Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ

2026.04.244 минут унших
Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хүний дотоод ертөнц, тэр дундаа мартагдсан дурсамж болон хэлж илэрхийлэмгүй мэдрэмжүүд заримдаа биет хэлбэрт шилжин бидний өмнө амилах нь бий. “Урлагийн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт бидний сайн мэдэх атлаа анзаардаггүй, мэдэрдэг ч гэлээ хэлбэрт оруулж чаддаггүй тэрхүү дотоод орон зайг модоор урласан нэгэн урланг зорилоо. Монголын Урчуудын Эвлэлийн "А" урлан гэх өвөрмөц орон зайд байрлах "Дөрвөлжин дугуй" арт нэгдлийн 107 тоот хаалгыг татахад модны үнэр, сийлбэрийн өвөрмөц орчин биднийг угтах аж.

Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ нийтлэлийн зураг

Уран бүтээлч Б.Отгонжаргалын саяхан толилуулсан "Хөх тал" анхны бие даасан үзэсгэлэн нь модны ширхэг, ан цав бүрийг хүний биеийн хэлбэр дүрсээр дамжуулан бидний мартагдсан санамж, оршихуйн тухай өвөрмөц түүх болгон хувиргаснаараа онцлогтой. Энэхүү эрэл хайгуул, бүтээлүүдийнх нь цаадах нууцлаг утга учрын талаар уран бүтээлч Б.Отгонжаргал болон түүний үзэсгэлэнгийн ко-куратор Б.Мөнгөнчимэг нартай тус урланд өрнүүлсэн яриаг хүлээн авна уу.

Хөх тэнгэр тонгойж

Талын шороо дээгүүр ус мэт гулсана

Салхи - хэн нэгний дурсамж

Мод - мартагдсан өгүүлбэр

Би алхана

Өөрийнхөө сүүдэр дээгүүр

Тэд бүх зүйл нэг өнгөтэй

Хөх, тэгээд…

Б.Отгонжаргал

Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ нийтлэлийн зураг

Энэхүү шүлэг бол "Хөх тал" үзэсгэлэнгийн утга учрыг нээх нэгэн түлхүүр гэлтэй. Тэрбээр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд, морины дэлэн дээр өссөн малчин хүү. Тиймдээ ч түүний бүтээлүүдээс элдэв чамирхал, нарийн хийц гэхээсээ илүүтэй байгалийн тэр л байгаа төрх, монгол хүний ерөнхийлөн дүрслэх торгон сэтгэлгээ тодоор мэдрэгддэг аж.

“Малчин л болно гэж боддог байлаа”

Түүний бүтээлүүдийг ажиглахад бидний дотор хаа нэгтээ гээгдсэн, бүдгэрсэн дурсамжуудыг нэг нэгээр нь ухан гаргаж ирэх шиг сонин мэдрэмж төрж байлаа. Модны төрөлх ширхэг, ан цав бүрийг засаж янзлалгүй хэвээр нь үлдээсэн нь бидний өөрсдийн ч анзааралгүй гээчихсэн тэрхүү дотоод "тал нутаг", сэтгэлийн гүн дэх мартагдсан өгүүлбэрүүд ч байж болох юм.

Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ нийтлэлийн зураг

“Би Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынх, малчны хүүхэд. Нутаг маань их сайхан амгалан, тайван газар шүү дээ. Хоёр талын өвөө, эмээ нар маань бүгд адуучин, уяач хүмүүс байсан болохоор адуутай их ойр өссөн. Тэр ч утгаараа том болоод малчин л болно гэж боддог байв.

Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ нийтлэлийн зураг

Багадаа сониуч, гарын дүйтэй хүүхэд байлаа. Гэрийнхээ том цагаан цагийг задалж үзчихээд, эргүүлээд угсрах гэж оролдож суудаг. Сурагч байхдаа айл бүрийн хойморт залардаг “Жаргалын найман морь”-ийг зурчхаад өөрийгөө “том зураач” болчихлоо гэж эндүүрч явсан үе бий. Тэр бодлоороо элсэлтийн шалгалтад “тэнцэх нь тодорхой” гэж бардам ирсэн ч, хотын мундаг хүүхдүүдийг хараад сүрдэж билээ. Эцэст нь улаан шугамын дээгүүр таслагдаж, Дүрслэх урлагийн дээд сургуулийн босгыг алхаж байсан түүхтэй. Оюутан байхдаа би нэг их хичээгээгүй. Хэрэв тэгэхэд хэт хичээсэн бол өнөөдрийн энэ бүтээлүүд гарахгүй байсан байж магадгүй юм. Магадгүй хэт нарийн хээ угалз, өөр хүмүүсийн арга хийц рүү хэлбийх байсан байх. Магадгүй мөнгө дагасан зам руу орох ч байсан байж мэднэ. Тэндээс эргэж гарахад хэцүү шүү дээ.”

