Ертөнцийн баялаг Монголд: Байгалийн өвийг хайрлахын учир

2026.03.105 минут унших
Ертөнцийн баялаг Монголд: Байгалийн өвийг хайрлахын учир - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хаврын зэвэргэн салхи тал хээрийн шар өвсөн дээгүүр исгэрч, байгаль дэлхий өвлийн гүн нойрноосоо сэрвэлзэн өндийнө. Соёолж буй нялх ногоо, сэргэж буй экосистем бүхэн байгалийг хэн нэгний бүтээсэн хөшөө дурсгал төдийхөн биш, секунд тутамд амьсгалж, өөрчлөгдөж байдаг асар том амьд тогтолцоо гэдгийг сануулна.

ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн өвүүд, шим мандлын нөөц газрууд, усны шувууд чуулсан нуур гээд манай орны нийт нутаг дэвсгэрийн 21 хувь тусгай хамгаалалтанд байна. Харин бид эдгээр газар нутгийг бид яах гэж хамгаалж, юуг ирээдүйд өвлүүлэн үлдээх гэж байгаагаа эргэн харах цаг болжээ. Байгалийн өвийн үнэ цэн өнөөдөр яг ямар түвшинд үнэлэгдэж байна вэ? Бид энэхүү амьд эрдэнэсээ ирээдүйд бүрэн бүтэн үлдээж чадах уу? Эдгээр асуултын мөрөөр салбарын мэргэжилтнүүд болон газар дээр нь ажиллаж буй байгаль хамгаалагчдын дуу хоолойг сонсож, байгалийн өвийн үнэ цэнийн талаар сурвалжиллаа.

Байгалийн өв гэж яг юу вэ?

"Байгалийн өв" гэхээр бидний санаанд ихэвчлэн үзэсгэлэнт уул ус л буудаг. Гэвч хэрэг дээрээ энэ нь хамаагүй өргөн хүрээтэй, амин чухал ойлголт ажээ. Олон улсын байгаль хамгааллын холбоо (IUCN) болон ЮНЕСКО-гийн тодорхойлсноор үүнд физик газарзүй, тогтоц, биологи, экосистемийн цогц байдлыг бүхэлд нь хамааруулдаг байна. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн нүд баясгах тогтоц биш, агаар, ус, хөрс, биологийн олон янз байдлын  салшгүй хэлхээ, экосистемийн уялдааг илэрхийлдэг аж.

Бид байгаль дэлхийгээс амьдралыг тэтгэгч хүчилтөрөгч, ундны ус, уур амьсгалын тогтвортой байдал зэрэг экосистемийн "үйлчилгээг" секунд тутамд авч байдаг. Иймээс байгалийн өвийг хамгаална гэдэг нь ирээдүйн оршихуйн баталгаа болсон энэхүү амьд тогтолцоог хадгалж үлдэх тухай үндсэн ойлголт юм. Байгалийн нөхөн төлжих боломжийг бүрдүүлж, тэнцвэрийг нь хадгалах нь хүн төрөлхтний ёс зүйн хариуцлага билээ. Энэхүү амьд тогтолцооны үнэ цэн Монгол орны хувьд ямар онцлогтойг Дэ Нэйче Консерванси байгууллагын (TNC) Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дэд дарга Д.Галбадрах ийнхүү тодотголоо.

“Байгаль бол бидэнд өвлөгдөн ирсэн биологийн баялаг юм”

Ертөнцийн баялаг Монголд: Байгалийн өвийг хайрлахын учир нийтлэлийн зураг
Дэ Нэйче Консерванси байгууллагын (TNC) Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дэд дарга Д.Галбадрах

"Манай орон Сибирийн тайгаас говь цөлийн бүс хүртэл дамнан орших 19 төрлийн ялгаатай экосистемтэй. Эдгээр экосистем тус бүр өөрийн онцлогийг илтгэх өвөрмөц ургамал, амьтны аймагтай бөгөөд дэлхийд нэн ховордсон цоохор ирвэс, мазаалай, хавтгай, тахь зэрэг 31 зүйлийн амьтдын амин чухал амьдрах орчин болдог.

