

Монгол бичгийн тиг соёл, уран бичлэгийн дахин давтагдашгүй өв уламжлалыг орчин цагийн дүрслэх урлагийн хэмнэлтэй хослуулан толилуулдаг “Шинэ цас 2026” үзэсгэлэн нээлтээ хийлээ. “Урлагийн түүх” булан энэ удаа монгол каллиграфийн ертөнцийн чансааг тодорхойлогч, хамгийн өндөр босго бүхий уг үзэсгэлэнгийн хоймроос бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.

2007 онд каллиграфийн их мастер Д.Баттөмөрийн санаачилгаар анхны шангаа татсан уг үзэсгэлэн 19 дэх жилдээ мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварын хамгийн том шалгуур, шилдгүүдийн баталгаа болон өргөжжээ. Монголын Каллиграфийн Урлагийн Нэгдсэн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь каллиграфийн хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлохоос гадна, залуу халааг бэлтгэхэд түүчээ болох эрхэм зорилгыг өвөртөлдөг байна.
Олон улсын цар хүрээ ба ур чадварын өрсөлдөөн

Энэ жилийн “Шинэ цас 2026” үзэсгэлэн нь газар зүйн хил хязгаарыг давж, Монгол, ОХУ болон Өвөр Монголын 56 уран бүтээлчийн 70 гаруй шилмэл бүтээлийг нэгэн дор чуулуулж байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн бүтээл бүр нь цагаан цаасан дээрх бийрийн эрч хүч, уран сэтгэмж, утга соёлын гүн холбоог илэрхийлсэн дахин давтагдашгүй туурвилууд болжээ.

Шүүгчдийн чанд шалгуураар тунгаагдсан эдгээр бүтээлүүдээс энэ цаг үеийн каллиграфийн төлөөлөл болсон мастеруудын ур чадвар, дотоод ертөнцийг нэгэн зэрэг тольдон харах боломжтой. Энэ жилийн үзэсгэлэнгийн оргил агшин нь шилдгүүдийг тодруулах мөч байлаа. Каллиграфийн их мастер Д.Баттөмөр агсны нэрэмжит “Мөнгөн гэрэгэ”-ний эзнээр уран бүтээлч Ш.Гэрэлсайхан "Чоно" бүтээлээрээ тодорсон бол, “Шилдэг залуу каллиграфич”-аар МУИС-ийн оюутан Б.Баяр-Эрдэнэ "Хөх Монгол хэмээгдэхүй" бүтээлээрээ шалгарч, залуу үеийнхний хүч түрэн орж ирж буйг баталсан юм.
Цаасан дээрх бясалгал буюу босоо бичгийн гүн ухаан

Уран бичлэг буюу каллиграфи нь хүний дотоод сэтгэл, оюун санааны төвлөрлийг бийрийн үзүүрт шингээх нэгэн төрлийн "амьд" бясалгал гэж хэлж болно. Монгол каллиграфийн бусад үндэстний бичвэр урлагаас ялгарах давуу тал нь түүний босоо тэнхлэгт оршдогт бий. Тэнгэрээс газар руу буух мэт энэхүү босоо зураас бүр нь монгол хүний эрх чөлөөт сэтгэлгээ, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой байдгийг гэрчилнэ.

Бийрийн нэг л хөдөлгөөн, бэхний нэг л уусалт дахин хэзээ ч давтагдашгүйгээр цаасан дээр амилдаг нь энэхүү урлагийн хамгийн нандин үнэ цэн юм. Түүнчлэн монгол каллиграфи нь олон зуун жилийн түүхтэй төрийн бичиг, өв соёлоо орчин үеийн абстракт дүрслэлтэй холбож, уламжлалыг шинэчлэлтэй сүлж байгаагаараа дэлхийн урлагийн санд өөрийн гэсэн өвөрмөц байр суурийг хэдийн эзэлжээ.
"Бийр, цаас, бие гурав нэгдэж байж бүтээл амилдаг"

