Аян замын тэмдэглэл: Эх орондоо эргээд заавал ирээрэй


Энэхүү аян замын тэмдэглэлийн эхний хэсгийг ЭНД дарж уншаарай. Хэрэв та БНСУ-ыг зорих гэж буй бол энэхүү нийтлэлийг уншиж үзэхэд зүгээр болов уу!
ЧОНСУ
Сөүлийн амьдрал болбоос ердөөсөө л өрсөлдөөн. Хэн сайн ажил хийж чадна тэр маргааш нь ч, нөгөөдөр нь ч ажилтай байж чадна. Нэг л өдөр залхуурвал тэгээд л дуус. Эхлээд надад байр түрээслэх мөнгө байсангүй. Их гэнэн цайлган дандаа л хүнд тус хүргэж явдаг найзындаа нэлээд хэд хонолоо. Эхлээд ажлаа мэдэхгүй учраас айл нүүлгэх ажил төдийлөн намайг тоосонгүй. Харин найзынхаа эхнэртэй “чонсу” буюу айл цэвэрлэх ажилд гарсан юм. Эл ажлыг ихэвчлэн эмэгтэйчүүд л хийнэ. Ерөнхийдөө монгол эмэгтэйчүүд базчихсан гэсэн үг. Өдөрт хоёр айл цэвэрлээд 130 мянган вонн халаасална. Эл ажлын хувьд элдэв төрлийн химийн бодис ашиглаж толбо, бохир зэргийг арилгадаг учраас хортой.
Олон жил айл цэвэрлэсэн эмэгтэйчүүд Монголд очоод хорт хавдар туссан тохиолдол өчнөөн байдаг. Хожим Монголд очихдоо тийм хүний ар гэрийг заавал олж уулзана даа.

Айлын нойл, тааз шал, цонх гээд л бүгдийг нь гялтайлгана. Ширхэг ч хялгас үлдээх ёсгүй. Өдөрт хоёр айл цэвэрлэхийн тулд үүрээр гараад л орой орж ирнэ. Хоёр айл нь хоорондоо зайтай бол бүр шөнийн 10 цагийн үед орж ирэх ч тохиолдол бий. Айлаас гадна элдэв төрлийн албан газрууд, хоолны газар хүртэл цэвэрлэнэ. Нэг захирал дээрээ удаан ажилласан хүмүүс цалин арай илүү авах бөгөөд маргааш ямар хүн ажилд авч гарахаа хүртэл шийднэ. Хэрэвзээ ажлаа мэдэхгүй бол маргааш нь авч гарахгүй. Миний хувьд эрэгтэй тэгээд бага зэргийн өндөр учраас цонх арчиж цэвэрлээд маргааш нь ч ажилд гарч чадсан л даа. Гэхдээ л эрэгтэй хүмүүс гэхээр захирлууд нь жаахан дурамчхан байдаг юм. Хамгийн туршлагтай удаан ажилласан эмэгтэйчүүд нь айлын гал тогоо болон нойл зэргийг цэвэрлэнэ. Ажил дууслаа гэхэд л ахалж яваа хүн нь алчуур бариад л шалгана шүү дээ. Энд ч тийм бохир үлдэж, ийм ч тоостой байна гээд л ёстой залхмаар. Бүүр тавиурны харагдахгүй доод хэсгийг хүртэл алчуураа гүйлгээд л шалгана. Солонгосчуудын хамгийн сайн зан чанар л даа. Нэгэндээ хэзээ ч хулхины юм хийж өгдөггүй.
Нэг удаа бүүр хогон дундаа амьдардаг Солонгосын гэрийг очиж цэвэрлэв. Хог цуглуулаад л овоолоод байдаг сэтгэцийн өвчин энд их элбэг. Та бүхэн бараг кинон дээрээс харж байсан байх аа даа. Гэхдээ энэ бас зарим газраа их учиртай аж. Зуурдаар нас барсан гэр бүлийнхээ хүний амьдарч байсан оромжийг ингэж хогоор дүүргэж домнодог гэсэн. Нэг ёсондоо мухар сүсэг гэх юм уу даа. Ийм айл цэвэрлэхэд мэдээж цалин тав арван цаасаар нэмнэ л дээ. Гэхдээ там.
ИСА
Намайг хэд хоног айл цэвэрлэх ажилд шамдаж байх хооронд сургуулиудын амралт эхлэв. Сургуулиудын амралт эхлэхтэй зэрэгцээд анги танхимуудын бүх эд хогшлыг гаргаж улсаас нь засвар хийдэг ажээ. Тус ажил 180 мянган вонын үнэлэмжтэй.
Миний “мачигдаж” /хэн нэгний зар, танил талаар ажил олж ирэхийг ийнхүү нэрлэдэг/ очсон сургуулийн Исаны ажилд надаас гадна 30 гаруй шижигнэсэн монгол залуу цугласан байв. Хаанаас яаж ингэж нэгнээ олоод ирдэг юм бүү мэд. Ёстой л нөгөө сэтгүүлч Э.Энхцолмонгийн бичсэн “Харх” нийтлэл санаанд оржухуй. Эл нийтлэлийг М.Батбаяр гэх ах маань анх надад санал болгон уншуулж би ойр хавийн монголчууддаа явуулж байсан удаатай л даа.
Нэг өдрийн дотор л яах ийхийн зуургүй том том тавилгуудыг савлаад цэгцлээд хураахыг нь харах ёстой гайхмаар.