Монголын байгалийн өвийн хамгийн том бахархал бол манай хээрийн экосистем юм. Өнөөдөр дэлхийн хэмжээнд сэрүүн бүсийн хээрийн 50 орчим хувь нь хүний нөлөөнд өртөж, төрхөө алдсан байдаг бол Монгол орны хээр харьцангуй онгон төрхөө хадгалж үлдсэн нь хүн төрөлхтний хувьд асар том үнэ цэн. Мөн манай бүх экосистемүүд нүүрстөрөгчийг өөртөө шингээгч болдог нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгальд суурилсан шийдлийг хэрэгжүүлэхэд Монгол Улсыг дэлхийн тавцанд чухал тоглогч болгож байна. Тухайлбал, манай орон хүлэрт намгийн тархалтаараа дэлхийд 17-д жагсдаг. Хүлэрт намаг нь дэлхийн хуурай газрын ердөө 3 хувийг эзэлдэг ч нийт нүүрстөрөгчийн 30 орчим хувийг бүрдүүлдэг тул уур амьсгалыг зохицуулахад шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Ертөнцийн баялаг Монголд: Байгалийн өвийг хайрлахын учир нийтлэлийн зураг

Гэвч байгалийн нөөц баялгийн ашиглалт аж үйлдвэржилтийн үеэс хойш дэлхий даяар эрс нэмэгдлээ. 2030 он гэхэд хүн ам 9.7 тэрбумд хүрч, эрчим хүчний хэрэглээ 56 хувь, усны хэрэглээ 234 хувиар өсөх тооцоолол бий. Дэлхий дээр минут тутамд 12 га газрыг ямар нэг байдлаар хувирган өөрчилж байна. Монгол улсын тухайд ч нийт газар нутгийн маань 20 хувь нь хүний үйл ажиллагааны нөлөөлөлд хүчтэй өртөөд байна.

НҮБ-аас 2030 он гэхэд 1 сая орчим зүйлийн амьтан, ургамал устах аюултайг анхааруулсан. Тиймээс л бид эх газар, цэнгэг усныхаа 30-аас доошгүй хувийг хамгаалалтад авч, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шаардлагатай байгаа юм. Эдгээр 19 төрлийн экосистем, түүнд орших амьд байгаль нь бидэнд өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн биологийн асар их баялаг бөгөөд үүнийг бүрэн бүтэн авч үлдэх нь бидний ирээдүй үеийнхээ өмнө хүлээсэн хамгийн том хариуцлага билээ."

Тоогоор илэрхийлэгдэх үнэ цэн: Ирээдүйн баталгаа

Д.Галбадрах захирлын онцолсон энэхүү амьд тогтолцоо нь Төв Азийн эх газрын экосистемийг тэтгэгч гол судас төдийгүй дэлхийн уур амьсгалын тэнцвэрийг хадгалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг "Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан (2021-2023)"-д дурдсан тоо баримтууд ч бэлхнээ баталж байна. Манай улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ сүүлийн арав гаруй жилд тогтмол өсөж, 2020 оны байдлаар 32.8 сая га талбайд хүрсэн нь нийт нутаг дэвсгэрийн 21 хувийг эзэлж буй үзүүлэлт юм. Цаашид 2030 он гэхэд энэ хэмжээг 30 хувьд хүргэж, эх газар, цэнгэг усны экосистемийн бүрэн бүтэн байдлыг хангах стратегийн том зорилт бидний өмнө байна.

Ертөнцийн баялаг Монголд: Байгалийн өвийг хайрлахын учир нийтлэлийн зураг

Уг тайланд дурдсанчлан, улсын тусгай хамгаалалттай газар нутагт манай орны ойн сангийн 40.2 хувь, гадаргын усны нөөцийн тал хувь, байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын үнэт өв бүхий газруудын 80 орчим хувь нь багтаж байгаа нь анхаарал татна. Иймээс байгалийн өвийг хамгаалах асуудал нь газар нутгийг хашаалах төдийхөн хязгаарлагдмал ойлголт биш бөгөөд улс орны оршин тогтнох үндэс болсон байгалийн нөөцийг баталгаажуулж буй хэрэг ажээ. Гэвч энэ их баялаг, ач холбогдолтой газар нутгуудад өнөөдөр ямар асуудал тулгарч, байгалийн өвийн үнэ цэн юунаас болж алдагдаж байна вэ? Тэрхүү газар нутгуудад байгалийн өв хэрхэн оршин тогтнож байгааг, бидний хандлага амьд байгальд ямар нөлөө үзүүлж буйг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын байгаль хамгаалагч Б.Дашренчингээс тодруулсан юм.