Үзэсгэлэнд “Чингис хааны сүлдний өчиг” бүтээлээрээ оролцож буй Монгол хэл, уран зохиолын багш, уран бичээч Х.Амаржаргал каллиграфийн урлагийн хөшигний ардах нарийн хөдөлмөр, хулсан үзгийн гайхамшгийг ийнхүү хүүрнэлээ.
"Би уран бичлэгийн ертөнцөд хөл тавиад гурван жил болж байна. Анх 2022 онд “Мөнх тэнгэрийн бичиг” болон “Монголын сайхан бичигтэн” уралдаануудад амжилт гаргаснаар энэ салбар руу эргэлт буцалтгүй орсон. Каллиграфи бол маш том урлаг, би өөрийгөө дөнгөж зах зухаас нь амсаад явж байна гэж боддог. Миний хувьд сүүлийн жилүүдэд хулсан үзгээр түлхүү бүтээлээ туурвиж байна. Хулсан үзэгт бийр шиг үс байдаггүй, дан модоор бичдэг учраас маш сайн дарж бичдэг онцлогтой.
Нэг бүтээл мэндлэх гэж асар их цаг хугацаа, судалгаа шаарддаг. Эхлээд тархин дотроо бүтээлээ төсөөлж, дараа нь бодит болгож биетээр буулгана. Жишээ нь, Монголын нууц товчооны бичихээр сонголоо гэхэд аль хэсгийг нь сонгох вэ, зохиомж нь ямар байх вэ, цаас уу эсвэл мод, даавуун дээр бичих үү гэдгээ сайтар шийдэх хэрэгтэй болдог. Эцэст нь цаас, бийр, бэх, тэгээд би өөрөө бүрэн бэлэн болсон байх ёстой. Аль нэг нь дутуу байхад бичлэг нэг л болж өгдөггүй юм. Эцсийн бүтээл гарахаас өмнө дор хаяж арван удаа бичиж, хэмжээ, зурлага нь үндсэн зарчимд нийцсэн эсэхийг дээд зэргээр анхаарч шалгадаг. Урт эх бичиж байхад ганц үсэг алдахад л бүхнийг эхнээс нь эхэлдэг тул уран бичлэг бол миний хувьд тайвшрал, нэгэн төрлийн бясалгал болдог доо. 19 жилийн түүхтэй энэ нэр хүндтэй үзэсгэлэнд мастеруудтай мөр зэрэгцэн оролцож байгаадаа туйлын баяртай байна."
"Бид нэг цустай, нэг үндэстэн гэдгийг мэдэрлээ"

Үзэсгэлэнгийн танхимд залуус, сурагчид олноор ирсэн нь монгол бичгийн ирээдүй гэрэлтэй байгааг илтгэнэ. Нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагч Б.Мөнх-Оргил ангиараа үзэсгэлэн үзэж явахдаа сэтгэгдлээ ийнхүү хуваалцав.
"Монгол бичгийн үзэсгэлэнг үзэж, уран бүтээлчдийн сэтгэмжийг харах гэж 'Шинэ цас'-ыг зорьж ирсэн. Манай багш хичээлийн цагаар биднийг дагуулж ирж үзэсгэлэн үзүүлээд, дараа нь юу мэдэрсэн талаар маань бие даалтын ажил хийлгэдэг нь хичээлийг үнэхээр сонирхолтой болгодог юм. Ангиараа ирэхэд зарим нь үсгээ сайн мэдэхгүй байсан ч нэг нэгэндээ туслаад, үсгээ нүдлээд явах нь хамгийн гоё байдаг. Энэ үзэсгэлэнг үзсэнээр “бид нэг цустай, нэг үндэстэн юм байна” гэх бодол минь илүү бадарлаа.
Уран бүтээлчид бүгд өөр өөрийн хэв маягтай бичсэн байгаа нь олон төрлийн үзэсгэлэнг зэрэг үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна. Би өөрөө каллиграфи сонирхдог, монгол бичиг бол дэлхийн өөр хаана ч байхгүй бидний л үнэт зүйл. Тиймээс үеийн залуустаа хандаж, монгол бичгээ сурсандаа чи хэзээ ч харамсахгүй шүү, чөлөөт цагаараа үндэсний бичгээ давтаж байгаарай гэж уриалмаар байна."


Монгол бичгийн уян хатан чанар, уран дүрслэлийн гайхамшгийг урлагийн түвшинд амилуулсан “Шинэ цас 2026” үзэсгэлэн ийнхүү үзэгч олны мэлмийг мялааж байна. Хөх бэхний судал бүрд монгол хүний хийморь, ухаан шингэсэн энэхүү ертөнцөөр аялах нь эх соёлоороо бахархах, өв уламжлалаа хайрлах нэгэн төрлийн оюуны дархлаа болж буй нь дамжиггүй. Бичиг соёл минь босоо байж, бийрийн эрдэм үеийн үед түгэн дэлгэрэх болтугай!
Сэтгэгдэл