БӨХИЙН ТААМАГ: Сар шинийн барилдаанд Э.Батмагнай түрүүлж, Ц.Бямба-Отгон үзүүрлэнэ


Удахгүй ард түмний хүсэн хүлээдэг Сар шинийн барилдаан болох гэж байна. Үндэсний өв соёл, үнэт зүйлтэй зайлшгүй холбоотой эл баярын бас нэгэн чимэг нь бөхийн барилдаан болж таардаг. Бөхчүүдийн тухайн жилийн өнгийг тодорхойлдог хэмээн ярилцдаг билээ. Тэгвэл энэ удаад Posted.mn сайт таамаг дэвшүүлэхийн сацуу сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
САР ШИНИЙН БАРИЛДААНД УЛСЫН ЦОЛГҮЙ БАЙХДАА ТҮРҮҮЛСЭН ГУРВАН БӨХ БАЙДАГ
Сар шинийн барилдааныг хамгийн анх 1963 оны хоёрдугаар сарын 24-нд хийхэд дархан аварга Ж.Мөнхбат Улсын заан цолтойдоо түрүүлж, Улсын аварга Ч.Бээжин Улсын арслан цолтойдоо үзүүрлэж байв. Түүнээс хойш гарын таван хуруунд багтах тооны л тасарсан байдаг.
Харин энэ хугацаанд Цагаан сарын барилдаанд аймгийн цолтойдоо түрүүлсэн гуравхан бөх бий.

Хамгийн анх Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын аварга Ч.Санжаадамба Цэргийн арслан цолтойдоо түрүүлж байжээ. Түүний дараа жил нь Улсын харцага Ш.Мөнгөнбаатар Аймгийн арслан цолтойдоо түрүүлж, амжилтыг нь давтсан билээ. Хамгийн сүүлд 2022 онд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Улсын начин Э.Мөнхжаргал Аймгийн заан цолтойдоо түрүүлж олныг шуугиулж байлаа.
Энэ тоон мэдээллээс харахад аймаг, цэргийн цолтой бөх түрүүлэх магадлал тун бага гэсэн үг. Учир нь аймаг цэргийн цолтой бөхчүүд аманд гардагтай холбон тайлбарлаж болно. Үнэхээр тухайн өдрийн аз од нь гийсэн бөхчүүд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л тоон мэдээлэл худал хэлдэггүй. Аз од нь гийж таараад шөвгөрөх магадлалтай аймаг цэргийн цолтой бөхчүүдээс дурдвал Цэргийн арслан Д.Цэрэнням, Ө.Батсуурь, Аймгийн заан С.Доржпалам нарыг нэрлэж болохоор байна. Нэмж сонирхуулахад Сар шинийн барилдааны Шөвгийн дөрөвт аймгийн цолтойдоо анх удаа шалгарсан хүчтэн бол Улсын начин Д.Нэмэхбаяр. Тэрбээр 1981 онд шөвгийн дөрөвт үлдсэн юм.
УЛСЫН НАЧИН Э.БАТМАГНАЙ ЮУ?

Битүүний өдрийн барилдаанд хэн түрүүлэх бол гэсэн догдлол бөх сонирхогчдын дунд аль хэдийнээ төрсөн болов уу. Дэмждэг, нутаг нугын бөхчүүдээ түрүүлээсэй хэмээн битүүхэндээ горьдож захыг нь мушгин суух тэдэнд зориулан энэхүү таамгийг дэвшүүлье.
Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан бөхчүүдийн чансааг харахад Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүлж эхэлжээ. Түүний араас Улсын заан С.Сүхбат, начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар удаалж байгаа бол Улсын харцага Э.Даш айргийн тавд багтжээ. Чансааны 10-т эрэмбэтэй байсан Аймгийн хурц арслан Д.Алтанцоож зургаадугаар байр руу дэвшиж, Улсын аварга О.Хангай гурваар ухарчээ. Дээрх бөхчүүдээс гадна Улсын начин Д.Амарсайхан, Э.Батмагнай, заан М.Лхагвагэрэл нар топ аравт багтсан бол “Баянзүрх хайрханы хишиг” барилдаанд үзүүрлэсэн Заан Б.Бат-Өлзий арван нэгдүгээрт жагссан байна.

Ерөнхийдөө чансааны эхний арван нэгт орсон бөхчүүд шөвгөрөх магадлал тун өндөр. Гэхдээ энэ дунд нэр нь ороогүй бөхчүүд ч мөн бий. “Цахилгаан Зоригоо” цахилж яваад түрүүлэхийг үгүйсгэхгүй ч түүний “эрлэг” Завханы М.Лхагвагэрэл зодоглож таарна. Тэгэхээр бас л асуудалтай.
Харин “Баавгай” заан Б.Бат-Өлзий баавартай нь аргагүй шөвгөрөх бөхчүүд дунд зогсож байх болов уу. Түүний хувьд Цагаан сарын барилдаанд түрүүлж, шөвгөрсөн одтой бөх. Үнэхээр бэлтгэл сургуулилт сайн байгаа бол үзүүр түрүүнд зогсоход байг гэх газар үгүй.
Нөгөөтээгүүр өргөөний барилдаанд 37 түрүүлсэн амжилтаараа толгой цохидог “Ховдын их дөрвөл” О.Хангай аваргыг нэрлэж болох ч сүүлийн хэдэн барилдаанд зодоглосонгүй. Уг нь эл барилдаанд түүнийг нэг л болж өгдөггүй гэдэг ч 2024 онд түрүүлсэн билээ. Харин Б.Пүрэвсайхан заан бэртэлтэй байгаа юм.
Бөхийн өргөөний залуу салхи буюу GEN Z үеийн төлөөлөл С.Сүхбат, Э.Батмагнай, Б.Орхонбаяр нараас энэ жилийн Цагаан сарын барилдааны түрүү бөх тодрох болов уу гэсэн таамаг байна. Энэ дундаас Баянхонгор аймгийн харьяат Э.Батмагнай начин түрүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэж мэднэ. Ингэж таамаглах хэд хэдэн үндэслэлтэй. Э.Батмагнай түргэн шуурхай, эрмэг зоримог барилдаантай нэгэн. Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн нэрэмжит барилдаанд түрүүлж өөрийн чанар чансаа, ямархуу бөх гэдгээ харуулсан нь нэг талаар түүнд урам болж ирсэн юм. Харин Ц.Бямба-Отгон арслангийн хувьд нэгэнтээ чансааг тэргүүлж буйн хувьд үзүүр булаалдах бөх хэмээн нэрийдлээ.
САР ШИНИЙН БАРИЛДААНТАЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

- Сар шинийн барилдаанд хамгийн олон удаа түрүүлсэн хүчтэн бол Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр эл барилдаанд 13 удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг юм.
- Б.Бат-Эрдэнэ аваргын эгэлгүй амжилтыг 1999 онд Дархан аварга А.Сүхбат зогсоож, 11 түрүүнд нь завсар оруулсан юм. А.Сүхбат аварга 2001 онд дахин түрүүлсэн.
- Сар шинийн барилдаанд хамгийн олон удаа үзүүрлэсэн амжилтыг Дархан аварга Д.Цэрэнтогтох эзэмшдэг. Тэрбээр Сар шинийн барилдаанд таван удаа үзүүрлэсэн юм. Цагаан сарын барилдаанд дөрвөн удаа үзүүрлэсэн хоёр хүчтэн байдаг нь Дархан аварга Ж.Мөнхбат, Улсын аварга Д.Сумъяабазар нар юм.
- Цагаан сарын барилдаанд Улсын аварга цолтой 15 бөх түрүүлсэн. Тэд бол Дархан аварга Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Даян аварга С.Цэрэн, Улсын аварга Д.Хадбаатар, О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, О.Хангай нар юм.
- Улсын аварга Д.Хадбаатар Улсын арслан цолтой байхдаа Цагаан сарын барилдаанд гурван удаа түрүүлэхдээ бүгдэд нь үзүүр, түрүүнд Өвөрхангай аймгийн харьяат бөхчүүдийг (1980 онд Улсын заан Д.Долгорсүрэнг, 1984 онд Улсын заан Ё.Ишгэнг, дараа жил нь Дархан аварга Д.Цэрэнтогтохыг) давсан байдаг.
“САР ШИНИЙН БАРИЛДААН” ГЭЖ ХЭЗЭЭНЭЭС НЭРИЙДЭХ БОЛСОН БЭ?