“Зэрлэг амьтан эзэмшил нутагтаа амар тайван байх эрхтэй”

Ертөнцийн баялаг Монголд: Байгалийн өвийг хайрлахын учир нийтлэлийн зураг
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын байгаль хамгаалагч Б.Дашренчин

"Би ХААИС-ийг биологич мэргэжлээр төгсөөд нутагтаа ирж байгаль хамгаалагчаар ажиллаад гурван жил болж байна. Сүхбаатар аймгийн Дарьганга сумынхаа 100 мянган га талбайг хариуцаж, Шилийн Богд, Ганга нуур орчмын байгалийн тэнцвэрийг сахихаар өдөр бүр эргүүлд гардаг. Бидний хамгийн гол анхаарал хандуулдаг ажил бол монгол тарвагыг сэргээн нутагшуулах юм. Тарвага бол “экосистемийн инженер” гэгддэг, түүний орхисон нүхэнд үнэг, хярс гээд өөр олон амьтан үүрлэж амьдардаг ийм л амин чухал амьтан. Гэвч хүмүүсийн зэрлэг амьтныг ойроос харах, зургийг нь авах гэсэн сонирхол нь амьтдад асар их дарамт болдог. Зэрлэг амьтан машин, мотоциклоор хөөгдөхөд маш хурдан стресст орж, багтарч үхэх ч аюултай байдаг. Өнгөрсөн жил Нартын ууланд нэг буга хүнд хөөгдөж үхсэн байхыг хараад үнэхээр их харамссан.

Бид жилийн дөрвөн улиралд ямар ч амралтгүй, хээр талдаа майхан барин эргүүлд гардаг. Монгол тарвагаа тоолж, ажиглалт хийж, хавхны ул мөрийг шалгаж явахад байгаль дэлхий маань ямар амьд вэ гэдэг нь мэдрэгддэг. Энэ дэлхий дээр зөвхөн хүн амьдардаггүй, амьтан ургамалтайгаа хамт оршиж байж л байгаль дэлхий бүрэн бүтэн байна. Зэрлэг амьтныг эзэмшил нутагт нь үргээхгүй, амар тайван байлгах нь хүн төрөлхтөн бидний ёс зүйн үүрэг юм."

Ёс зүйн дархлаа: Мэдлэгээс хандлага руу

Байгаль хамгаалагч Б.Дашренчингийн хэлсэн зэрлэг амьтны амьдрах эрхийг хүндэтгэх нүүдэлчин сэтгэлгээ нь өнөөдөр орчин үеийн байгаль хамгааллын олон улсын менежменттэй "Өнө мөнхийн Монгол" хөтөлбөрөөр дамжин нэгдэж байна. Энэ нь байгалийг ашиглах "нөөц" гэж харахаас илүүтэй, ирээдүйд хүлээлгэн өгөх "үнэт өв" гэж үзэх монгол хүний язгуур ухааныг тогтвортой аялал жуулчлал, зохистой мал аж ахуйтай уялдуулж буй шинэ жишиг юм.

Гэвч бидний бахархалт сэтгэлгээ бодит аюултай нүүр тулаад байна. Байгаль орчны төлөв байдлын тайлангаас үзэхэд, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь тодорхой хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртжээ. Үүнээс нэн хүчтэй болон хүчтэй доройтсон газрын хэмжээ нэмэгдэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс гадна малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн даац хэтэрсэнтэй шууд холбоотойг судлаачид анхааруулж байна. Байгаль хамгаалагчийн хариуцсан газар нутагт тарвага устах нь экосистемийн гинжин хэлхээг тасалж байгаатай адил, бэлчээрийн доройтол нь нүүдэлчин соёл иргэншлийн оршин тогтнох үндсийг ганхуулж байгаа юм.

Бидэнд энэхүү доройтлыг зогсоох шинжлэх ухааны гарц бий. Цөлжилтийг сааруулах судалгааны үр дүнгээс харахад, ойн зурвас байгуулах нь салхины хүчийг 5-10 хувь, ууршилтыг 5-15 хувь бууруулж, орчны чийгшлийг бодитойгоор нэмэгдүүлдэг нь тогтоогджээ. Иймд байгалийн өвийг хамгаална гэдэг нь экосистемийн доройтлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сааруулж, нүүдэлчдийн байгаль эх гэх сэтгэлгээг орчин үеийн технологитой уялдуулах цогц үйл явц ажээ.

