Улаанбаатар хотын агаараар амьсгалж, усаар нь ундаалж буй хүн бүрийн заавал үзэх үзэсгэлэн


Өнөөдрийн бидний Нийслэл 100 гаруй жилийн тэртээ ямар байсан бол?? Түүхэндээ 29 удаа бууриа сэлгэж, 1778 онд өнөөгийн суурин болох Алтан тэвшийн хөндийд суурьшсан Улаанбаатар хотын XVIII-XX зууны эхэн үеийн бүтэц, зохион байгуулалт, нийгэм аж байдал, түүх соёлоор аялуулах “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэн Монгол Арт галерейд дэлгэгдээд буй. Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан анх удаа олны хүртээл болгож буй энэхүү тусгай үзэсгэлэнгээр зочилсон тэмдэглэлээ уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байна!

Хоёрдугаар сарын 07-ны Дашнямтай бэлгэт сайн өдөр манай сурвалжлах баг “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Монгол Арт галерейг зорьсон юм. Анх удаа олон нийтэд нээлттэй дэлгэж буй энэхүү үзэсгэлэнг хоёрдугаар сарын 07-ны өдөр нээж буй нь нарийн учиртай ажээ. Учир нь одоогоос 113 жилийн тэртээ 1912 оны өвлийн тэргүүн сарын 20 буюу аргын тооллын энэ өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрийдэж, Монгол Улсын нийслэл хотоор өргөмжилсөн билээ. Эл түүхэн өдрийг тохиолдуулан Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг, гэрэл зураг, баримтат нэвтрүүлэг бүхий цогц үзэсгэлэнг дэлгэж буй нь энэ юм.

Ийнхүү нээлтийн үйл ажиллагаа эхлэх 11:40 минуттай уралдан Монгол Арт галерейн үүдээр ороход олны хөл бужигнасан тийм гэхийн аргагүй халуун, дотно уур амьсгал биднийг угтсан юм. Ирсэн зочид төлөөлөгч, уран бүтээлчид “Онцгой, чухал үзэсгэлэн нээлтээ хийж буйд нь баяртай байна” хэмээн өөрсдийн байр суурийг илэрхийлж, Богдын хүрээний түүхэн цаг үеийн талаар ном хаялцах нь эцэг өвгөдийн туулж өнгөрүүлсэн түүхэн жимийг ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх холбогч гүүр нь тус үзэсгэлэн гэдгийг гэрчлэх шиг санагдана.

Морин хуурын эгшгээр “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг (XVIII-XX зууны эхэн үе)” тусгай үзэсгэлэн өргөн үүдээ нээж, монгол зургийн арга техник, хот суурин газрыг дүрслэх онцлогийн талаарх баримтат нэвтрүүлгийн хэсгээс үзэгч олноо толилуулснаар нээлтийн үйл ажиллагаа ийнхүү албан ёсоор эхэлсэн юм.
“Архивын сан хөмрөг болон хувийн цуглуулагчдад хадгалагдаж буй 30 гаруй бүтээлийг дэлгэж буйгаараа онцлог”

Монгол Арт галерей 2025 оны эхний үзэсгэлэнгээрээ энэхүү түүхэн ач холбогдолтой “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэнг дэлгэж байгаа ажээ.
- Монгол Арт галерейн Ерөнхий зураач Ц.Оюун-Эрдэнэ маань таван жилийн турш судалгаа-шинжилгээ хийсний дүнд Хүрээ хотыг дүрсэлсэн XVIII зууны үеийн нэн ховор зургийг сэргээн засварлаж, хуулбарлан бүтээн ийнхүү олны хүртээл болгож байна. Ерөнхий зураач маань тус бүтээлийг сэргээн засварлахын тулд олон музей, галерейтай холбогдож, судалгааны ажлыг өргөн хүрээнд хийсэн бөгөөд сүүлийн гурван жил Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай хамтран түүх, зураг урлалыг судалгааг хийж байна. Энэхүү үзэсгэлэнг Нийслэлийн соёл урлагийн газар, Улаанбаатар хотын музейтэй хамтран Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Үндэсний төв архив зэрэг архивын сан хөмрөг болон хувийн цуглуулагчдад хадгалагдаж буй Богдын хүрээ хотыг дүрсэлсэн 30 гаруй монгол зургийн бүтээлийг анх удаа нэгдсэн байдлаар дэлгэн үзүүлж буйгаараа онцлог юм.



“Энэ газарт урьд нь ямар байгууламж байрлаж байсан бол?” гэх бодолд хөтлөх гэрэл зургууд

“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” хэмээхийн учрыг одоо л жинхэнэ утгаар нь мэдэрч буй мэт. Учир нь эдүгээгэс 200 гаруй жилийн тэртээх Монголын нийгэм соёл, аж байдал, баяр наадмын уламжлалыг гэрчлэх түүхэн гэрэл зургууд үзэсгэлэнгийн бас нэгэн чимэг байсан юм. Одоогийн Барилгачдын талбайн суурин дээр “Махан дов” буюу Нийслэл хүрээний махны худалдааны зах байрлаж байсан бөгөөд Махан довын зүүн тал дахь хоёр үйлчилгээний барилгад хожмоо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлажээ. Түүнчлэн энэхүү түүхэн зургуудаас Богдын хүрээний барилга байгууламж ямар гоёмсог хийцтэй байсныг харж болохоор аж. Тухайн үеийн Майдар эргэх, Цам харайх ёслол хэрхэн явагддаг байсан, шашин соёлын хувьд ямар чухал ач холбогдолтой болохыг мэдэхийн сацуу ард иргэдийн дээл хувцас, хүрээ хотын бүтэц зохион байгуулалт зэргийг ажиглахад яг л тухайн үед очсон мэт “амьд” мэдрэмжийг төрүүлж байв. Энэ мэтчилэн өнөөдрийн бидний гишгэлж буй газар нутаг урьд нь ямар бүтэц зохион байгуулалт, өнгө төрхтэй байсныг дээрх баримтат гэрэл зургуудаас үзэж сонирхоно гэдэг залуу хүний хувьд нэн соньхон бөгөөд түүхийн мэдлэгээ хөгжилтэйгөөр нэмэгдүүлэх нэгэн том боломж байлаа.

“Улаанбаатар хотын агаараар амьсгалж, усаар нь ундаалж, газар шороон дээр нь гишгэлж яваа хүн бүрийн заавал үзэх ёстой үзэсгэлэн”

“Богд хааны зарлигаар 1870-аад онд бүтээгдсэн “Их хүрээ хот” сэдэвт бүрэн хэмжээний баялаг өгүүлэмжтэй энэхүү бүтээлийг уран бүтээлч миний бие 2017-2021 оны хооронд сэргээн засварлаж, арилж бүдгэрсэн маш нарийн дүрслэл бүрийг ахин сэргээхийн сацуу бүрэн хэмжээгээр нь шинээр хуулбарлаж бүтээсэндээ маш баяртай байна. Энэ бүтээлийг анх дөрөвдүгээр түвшний оюутан байхдаа номоос хараад “Үнэхээр энэ бүтээлийг олоод үзчих юм сан” гэж боддог байсан бол хуулбарлан зурах аз завшаан надад тохиосон. Нэг талаараа энэ бүтээл маань өөрөө намайг олоод ирсэн юм шиг тийм гоё энергитэй бүтээл гэж хэлж болно. Анх 2017 онд судалгааны ажлаа эхлүүлж байхдаа таван жилийг зарцуулна гэж бодоогүй. Гэхдээ яалт ч үгүй тус бүтээл маань өөрөө чансаатай, мастер зуралттай бөгөөд тухайн үеийн уран бүтээлчдийн чанар чансаа, ур чадварыг илэрхийлэхүйц маш нарийн хийцтэй бүтээл тул хугацаа их орсон. Хуулбарлан зурж байхдаа “Богдын хүрээний нийгэм, аж байдал ямар байсан бол?” гэх бодолд хөтлөгдөж, яг л тэр нийгэмд амьдарч буй мэт тухайн үеийн уран бүтээлчдийн мэдэрч байсан тэр мэдрэмжийг мэдэрсэн гэж хэлж болно.

Богдын хүрээг Зүүн хүрээ, Баруун хүрээ хэмээн нэрийддэг байсан шүү дээ. Үүнийгээ дагаад Хятад, Орос, Герман, Америк зэрэг олон улсын худалдааны пүүсүүд байсан нь шашны төвөөс гадна олон улсын худалдааны зангилаа байсныг илтгэж байна. Мөн өнөөдөр энд дэлгэгдсэн энэхүү бүтээлүүдээс агуу зураач, урчуудын ур чадвар ямар өндөр түвшинд байсан бэ гэдгийг харуулж байгаа болов уу. Монгол зураг өөрөө дэлгэмэл зохиомжтой. Дэлгэмэл зохиомжийн гол онцлог гэвэл тухайн уран бүтээлчийн илэрхийлэхийг зорьсон олон үйл явдал, хот суурин газрын олон барилга байгууламж түүнчлэн тухайн газар орны байгаль, уул ус гээд энэ бүгдийг нэг хавтгай дээр дүрслэн харуулах боломжтой юм. Үүгээрээ өрнө, дорнын урлагаас ялгардаг бөгөөд дорнын урлагийн дотроос монгол зургийн хот суурин газрын сэдэвт зураг нь илүү баялаг өгүүлэмжтэй.

Ийм гайхалтай сор бүтээлийг хуулбар бүтээлийн хамтаар анх удаа олон нийтэд нээлттэй танилцуулж буйгаараа энэхүү үзэсгэлэнгийн бас нэгэн онцлог юм. Маш олон судлаач, уран бүтээлчдийн хамтын хичээл зүтгэлээс бүрдсэн энэхүү цогц үзэсгэлэнг Улаанбаатар хотын агаараар амьсгалж, усаар нь ундаалж, газар шороон дээр нь гишгэлж яваа хүн бүр нийслэл хотынхоо өв соёлыг тээж үлдсэн түүхэн бүтээлүүдтэй танилцаж, одоогоос 200 гаруй жилийн өмнөх Улаанбаатар хотынхоо дүр төрх, аж амьдрал, соёл уламжлал, баяр наадмын онцлогийг нэхэн санаж, билэг оюундаа тунгаан бодоосой гэж хүсэж байна. Монгол Арт галерейн үүд хаалга гуравдугаар сарын 01 хүртэл нээлттэй байх болно гэдгийг хэлэхэд таатай байна.”
Эх түүхээ гайхан бишрэх нь

Богдын хүрээ хотыг дүрсэлсэн эдгээр уран бүтээлийг ажиглахад яг л өнөөгийн бидний ашигладаг Google Maps шиг санагдаж байсныг нуух юун. Хаана, юу байрлаж байгааг маш нарийн дүрсэлсэн бөгөөд хүрээ хотын зохион байгуулалт, барилга байгууламжийн онцлогийг өнгө ялган илэрхийлжээ. Жишээлбэл, тухайн үеийн Хятад хорооллын дээврийг цэнхэр өнгөөр дүрсэлсэн байх аж. Уран бүтээлч Ц.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн үнэхээр бүгдийг нэг хавтгайд дүрслэн харуулж чаддаг нь монгол зургийн онцлог ажээ. Түүнчлэн монгол хээ угалз, өнгөний бэлгэдлийг ашиглан бүтээсэн эдгээр бүтээлийг холоос харсан хэнбугай ч “Энэ монгол уран бүтээлчийн монгол зураг байна” хэмээн хэлэхээр тийм л өвөрмөц онцлогтой, баялаг өгүүлэмжтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй ажээ. Энэ мэтчилэн хүрээ хотын бүтэц, зохион байгуулалт маш эмх цэгцтэй байх бөгөөд тэр бүгдийг нарийн илэрхийлсэн буйгаас ажихад тухайн үеийн монгол урчуудын ур чадвар, авьяас билэг илэрхий өндөр түвшинд байсан гэдгийг илтгэж байлаа.


Богдын хүрээ хотыг дүрсэлсэн уран бүтээлчдийн гар зургууд, тухайн үеийн нийгмийг гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээсэн гэрэл зурагчдын баримтат бүтээлүүд болон хот суурингийн сэдэвт монгол зургийн онцлогийг өгүүлэх баримтат нэвтрүүлгээс бүрдэх энэхүү цогц үзэсгэлэнг үзээд “Эртээс бид урлаг, гоо зүйн өндөр мэдрэмжтэй ард түмэн байжээ” гэх бодол эрхгүй төрсөн юм. Өндөр гэгээн Занабазарын тиг жаяг, урлахуйн ухаан, дэг сургуулийн нөлөөн дор үе-үеийн Богд хаадын лүндэн зарлигаар олон гайхалтай бүтээл урган гарч, улмаар Монголын дүрслэх урлагийн хэв маяг бүрэлдэн тогтож, монгол уран бүтээлчид монгол ахуйгаа, монгол хэв маягаар дүрслэн илэрхийлж, уран бүтээлээ туурвиж ирсний нэгэн том гэрч бол энэхүү “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэн юм. Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн энэ гайхалтай түүх соёл, өв уламжлалыг өнөөгийн бид учирлан тунгааж, ирээдүй хойчдоо энэ л дэг жаягаар нь уламжлах үүрэг бидний өмнө буй гэлтэй. Иймд эрхэм та бүхнийг Монгол Арт галерейгаар зочилж, тус үзэсгэлэнгээс сэтгэлийн таашаал мэдрээсэй хэмээн хүсэж байна. Мэлмий баясгаж, сэтгэл сэргээх гайхалтай уран бүтээлүүд таныг хүлээж байна!