэрэгцээ шаардлага улам өсөж байгаа ч мэргэжилтнүүдийг бэлтгэхэд тодорхой хугацаа шаардагдаж байгаа. Үүнээс гадна, шинэ, инновацлаг шийдэл нь шууд өгөөж өгөх эсэх нь тодорхойгүй тул хөрөнгө оруулалтын хувьд ч удаашралтай байгаа юм.

Түүнчлэн, манай улсад дата хамгаалалт, нууцлал, хууль эрх зүйн зохицуулалт бүрэн боловсроогүй байгаа нь шинэ технологи турших, хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг. Байгууллагын дотоод дүрэм, журам байлаа ч хүний оюун дотор орших санааг бүрэн хамгаалах боломжгүй. Тиймээс салбарын онцлогт нийцсэн эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Олон улсад томоохон компаниуд, жишээ нь Google, Facebook, Toyota, технологийн хамгаалалтын суурь тогтолцоогоо бүрэн бүрдүүлсэн байдаг. Ийм орчин бүрдсэн үед л бүтээгдэхүүнээ аюулгүйгээр нэвтрүүлж, хариуцлагын механизмыг баталгаажуулах боломжтой болно.

- Танай компанийн хувьд хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг вэ? Ялангуяа хэрэглэгчийн дата цуглуулах, хадгалах үйл явцад хэрхэн анхаардаг вэ?

- Манай компани хэрэглэгчийн зөвшөөрөлтэй өгөгдөл дээр ажилладаг.  Одоогоор бид 500-600 мянга орчим хэрэглэгчтэй ажиллаж буй тул нууцлал, аюулгүй байдлыг хангах нь бидний нэн тэргүүний зорилт юм. Үүний тулд зохицуулах байгууллагын хяналт шалгалт, хөндлөнгийн аудит тогтмол явагддаг бөгөөд технологи хөгжихийн хэрээр гарч буй шинэ стандартуудыг дагаж мөрдөн, хүний нөөцөө сургах, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэргээр тасралтгүй сайжруулалт хийж байна. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчийн тоо, боловсруулж буй өгөгдлийн хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан бид энэ чиглэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, аюулгүй байдлын сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

Нөгөө талаас, төр болон санхүүгийн байгууллагууд мэдээллээ хуваалцаж, системүүдийг нэгтгэх нь илүү нээлттэй, ил тод орчныг бүрдүүлж байна. Ингэснээр бид илүү хариуцлагатай ажиллах шаардлагатай болж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах нөхцөл бүрдэж байгаа юм. Өмнө нь мэдээлэл харьцангуй хаалттай байсан бол одоо олон талын оролцоо бий болсноор чанар, аюулгүй байдлын асуудал бүр ч чухалд тооцогдож байна.

Монголчууд шинэ технологид хурдан суралцдаг, туршиж үзэх сонирхол өндөртэй ард түмэн. Япон компанид ажиллаж байхад тэд монголчуудыг “лабораторийн орчин” гэж тодорхойлохыг сонсоод их гайхаж байсан юм. Гэвч энэ нь шинэ технологи, бүтээгдэхүүнийг маш хурдан туршиж, суралцдаг гэсэн үг юм билээ л дээ. Үүний нэг жишээ бол, бид хэдхэн жилийн өмнө автобусны кондукторт мөнгөө төлж зорчдог байсан бол одоо хүн бүр смарт карт ашиглаж дадлаа шүү дээ. Тиймээс шинийг эрэлхийлэгч энэ зан төлөвт нийцүүлэн бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүд ч илүү “амьд”, хэрэглэгчидтэй ойр байхыг зорьдог.