Бидний ярьж буй байгалийн өв, түүний стратегийн үнэ цэн иргэн хүний ёс зүй, хандлага дээр л бодитоор тогтдог. Хэдийгээр төрөөс хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлж буй ч иргэдийн хандлагад ямар "цоорхой" байгааг, байгалийн өвийн үнэ цэнийг хэрхэн ухамсарлах ёстой талаар Монголын шувуу хамгаалах төвийн судлаач О.Булган ийнхүү өгүүллээ.

"Байгалийг хайрлахын тулд эхлээд түүнийг ойлгох хэрэгтэй"

Ертөнцийн баялаг Монголд: Байгалийн өвийг хайрлахын учир нийтлэлийн зураг
Монголын шувуу хамгаалах төвийн судлаач О.Булган

"Байгалийн өв гэдэг ойлголт өөрөө үнэгүйднэ гэж үгүй. Харин бид түүний мөн чанар, утга учир, яагаад дэлхийн хэмжээнд үнэ цэнтэй вэ гэдгийг бүрэн таньж мэдээгүйгээс ач холбогдлыг нь бууруулж байдаг. Миний ажиглалтаар хүмүүс соёлын өвийг дээдэлж, хамгаалах талаар тодорхой ойлголттой байдаг шигээ байгалийн өвийн олон улсын шалгуур үзүүлэлт, амин холбоог гүнзгийрүүлэн танин мэдэх нь чухал юм.

Залуусын дунд байгалийг хайрлах хандлага нэмэгдэж байгаа нь маш том боломж. Байгалиас таашаал авч, аялж зугаалж, өөрийн биеэр харж мэдэрж байж л хүн байгальтай илүү гүн холбоо тогтоож хайрлах чин хүсэлтэй болдог байх. Энэ маягаар бид түүний үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгон мэдэрч чадвал, цаашлаад "би яаж хамгаалах вэ" гэсэн чин хүсэл, хариуцлагатай сэтгэлгээнд хүрэх чухал хөшүүрэг болно. 

Гол нь бидний хандлага хариуцлагатай байх учиртай. Бидний жижиг гэж тооцдог, өдөр тутамдаа анзааралгүй гаргадаг хайхрамжгүй үйлдлүүд болох хог хаях, тамхины иш ил задгай орхих, нэг удаагийн хуванцар тогтмол ашиглах зэрэг үйлдлүүд нь нь хөрс, ус, амьтан, ургамлын амьдрах орчинд аажмаар нөхөж баршгүй хохирол учруулдаг. Тиймээс байгаль хамгааллыг зөвхөн судлаачдын ажил мэтээр холдуулахгүйгээр иргэн бүрийн үүрэг хариуцлага гэдгийг түгээн ойлгуулахад залуусын дуу хоолой онцгой ач холбогдолтой юм. Иймд залуус бид байгаль хамгаалал, нөлөөллийн ажилд дараах байдлаар оролцох боломжтой:

  • Судалгаа, сайн дурын ажилд оролцох
  • Байгаль хамгаалах аян, санаачилгад нэгдэх
  • Сошиал орчинд шинжлэх ухаанд суурилсан, үнэн зөв мэдээлэл түгээх
  • Бодлого, шийдвэр гаргах түвшинд идэвхтэй байр суурь илэрхийлэх

Залуучуудын идэвх, шинэлэг сэтгэлгээ өнөөдөр өөр түвшинд хүрсэн тул энэхүү нөлөөлөл, нөөц боломжоо байгаль хамгааллын чиглэлд зөв ашиглаж чадвал бодит өөрчлөлт авчрах бүрэн боломжтой юм шүү.”

Шийдэл: Хамгаалалтын шинэ шат ба иргэний оролцоо

Байгаль хамгаалал гэдэг байгаль хамгаалагчийн, эсвэл төр засгийн хэрэгжүүлдэг алс холын ажил биш. Энэ нь бидний өглөө босоод усаа яаж хэрэглэх, амралтын өдрөөр хэрхэн аялахаас эхэлдэг маш энгийн, бодит үйлдлүүдийн нэгдэл юм.

1. Өдөр тутмын жижиг дадал: Миний нөлөө

Бидний өдөр тутмын сонголт экосистемд шууд нөлөөлдөг.

