Уламжлал ба ирээдүй: Үндэсний соёлоо "өөрийнхөөрөө" амилуулж буй залуус


XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн Сар шинийн баярын мэндийг эрхэм уншигч танд өргөн дэвшүүлье!
Монгол түмний хувьд Цагаан сар гэдэг өвөл цагийг өнтэй давж, хаврын урь угтах баяр төдийгүй үндэсний ижилсэл, удам угсааны хэлхээ холбоогоо бататгадаг төрт ёсны их баяр билээ. Энэхүү уламжлалт баяр цаг хугацааны уртад утга агуулгаа алдалгүй, шинэ үеийнхний үзэл бодол, амьдралын хэв маягт уусан шингэж, илүү үнэ цэнтэйгээр өвлөгдөн ирсээр байна. Иймд бид энэ удаагийн нийтлэлээр хэл соёл, гэр бүлийн хүмүүжил, байгаль дэлхийтэй харилцах ёс гээд монгол хүний оршин тогтнохуйн үндэс болсон үнэт зүйлсийг өөрсдийн ажил, амьдралдаа ухамсартайгаар тээж яваа дөрвөн өөр салбарын залуу төлөөллийг урьж, өв соёл болон Сар шинийн баярын утга учрын талаарх тэдний өнцгийг хүргэж байна.
"Өв соёл гэдэг бол “би хэн бэ”' гэх асуултын хариу"

Би хэл бичгийн салбарт мэргэшиж, судалгаа хийх тусам нэгэн үнэнийг маш тод ойлгосон. Хэл сурна гэдэг өөрийгөө таньж мэдэх хамгийн чухал үйл явц юм билээ. Дэлхийн олон үндэстэн нэг дор цуглахад бид царай төрхөөрөө ялгарахаас илүүтэй "Монгол" гэх оюун санааны үнэт зүйлээрээ л бусдаас ондоошдог. Шавь нарт мннь уламжлалт хэллэгүүд заримдаа хол хөндий санагдах нь бий ч тэдний "үүнийг өөрөөр яаж хийж болох вэ" гэж шинийг эрэлхийлж байгаа нь өв соёл маань амьдаар оршин буйн илрэл билээ.
Энэхүү соёл, уламжлалын амьд хэлхээ Цагаан сарын баяраар хамгийн тод мэдрэгддэг. Баярын хамгийн нандин мөч бол гэр бүлээрээ цуглаж бууз хийх бөгөөд энэ нь ажил хуваарилж авдаг хамгийн том багийн ажил юм. Сар шинэ бол хамгийн хайртай мөртөө хол байдаг хүмүүстэйгээ уулзаж, ах дүүсийнхээ өсөж байгааг, аав ээжийнхээ хэрхэн хөгширч байгааг харах боломж олгодог утга учиртай баяр билээ. Шинийн нэгний өглөө эрт босож, дээлээ өмсөн, аав ээждээ золгох тэр уламжлал биднийг үндэсний үнэт зүйлтэй маань шууд холбодог.
Би хөдөө өсөөгүй ч өглөө цайгаа ууж ажлаа эхлэх, босгон дээр гишгэхгүй байх зэрэг цусанд суусан жижиг дадлуудаараа дамжуулан монгол ахуйгаа тээж явдаг. Тиймээс залуустаа өнгөрснөө үгүйсгэхгүйгээр, өв соёлоо өдөр тутмын амьдралынхаа энгийн хэв маяг болгож, уламжлалаа "күүл" байдлаар үргэлжлүүлээрэй гэж хэлмээр байна. Дээлийг заавал хуучнаар нь биш, өөрийнхөө загварт нийцүүлэн өмсөх нь биднийг илүү онцлогтой, үнэ цэнтэй харагдуулдаг. Өөрийнхөө хэн байсныг мартахгүйгээр ирээдүй рүү алхах нь хамгийн чухал юм шүү.
“Цагаан сар бол удам угсаатайгаа холбогддог хамгийн бат бөх гүүр”

Манай гэр бүл монгол уламжлал, түүхээ маш их дээдэлдэг. Бага байхад аав ээж хоёр маань "Хөлөө жийж хэвтэж болохгүй" гэж их захидаг байсан юм. Тэр үед зүгээр л нэг хориг мэт гайхдаг байсан ч хожим энэ нь бие биеэ хүндэтгэх монгол хүний соёл, гэр бүлийн нандин харилцааны нэг хэлбэр гэдгийг ойлгосон. Иймэрхүү амьд харилцаанаас сурч буй ёс заншил, дээлээ зөв өмсөхөөс эхлээд ахмад хүнтэй мэндлэх соёл нь ямар ч сурах бичгээс илүү үнэ цэнтэй хичээл болдог.
Шинийн нэгний өглөө манай гэрт маш өвөрмөц уур амьсгал бүрддэг. Бусад айлууд шиг яаруу сандруу гэрээсээ гарахын оронд манайх хамтдаа өглөөний цайгаа уудаг уламжлалтай. Аав ээж хоёр маань тэр өглөөг маш тайван эхлүүлж, тэр өдөр ямар айлуудаар орох, хэнтэй хэрхэн золгох талаар халуун дулаанаар ярилцдаг нь сэтгэлд их тухтай байдаг юм. Нийгэм стресс ихтэй, замын түгжрэл хэцүү ч гэлээ, гэрээсээ тийм нэг уужим сэтгэлтэй гарсан болохоор тэр өдрийн турш айлуудаар зочлоход үнэхээр сайхан санагддаг.
Миний бодлоор Цагаан сар бол биднийг удам угсаатай маань холбодог гүүр юм. Сошиалаар "нүсэр байна, минимал тэмдэглэе" гэж ярьдаг ч хамаатан садан гэдэг бол миний мах цусны тасархай, тусламж хэрэгтэй үед хамгийн ойр байх хүмүүс шүү дээ. Бид залуу үе гээд уламжлалаасаа залхуурч болохгүй. Харин ч яаж илүү сонирхолтой, орчин үеийн атлаа ахмадуудад маань тухтай тэмдэглэж болох вэ гэдгийг бид өөрсдөө сэдэх хэрэгтэй. Өв соёлоо хадгалж, Монгол хүн гэдэг үнэ цэнээ гэр бүл, удам угсаанаасаа хайж олцгооё гэж үеийнхэндээ уриалмаар байна.
“Өв соёл бол биднийг дэлхийд таниулах цорын ганц ондоошил”

Үндэсний өв соёл гэхээр заавал хуучинсаг байх албагүй. Харин ч орчин үеийн амьдралын хэв маягтайгаа хослуулж, өдөр тутамдаа монгол идээ зоог хэрэглэх, чухал баяруудаар дээл хувцастайгаа байх нь залуучуудын соёлдоо хандаж буй энгийн атлаа чухал алхам юм. Сүүлийн үед гэртээ шар тос хайлж, үндэснийхээ идээнээс таашаал авах нь залуусын дунд нэг төрлийн шинэ хандлага болоод байна. Мөн манай өвөг дээдсийн байгальдаа хаягдалгүй, хүндэтгэлтэй ханддаг байсан тэрхүү уламжлал нь өнөөгийн байгаль хамгааллын эерэг хандлагатай шууд нийцдэг нь бахархууштай.
Миний хувьд Битүүний өдөрт асар их ач холбогдол өгдөг. Гэр бүлээрээ буузаа жигнэж, шинэ сүүнийхээ дээжээр цайгаа чанан өвөө эмээдээ барих тэр мөч л Цагаан сарын жинхэнэ уур амьсгалыг оруулдаг. Битүүлэх ёс бол зөвхөн бэлэг авахад оршдоггүй, харин өнгөрсөн жилийн сөрөг бүхнийг цэвэрлэж, ирэх оныг шинэ хоол унд, цэвэр цэмцгэр гэр оронтойгоор эхлүүлж байгаа гүн утга учиртай зан үйл юм. Нас ахих тусам энэхүү ёс заншлын нарийн нандин утгыг илүү их ойлгож байна.
Цагаан сар бол удаан уулзаагүй төрөл төрөгсөдтэйгөө амьдрал ахуйгаа мэдэлцэж, сонин сайхнаа хуучлах хамгийн гоё боломж билээ. Энэхүү баяр нь биднийг бусад үндэстнээс ялгарах “ондоошил”-той болгож байдаг. Хэрэв бид л соёл уламжлалаа тэмдэглэж, үр хойчдоо тайлбарлаж үлдээхгүй бол энэ нандин хэлхээ тасрах аюултай. Тиймээс залуучууд маань өөрсдийнхөө хэмжээнд уламжлалаа хадгалж, түүнийгээ цахим орчинд түгээж байгаа нь хамгийн сайн хийж чадах зүйл юм. Эцэст нь хэлэхэд, Цагаан сарын баярын бүх утга учир аав ээж, ах дүүстэйгээ дэлгэх халуун дулаан хууч ярианд л оршдог юм шүү.
"Монголжуу ухаан бол зөвхөн монгол хүнд л байдаг давуу тал"

Өв соёл гэдэг заавал хуучин чигээрээ хөшиж үлдэх албагүй. Харин ч орчин үеийн хэв маягтай нийцүүлэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн баяжуулах нь тэрхүү түүхийг амьд авч үлдэж буй хэрэг юм. Үндэснийхээ хэв шинжийг хадгалсан шинэ брэндүүдийг хэрэглэж, өөрсдөө соёлынхоо эзэн байх нь залуу хүний бахархууштай онцлог болоод байна. Надад монгол аман зохиолын нууцлаг атлаа гүнзгий сургаал, байгаль дэлхийгээ шинжих төрөлхийн "монголжуу ухаан" нь зөвхөн бидэнд л байдаг давуу тал мэт санагддаг.
Сар шинийн баяр бол гэр бүл, цусан садантайгаа уулзаж, тэр жилдээ хүрэлцэхүйц халуун дулаан мэдрэмж авдаг хамгийн дотно өдрүүд билээ. Цагаан сарын хамгийн гоё мөч нь Битүүний өдөр байдаг. Өвөө эмээгийндээ очоод хамтдаа буузаа жигнэж, дотроос нь азны зоос хайж догдлох нь юугаар ч солишгүй дурсамж юм. Идэх хоолгүй айл хүртэл энэ өдөр битүүртлээ идэх зоог бэлддэг нь манай соёлын хамгийн нинжин, гайхалтай тал билээ.
Бид баяраар шагай няслах, даалуудах зэрэг гэр бүлийг нэгтгэдэг уламжлалт тоглоом наадгайгаар нааддаг. Энэхүү соёлын дархлаа маань Монгол улс оршин тогтнох үндэс болдог тул би өдөр тутамдаа ахмадуудынхаа хэлсэн "өглөө босоод ор дэрээ хураавал ажил үйлс бүтнэ" гэх мэт жижиг ёс заншлуудыг байнга сахиж явдаг. Түүх, соёлоо мэдэхгүй байна гэдэг асар том асуудал тул залуустаа хандаж, бахархах соёлтой байна гэдэг хамгийн сайхан зүйл шүү гэдгийг хэлмээр байна.
Бидний нийтлэлийн дөрвөн баатар өөр өөрийн салбарт, өөр өөрийнхөөрөө амьдарч буй ч тэднийг "Монгол" гэх нэгэн ижилсэл, үндэсний өв соёлоо дээдлэх ухамсартай хандлага нь нэгтгэж байна. Сар шинийн баяр бол зөвхөн уламжлал төдий бус, шинэ үеийнхний сэтгэлгээнд өөр өөрийн өнгөөр амилж, ирээдүй рүү түүчээлэгдэж буй амьд соёл юм. XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилдээ үндэсний соёлоороо бахархаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан шинэлээрэй!
Сэтгэгдэл