Залуусын орон зай

Д.Ганзул: Олон улсын тавцанд “Монгол” хэмээн дуудуулах тэр мэдрэмж хамгийн гоё

М.Энхмаа2025.02.245 минут унших
Д.Ганзул: Олон улсын тавцанд “Монгол” хэмээн дуудуулах тэр мэдрэмж хамгийн гоё - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Манай улсын талаар дэлхий нийт хэр сайн мэддэг бол? Мянганы суут хүмүүн Чингис хаан, дэлхийн талыг эзэлсэн дайчин эрэмгий чанар, нүүдэлчин ахуй, соёл уламжлал гээд бидний туулж өнгөрүүлсэн түүхийн шаргал хуудсыг дэлхий дахин сонирхон судалсаар ирсэн билээ. Харин өнөөдөр шинжлэх ухаан, технологи, урлаг, спортын салбарт ч “Монгол” хэмээх нэр илүү тод цуурайтсаар байна. Тэр дундаа 3х3 сагсан бөмбөгийн талбайд манай баг тамирчид хурд хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаараа түүчээлж, спорт сонирхогч, сагсан бөмбөгийн үнэнч фанатуудын дунд хэдийн байр сууриа тогтоогоод буй. “Монголчууд багийн спортын төрлөөр амжилт олохгүй” гэх хэвшмэл ойлголтыг халж, эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн үлгэр жишээ тамирчдын нэг болох ОУХМ Д.Ганзултай ярилцсан дурсамж дүүрэн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна.

“Олон улсын тавцанд “Монгол” хэмээн дуудуулах тэр мэдрэмж хамгийн гоё. Эх орныхоо нэрийг гаргаж байна гэж бодохоор нүдэнд нулимс цийлгэнээд л…” хэмээх түүний сагсан бөмбөгийн спорттой холбогдсон түүх нэн сонирхолтой. Хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан охин сагсан бөмбөгийн дасгалжуулагч Д.Гүржав багшийн хүсэлтээр анх сагсан бөмбөг гэх энэхүү спорттой танилцаж байжээ.

Д.Ганзул: Олон улсын тавцанд “Монгол” хэмээн дуудуулах тэр мэдрэмж хамгийн гоё нийтлэлийн зураг

“Би Дархан-Уул аймагт төрж өссөн. Багаасаа л гүйж харайх дуртай хүүхэд байсан болохоор хөнгөн атлетикаар хичээллэдэг байлаа. Тэр үед хөнгөний бэлтгэлийг өвөлдөө зааланд сагс, гар бөмбөг тоглож, биеэ халааж эхлүүлдэг байлаа шүү дээ. Тэндээс л анх сагсан бөмбөгийн дасгалжуулагч Д.Гүржав багш маань намайг харсан юм шиг байгаа юм. Тэгээд “Чи сагс тоглоод үзээдэх ээ. Манай бэлтгэлд яваарай” гэсэн. Ингээд хөнгөн, сагсны бэлтгэл хоёрыг хоёр жил хослуулсан ч сүүлдээ бэлтгэлийн ачаалал ихдэж, гүйлт муудаж эхэлсэн. Нөгөөтээгүүр, сагсан бөмбөгийн Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс авхуулаад нэрэмжит тэмцээнүүд гээд олон тэмцээн уралдаан зохион байгуулагддаг байсан болохоор сагсны бэлтгэлдээ түлхүү анхаарахаар шийдсэн юм. Хүн чинь зорилгынхоо төлөө нэг зүйлээ золиосолж байж л илүү их амжилт гаргадаг шүү дээ. Ингэж л анхны бүхнээ Гүрээ багшаараа заалган сагсны гараагаа эхэлж байлаа.”

“Спортоор хоолоо олж идэхгүй” гэх тухайн үеийн нийгмийн хандлага түүнийг ч бас тойроогүй аж. “Миний охин сагсан бөмбөг, гүйлтээр хоолоо олж идэхгүй шүү дээ. Эмэгтэй хүүхэд хичээлээ хийх хэрэгтэй” гээд спортоор хичээллэхэд гэр бүлийнхэн нь дургүйцдэг байсан тул бэлтгэлээ таслахгүйн тулд загнуулж нэг, учирлаж нэг, нууцаар нэг бэлтгэлдээ явдаг байсан тухайгаа эргэн дурсахдаа тэрбээр яг л тэр үедээ очсон мэт инээмсэглэн ярьж байлаа.