Мод бол "амьд" ой санамж

Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ нийтлэлийн зураг

Уран бүтээлч одоо ч зав гарвал төрсөн нутаг, мал ахуйгаа зорин очиж, байгалийн амьд энергиэр тархиа чөлөөлдөг тухайгаа хуваалцсан юм. Хотын их хөдөлгөөн, нийгмийн олон асуудлаас холдож, салхины исгэрээ, модны хөдөлгөөн дунд өрнөх тэрхүү чимээгүй харилцаа нь түүний бүтээлийн гол түүхий эд болох модтой харьцахад нөлөөлдөг аж. Байгаль өөрийгөө хэдийн бүтээчихсэн байдаг тул түүнтэй "тулж" ажиллахаас илүүтэй, мөн чанарыг нь таньж мэдэх нь уран бүтээлчийн эрэл хайгуулын гол цөм болдог байна.

Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ нийтлэлийн зураг

"Мод гэдэг өөрөө их хэцүү материал. Олон мянган жилийн түүх, нар салхи, ой санамжийг өөртөө шингээсэн амьтай эд шүү дээ. Хагарна, буцаж нийлнэ, амьсгална. Заримдаа ажиллах гэхээр багаж явахгүй, гар хүргэж болохгүй үе гардаг. Яагаад болохгүй байна вэ гэж бодтол мод өөрөө байгалийн “урлаг” учраас тэр байж. Байгаль өөрийгөө бүтээчихсэн, түүнийг ямар ч уран бүтээлч давтаж хийх боломжгүй. “Байгаль чамаар оролдох уу, чи байгалиар оролдох уу?” гэдэг асуулт эндээс л гарч ирсэн. Тиймээс би байгалийн тэр амьд тогтоц, ан цав бүрийг эвдэлгүйгээр, түүнийг хүндэтгэж бүтээлээ хийхийг зорьдог."

“Хөх тал” үзэсгэлэнгийн бүтээлүүдээс тайлбарлавал… 

Уран бүтээлчийн байгалийг хүндэтгэх философи 107 тоот урлангийнх нь дүр төрхөөс илт мэдрэгдэж байлаа. Модны үнэр сэнгэнэсэн энэ орон зайд цахилгаан хөрөө, сийлбэрийн алх зэрэг ажлын багаж хэрэгслүүд зэрэгцэн орших аж. Зарим бүтээлүүд модны сорви, ан цав, төрөлх шинж чанарыг хадгалж үлдсэн байхад, зарим нь өнгөлөгдөж гялалзсан гадаргуутай харагдана. Урлан дахь эдгээр дүрсүүдийн   огтлолцол, тэдгээрийн цаадах нандин мэдрэмж, хийгээд уран бүтээлч Отгонжаргалтай ажилласан туршлагаараа урлаг судлаач Б.Мөнгөнчимэг зарим бүтээлийг бидэнд ийнхүү тайлбарлалаа.

"ҮД ДУНД" 2026 он, мод, 30х60х15 см

Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ нийтлэлийн зураг

“Зуны аагим халуунд морьд бие биеийнхээ сүүдэрт толгойгоо нууж зогсох тэр л агшныг монгол хүн бүр мэднэ. Тэгэхэд морьдын толгой нь үл үзэгдэж, зөвхөн нуруу зоо хэсэг л цухуйж харагддаг тэрхүү сонирхолтой дүр зураг уран бүтээлчийн маань дурсамжид тод үлдэж модон барималд ийн амилуулжээ.”

"СҮЛЖЭЭ" 2024 он, мод, 140х30х15 см

Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ нийтлэлийн зураг

“Уран бүтээлч маань өөрөө энэ бүтээлийнхээ тухай "Уулан дээр гараад сүлжээ олчхоод утсаар ярьж байгаа хүн" хэмээн товч л ярьдаг юм. Гэвч цаад утга нь хавьгүй гүн. Сайн ажиглавал уул болон янгир хоёр нэгэн цул болон уусаж, салшгүй сүлжээг үүсгэсэн буйг харж болно. Байгалийн амьтад хад асга, уул устайгаа яг л ижилхэн өнгөтэй харагддаг тэрхүү зураглал энэ бүтээлд шингэжээ. Өнөөдрийн бидний хүрчхээд буй энэ хөгжил дэвшлийн замд байгаль дэлхий биднийг хэрхэн өргөж, тэтгэж, бидэнтэй цуг оршсоор буйг “Сүлжээ” бүтээл илэрхийлжээ гэж бодож байна.