  • Усны үнэ цэнийг ухамсарлах: Шүдээ угаахдаа аяга ус хэрэглэх, аяга тавгаа хэмнэлттэй угаах нь цэнгэг усны нөөцөө хамгаалж буй хэрэг. Галбадрах захирлын хэлсэнчлэн усны хэрэглээ ирээдүйд 200 гаруй хувиар өсөх эрсдэлтэй тул дусал бүрийг гамнах нь ирээдүйгээ хамгаалж буй хэрэг юм.
  • Хог хаягдлын менежмент: Нэг удаагийн хуванцараас татгалзаж, дахин ашиглах боломжтой тор, сав хэрэглэх нь хөрсний доройтлыг зогсоох анхны алхам. Хаясан нэг тамхины иш хүртэл хөрс, усыг хордуулж байдгийг О.Булган судлаач сануулсан.

2. Хариуцлагатай аялагчийн соёл: Зөв зочин байх 

Байгальтайгаа танилцаж, таашаал авахдаа түүний амгалан байдлыг алдагдуулахгүй байх нь хамгийн том соёл юм.

  • Зэрлэг амьтны хувийн орон зай: Зэрлэг амьтныг ойроос харах, зураг авах гэж мотоцикл, машинаар хөөхгүй байх. Тэднийг зөвхөн алсаас дурандаж, байгаль дахь "гэрт" нь зочилж байгаагаа ухамсарлах хэрэгтэй. Таны хөөгөөгүй тэр нэг буга ирээдүйд бүхэл бүтэн сүрэг болох үндэс болно.
  • Мөр үлдээхгүй аялах: Байгальд очихдоо авч очсон бүх зүйлээ буцаагаад аваад ирдэг, нүүдэлчдийн бууриа цэвэрлэх уламжлалыг орчин үеийн аялалд хэвшүүлэх.

3. Идэвхтэй оролцоо ба нөлөөлөл: Дуу хоолой болох

Хувь хүний хандлага нийгмийн өөрчлөлт рүү хөтөлдөг.

  • Шинжлэх ухаанч мэдээлэл түгээгч: Сошиал медиаг зөвхөн аяллын зураг тавихад биш, байгалийн өвийн үнэ цэнийг бусдад таниулах, шинжлэх ухааны үндэслэлтэй зөв дадлыг уриалахад ашиглах. Залуу судлаачдын дуу хоолой энд хамгийн хүчтэй нөлөө үзүүлнэ.
  • Хамтын менежментэд нэгдэх: Малчдын хувьд "байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл" байгуулах, хотын иргэдийн хувьд байгаль хамгааллын сайн дурын ажил, судалгаанд идэвхтэй оролцох. Энэ нь байгальдаа жинхэнэ эзэн болох хамгийн үр дүнтэй арга юм.

Эдгээр жижиг алхмууд нэгдсэнээр бид илүү том үр дүнд хүрнэ. Жишээлбэл, шинжлэх ухааны үндэслэлтэй тарьсан ойн зурвас салхины хүчийг сааруулж, тариалангийн талбайг элсний нүүлтээс хамгаалж, ууршилтыг 15 хувь хүртэл бууруулдаг. Бидний ухамсартай үйлдэл бүр экосистемийг ийм л бодит, тооцож болох эерэг өөрчлөлт рүү хөтөлдөг.

Бид хэр баян ард түмэн бэ?

Хүүхдүүд тань Ганга нуурынхаа эрэгт 7 мянган хун чуулахыг харж, Нарт ууланд аргалын сүрэг 64-өөс хэд дахин өсөн бэлчиж буйг нүдээр үзэх тэр ирээдүйг төсөөлөөд үзээрэй. Бид байгаль дэлхийгээ амьд систем гэж хүлээн зөвшөөрч, түүний нэгээхэн хэсэг гэдгээ ухамсарласан цагт л энэ баялаг өв жинхэнэ утгаараа оршин тогтноно.

Дэлхийн байгаль, соёлын өвд бүртгэгдсэн 5 газар, ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээн дэх 7 бүс нутагтай манай улс бол биологийн олон янз байдлын асар том сан юм. Бид алт, мөнгөнөөс илүү үнэтэй, дахин давтагдашгүй амьд экосистемтэй, асар баян улсын иргэд.

Өнөөдөр таны авч үлдэж буй тэр нэг дусал ус, хаяагүй үлдээсэн тэр нэг ширхэг хог, үргээгээгүй тэр нэг амьтан ирээдүйн Монгол орны оршин тогтнох баталгаа болно. Энэхүү баялаг өвийн өмнө та өнөөдөр ямар сонголт хийх вэ? 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Ертөнцийн баялаг Монголд: Байгалийн өвийг хайрл... | Posted