Coffee shop Hunting: Мартагдсан дурсамжаа үнэртэж, барьж үзэн, мэдэрч болох амьд “галерей”


Их хотын завгүй хэмнэлд түр амсхийж, дотоод тайвшралаа олох орон зайг хүмүүс эрэлхийлэх болсон. Гэвч бидний өдөр тутмын замнал дунд анзаарагдалгүй өнгөрдөг ч уур амьсгал, мэдрэмжээрээ ялгарч чадсан онцгой орон зайнууд оршсоор байдаг. Үүний нэг болох “Өглөөний галт тэрэг” кофе шопыг бид “Hunting” цувралынхаа энэ удаагийн дугаарт онцолж байна.

“Стресстэй нийгэмд аяга кофе уухдаа ч сайхан мэдрэмж аваасай гэж зорин ажилладаг”
Үүдээр орж ирэхэд кофены үнэртэй зэрэгцэн жааз дуунууд болон Монголын домогт "Соёл-Эрдэнэ", "Баянмонгол" чуулгын дуунууд таныг угтана. Шар, ногоон, улаан өнгөний хослол дээрх 70,80,90-ээд оныг санагдуулах олон цуглуулга, уран зургийг шар гэрлээр гэрэлтүүлсэн нь үүднээсээ л дулаахан тухтай мэдрэмж төрүүлэх аж. Энд олон төрлийн уух зүйлс байх ч итали багшийн тусгай жороор бэлтгэсэн 2 төрлийн "Special" кофе болон өөрсдийн гараар барьсан шинэхэн бэйкериг санал болгодгоороо онцлог юм.

“Бид дурсамжийг барьж үзэх, үнэртэх боломжтой орон зайг бүтээсэн”

"Бид 2022 онд анх нээж байсан ч хэсэг хугацаанд явуулын кафегаар үйл ажиллагаа явуулж байсан. Харин одоо өөрсдийн амьдардаг байранд энэхүү жижигхэн зайг сонирхолтой болгох үүднээс сонгодог, галт тэрэг болон хуучны гэсэн гурван өөр ертөнцөд хуваан тохижуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Төмөр зам орчимд тухлан суух кофе шоп ховорхон юм шиг санагддаг. Бидний хувьд хүмүүсийг тухтай суух орчин хайж хол явуулахгүйгээр, байгаа газартаа л гэрэл асааж, соёлыг түгээдэг тийм л орон зайг бүтээхийг зорьсон."


Сэтгүүлч, зураглаач хоёрын хоббигоороо бүтээсэн ертөнц
“Бид хуучны обой хайж олоод наахаас эхлээд бүх засвар тохижилтоо өөрсдөө хийсэн. Тохижилтын 80 хувь нь бидэнд байсан цуглуулгуудаас бүрдсэн гэдгээрээ онцлог. Хүмүүс дурсамжаа зөвхөн толгойдоо төсөөлдөг бол манайд ирээд түүнийгээ барьж үзэж, үнэртэж, яг тэр цаг үедээ очсон мэт мэдрэмж аваасай гэж хүссэн юм. Нэг үйлчлүүлэгч маань чимээгүй сууж байгаад гарахдаа "Аав ээж маань эрт өнгөрсөн юм. Энд орж ирээд тэдэнтэйгээ уулзчихсан юм шиг мэдрэмж төрлөө" гэж хэлэхэд бидний хийж буй зүйлийн зорилго биелэж байгаа юм байна гэж бодсон."


Гэртээ орж ирсэн мэт дулаан мэдрэмж
Ханан дээрх бугатай шар хилэн хивсэнцрийн доор зөвлөлтийн үед айл болгон анхны цалингаараа авдаг байсан гэлцдэг бор модон ширээн дээр охины хамт тайван суух эмэгтэйтэй бид ярилцсан юм. Хүүхдээ салхилуулангаа өглөөний галт тэргийн кофег уух нь түүний өдрийн нэг хэсэг аж. Түүнд тухтай дулаахан орчинд тайван суухаас гадна амттай кофегоор үйлчилдэг нь таалагддаг аж.

“Энд орж ирэхэд хөгжмийн аяас эхлээд тэс өөр ертөнц угтана. Энд харах юм дэндүү их. Танхимын булан бүр өөр өөрийн түүхийг өгүүлнэ. Тавиур дээр байгаа чебурашка тоглоомыг хараад өвөө эмээгийнхээ гэрт ирчихсэн мэт дотно мэдрэмж төрдөг. Эндхийн хуучны гэрлийн абажур, кассет тоглуулагч, өлгүүр гээд бүгд хуучин цагийг сануулж, гэртээ ороод ирсэн ч юм шиг санагддаг.
Энд 20 минут суухад л 2 цаг амарчихсан мэт өгөөжтэй санагддаг нь орчны нөлөө болов уу. Хүүхдээ дагуулан ирж, өөрсдийн өссөн цаг үеийн эдлэл хэрэгслийг тайлбарлаж өгөх аав ээжүүд энд олон. Үүнийг хүүхдүүд ч танин мэдэхүйн хичээл мэт сонирхож хүлээж авдаг.”


Hunting rating:
Уур амьсгал: 5/5 Дулаахан уур амьсгал, нам гүм орчин болон хуучны киног өнгөтөөр харж буй мэт уур амьсгалыг бүрдүүлсэн.
Мэдрэмж: 4.5/5 Шар гэрэлтүүлэг болон үүднээсээ л үнэртэх кофены үнэр нь тайвшрах мэдрэмж төрүүлнэ.

Онцлог: 4/5 "Special" кофены сонголт болон өөрсдөө хийсэн бэйкеригээр үйлчилдэг. Жижиг орон зайд гурван төрлийн өөр орчныг бүрдүүлсэн. Зургаа даруулахад тохирох орчинтой.
Зөвлөмж: Суудлын тоо цөөн тул болзоондоо ирэхээр төлөвлөж байгаа бол энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн үйлчлүүлэхдээ гаднаас ууж идэх зүйлс оруулж болохгүй шүү. Бусад зорьж ирж буй хүмүүсээ хүндлэн үйлчлүүлцгээе.

Дараагийн дугаараар хотын өөр нэгэн нууцлаг, гэрэлтсэн орон зайг "ангуучлах" болно. Хамтдаа эрж хайцгаая!
Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг
Сэтгэгдэл