"ТАР" 2025 он, мод, 24х32х13 см

Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ нийтлэлийн зураг

“Морин дээр давхиж яваа унаач хүү хүлэгтэйгээ нэгэн цул болсон мэт дүрслэлийг энэ бүтээлээс харж болно. Тэрхүү бяцхан унаачийн хувьд морь гэдэг аавын цээж шиг нөмөртэй, хамгийн аюулгүй орон зай ажээ. Бүтээлийг сайн ажиглавал доод хэсэгт нь өлзий хээний дүрслэл харагдах бөгөөд энэ нь унаач хүүг "Бат өлзийтэй яваад ирээсэй" хэмээн ерөөж, бэлгэдэн хийсэн уран бүтээлчийн дотоод илэрхийлэл юм. Бид морин дэлэн дээр өссөн ард түмэн гэдгийг, монгол хүн бүрд байдаг нинжин сэтгэл хэмээх эрхэм чанарыг энэ бүтээлээс харж болно.”

"УНАГА" 2023 он, мод - металл, 55х30х40 см

Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ нийтлэлийн зураг

Энэхүү бүтээл нь ердөө нэг, хоёрхон цагийн дотор хийсэн ч “Хөх тал” үзэсгэлэнгийн эхлэл, Отгонжаргал хэмээх уран бүтээлчийн илэрхийллийн хэл, концепцын чиглэлийг тодорхойлсон бүтээл юм. Уран бүтээлчийн туршлага, зөн совин нийлэх тэр агшинд бүтээл өөрөө амилж, чиглэлээ олж буй нь магадгүй энэ аж.

"ҮДЭШ" 2026 он, мод, 62х22х14 см

Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ нийтлэлийн зураг

“Энэ бүтээлийг анх харахад эмэгтэй хүний бие галбир шиг харагдана. Гэвч тогтож ажвал хөдөө талд нар шингэх үеэр шар зүсмийн морьд яг л эмэгтэй хүн шиг харагддаг тэрхүү торгон агшныг уран бүтээлч маань ийн дүрсэлжээ. Уран бүтээлч Отгонжаргалын сайн мэдэх, олонтоо харсан энэ агшныг магадгүй хэзээ ч харж байгаагүй хүмүүс ч бий байх.”

Кураторын хэлсэн тэрхүү "бидний мэдэхгүй торгон агшин" уран бүтээлч Б.Отгонжаргалын бүтээл бүрээс анзаарагдаж байлаа. Гэхдээ тэр өөрөө бүтээлээ тайлбарлаж, утга учрыг нь бусдад ярьж өгөхөөс үргэлж зугтсаар ирсэн нэгэн аж. “Хөх тал” үзэсгэлэнгийн бүтээлд сийлсэн шүлгийн мөрүүд ч түүнийг хэрхэн "өөрийнхөө сүүдэр дээгүүр" чимээгүйхэн алхаж, дотогшоо төвлөрч бүтээлээ туурвидаг болохыг нь илтгэх шиг. Тиймдээ ч энэ удаагийн үзэсгэлэн нь түүний хувьд зөвхөн уран бүтээлээ дэлгэхийн оронд олон жил дотор нь хадгалагдсан тэрхүү чимээгүй ханыг нураах шийдвэр байсан болов уу.

- Анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасны дараа танд ямар мэдрэмж төрж байна вэ? 

Б.Отгонжаргал: Модоор баримал хийнэ гэдэг байгалийн өөрөө бүтээсэн урлагийг хүндэтгэхийн нэр юм билээ нийтлэлийн зураг

Би өөрөө ярихдаа тааруу хүн. Тийм учраас хүмүүс бүтээлүүдийг хараад өөрийнхөөрөө мэдэрч, тархиа ажиллуулах ёстой гэж боддог байлаа. Гэхдээ энэ удаа айдсаа тодорхой хэмжээнд давсан байх. Үзэсгэлэнгийнхээ нээлтээр шүлгээ уншиж, зочдодоо бүтээлээ тайлбарлаж, одоо ингээд ярилцаад сууж байгаа минь үүний илрэл юм болов уу. Мэдэхгүй юмаа хийж байснаас мэддэг юмаа хийе гэж шийдсэн. Тэр нь миний тал нутаг…

"Мэдэхгүй зүйл рүүгээ тэмүүлэхээс илүү мэддэг зүйлээ үнэнээр нь хийх нь л хамгийн том хариуцлага." Б.Отгонжаргалын энэ л үг түүний бүтээлүүдийг илүү үнэ цэнтэй болгож буй мэт. Тэр бидэнд тал нутгийн салхийг, адууны соёлыг "засаж" тайлбарласангүй. Харин байгаль өөрөө өөрийгөө хэрхэн бүтээснийг, мод яаж амьсгалдаг болохыг байгаагаар нь л үлдээснээрээ онцлог юм. Энэхүү чимэггүй үнэн, эгэл төрх нь өөрөө өнөөдрийн модон баримлын урлагт чимэг болж буй нь энэ ажээ…

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд