

Уран бүтээлч гэдэг хорвоогийн юмс үзэгдлийг зүрхээрээ мэдэрч, түүнийгээ гэрэл сүүдрийн хэлээр амилуулдаг өвөрмөц ертөнц юм. Тиймдээ ч тэдний цаасан дээр буулгасан анхны зураас бүхэн амьдралын шинэ түүхийг хүүрнэж, өнгө бүрийн зохицол нь хүний сэтгэлийн үл үзэгдэх утсыг хөндөж байдаг. Иймд “Бидний нэг” булангийн энэ удаагийн дугаартаа бид уран бүтээлийн эрэл хайгуулд нэгэн зүгт харж, амьдрал болон урлагийн замд хөтлөлцөн алхаж яваа хоёр зочныг урьснаараа онцлог билээ. Тэд бол өвөрмөц төрх, бүтээлч сэтгэлгээгээрээ дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайг хэдийнээ тодорхойлсон зураач Б.Хишигсүрэн, Д.Отгонтөгс нар юм.
2000-аад оны эхэн үе. Дүрслэх урлагийн дээд сургуулийн хаа нэгтэйгээс Backstreet Boys, Puff Daddy-гийн дуунууд эгшиглэж, оюутан залуусын бүтээлч эрч хүчээр дүүрэн өдрүүд хөвөрнө. Яг л энэ хэмнэл дунд хоёр өөр ертөнц анх бие биеэ олж танилцсан нь өнөөдрийн маань зочид болох зураач Б.Хишигсүрэн, Д.Отгонтөгс нар юм. Тэр л цагт урлагт тэмүүлсэн тэдний хүсэл мөрөөдөл амьдралын замд бие биеэ түших нандин эхлэл байжээ.
Өдөр бүр зурахгүй л бол дутуу санагдах тэр л мэдрэмж
Хоёр өөр өнгө нэг зотон дээр буухдаа заримдаа уусан нэгдэж, заримдаа бие биеэ улам тодотгодог шиг уран бүтээлч хос байна гэдэг нэгнийхээ орон зайг хүндэтгэж, дутуугаа нөхөн, илүүгээ ирлэж явахын нэр аж. Өнөөдөр тэдний хүсэл зорилго нэгэн цэгт огтлолцож буй ч, туулж ирсэн хүүхэд насны түүх, өссөн орчин нь тэс өөр өнгө төрхтэй байлаа.

Д.Отгонтөгс: Би Завхан аймагт төрж өссөн, зургаан охинтой өнөр өтгөн айлын дунд охин. Аав минь зураач, ээж минь эмч мэргэжилтэй. Хүүхэд байхад аавын урлан их гоё санагддаг байж билээ. Аав маань торгон зураг их хийнэ, түүнийг нь нууцаар харах дуртай байснаа санадаг юм. Шинэ жилээр уран бүтээлчид нь өөрсдөө гараараа зурж, хэвлэж бэлтгэсэн цаасан ууттай бэлгийн гоё үнэр одоо ч үнэртэж байна. Аавд мөнгөлөг цаастай, дөрвөлжин акрилк будаг байдаг байв. Түүнийг нь чихэр байна гэж андуураад, өдөрт заавал нэг задалж үзнэ шүү дээ. Гэтэл дотроос нь дандаа л будаг гарч ирдэг байж билээ. Магадгүй аавын минь тэр гоё ертөнц, бийр будгийн үнэр л намайг энэ мэргэжил рүү хөтөлсөн байх.

Ер нь бидний үеийнхэн чинь гадаа л тоглож өслөө шүү дээ. Хурц нартай өдөр үсээ норгочхоод сүүдэр бараадан гүйж, хаа нэгтээ шил гялтганавал алмаз байна гэж эндүүрэн хол байсан ч хамаагүй зорьж очиж хардаг. Юм бүхнийг сониучирхан ажиглах дуртай тийм л хүүхэд байлаа. Өдөрт зургаа л зурахгүй бол ямар нэг зүйл дутуу санагддаг. Зарим үед аавыгаа дагаад этүдэд хамт явдаг байсан минь хожим уран бүтээлч болоход минь нөлөөлсөн болов уу. Гэтэл том болоод эмч эсвэл багш болно гэж ойр тойрныхоо хүүхдүүдэд хичээл зааж, дүүдээ тариа хийж байна гэж тоглоно. Гэхдээ л би ер нь өөр ямар ч зам руу хазайж үзээгүй, угаасаа л зураач болох ёстой гэж боддог байж. Тухайн үед Завхан аймагт Хөгжим бүжгийн коллежийн салбар нээгдэж, аав маань тэнд зургийн багшаар орсон юм. Миний хувьд аав минь миний анхны багш.
Урлагт хөтөлсөн гэр бүлийн дэмжлэг
Ийнхүү алс баруун хязгаарт Д.Отгонтөгс өөрийн ертөнцийг урлаж байхад Улаанбаатар хотноо нэгэн хүү өөрийнхөө ертөнцийг зурж суув. Түүний бага нас ардчилсан хувьсгалын ороо бусгаа үетэй давхацсан ч сониуч зан, хийж бүтээх эрмэлзэл нь түүнийг хэдийнээ уран бүтээлч болгон төлөвшүүлж байлаа.

Б.Хишигсүрэн: Миний хүүхэд нас 10 дугаар хорооллын саарал байрнуудын дунд, ерөөсөө л гадаа өнгөрсөн дөө. Ардчилсан хувьсгал дөнгөж эхэлж байсан ороо бусгаа үе таарч, бид чинь картын талханд дугаарлаж, хаа сайгүй хаягдсан дутуу баригдсан барилга, гарааш дээгүүр гүйж өссөн хүүхдүүд. Иймэрхүү орчинд өссөн болоод ч тэр үү, би харьцангуй биеэ даасан хүүхэд байлаа. Жишээлбэл, тавдугаар ангид байхдаа л гэрийнхээ бүх хоолыг ямар ч асуудалгүй хийдэг болчихсон байсан. Харин гэртээ байхдаа дээр үеийн 12 хуудастай нимгэн дэвтэр дээр зураг зураад л суудаг. Одоо бодох нь ээ, дөрвөн настайгаасаа л юу тааралдсанаа зурж эхэлсэн юм билээ. Ер нь их сониуч, юм бүхнийг оролдож үзэх дуртай хүүхэд байсан маань өнөөдрийн намайг бүтээсэн болов уу.
Хэдийгээр туулсан амьдралын зураглал өөр өөр байсан ч тэдний гэр бүлийнхэн тэдний дотоод тэмүүллийг олж харж, бүхий л талаар дэмжиж байсан нь урлагийн замд эргэлт буцалтгүй хөтлөх гүүр болжээ.

Б.Хишигсүрэн: Гэр бүлийнхэн минь миний сонирхлыг их дэмждэг. Багаасаа зурах дуртай байсан учраас гуравдугаар ангидаа аавтайгаа хамт Хүүхдийн ордны зургийн дугуйланд бүртгүүлэхээр очсон юм. Гэвч бүртгэл нь хэдийн дүүрчихсэн байж таараад, Урлан бүтээх төв рүү очиход зургийн анги нь бас л дүүрчихсэн, баримлын ангид л сул орон тоо байв. Ингээд баримлын ангид орж, жил гаруй баримлаар хичээллэсэн. Тухайн үед баримлын шавар ховор, олддоггүй байлаа шүү дээ. Гэтэл аав минь Таван шарын цаана байх “Нефть” баазын үйлдвэрээс килограммын шавар авч өгнө. Тэгээд л гэртээ ангийнхныгаа цуглуулаад өнөөх шавраараа янз бүрийн зүйл их хийнэ шүү дээ. Одоо эргээд бодоход аав минь намайг энэ тэрүүгээр их дагуулж явдаг, сонирхлыг минь бүхий л талаар дэмждэг байжээ.
Зургийн анги нь дүүрчихсэн болохоор л баримлын ангид орсон тэрхүү тохиолдол, аавынх нь хол газраас зөөж авчирч өгдөг байсан шавар гээд энэ бүхэн түүний хувьд хэлбэр дүрс, орон зайн мэдрэмжтэй болох анхны суурийг бүрдүүлжээ. Ер нь түүнийг хэн ч албадаагүй. Өөрийнх нь хүсэл сонирхлыг бүхий л талаар нь дэмжсэн гэр бүл, суурийг нь зөв чиглүүлсэн багш нар нь өнөөдрийн тууштай уран бүтээлчийг бүтээх хамгийн том түлхэц байсан уу гэлтэй.
Хамтдаа туулсан 24 жилийн эхлэл

Ийнхүү хоёр өөр орчин, хоёр өөр хэмнэл дунд өссөн ч юм бүхнийг сониучирхан ажиглах төрөлх чанар, зураг зурахгүй л бол сэтгэл нь ханадаггүй тэрхүү тэмүүлэл нь тэднийг нэг цэг рүү хөтөлсөн нь Дүрслэх урлагийн дээд сургууль юм. Тэд энд л учирч, тэдний аялал эндээс л эхлэх учиртай байжээ…
Д.Отгонтөгс: Би аавынхаа удирдлага, чиглүүлэг дор шат дараатайгаар суралцаж явсаар 2002 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд гуравдугаар курсээсээ шилжин орсон юм. Тухайн үед миний хийж буй зүйлс, ур чадвар боломжийн байсан юм шиг байгаа юм. Хоосон хүнийг сургууль тэр бүр дэмжихгүй шүү дээ. Багш нар маань, тэр дундаа Х.Содномцэрэн багш маань намайг зааж, чиглүүлдэг байлаа.
Тэр зундаа бид Хөвсгөл рүү дадлагад явсан юм. Одоогийнх шиг тухтай машин байхгүй шүү дээ. Хажуу бөөр нь онгорхой, гарааш шиг битүү ЗИЛ-130 маркийн ачааны машин дээр суугаад хол зам туулж байлаа. Тэр дотор чинь ачаа бараа, хоол унд гээд бүх зүйлсээ авч яваа. Багш урд кабинд суугаад явчихна. Би чинь анх удаа тийм машинд сууж яваа болохоор замдаа хямраад, ангийнхан дундаа жоохон хүүхэд шиг л байж. Яг тэр үед Хишгээ намайг халамжилж, анхаарал тавьсаар бид бие биедээ татагдсан даа. Хөвсгөлийн тэр гоё байгальд бид танилцах л ёстой байсан юм шиг санагддаг.

Б.Хишигсүрэн: Дүрслэх урлагийн сургууль гэдэг чинь авьяасгүй, хоосон хүнийг шууд гуравдугаар курсээс нь хүлээж аваад байдаг газар биш шүү дээ. Төгсөөг тэгж оруулах болсон нь түүний өнгөний мэдрэмж, өмнө нь эзэмшсэн ур чадварыг багш нар үнэлснийх. Тэр үед “шинэ оюутан орж ирлээ” гэх яриа өрнөхөд “авьяаслаг, хөөрхөн охин байна” гэж бодож байснаа нуухгүй ээ. Ингээд 2002 оны тэр зун Хөвсгөл рүү дадлагад цуг явж, аяны урт замд бие биеэ таньснаас хойш өнөөдрийг хүртэл бүх зүйлд хамтдаа л зүтгэж явна.
“Quit Playing Games”, “I'll Be Missing You”... энэ дуунууд явахаар хаана ч явсан цаанаасаа л бүжиглэмээр санагддаг. Тэр дуунуудтай хамт тухайн цаг үеийн дурсамж, мэдрэмж ороод ирж байгаа хэрэг шүү дээ. Бидний оюутан насны тэрхүү гэнэн атлаа дэврүүн жилүүд. 2000 оноос 2005 оны хооронд таван жил суралцаж төгсөөд, тэр цагаас хойш уран бүтээлээ туурвиад өдгөө 21 жил болж байна даа.
Урлагт үлдэх үү, эсвэл...
Оюутан насны гэнэн, дэврүүн үе ард хоцорч, сургуулиа төгсөхөд амьдрал тэднийг бэлэн урлан, тогтмол цалинтай хүлээж байсангүй. Энэ л үе залуу уран бүтээлчдийн хувьд мэргэжилдээ үнэнч үлдэх үү, эсвэл өөр зам сонгох уу гэдгийг шийдэх хамгийн хатуу сорилт болдог аж.

Д.Отгонтөгс: Сургуулиа дөнгөж төгсөөд хөлөө олохгүй, унаж боссон үе бидэнд зөндөө байсан. Мөнгө санхүүгийн хувьд тогтворгүй, ээж ааваасаа тусламж хүсэх ч хэцүү, зургаа зурлаа ч яахаа мэдэхгүй учраа олохгүй л явж. Тухайн үед зах зээл ч өөрөө одоогийнх шиг байгаагүй. Зураач гэхээр л тогтмол цалингүй гэдэг утгаар нь хүмүүс их харддаг байсан юм шиг ээ. Хүмүүс “Чи зургаа зураад зүгээр сууж байхаар ажилд орооч” гэж хэлдэг байлаа. Тэр үед Хишгээ амьтанд их хайртай, бүр багаасаа загас тэжээдэг байсан болохоор загас хүртэл үржүүлж үзсэн. “Том амьтны дэлгүүртэй болно” гэж мөрөөддөг байж билээ…
Б.Хишигсүрэн: Уран бүтээлч хүн гаднаас нь харахад маш завтай юм шиг харагддаг ч үнэндээ хамгийн завгүй хүмүүс байдаг. Хүмүүс тэр бүр сайн мэддэггүй болохоос биш бидний хобби, ажил, чөлөөт цаг гээд амьдралын бүхий л хэсэг уран бүтээлтэй салшгүй холбоотой байдаг учраас тэр.
Мэдээж хэцүү үеүд бий. Уран бүтээлч хүн л бол өөрөө бүтээлээ чанартай туурвиж, чансаагаа харуулж чадахгүй бол шууд л арчигдах хатуу мэргэжил. Тэгэхээр байнга өөрийгөө хөгжүүлж, бүтээлдээ эзэн болох нь хамгийн чухал. Сургуулиа дөнгөж төгссөний дараа хүмүүст зүгээр суугаад байгаа юм шиг харагддаг ч цаанаа юу хийж байгаа нь, санхүүгээ хэрхэн шийдэж байгаа нь мэдэгдэхгүй адармаатай үе байлаа.

Төгссөнийхөө дараах эхний хоёр жил бид хоёрын хувьд ирээдүйдээ эргэлзсэн, өөр салбарт хүч үзэж бизнес хүртэл оролдож үзсэн үе. Тэгж байтал манай хоёр найз Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хамтарсан үзэсгэлэн гаргах санал тавьсан юм. Тэнд үзэсгэлэнгээ гаргаад байж байтал ганц нэг жуулчин зураг худалдаж авч эхэлсэн. Зураг зарагдаад эхлэхээр “аан, ингэвэл болох юм байна” гэсэн итгэл төрж, урам авдаг юм билээ. Түүнээс хойш бид зундаа Дүрслэх урлагийн музейд үзэсгэлэнгээ гаргасаар арай учраа олж эхэлсэн гэх үү дээ.
Амьдралын сорилт бүрийн ард ухаарал, шинэ боломжууд нуугдаж байдаг. Б.Хишигсүрэнг анх Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэхээр шалгалт өгч байх мөчид багш нь түүнээс "Чи уран зурагт зүрх сэтгэлээ зориулж чадах уу?" хэмээн асуусан гэдэг. Тухайн үед залуу насны дэврүүн хүслээр "Тийм" гэж хариулсан ч энэ асуулт өнөөдөр тэдний амьдралын утга учир болжээ. Тэд хамтдаа урлагт зүрх сэтгэлээ зориулж, түүнийгээ амьдралынхаа хором мөч бүрээр баталж яваа нь энэ юм.
Нэг дүрсийг насан туршдаа хөгжүүлэх урлаг
Б.Хишигсүрэн: Зураач гэдэг хөдөлмөрлөх тусам ур чадвар нь нэмэгдэж, чансаа, нэр хүнд, үнэлэмж нь цаг хугацааны эрхээр дэлгэрч байдаг мэргэжил юм байна. Залуу байхдаа хэн нэгэн мундаг зураач шиг болохыг мөрөөдөж, хоосон ярьж явснаа үгүйсгэхгүй. Гэвч өөрийн гэсэн арга барил, орон зайг бий болгоход асар их хөдөлмөр, бас цаг хугацаа шаарддаг юм билээ.

Монголд морь зурдаг зөндөө зураачид бий. Чимэддорж ах, Эрдэнэбаяр ах, Батмөнх багш гээд томчууд олон. Тэднээс минийх юугаараа өөр байх вэ гэдгийг олж харах, өөрийн гэсэн хэв маягийг хөгжүүлэх нь хамгийн чухал. Эргээд харахад надад хамгийн ойр дүрс бол морины фигур байжээ. Гэхдээ ганцхан энэ дүрсийг ашиглаж байгаа мөртөө техник, зохиомж, агуулга талаас нь яаж илүү баялаг болгох вэ гэдэгт хамаг анхаарлаа хандуулдаг. Хүмүүс хараад л “энэ Хишгээгийн зураг байна” гэж таньдаг болтол хэчнээн цаг хугацаа зарцуулсан, цаашид ч хэчнээн хугацаа орохыг мэдэхгүй. Нэг дүрсийг барьж аваад түүнийгээ насан туршдаа хөгжүүлнэ гэдэг нэг төрлийн том ажил юм.

Монгол морь чинь биеэр жижигхэн, гаднын морь шиг хээнцэр биш ч гэлээ хөдөө гадаа хороод зогсчихсон, тайван амгалан харагддаг. Тэгсэн хэр нь дотоод мөн чанар, чадал нь дэлхийн талыг туулчихсан байдаг шүү дээ. Би морины тэрхүү дотоод мөн чанар, уур амьсгалыг хүнээр төсөөлж, мэдрэмж талаас нь гаргахыг зорьдог. Хүн болгоны царай өөр байдаг шиг морь бүхэн өөрийн гэсэн төрхтэй. Тэрхүү өвөрмөц дотоод ертөнцийг нь бүтээлдээ шингээх нь миний гол өнцөг юм.
“Мэдрэмж л бүхнийг хөглөнө…”
Уран бүтээлч Б.Хишигсүрэн морины дүрслэлээр дамжуулан дотоод эрч хүч, мөн чанарыг эрэлхийлдэг бол түүний гэргий Д.Отгонтөгсийн бүтээлүүд монгол ахуйн өнгө төрх, нүүдэлчдийн өв соёлыг илэрхийлдэг. Тэрбээр уламжлалт хэв маягийг орчин үеийн шийдэлтэй хослуулахдаа өнгө будаг холилдох тэрхүү торгон мөчийг тун соргогоор мэдэрч, бүтээлдээ буулгадаг нэгэн билээ.
Д.Отгонтөгс: Миний уран бүтээлийн эрэл хайгуул монгол ахуй, нүүдэлчдийн хэв соёл руу чиглэж иржээ. Сургуулиа төгсөхдөө монгол гэрийн гал тогоо буюу эргэнэгээр дипломоо хамгаалж байлаа. Натюрморт буюу хэд хэдэн дүрсийг хооронд нь зохиомжилж, тэдгээрийн өнгө будгийг ажиглан буулгах нь надад хамгийн сонирхолтой санагддаг. Дипломын ажлаас минь салбарласан эргэнэг зурах арга барил маань яваандаа үйчүүр наадгайн дүрслэлтэй хосолж, өнөөдөр миний бүтээлийн хэв маяг улам задарч, хөгжөөд байна.

Бидний аж байдал, амьдарч ирсэн түүх, өв соёл өөрөө асар баялаг шүү дээ. Нүүдэлчин зан чанар яс, цус, маханд шингэсэн байдаг учраас хаана ч очоод хурдан дасан зохицож, юмхнаас юм бүтээнэ гэдэг бидний хамгийн том өв болов уу. Өөрийнхөө мэддэг, өөрт хамгийн ойр энэ л өв соёлыг утга санааны хувьд төгөлдөржүүлж, бүтээлээрээ дамжуулан илэрхийлэхэд их гоё байдаг. Магад тийм ч учраас уран бүтээлч хүний сониуч зан хэзээ ч зогсдоггүй байх. Гадаад улс орноор явахдаа ч шинэлэг зүйл юу байгааг, материалыг яаж ашиглаж буйг байнга харж явдаг. Тэрхүү эрэл хайгуул маань л дараагийн бүтээл болж, саяны дэлгэгдсэн үзэсгэлэнгийн даавуун ажлууд маань бий болсон хэрэг.
Ер нь бүтээл туурвихад мэдрэмж хамгийн чухал. Уран бүтээл хийнэ гэдэг өнгө будгийн зохицол, тэдгээрийн хоорондын харилцан хамаарал юм. Дүрслэлийн хувьд юу ч байж болно, гол нь тэр өнгө будгийг холих тэр мөч хамгийн гоё нь байх. Онолыг нь үзэж, номыг нь сонссон ч яг ажил дээр бол мэдрэмж л бүхнийг хөтөлдөг шүү дээ.
Юм үзэж, нүд тайлахын учир
Уран бүтээлчдийн хувьд өөрийн гэсэн арга барилыг олох нь нэг талын амжилт боловч, тэрхүү бүтээлээ чанарын өндөр түвшинд туурвих, тухайн цаг үеийнхээ үзэгчидтэй нэг хэлээр ярилцах нь түүнээс дутахгүй хариуцлага юм. Харин хоёр уран бүтээлчийн хувьд бүтээлийнхээ насжилт, чанарт онцгой анхаардаг төдийгүй дэлхийн соёлтой биеэр танилцаж байж л өөрийн соёлын үнэ цэнийг илүү тод олж хардаг тухай ийнхүү өгүүлэв.

Б.Хишигсүрэн: Бидний хувьд уран бүтээлийн материал, будгийн чанарт маш өндөр ач холбогдол өгдөг. Нэгэнт л хамаг цаг заваа зориулан туурвиж байгаа учраас урт хугацааны насжилттай, чанартай бүтээл үлдэх ёстой гэж боддог юм. Уран бүтээлч хүн гадагшаа явж, юм үзэж харах нь тархиа цэнэглэж, мэдрэмжээ хөглөж буй нэг хэлбэр. Арваад жилийн өмнө манай урлаг судлаачид өөрсдөө ч гадагшаа гарч үзээгүй байж, уран бүтээлчдээ шүүмжлэхээс илүүтэй муулдаг байсан үе бий. Харин одоо бол өөр. Наад зах нь үзэсгэлэн дээр ирсэн залуустай ярилцахад тэд маш их мэдлэгтэй, сониуч болсон нь анзаарагддаг болсон шүү.
Нөгөөтээгүүр, улс орны соёл, нийгэм ямар байгаагаас шалтгаалж урлаг нь ч өөр байдаг. Бээжингийн Биенналь, Венецийн Биенналь хоёр агуулгын хувьд ижил боловч очоод үзэхэд шал өөр ертөнц. Тэр ялгааг нь зөвхөн өөрийн биеэр очиж, тухайн орон зайд нь мэдэрч байж л ойлгоно. Өнгөрсөн жил манайд анх удаа “Улаанбаатар Биенналь” боллоо. Дэлхийн жишигтэй харьцуулахад галерей, павильонууд нь жижигхэн ч гэлээ юун Биенналь манатай байсан үеэ бодвол бид нэг алхам урагшилж, уран бүтээлчид маань хийж бүтээсээр байгаагийн илрэл юм. Юм үзэж, дэлхийн соёлын ялгааг таньж мэдэх тусам бидэнд өөрт маань юу байна вэ гэдгийг, өөрсдийн соёлын үнэ цэн болон ондоошлоо олж хардаг. Гадаад орчин, шинэ соёл бидэнд уран бүтээлийн шинэ санаа, урам зориг өгч болох ч эцсийн дүндээ тэр бүхэн бидний өөрсдийн өв соёлтой холбогдож байж л дахин давтагдашгүй өнгө төрхийг бүтээдэг юм.
“Монгол уран бүтээлчид чадварын хувьд хэнээс ч дутахгүй”
Хоёр өөр ертөнц нэг дээвэр дор, нэг салбарт хамтдаа зүтгэнэ гэдэг бие биедээ хамгийн том түшиг болохын нэр биз ээ. Өглөө бүр хамтдаа гэрээсээ гарч, нэг л урлан руу яардаг тэрхүү нэгдмэл хэмнэл нь уран бүтээлч хүний хувьд хамгийн том давуу тал, урам зориг нь болдог талаар тэд хуваалцсан юм.