“Урт хугацааны итгэлцлийг бий болгох суурь зарчим бол худал амлалт өгөхөөс зайлсхийх”

"Технологийг мэдээлэл дамжуулах хэрэгсэл бус хүний зан төлөвт нөлөөлөх амьд харилцаа гэж харах хэрэгтэй" нийтлэлийн зураг

Технологийн салбарынхан олон сорилттой тулгарч байгаа ч эцсийн дүндээ тэдний бүтээж буй шийдэл нь бизнес болон хэрэглэгч хоорондын итгэлцлийг бий болгоход чиглэж байна. Түүний үзэж буйгаар технологи, сэтгэл зүйг уялдуулах нь энэхүү итгэлцлийг бий болгох хамгийн чухал хүчин зүйл ажээ.

Технологийн салбарын хувьд хэрэглэгч болон байгууллагын хооронд урт хугацааны итгэлцлийг бий болгох нь хамгийн чухал. Итгэлцлийг бүрдүүлэх гол зарчим нь амласан зүйлээ биелүүлэх явдал бөгөөд худал амлалт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, 24 цагийн үйлчилгээ үзүүлнэ гэчхээд хэрэглэгчдэд хэрэгтэй үед нь тасралтгүй хүргэж чадахгүй бол итгэлцэл үгүй болно. Тиймээс санхүүгийн эх үүсвэрээ хангалттай байлгаж, үйлчилгээг саадгүй хүргэх нь чухал бөгөөд ярьсан хэлснээсээ зөрөхгүй байх нь урт хугацааны тогтвортой харилцааны үндэс болдог.

Өмнө нь санхүүгийн салбарын хөгжил үл хөдлөх хөрөнгө, барьцаа зэрэг бодит зүйлсээр хэмжигддэг байсан бол одоогийн шилжилт нь хүний хариуцлагатай зан төлөв, оюуны үнэ цэнээр өөрийгөө нотлох систем рүү чиглэж байна. Өөрөөр хэлбэл, нийгэмд та хэрхэн амьдарсан нь оноо болон хувирч, тэр оноогоор дамжуулан санхүүгийн харилцаа үүсгэх боломжтой болжээ. Одоогоор энэхүү систем нь ихэвчлэн зээлтэй холбоотой боловч удахгүй бусад бүтээгдэхүүн, үйлчилгээ ч энэ аргачлалд шилжих хандлагатай байна. Нэгэнт хариуцлагагүй хандаж, оноогоо алдвал олон жилээр бизнесийн харилцаанд оролцох боломжгүй болох эрсдэлтэй.

Иймээс байгууллагууд түрүүлж шинэ системийг нэвтрүүлэх, хандлагыг нь урьдчилан харж ажиллахыг чухалчилдаг. Тиймээс технологи ба сэтгэл зүйн хослол нь бизнесийн хэрэгсэл төдийгүй харилцагчаа бэлдэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх философи болж хувирч байна шүү дээ.

- Технологи, сэтгэл зүйг хослуулах нь нэг төрлийн хэрэглэгчээ халамжилж буй хэлбэр юм байна гэж ойлгож болох уу? 

- Яг тийм. Нэг төрлийн хэрэглэгчдээ тасралтгүй халамжлах хэлбэр гэж ойлгож болно. Манай компанийн хувьд сошиал платформыг ашиглан олон нийтэд зориулсан сэтгэл зүйн агуулгатай контент, дадал зуршил төлөвшүүлэх HabiDo аппликэйшн зэрэг хэрэгслүүдийг хөгжүүлж, хэрэглэгчдэд эерэг дадал хэвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Аппликэйшнээр хэрэглэгчийн энгийн зуршлуудыг дэмжиж, урамшууллыг зээлийн нөхцөлд холбосноор тэдний хариуцлагатай хандлагыг тодорхойлоход тусалдаг.

Бид нийгмийг бүхэлд нь өөрчилж чадахгүй ч, үйлчилгээгээ ашигладаг хүмүүст эерэг өөрчлөлт авчирч, бодол сэтгэхүй, зан төлөвт нь эерэг нөлөө үзүүлэхийг зорьж байна. Жишээлбэл, өглөө гүйдэг хүн марафонд орж, өөрийгөө илүү хариуцлагатай, зорилготой гэж үнэлэх нь эерэг жишээ шүү дээ. Тиймээс бидний философи өөрсдийн хүрч чадах эерэг нөлөөллөөр гэрэл асаахад чиглэж байна.

Ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох хиймэл оюуны шинэ үе

"Технологийг мэдээлэл дамжуулах хэрэгсэл бус хүний зан төлөвт нөлөөлөх амьд харилцаа гэж харах хэрэгтэй" нийтлэлийн зураг

Технологи, сэтгэл зүйг хослуулах нь бизнес болон хэрэглэгч хоорондын итгэлцлийг бий болгох, хэрэглэгчээ халамжлах шинэ хэлбэрийг цогцлоожээ. Энэ нь тус салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлж буй талаар тодруулсан юм.

Дэлхий дахинаа салбарын цаашдын чиг хандлага алгоритмаас гадна хиймэл оюун ухааны шийдвэр гаргалт руу шилжиж байна. Энэ хүрээнд дараах гол чиглэлүүдэд тулгуурлаж байна: 

  • Emotion AI: Хүний сэтгэл хөдлөлийг таньж, ойлгох чадвартай технологи.
  • Generative AI: Мэдээлэл боловсруулах, контент үүсгэхэд ашиглагдах систем.
  • Real-time behavior model: Хэрэглэгчтэй бодит цаг хугацаанд харилцан үйлчилж, зан төлөвийг судлах систем.
  • Gamified UX: Тоглоомын элементтэй, сэтгэл зүйд суурилсан хэрэглэгчийн интерфэйс.

Эдгээр шийдлүүд нь хэрэглэгчдэд үр дүнг энгийн бөгөөд сонирхолтой байдлаар хүргэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тэр ч утгаараа ирээдүйд хамгийн хэрэгцээтэй ур чадваруудын нэг бол зөөлөн ур чадвар. Технологи хэчнээн хурдтай хөгжсөн ч хүнийг ойлгох, хэрэглэгчийн сэтгэл зүйг мэдэрч ажиллах чадвар улам бүр үнэ цэнтэй болж байна. Өөрөөр хэлбэл, өгөгдлийн шинжлэх ухаан болон зан төлөвийн шинжлэх ухааныг гүнзгий ойлгох, судалгааны арга зүй, аналитик сэтгэлгээ эзэмшихээс гадна хэрэглэгчийн оронд өөрийгөө тавьж чаддаг сэтгэлтэй байх хэрэгтэй. 

Манай компанийн алсын хараа бол монгол хүний амьдралын сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэдэг. Бидний хэрэгжүүлж буй бүх төсөл, хөтөлбөрүүд энэ зорилготой уялдаж, хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд бодит эерэг өөрчлөлт авчрахыг эрмэлздэг. Өнөөдөр бид зөвхөн дотоодын зах зээлд төдийгүй олон улсын түвшинд өрсөлдөх, бүтээгдэхүүнээ танилцуулах алхмуудыг хийж эхэлсэн. Ингэснээр технологи болон сэтгэл зүйг хослуулсан шийдлүүдээ дэлхийд түгээн, илүү олон хүний амьдралд үнэ цэн нэмэхийг зорьж байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын технологийн салбар эрчимтэй хөгжиж, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байна. Энэхүү дэвшил нь зөвхөн санхүү, бизнесийн үйлчилгээг хялбарчлаад зогсохгүй, хэрэглэгчийн сэтгэл зүй, зан төлөв дээр суурилсан шинэ харилцааг бий болгож байгаа юм. Ийнхүү технологи болон сэтгэл зүйг хослуулах нь хэрэглэгчдэд итгэлцэл, таатай мэдрэмж өгөхөөс гадна, нийгмийн хариуцлагыг дээшлүүлж, тогтвортой харилцааг бий болгох үндэс суурь болж байна.

Холбоотой нийтлэлүүд