Энэ ажил мэдээж улирлын чанартай учир үсрээд хоёр гурав хоногийн дотор дуусав. Залгуулаад тэр өдөр хамт ажил хийсэн залуучуудтай танилцаж айл нүүлгэхдээ тэд намайг дагуулж явахаар болов. Хүн хүнтэйгээ хэл амаа аятайхан олоод л, биеэ оторлоод байхгүй бол ажилтай л байна. Нэгэн рүүгээ “маргаашийн ажил байна шүү хөгшөөн гарах юм уу” гэж ярих нь ямар хайр хүрмээр гэж санана. Тэд зөвхөн хар амиа хичээгээд явж болох л доо. Атал монголчууд тэгдэггүй. Нэгнээ өөд татна чирнэ. Бид л монголчууд муу хүмүүс мэтээр бодож сэтгэдэг боловч сайн нь муугаасаа хавь илүү олон гэдэгт би амьдралынхаа бүх зүйлээр бооцоо тавихад бэлэн байна. Муу хүмүүс нь үсрээд л арван хувийг эзэлнэ. Гэвч сайнаасаа илүү муу нь л түрүүлж харагдаж, сонсогддог хойно.
Айл нүүлгэхэд 5, 10, 15 тооны ачааг ачна. Тухайн айлыг яг ямар байсан тэр чигт нь ороод амьдрахад бүх зүйл байрандаа байж байхаар тэгж нүүлгэнэ. Ямар сайндаа л зарим арай дөнгүүр ажил хийдэг нөхдүүд “хүүхний левчик, бандаашаа эвхээд л байна уу” гэж нэгнээ явуулах вэ дээ.
Айл нүүлгэхэд ердөөсөө л 100 хувь болгоомж хэрэгтэй. Айлын эд хогшлыг сагс, тусгай зориулалтын хайрцагт хийж нүүлгэнэ. Унагаж хагалах, хэмхэлчихгүйн тулд маш хичээнгүй өргөх нь нуруу их өвтгөнө. Цаашлаад шкаф, буйдан, хөргөгч зэргийг зурагдаж хагалахаас сэргийлэн даавуу, зориулалтын сав баглаа боодлоор хучиж битүү скочдоно. Ингэж айл нүүлгэж явахдаа нэгэн айлын зурагтыг эвдэлсэн удаатай. Тухайн өдрийнхөө цалинг өгөөд зогсохгүй өнөөх ажил олгосон газраа тав хоног үнэгүй ажиллаж өгч байж салсан юм даа. Нэг их сүртэй унагаад юманд цохиогүй атал яагаад эвдэрснийг одоог хүртэл би бодоод олдоггүй. Харин сүүлд нь бодоод байх нь ээ “эвдэрчихсэн зурагт байсан юм биш биз” гэсэн бодол төрсөн төрсөн. Одоо яалтай билээ.
Над шиг ийнхүү айлын үнэтэй цайтай эд хогшил эвдэлж, өөрөө ч бэртэж гэмтсэн хүмүүс бишгүй олон. Өвлийн цастай, зуны бороотойд крумагаар /түрдэг тэвш/ тэр том машин дээрээс юм буулгана гэдэг аюултай. Наанадаж хөл гараа хуга цохичих гээд хэцүү. Угаас амар ажил гэж байхгүй хэдий ч үргэлж энэ зүйлийг тэвчиж хийсээр дасал болсон ахан дүүсээ харахаар бахархмаар.
НУРААЛТ