“Одоо үед эцэг эхчүүд хүүхдүүдээ аль болох л спортоор хичээллүүлэхийг зорьдог болсон шүү дээ. Харин манай үед бол тийм биш байлаа. Гэрийнхэн маань намайг спортоор хичээллэхийг зөвшөөрдөггүй байсан учраас тэмцээн уралдаанд их нууцаар явна аа. Гүрээ багш маань “За, Ганзул аа, миний охин хувцсаа аваад гараад ир” гэнэ.  Тухайн үед Дарханаас хот руу 08:30 минутад галт тэрэг явдаг байсан юм. Тэгээд л би чинь “Ээж ээ, аав аа, би заавал медальтай ирнэ ээ” гэж захиа бичиж үлдээгээд, хичээлдээ явлаа гэж үүргэвчээ үүрч гараад хот руу тэмцээнд явна. Гэрийнхэндээ хэлэхгүй хот руу тэмцээнд явчихсан хүн чинь гэртээ буцаж очих нүүртэй байхын тулд медалийн төлөө бүхий л чадлаараа хичээдэг байсан. Харин аравдугаар ангидаа “сагсан бөмбөгийн спортын дэд мастер” цол авснаас хойш ээж аав хоёр маань ойлгож эхэлсэн дээ.”

Монголын үндэсний шигшээ багт нэгдсэн нь

Ийнхүү Дархан хотыг шуугиулж явсан охин 2010 онд Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн анхны бүрэлдэхүүнд дуудагдаж, илүү том зорилгын төлөө тэмүүлэх болжээ. 

Д.Ганзул: Олон улсын тавцанд “Монгол” хэмээн дуудуулах тэр мэдрэмж хамгийн гоё нийтлэлийн зураг

“Хэдий хүн болгон л “Багийн спортоор хол явахгүй ээ” гэж ярьдаг байсан ч үнэхээр өөрөө дуртай болохоор “Монголдоо ч хамаагүй тоглоод явж байя” гэсэн бодолтой байсан юм. 2010 онд Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд орсны дараа анх удаа гадаадын багтай нөхөрсөг тоглолт хийхээр Бээжинг зорьсон юм. Тэгэхэд л гадагшаа тэмцээн уралдаанд явна гэдэг чинь  ийм гоё байдаг юм уу гэж бодсон. Зөвхөн нөхөрсөг тоглолт хийхээр л явж байгаа шүү дээ. Тухайн үед багш нар маань “Хэдүүлээ хичээвэл болохоор юм байна шүү дээ охид оо. Азийн орнуудтай сайн тоглож чадахаар юм байна” гээд эмэгтэй шигшээ баг ч гэсэн олон улсад өрсөлдөх боломжтой гэдгийг олж харсан байх. Тэр ч утгаараа багш нар маань хаана тэмцээн уралдаан болж байна гэдгийг их судалдаг байсан. Харамсалтай нь тухайн үед олон улсын тэмцээн зөндөө болдог байсан ч эмэгтэй шигшээ баг маань явахаасаа явахгүй нь их байсан юм. Эмэгтэй баг амжилт гаргахгүй юм чинь эрэгтэйгээ аваад явчихъя гэдэг ч юм уу, зардал мөнгөний асуудал их байлаа шүү дээ. Сагсан бөмбөгийг дэмжигч байгууллага, спонсорууд ховор байсан учраас оюутан хүүхдүүд өөрсдөө зардлаа гаргаад явна гэдэг бас хэцүү. Эцэг эхчүүд маань “За яах вэ, яваад ир дээ” гээд зөвшөөрсөн үед зарим нь явах боломжтой, зарим нь боломжгүй гээд баг бүрдэхгүй үе ч байна. Тиймээс эрэгтэй шигшээ баг биднээс хоёр алхмын өмнө байсан юм болов уу гэж боддог юм.”

“Одоо сагс тоглож байгаа хүүхдүүдийг харахаар хааяа цагаахан атаархдаг юм. Манай үеийнхэн ийм гоё хөгжилтэй үед нь тоглож чадаагүй шүү дээ. Гэхдээ өнөөдрийн энэ хөгжлийг бий болгохын тулд бид нар их хичээсэн юм шиг байгаа юм. Эргээд бодоход бидний үе нэг тийм чулуун зэвсгийн үе шиг санагддаг юм” хэмээн инээмсэглэх түүний сагсан бөмбөгтэй өнгөрүүлсэн мөч бүхэн түүх болон үлдсэнийг ийн гэрчлэх мэт.

“2010-аад оны үед бэлтгэл сургуулилт хийх бэлтгэлийн заал олдох үе, олдохгүй үе хүртэл байлаа. Бэлтгэлдээ нэг ус, ундаатай л орно. Хөдөлгөөн хийгээд ам нь цангасан хүмүүс ус, ундааныхаа савыг бариад л ариун цэврийн өрөө рүү гүйдэг байсан юм. “Крант кола” гээд л. Үнэхээр ам нь цангачихсан хүмүүс чинь крант колагаа л уудаг байлаа шүү дээ. Одоо бодохоор их инээдтэй, чулуун зэвсгийн үе шиг санагддаг юм. 

Д.Ганзул: Олон улсын тавцанд “Монгол” хэмээн дуудуулах тэр мэдрэмж хамгийн гоё нийтлэлийн зураг

Бидний хувь бүх зүйлс анхных байсан болохоор хөгжилтэй зүйлс их тохиолдоно оо. Жишээлбэл, 2013 онд “Зүүн Азийн Элсний наадамд 3х3 төрлөөр оролцъё” гээд Д.Энэбиш багш маань багаа бүрдүүлээд, цалингийн зээл авч бүх зардлыг маань даагаад явж байсан юм. Тухайн үед холбооноос тодорхой мэдээлэлгүй байсан болохоор зохион байгуулалт нь ямар байхыг мэдэхгүй. Багш маань “За, очоод ямар ч шал байхгүй гэсэн шүү. Бүх төрөл нь элсэн дээр болно гэсэн. Самбаргүй сагсан бөмбөг гэж байдаг гэсэн. Хэдүүлээ юу ч гэсэн түүнийг тоглож, бэлтгэлээ хийж үзье” гээд л. Яг үнэнийг хэлэхэд үнэхээр л элсэн дээр тоглох юм байна гээд сүүлдээ бөмбөгөө өнхрүүлж хүртэл бэлтгэл хийсэн. Тэгээд элсэн дээр тоглох юм чинь бараг купальник шиг шахуу хувцас өмсөх байх гээд л волейболын өмсгөлөөс ч богинохон шорт хийлгээд Хятадын Хаян (Haiyan) руу явав аа. Техникийн зөвлөгөөн болоход “Сагсан бөмбөг л ганцхан зориулалтын талбай дээр, бусад спортын төрлүүд элсэн дээр” гэдэг юм. Тэгээд тэмцээн эхлэхэд Азийн орны охид биднийг гайхаад “Хүүе ээ, энэ чинь ямар улс вэ?” гээд л. Бид нар чинь ичиж үхэх гээд эхний тоглолт дээрээ гарахаас ч айж байсан. Аргагүйн эрхэнд эхний тоглолтоо Хонгконгийн багтай хийж хожлоо авсан юм. 3х3 төрөл чинь гудамжны сагсан бөмбөгтэй төстэй болохоор илүү сайн тоглоод байсан хэрэг л дээ. Багш маань “За, болохоор байна шүү охид оо. Ахиад жоохон зоригтой тоглоодох” гээд л. Тэр тэмцээнд бид шилдэг дөрөвт шалгараад хүрлийн төлөөх тоглолт дээрээ 8 секундэд хожигдож, бөөн уйлаан майлаан болж байлаа.”

“3х3 төрөл дөнгөж танигдаж байсан 2015 он хавьцаа Катар луу тэмцээнд оролцохоор явсан юм. Тэр үед Арабын хөгжөөн дэмжигчид “Mongolia” гэж уншчихаад “Бид нар Чингис хааныг мэднэ ээ, та нарыг дэмжинэ ээ” гэж байсан. Тэгээд бид тэр тэмцээнд аваргын төлөө тоглолтод хожигдоод мөнгөн медаль авч байсан юм. Түүнээс хойш бид тэдний өрсөлдөгчид болж эхэлсэн учраас “Монгол” гэдэг нэр улам их танигдаж эхэлсэн” хэмээх түүний яриаг сонсоод эрхгүй эх орноороо, энэ түүхийг бүтээлцсэн баг тамирчдаараа бахархах сэтгэл төрж байсан юм. Ийнхүү монголчууд 3х3 гэх сагсан бөмбөгийн шинэ төрөлтэй танилцсан энэ мөчөөс эхлэн багийн спортыг үнэлэх үнэлэмж, харах өнцөг нээгдсэн гэлтэй. С.Тулга дасгалжуулагчийн санаачилгаар 3х3 шигшээ багийг бүрдүүлж, сагсан бөмбөгт дуртай, үнэнч фанатуудыг бүрдүүлж чадсанаараа Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг дараагийн шатанд авчирсан билээ. 