Д.Отгонтөгс: Нэг мэргэжилтэй гэр бүл байхын хамгийн гоё нь бие биедээ асар их хүч болдогт оршдог. Бид хоёр өглөө гараад л хамтдаа урлан дээрээ ирнэ. Сонсож байгаа дуу хөгжим, подкаст, уулзаж байгаа хүмүүс, очиж байгаа газар гээд бүх л зүйл маань ижилхэн болж шүү дээ. Бүтээлээ хийх явцдаа хамтдаа ярилцаж, дуу хуур сонсоод суух нь өөрөө маш гоё. Ганцаараа явж байгаад хоёулаа болно гэдэг уран бүтээлч хүний хувьд бүр л их хүчтэй болж ирдэг юм билээ.
Бидний хэрэглэж буй будаг нэг болохоор өнгө адилхан гарах магадлалтай ч үзэл санаа, илэрхийлэх арга барил маань тэс өөр. Нэг урланд суудаг ч өөр өөрийн гэсэн ертөнцтэй. Саяхан нэг хүн “та хоёр гэр бүл мөртлөө бүтээлүүд чинь яасан өөр юм бэ” гэж хэлсэн нь бидний өөр өөр ондоошил хадгалагдаж буйн илрэл байх.
Д.Отгонтөгс зураачийн хувьд Солонгос улсад уран бүтээлээ туурвиж байсан үе нь түүний үзэл бодол, урлагийн чиг хандлагад тодорхой хэмжээний өөрчлөлт авчирчээ. Тэрхүү хугацаанд тохиосон үйл явдлууд түүнд монгол эмэгтэй хүний эрх чөлөөт байдал, дотоод хүч чадлыг өмнөхөөсөө илүү гүн гүнзгий мэдрэх сэдэл болсон байна.

Д.Отгонтөгс: Би монгол эмэгтэй хүн гэдгээрээ үргэлж бахархдаг. Учир нь Солонгост гурван сарын турш бүтээлээ хийхээр явахад тэндхийн соёл их өөр санагдсан. Анх очиход “жоохон хүүхэдтэй эмэгтэй хүн яаж гэр бүлээ орхиод ингэж удаан явах вэ” гээд л их гайхаж байв. Эхэндээ биднийг хөгжиж буй улс орноос ирсэн хэмээн үл тоомсорлох хандлага ажиглагдаж байсан ч бид юу ч хэлэлгүй зөвхөн ажилдаа л төвлөрсөн.
Найман сарын сургалт байсан ч бид хийх зүйлээ богино хугацаанд амжуулж, “бүтээлүүд бэлэн болсон учраас одоо та бүхэнд тайлангаа танилцуулъя” гэхэд тэндхийнхэн бүр цочирдсон. Үзэсгэлэнгээ гаргаж, бүтээлээ танилцуулсны дараа тэдний харилцаа, хандлага бүрэн өөрчлөгдөж, “манай солонгос эмэгтэйчүүд ийм дайчин биш, та нар хэзээдээ энэ бүхнийг амжуулав?” гэж гайхацгаасан юм. Тэр үед монгол эмэгтэй хүн гэр бүлээ тэнцвэртэй авч явж чаддаг, Монгол Улс эрх чөлөөтэй орон гэдгийг тэндхийнхэнд бага ч болов мэдрүүлсэн болов уу гэж боддог.

Б.Хишигсүрэн: Биднийг оюутан байхад Монголын урлагийн зах зээл ердөө хуруу дарам цөөн цуглуулагчдын хүрээнд л яригддаг байлаа. Харин өнөөдөр бүх зүйл өөр болсон. Уран бүтээлч хүний хувьд дэлхийн чиг хандлагыг зүгээр л араас нь хөөж гүйцнэ гэдэг боломжгүй. Тиймээс бид өөрсдийн гэсэн өвөрмөц ондоошлоор л гарч ирэх ёстой. Монгол уран бүтээлчид техник технологи, материалын хүртээмжээр үйлдвэрлэгч орнуудтай харьцуулахад дутмаг байж болох ч ур чадвар, чансааны хувьд хэнээс ч дутахгүй.
2016 онд Сөүлийн “Art Show” яармагт оролцож байхад монгол зураачдын тэрхүү ондоошил маш тод мэдрэгдсэн. Харж байгаа өнцөг, агуулга, илэрхийлэмж нь цаанаа л өөр учраас хүмүүс их сонирхож байсан юм. Жишээ нь, анх улаан морь зурж эхлэхэд хүмүүс ойлгохгүй гайхдаг байсан бол одоо тэр өнгө төрх маань хэдийн танил болж, хүмүүс “Хишгээгийн морь” гэдгээр нь ялгаж таньдаг болсон байна.
Үр хүүхдэдээ үлдээх хамгийн том өв бол дурсамж
Уран бүтээлч гэр бүл байна гэдэг ахуй амьдрал, ажил төрөл нь нэгэн цул болж, урлаг дотор амьдарна гэсэн үг. Зураач хосын хувьд хүүхдүүдээ багаас нь урланд өсгөж, бийр будгийн үнэр, өнгөний зохицол дунд хүн болгох нь тэдэнд өгч буй хамгийн том өв байж болох юм. Тэдний хувьд урлаг гэдэг хүний төлөвшил, харилцаа, хандлагын суурь гэж хардаг байна.
Д.Отгонтөгс: Одоогийн хүүхдүүд ангиараа үзэсгэлэн үздэг болсон нь их чухал санагддаг. Урлаг үзэж өссөн хүүхэд юмны наана цааныг мэдэрдэг, аливааг хайрлаж, үнэлж сурдаг болов уу. Манай том охин саяхан сургуулийнхаа ажилд ашиглах гээд бага насны зургуудаа хайсан чинь “минийх дандаа зураг зурж байгаа зураг байна шүү дээ” гэж байна. Нээрээ л харахад дандаа зургийн урд, эсвэл бийр барьчихсан, бид хоёртой хамт урланд авхуулсан зургууд л байдаг юм билээ. Өөр гоё ганган зураг ч бараг байхгүй.
Гэхдээ манай хүүхдүүдийн өнгөний мэдрэмж, сонголт нь бусад хүүхдүүдтэй харьцуулахад их өөр. Зан чанарын хувьд ч их цэгцтэй, нямбай. Зарим хүүхэд хана эрээчээд байдаг бол манайхан бүр багаасаа л бийр, будгаа аваад их нямбай суудаг байсан. Энэхүү бүтээлч, эмх цэгцтэй байдал нь урлагийн л нөлөө болов уу гэж боддог. Гурвуулаа их сониуч, биеэ даасан хүүхдүүд бий. Нэгдүгээр ангийн жоохон маань хүртэл өөрөө янз бүрийн зүйлс зохион бүтээх гээд оролдоод сууж байдаг юм. Урлаг дунд өсөж байгаа нь тэднийг илүү бүтээлч, бие даасан хүн болоход нь тусалж байгаа байх.

Б.Хишигсүрэн: Бидний аав нар 2010, 2012 онуудад ар араасаа бурхны орныг зорьсон юм. Хүмүүс ихэвчлэн “аав минь амьд байсан бол ийм сургаал хэлж, тэгж зөвлөх байсан даа” гэж ярьдаг шүү дээ. Харин миний хувьд аавыгаа ач, зээ нартайгаа тоглоод, тэднийхээ дунд зүгээр л инээгээд сууж байхыг харах нь юутай ч зүйрлэшгүй жаргал байх байлаа. Тэр л дүр зургийг үзэж чадаагүйдээ дотроо нууцхан харамсаж явдаг.
Энэ хорвоогоос буцахад эргээд дурсагдах хамгийн үнэтэй зүйл бол дурсамж юм билээ. Тиймээс бид хоёр үр хүүхдүүддээ цаг зав гаргаж, хамтдаа аялж, нандин дурсамжуудыг бүтээхэд бүхнээ зориулахыг хичээдэг. Саяхан гаргасан бие даасан “Хулан” үзэсгэлэнгээ бага охиныхоо нэрээр нэрлэсэн маань ч учиртай. Хожим охин минь “аав маань надад зориулж ийм үзэсгэлэн гаргаж байсан шүү дээ” гэж бахархан дурсах нэгэн нандин түүх үлдэг гэж хүссэн хэрэг. Бид бүгд буцах нь тодорхой хорвоо учраас энд байх хугацаандаа гэр бүлдээ чанартай цаг зав зориулж, бусдад хэрэгтэй зүйл хийж үлдээх сэн гэдэгт л хамаг анхаарлаа хандуулж байна.
“Бидний хувьд хайр гэдэг бол хүндлэл”
Гэр бүлийн бат бөх харилцаа дундын үнэт зүйл, амьдралын зарчим дээр тогтдог. Б.Хишигсүрэн, Д.Отгонтөгс нарын хувьд хайр бол бие биеэ хүндэтгэх хүндлэл, хариуцлага юм. Тэд нэгэн зүгт харж, нэгдмэл зорилготой алхаж ирсэн нь өнөөдрийн бүтээсэн ертөнцийнх нь суурь болжээ. Бие биеийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжиж, хамтдаа зүтгэх энэ ойлголцол тэднийг насан туршийн итгэлт хамтрагчид болгосон байна.

Бидний хувьд хайр гэдэг бол хүндлэл. Хүндлэл гэдэг чинь ардаа хариуцлага, үүрэг гээд бүхий л зүйлийг багтааж байдаг. Манай гэр бүлийн баримталдаг гол зарчим бол хүнд төвөг болохгүй байх. Чадаж байгаа бол өөрөө хий, үнэхээр чадахгүй бол хүнээс тусламж хүс гэж хүүхдүүддээ ч хэлдэг. Өдийг хүртэл бүтээж яваа амьдралдаа бид хоёр өөрсдөө л зүтгэж ирсэн. Хэрвээ бид хоёр өөр өөр тийшээ харсан толгойтой байсан бол өдий зэрэгтэй явах ч үү, үгүй ч үү. Зорилгоо нэг болгож чадсандаа л өнөөдрийг бүтээсэн гэж боддог.
Ялангуяа дүрслэх урлагийн хүмүүс их дотогшоо, дуу цөөтэй байдаг шүү дээ. Хэлэх гэсэн санаагаа зургаараа л илэрхийлчихдэг. Тийм болохоор уран бүтээлийг нь харахад л энэ хүн хэн бэ гэдэг нь тодхон харагддаг юм. Зүгээр нэг цэцэг зурсан байхад л тухайн зураачийн дотоод сэтгэл, мөн чанар тэндээс мэдрэгддэг юм шүү дээ.
Нэг удаа цойлж гарч ирэх амархан. Гэхдээ…
Уран бүтээлчийн амьдрал бол цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардсан урт аялал юм. Амжилт нэг өдөр гэнэт ирдэггүй, харин алдаа оноо бүрээсээ суралцаж, ямх ямхаар урагшилсан тууштай зүтгэлийн үр дүнд ирдэг гэдгийг тэдний түүх гэрчлэх шиг.

Уран бүтээлч хүн нэгэнт зөв замыг олж харан, түүндээ итгэсэн бол тууштай байх нь хамгийн чухал. Урлаг бол уйгагүй хөдөлмөрлөж байж л үр дүн нь гардаг, бусдаас ялгарч чаддаг салбар. Одоо цагт ямх ямхаар урагшилж, шат бүрийг алгасалгүй алхах нь хамгийн зөв зам мөр болж байна. Нэг удаа цойлж гарч ирэх амархан ч тэрхүү эрч хүчээ урт хугацаанд хадгалж, барьж явна гэдэг хамгийн том шалгуур юм. Хүний амьдралд унаж, босох үе байх л ёстой. Бид хоёрын хувьд залуудаа олон зүйлийг үзэж туулсан учраас одоо сэтгэл зүйн хувьд ч хатуужилтай болсон байна. Өгсөж уруудах бүрд хүн илүү чангарч, туршлагаждаг юм байна.
Залуу байхад бүтээлээ борлуулж, орлого олох нь нэн тэргүүний баяр баясгалан байсан бол одоо бид үзэгчдээсээ илүү их урам зориг авдаг болсон. Хүмүүс бидний ертөнцийг таньж мэдэхээр зорин ирж байгаа нь хамгийн үнэ цэнтэй мэдрэмж юм. Ноднин Германы Нюрнбергт Хөх нарынхан маань үзэсгэлэнгээ гаргахад 17 жилийн өмнө Монголд надаас зураг авч байсан Швейцар хүн зориод ирсэн нь уран бүтээлч хүнд үзүүлж буй маш том дэмжлэг байлаа. Бидний дараагийн тэмүүлэл бол дэлхийн томоохон музейнүүдэд Монголын урлагийг тунхаглах юм. Хөх нарынхан маань Германы “Haus der Kunst” буюу дэлхийн шилдэг контемпорари уран бүтээлчид уригддаг нэр хүндтэй музейд зочин уран бүтээлчээр оролцсон. Цаашид бид энэхүү өндөрлөгт өөрсдийн бие даасан үзэсгэлэнгээ гаргахыг зорьж, түүнийхээ төлөө ажиллаж байна.

- Магадгүй уран бүтээлч хос байна гэдэг нэг ертөнцөд хоёр өөр өнгөөр туурвина гэсэн үг байх. Та хоёр бие биеийнхээ уран бүтээлийн онцлог, хувь хүний мөн чанарыг хэрхэн тодорхойлох вэ?
Б.Хишигсүрэн: Би би гэвэл зам жим, бид бид гэвэл жим зам болно гэдэг дээ. Өнөөдөр бид нэг нэгнээ маш сайн нөхдөг, нэгдмэл нэг хүн шиг болсон байна. Би Төгсөөг хувь уран бүтээлчийнх нь хувьд надаас илүү ур чадвартай гэж боддог. Зураач хүнд байх ёстой тэр нарийн мэдрэмж, өнгөний маш өндөр мэдрэмж түүнд бий.
Д.Отгонтөгс: Хишгээгийн хувьд маш хөдөлмөрч хүн. Хэзээ ч зүгээр суудаггүй, байнгын эрэл хайгуул хийж, бүтээл дээрээ ажиллаж байдаг. Өнөөдрийн түүний бүтээсэн орон зай бол ерөөсөө л тэрхүү цуцашгүй хөдөлмөрийнх нь үр шим. Түүний хажууд би арай удаан, сууж байж л нэг юм хийдэг төрлийн хүн л дээ.
- Өнгөрсөн хугацаанд туулж ирсэн амьдрал, уран бүтээлийн замналаа ийнхүү хамтдаа эргэн харахад та хоёрт ямар мэдрэмж төрж байна вэ?
Д.Отгонтөгс: Энэхүү ярилцлагыг өгөх явцдаа хүүхэд наснаасаа өнөөдрийг хүртэлх амьдралаа хамтдаа эргэн дурслаа. Ингээд яриад суухад бид хоёр нэг хүн шиг сэтгэдэг, нэг хүн шиг ярьдаг болтлоо төлөвшсөн байна.
Б.Хишигсүрэн: Туулж өнгөрүүлсэн амьдралаа ийнхүү хүүрнэхэд сэтгэл их тайван байна. Олон ч дурсамжийг хамтдаа бүтээжээ, цаашид ч бүтээх болно...
Аавынхаа гарын дүйтэй, ажилсаг чанарыг өвлөсөн Б.Хишигсүрэн, монгол эмэгтэйн дайчин бөгөөд эрх чөлөөт чанарыг урлагтаа шингээсэн Д.Отгонтөгс. Тэд амьдралын өгсүүр, уруу зам бүрийг хамтдаа туулж, "би" гэх үзлээс "бид" гэх нэгдмэл ертөнц рүү ямх ямхаар дөхсөөр өнөөдрийн амар амгаланг бүтээжээ. Уран бүтээлийн нэгэн зорилго дор бие биеэ гэрэлтүүлж, нэгэн хэмнэлээр урагшилж яваа тэдний ертөнцөөр хамтдаа аялсан уншигч танд талархъя. Сэтгэлдээ зурсан тэдний жим ирээдүйн том зам болон үргэлжлэх биз ээ…
Гэрэл зургийг: Д.Занданбат
Сэтгэгдэл