Сарын эхээр айл нүүлгэх ажил ховорддог учир нөхөд нураалт хийнэ. Нэг ёсондоо хослуулж байна гэсэн үг. Тэгж байж ажлаар тасрахгүйхэн шиг аж төрнө. Нураалт гээд хэлэхээр л ойлгомжтой байгаа биз дээ. Тааз, хана, том цемент юу л байна буулгаж хаяна. Өөр дээрээсээ нураах юм бол тэгээд л үхлээ гэсэн үг. Тоос шороо их гарна. Харшилтай хүн ажиллахад бэрх. Тусгай хөрөө багажуудтай харьцдаг учир шууд би мэднэ энэ тэр гэж дайрч орвол бэртэнэ, амь насаа ч алдаж мэдэх ажил юм билээ.
Ажлаа мэддэг хүмүүсийн ихэнх нь дөч тавь эргэм насны хүмүүс байх бөгөөд тэд л багаж ашиглана. Нурааж мэдэхгүй бол хог зөөгөөд л явж байх нь илүү дээр. Сүүлд би ч нураадаг, багаж ашигладаг болсон л доо. Угаасаа хийхээс өөр сонголт байсангүй. Ингэж явахдаа хүзүүн дээрээ төмөр унаган ухаан алдаж, цээж, гуя руугаа шил зоож байсан ч удаатай. Болгоомжтой байсан хэрнээ л хажууд нураалт хийж байсан солонгос өвгөний тэнсэн суманд өртсөн нь тэр.
Нэг удаа хоёр давхрын шатан дээрээс солонгос өвгөн унаад гараа хугалчхав. Хөөрхий минь бас л амьдрахын тулд үхэхээ мэдэхгүй хичээж байгаа нь тэр . Нураалтын хамгийн хүндрэлтэй зүйл нь нэг өдөр ажиллаад долоо хоногийн дараа ч юм уу цалингаа авдаг. Хэнээс хаанаас цалингаа авахаа мартаж орхино. “Ажил нь дуусаж байж цалин нь орж ирнэ ээ, хө” гээд л уячихна. Дундаас нь ажилд гаргасан монгол нь авсан уу, эсвэл үнэнээсээ цаад самүшил нь мөнгөө өгөхгүй байгаа юу ойлгомжгүй удаах нь төвөгтэй.
Энэ мэтчилэн монголчуудад эл газар хийхгүй ажил гэж үгүй. Тэгбэ, газар тариалан сонгины ажил зэрэг нь үнэхээр хүнд, гар хөл сарвайна, нуруу туруу өвдөх нь ярих ч юм биш. Тэр тусмаа шөнийн цагаар ажилладаг тэгбэ, хүлэмжийн хөнжил хуулах ажил зэрэг нь хүний ясыг хүртэл янгинуулна.
Хүн гэхдээ ямар ч ажлын хүндийг шүд зуугаад тэвчээд гарахдаа цалингаа аваад хурдан явах минь л гэж боддог юм билээ. Хөлийн ул явдалдаа цэврүүтнэ, мөр урагдах энэ тэр юу ч биш. Даваад л гардаг юм байна гэдгийг ойлгосон. Үр хүүхдээ тэжээх гэж зүтгэж байгаа энэ хүмүүсийн хөлс, цусыг харсан хүний хувьд л ингэж бичиж байгаа юм. эгээгүй бол би Солонгост буй хүмүүсийг мөнгөн дээр ирээд суучихсан арслангууд л гэж хардаг тэр бодолтойгоо хэвээрээ үлдэх байлаа шүү дээ.
Аа, нээрээ, энд байгаа гэр бүлийн хүмүүс, эмэгтэйчүүд буудлын ажил их хийнэ. Би өөрөө хийж үзээгүй тул орхив. Хүмүүсийн дам яриаг сонсох нь ээ, тийм ч сайхан ажил бас л биш шиг байгаа юм.
ЭЛДЭВ СОНИН ХҮМҮҮС

Уг нь энд ирээд өч төчнөөн л сайн хүмүүстэй учирсан сан. Атал тэдний тухай бичих бус аль гайхмаар үйл явдлаар учирсан хүмүүс л түрүүлж толгойд орж ирээд байх юм. Өнөөх ганцаардлаа даван туулж чадаагүй хүмүүс гэсэн үг шүү дээ.
Энд зөвхөн мөрийтэй тоглохын тулд ажиллаж амьдарч буй залуус ч цөөнгүй. Өдөр нь ажил хийж орой нь мөрийтэй тоглоомын газар хэснэ, цахимаар бооцоо тавьж олсон мөнгөө салхинд хийсгэдэг нөхөд ч байна. Хүний амьдралыг шүүх эрх надад байхгүй ч юуны төлөө ингэж явдгийг мэдэх юм алга. Монголчуудаа хавчдаг гадуурхдаг, ганцаараа ярьдаг, архины цагаан солио туссан хүмүүс бол хог нэгээрээ. Эдний сэтгэл зүйн эл асуудлыг шийдэх юу байна аа гээд хэсэг бүлэг төрийн бус байгууллагын хүмүүс судалж элчин сайдын яамныхантайгаа ярилцтал лам авч ирье гэсэн гэж байгаа юм даа. Инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг ийм монголчууд энд хэзээг хүртэл амь зогоохыг хэлж мэдэх юм алга. Ямартай ч сайхан цаг ирээсэй л гэж найдах юм.