Д.Ганзул: Олон улсын тавцанд “Монгол” хэмээн дуудуулах тэр мэдрэмж хамгийн гоё нийтлэлийн зураг

“3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнтэй болсноос хойш сагсан бөмбөгийг дэмждэг спонсор байгууллагуудтай болоод, олон улсын тэмцээн уралдаанд явахаас хоёр сарын өмнө бэлтгэлд гардаг болсон. Тухайн үед 3х3 хөгжиж эхэлж байсан болохоор албан газрын удирдах тушаалтнууд хүртэл мэддэг болчихсон “Тэмцээндээ амжилттай оролцоорой” гээд цалинтай чөлөө өгөөд явуулдаг байв. Үүнээс өмнө бол 08:00-17:00, 09:00-18:00 цагийн ажилтай, ажлын цаг тарсны дараа 19 цагаас бэлтгэлдээ явдаг тийм л хуваарьтай байлаа. Ажлын хажуугаар бэлтгэл сургуулилт хийхээр ачааллаа дийлэхгүй, ямар ч эрч хүчгүй, бэлтгэлийн үр дүн бага байдаг байлаа шүү дээ. Харин 2016 оноос тэмцээний бэлтгэлдээ бүх зүйлээ зориулж эхэлснээс хойш илүү их амжилт үзүүлсэн. 3х3 төрлөөрөө Азиас хоёр удаа мөнгөн медаль авч, цаашлаад Европын тэмцээн уралдаанд ч оролцож эхэлсэн. Мөн Олимпын наадамд сагсан бөмбөгийн спортын 3х3 төрөл нэмэгдсэнтэй холбогдуулан Олимпын эрхийн төлөөх тэмцээнүүдийг зорихоор шийдсэн юм. Тухайн үед багш, дасгалжуулагчид маань “За, хэдүүлээ Олимпын наадмыг зорьё. Олимпын наадамд оролцохын тулд бүхий л зүйлсээ бэлтгэлдээ зориулаад, мэргэжлийн тамирчны түвшинд тамирчдаа цалинжуулъя” гэсний үр дүнд бид “Токио 2020” зуны 32 дахь удаагийн Олимпын наадамд оролцох эрхээ авч, монголчууд анх удаа багийн спортын төрлөөр Олимпын наадамд оролцсон. Энэхүү үйл явдлаар бэлтгэл сургуулилтдаа 100 хувь анхаарлаа төвлөрүүлж чадвал бид илүү их амжилт гаргаж чадна гэдгийг харуулсан гэж боддог юм.

Энэ бүх хугацаанд уналт, босолт маш их байсан. Спорт ч гэлтгүй амьдралын талбар гэдэг чинь эмэгтэй хүнээс асар их хүч шаарддаг шүү дээ. Ингээд бодохоор эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд үнэхээр хүчтэй. Бид бэлтгэл дээр, талбай дээр эрчүүдтэй л адилхан хөлсөө дуслуулж байгаа шүү дээ. Харин илүү зүйл гэвэл гэртээ очоод хоолоо хийнэ, гэрээ цэвэрлэнэ, хүүхдээ асарна гээд гэр орны ажлыг гүйцэтгэдэг. Тэгэхээр эмэгтэйчүүд бид аль аль талбарт хүчтэй байж чаддаг гэж боддог юм. Миний хувьд ч гэсэн ажил, гэр, сагсан бөмбөгийн талбар дээр өөрөөсөө илүү их хүч гаргахыг хичээдэг дээ. Анхны хүүхдээ 22 насандаа төрүүлээд түр завсарлага авахад “Тийм тоглогч байсан хааччихав?” гээд л хүмүүс аягүй их асуусан. Хүүхэд маань таван сартай байхад ШУТИС-ийн дасгалжуулагч М.Амаржаргал багш маань хүртэл “Ганзул аа, чамайг хүмүүс асуугаад байна аа. Чи ирж бэлтгэлдээ орохгүй юм уу?” гээд л. Төрсний дараах хоёр жилийн бэлтгэл гэдэг бол үнэхээр хэцүү байдаг юм билээ. Бүх булчин маань байхгүй болчихсон. Өмнөх формдоо орохын төлөө улам их хичээх шаардлагатай болно шүү дээ. Тэр үед “Давахгүй даваа байна даа” гэж бодож байсан ч багш нар маань, багийнхан маань “Одоо болж байна шүү дээ, Ганзул аа. Чи өдөр өдрөөр ахиж байна, сайн байна” гээд дэмждэг байсан. Хүнд сэтгэлийн дэм өгнө гэдэг чинь өөрөө их гоё шүү дээ.”

“Үндэсний Дээд Лигийн энэ улирлын зорилго маань ирэх улирлын эрхээ авч үлдэх” 

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн хөгжлийн түүхийг бүтээлцэж, илүү сайхан ирээдүйг бий болгохын төлөө чин сэтгэлээ зориулж яваа тамирчдын нэг бол яахын аргагүй Д.Ганзул билээ. Тэрбээр Үндэсний Дээд Лигийн 30 дахь улирлын талбайд  “Mon Pon Stars” багийн тоглогчоор эргэн ирсэн юм. 

Д.Ганзул: Олон улсын тавцанд “Монгол” хэмээн дуудуулах тэр мэдрэмж хамгийн гоё нийтлэлийн зураг

“Миний хувьд саяхан амаржсан болохоор энэ жил тоглогч хийхгүй гэсэн бодолтой байсан ч лигийн эмэгтэй тоглолтуудын тайлбар хийх санал ирсэн юм. Тэгээд тайлбарлагчаар сууж байтал арван хоёрдугаар сард солилцооны цонх хаагдахаас өмнө Stars багийн дасгалжуулагч Пүүжээ маань надтай холбогдоод “Ганзул аа, хоёулаа хамтарч ажиллая аа. Манай багийн охид өсөж яваа, ирээдүйтэй тамирчид байгаа юм аа. Энэ жил надтай хамт тоглогчоор ажиллаад, дараа жилээс арын албанд хамтарч ажиллах саналыг туршлагатай тамирчны хувьд би чамд тавимаар байна аа” гэсэн. Энэ саналыг сонсоод өөрөө хэдий тоглох сонирхолгүй байсан ч багийнхаа охидыг хараад итгэл найдвар төрсөн гэх юм уу. Манай охин шиг л хүүхдүүд байгаа юм чинь. Эсрэг багт тоглодог байхад санааг нь уншаад л өөдөөс нь тоглочихдог байсан. Тэр багтаа өөрөө орсон чинь үнэхээр хайр хүрмээр. Тиймээс миний энэ улирлын гол зорилго бол дараагийн улирлын лигийн эрхээ авч үлдэх байгаа. Учир нь “М хөгжлийн лиг”-ээс нэг, хоёр дугаар байраар гарч ирсэн багтай Дээд лигийн тав, зургаадугаарт орсон баг тоглож, түрүүлсэн нь дараагийн улирлын Дээд лигт тоглох эрхээ авдаг. Тиймээс охидтойгоо бэлтгэлээ сайн хийж, бэлтгэл дээрээ сайн тоглож сургаж байгаад М лигийнхээ багуудтай тоглуулж, дараа улирлын эрхээ авч үлдэх л том зорилготой байна даа."

-Шинэ үеийн залуу тамирчдадаа хандаж юу гэж зөвлөх вэ?

-Сагсан бөмбөгийн спортод хайртай сонирхогч залуус, шинэ залуу тамирчдадаа хандаж зорилгодоо тууштай байгаарай гэж хэлмээр байна. Ямар ч тамирчинд бардам загнах үе гарч ирдэг. Гэхдээ тэр зандаа дийлдэж болохгүй. Хатуухан хэлэхэд “Өндрөөс хүчтэй унана” гэдэг үг байдаг даа. Тиймээс бардам зандаа туйлширч болохгүй шүү. Харин тэр тусам бусадтай хүндлэлтэй харьцаж, үзэгч дэмжигчидтэйгээ мэндтэй устай яваарай. Энэ бүхэн маань цаашдын амжилт, нэр хүндийн асуудал шүү дээ. Тиймээс та хэд маань түрхэн зуурын амжилтдаа ханахгүйгээр илүү сайн амжилт гаргахын төлөө зөв хүн байгаарай гэж хэлмээр байна.

Монголын сагсан бөмбөгийн нэгэн үеийн тод одтой ярилцсан энэхүү ярилцлагаас тамирчин хүний сахилга бат, тэсвэр хатуужил, зорилгынхоо төлөө тэмүүлэх чин хүслийг сэтгүүлч би мэдэрсэн юм. Түүний сагсан бөмбөгийн спортод оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийн үр шимээс шинэ залуу үеийн тамирчид маань үлгэрлэнэ гэдэгт эргэлзэх зүйлгүй билээ. "Амжилт бол зүгээр нэг тохиолдол биш. Энэ бол хичээл зүтгэл, тэвчээр, суралцах, судлах, золиослохын үр дүн юм" хэмээх хөл бөмбөгийн хаан Пелегийн эшлэлээр энэхүү нийтлэлээ жаргаая! 

Холбоотой нийтлэлүүд