Өнөөдөр Хөл бөмбөгийн ДАШТ Монголын цагаар шөнийн 03:00 цагт эхэлнэ


2026 оны Хөл бөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд зохион байгуулагдах юм. 23 дахь удаагийн дэлхийн аваргын тэмцээнд 48 шигшээ баг оролцож, АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсын 16 хотын цэнгэлдэх хүрээлэнд нийт 104 тоглолт явагдах ажээ. 12 хэсгээс 1, 2-р байр эзэлсэн баг шөвгийн шатанд шалгарах бол 3-р байр эзэлсэн багуудаас хамгийн өндөр оноотой 8 баг шалгарах юм байна.
Тэмцээний нээлтийн тоглолт зургаадугаар сарын 11-нд Мехико хотын домогт Ацтека цэнгэлдэх хүрээлэнд Мексик болон Өмнөд Африкийн багийн хооронд явагдана. Ийнхүү Ацтека цэнгэлдэх нь ДАШТ-ий нээлтийн тоглолтыг гурав дахь удаагаа хүлээн авч буй анхны цэнгэлдэх болж байгаа аж. Мөн энэ удаагийн тэмцээнд Иордан, Узбекистан, Кабо Верде, Кюрасао зэрэг шинэ багууд анх удаа оролцож буйгаараа онцлогтой юм.
Олон улсын хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид энэ жилийн дэлхийн аваргын цомыг Аргентин, Франц, Бразил эсвэл Португал улс өргөнө хэмээн таамаглаж байна. Ийнхүү 1930 онд анх удаа зохион байгуулагдаж, 13 улс оролцож байсан Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнд өнөөдөр 48 орны баг тамирчид өрсөлдөж, дэлхий дахины анхаарлыг татсан спортын хамгийн том үйл явдал болж байна.

Эх сурвалж: FIFA
Сэтгэгдэл