Цаг үе, улс төрийн нөхцөл байдлын улмаас Сар шинийн барилдааныг долоон удаа сольжээ. Тодруулбал, Нэгдэлч малчдын баярын өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаан (1963-1964) Нэгдэлчдийн баярын өдөрт зориулсан Мэдээлэл радиогийн Улсын хорооны нэрэмжит хүчит бөхийн барилдаан (1965-1967), Нэгдэлчдийн баярт зориулсан Мэдээлэл радио, зурагт радиогийн Улсын хорооны нэрэмжит хүчит бөхийн барилдаан (1968), Нэгдэлчдийн баярт зориулсан Мэдээлэл радио, зурагт радиогийн Улсын хороо, Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны Дээд зөвлөлийн нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан (1969-1970), Нэгдэлчдийн баярт зориулсан Мэдээлэл радио, телевизийн Улсын хороо, Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны Дээд зөвлөлийн нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан (1971-1972), Нэгдэлчдийн баярт зориулсан Хөдөө аж ахуйн нэгдлийн холбооны Дээд зөвлөл, Мэдээлэл радио, телевизийн Улсын хорооны нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан (1973-1990), 1991 оноос Сар шинийн баярт зориулсан барилдаан гэсэн нэртэйгээр зохион байгуулсаар ирсэн байгаа юм.

ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЖ, ҮЗҮҮРЛЭСЭН БӨХЧҮҮД
1963 он: Улсын заан Ж.Мөнхбат (одоогийн Дархан аварга) – Улсын арслан Ч.Бээжин (одоогийн Улсын аварга), 64 бөх
1964 он: Улсын арслан Ж.Мөнхбат (Дархан аварга) – Улсын начин Л.Дашдаваа, 64 бөх
1965 он: Улсын арслан Л.Сосорбарам – Дархан аварга Д.Дамдин, 64 бөх
1966 он: Улсын заан Х.Баянмөнх (Дархан аварга) – Дархан аварга Ж.Мөнхбат, 64 бөх
1967 он: Улсын арслан Х.Баянмөнх (д.а) – Улсын арслан Ч.Бээжин (Улсын аварга), 64 бөх
1968 он: Дархан аварга Ж.Мөнхбат – Улсын арслан Х.Баянмөнх (Дархан аварга), 64 бөх
1969 он: Улсын начин Ч.Өвгөнхүү (Улсын харцага) – Улсын арслан Ч.Бээжин (Улсын аварга), 64 бөх
1970 он: Дархан аварга Д.Дамдин –Улсын аварга Х.Баянмөнх (Дархан аварга), 120 бөх
1971 он: Улсын аварга С.Цэрэн – Дархан аварга Д.Дамдин, 128 бөх
1972 он: Дархан аварга Х.Баянмөнх – Улсын заан У.Пүрэв, 128 бөх
1973 он: Дархан аварга Ж.Мөнхбат – Улсын арслан Ж.Хайдав, 104 бөх
1974 он: Дархан аварга Х.Баянмөнх – Дархан аварга Ж.Мөнхбат, 128 бөх
1975 он: Дархан аварга Х.Баянмөнх – Дархан аварга Ж.Мөнхбат, 128 бөх
1976 он: Дархан аварга Ж.Мөнхбат – Улсын арслан Л.Сосорбарам, 160 бөх
1977 он: Дархан аварга Х.Баянмөнх – Улсын арслан П.Дагвасүрэн, 128 бөх
1978 он: Улсын заан Д.Цэрэнтогтох (Дархан аварга) – Дархан аварга Ж.Мөнхбат, 128 бөх
1979 он: Дархан аварга Х.Баянмөнх – Улсын арслан Д.Цэрэнтогтох (Дархан аварга), 128 бөх
1980 он: Улсын арслан Д.Хадбаатар (Улсын аварга) – Улсын заан Д.Долгорсүрэн, 128 бөх
1981 он: Дархан аварга Ж.Мөнхбат – Даян аварга Д.Цэрэнтогтох (д.а), 128 бөх
1982 он: Даян аварга Х.Баянмөнх – Улсын арслан М.Мөнгөн, 128 бөх
1983 он: Дархан аварга Д.Цэрэнтогтох – Улсын заан Д.Амгаа, 128 бөх
1984 он: Улсын арслан Д.Хадбаатар (Улсын аварга) – Улсын начин Ё.Ишгэн (Улсын заан), 128 бөх
1985 он: Улсын арслан Д.Хадбаатар (Улсын аварга) – Дархан аварга Д.Цэрэнтогтох, 128 бөх
1986 он: Дархан аварга Д.Цэрэнтогтох – Улсын аварга М.Мөнгөн, 128 бөх
1987 он: Улсын начин О.Балжинням (Улсын аварга) – Дархан аварга Д.Цэрэнтогтох, 128 бөх
1988 он: Улсын заан Б.Бат-Эрдэнэ (Дархан аварга) – Улсын арслан Б.Ганбаатар, 128 бөх
1989 он: Б.Бат-Эрдэнэ (Дархан аварга) – Дархан аварга Х.Баянмөнх, 128 бөх
1990 он: Улсын аварга Б.Бат-Эрдэнэ (Дархан аварга) – Дархан аварга Д.Цэрэнтогтох, 256 бөх
1991 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын арслан Б.Ганбаатар, 256 бөх
1992 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын арслан О.Балжинням (Улсын аварга), 256 бөх
1993 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Дархан аварга Х.Баянмөнх, 256 бөх
1994 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын арслан О.Балжинням (Улсын аварга), 256 бөх
1995 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын арслан О.Балжинням (Улсын аварга), 256 бөх
1996 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, 256 бөх
1997 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын заан Ц.Цэрэнпунцаг (Улсын гарьд), 256 бөх
1998 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Аймгийн арслан Б.Ганбат (Улсын арслан), 256 бөх
1999 он: Улсын заан А.Сүхбат (Дархан аварга) – Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, 256 бөх
2000 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Аймгийн арслан Ц.Магалжав (Улсын заан), 256 бөх
2001 он: Улсын заан А.Сүхбат (Дархан аварга) – Улсын заан Д.Сумъяабазар (Улсын аварга), 256 бөх
2002 он: Улсын заан Д.Сумъяабазар (Улсын аварга) – Улсын заан И.Доржсамбуу (Улсын гарьд), 256 бөх
2003 он: Улсын заан Д.Сумъяабазар (Улсын аварга) – Улсын аварга А.Сүхбат (Дархан аварга), 256 бөх
2004 он: Улсын аварга Г.Өсөхбаяр (Дархан аварга) – Улсын заан И.Доржсамбуу (Улсын гарьд), 256 бөх
2005 он: Улсын аварга Г.Өсөхбаяр (Дархан аварга) – Улсын гарьд Д.Сумъяабазар (Улсын аварга), 256 бөх
2006 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ – Улсын гарьд Д.Сумъяабазар (Улсын аварга), 256 бөх
2007 он: Далай аварга Г.Өсөхбаяр (Дархан аварга) – Улсын аварга Д.Сумъяабазар, 256 бөх
2008 он: Улсын гарьд И.Доржсамбуу – Улсын начин Ду.Батбаяр, 256 бөх
2009 он: Улсын заан Б.Ганбат (Улсын арслан) – Далай аварга Г.Өсөхбаяр (Дархан аварга), 256 бөх
2010 он: Цэргийн арслан Ч.Санжаадамба (Улсын аварга) –Даян аварга Г.Өсөхбаяр (Дархан аварга), 256 бөх
2011 он: Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар (Улсын харцага) –Улсын арслан Х.Мөнхбаатар, 256 бөх
2012 он: Улсын аварга С.Мөнхбат – Улсын арслан Х.Мөнхбаатар, 256 бөх
2013 он: Улсын арслан Г.Эрхэмбаяр (Улсын аварга) – Улсын аварга С.Мөнхбат, 256 бөх
2014 он: Улсын гарьд Д.Рагчаа – Аймгийн арслан О.Хангай (Улсын харцага), 256 бөх
2015 он: Улсын заан Ч.Санжаадамба (Улсын аварга) – Улсын заан М.Өсөхбаяр, 256 бөх
2016 он: Улсын харцага Ц.Содномдорж (Улсын арслан) – Улсын аварга Г.Эрхэмбаяр, 256 бөх
2017 он: Улсын аварга Ч.Санжаадамба – Аймгийн арслан О.Хангай (Улсын харцага), 256 бөх
2018 он: Улсын харцага Б.Бат-Өлзий – Улсын арслан П.Бүрэнтөгс (Улсын аварга), 256 бөх
2019 он: Улсын арслан Р.Пүрэвдагва – Улсын арслан Ц.Содномдорж, 256 бөх.
2022 он: Аймгийн заан Э.Мөнхжаргал түрүүлж, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн.
2023 он: Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Даяар дуурсах аварга Н.Батсуурь үзүүрлэсэн.
2024 он: Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн.