Өвлийн улирал эхлэхэд монголчуудын санааг зовоож, толгойн өвчин болдог зүйл нь утааны асуудал болоод удаж байгаа билээ. ДЭМБ‑ын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их тоос тоосонцор дунд бид амьдарч байна. Агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс үр хүүхдээ болон өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ, гэсэн асуулт айл бүрийн санааг чилээдэг шүү дээ.
Уг асуудлыг “хэн нэгэн, хэзээ нэгэн цагт шийднэ” хэмээн хүлээхээс илүү өөрсдөө бодитой шийдэл бий болгохоор зориглон хөдөлсөн монгол залуус Airee брэндийг бүтээжээ. Иймд бид монгол хүний ур ухаан, судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан, монгол түүхий эдийг ашиглаж байгальд болон хүнд ээлтэй орчин бүрдүүлэх зорилготой бүтээгдсэн Airee брэндийн агаар цэвэршүүлэгчийн түүх хэрхэн эхэлсэн, ямар технологиор үйлдвэрлэдэг болон “Эйрий Фэлт” ХХК-ийн ирээдүйн зорилго зорилтын талаар тус компанийн борлуулалт, маркетинг хариуцсан захирал А.Бэлгүтэйтэй ярилцлаа.
Бодит туршлагаас үндэслэсэн шийдэл

Манай брэндийг үүсгэн байгуулагчдын нэг М.Оюунгэрэл маань Улаанбаатарын утаанаас болж ухаан алдаж байсан түүх бий. Тиймээс агаарын бохирдол, утаа хүний эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлж байгааг ойлгоод, шийдвэрлэх арга зам юу байна гэж анх судалгаа хийж үзсэн юм билээ. Ийнхүү бид урт хугацааны судалгаа шинжилгээний үндсэн дээр “монгол хонины ноос ашиглаад, Монголдоо агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэх боломжтой юм байна” гэсэн шийдэлд хүрэн Airee агаар цэвэршүүлэгчийг үндэсний брэнд болтол нь хөгжүүлэхийн төлөө ажилласаар байна.
Бидний үзэл баримтлал бол “Breath Clean, Live Green” буюу “Эрүүлээр амьсгалж ногооноор амьдарцгаая” юм. Улаанбаатарын агаарын бохирдол, утааны асуудалд мэдээж дэд бүтцийн шийдэл хэрэгтэй. Гэхдээ бид “төр засаг агаарын бохирдлыг шийдэх ёстой” гэж хүлээгээд эрүүл мэндээрээ хохирч болохгүй шүү дээ. Хэрвээ үүнийг анхаарахгүй удаан хугацаанд явбал утаа, тоос тоосонцрын хор уршгаар архаг хууч өвчин тусах, цаашлаад хорт хадвраар өвчлөх хүртэл маш аюултай нөхцөл байдал үүсэх магадлалтай. Тиймээс бид гэр бүл, эрүүл мэндийнхээ төлөө гадаа гарахдаа амны хаалт зүүж, дотор орчинд агаар цэвэршүүлэгчийг хэрэглэж хэвших хэрэгтэй.
“Агаарын бохирдол өндөр бүсүүдэд амьдарч буй иргэдэд дархлаа унах, хамар битүүрэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иймд бид цэвэр агаараар амьсгалах анхдагч хэрэгцээгээ нөхөхийн тулд өдөр тутмын амьдралдаа агаар цэвэршүүлэгч хэрэглэж хэвшсэнээр ирээдүйд үүсэх эрсдлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах боломжтой” хэмээн тэрбээр онцолж байв.
“Цагаан алт” монгол хонины ноос
Монголын хонины ноос жил ирэх тусам үнэгүйдэж байна. Гэвч Airee‑гийн баг судалгааны явцад монгол хонины ноосыг ашиглан агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр бүтээх технологийг хэрэгжүүлэхээр шийдсэн юм.
Олон улсад агаар цэвэршүүлэгч шүүлтүүрийн зах зээлд хонины ноос ашигласан тохиолдол маш цөөн байдаг. Монголдоо анхдагч гэж хэлж болох юм. Шинэ Зеланд, Австрали улсад хоёр компани байдаг ч тэдгээр компанийн шүүлтүүр нь энгийн шүүгчээс 7-8 дахин үнэтэй зарагддаг. Монгол хонины ноос австрали хонины ноостой харьцуулахад бүдүүн ширхэгтэй гэдгээрээ онцлогтой юм. Иймд уг шинж чанарт нь тулгуурлаж энгийн HEPA шүүгчтэй адил үнээр гаргах технологийг боловсруулсан.
Үр дүнд нь бид PM2.5 нарийн ширхэгт тоосонцрыг 99.95 хувийн хүчин чадалтай шүүхээс гадна, VOC буюу дэгдэмхий хорт хийг өөртөө маш сайн шингээдэг шүүгч материалыг бүтээсэн юм. Энэхүү шүүлтүүр нь зах зээлийн бусад химийн гаралтай шүүлтүүртэй харьцуулахад хог хаягдал, хөрсний болон агаарын бохирдол үүсгэхээс сэргийлэх бүрэн боломжтой учир байгальд ээлтэй хамгийн зөв шийдэл болж чадсан.

“Монголын нөхцөлд 6 сар тутам агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийг сольж байх шаардлагатай”
Монголын зах зээлд маш олон брэндийн агаар цэвэршүүлэгч төхөөрөмжүүд байгаа ч ихэнх нь нэг удаагийн борлуулалтандаа төвлөрөөд удаан хугацаанд хэрэглэх боломжийг нь анхаарч үзэхгүй байна. Жишээлбэл, Монголын нөхцөлд 6 сар тутам агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийг сольж байх шаардлагатай. Гэвч импортоор орж ирсэн агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр олдохгүйн улмаас хэрэглэгч дахин шинэ төхөөрөмж худалдаж авахаас өөр аргагүйд хүрдэг бөгөөд эдийн засаг, цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй бий.
Тэгвэл Airee брэндийн агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийг бид өөрсдөө Монголдоо монгол хонины ноосоор үйлдвэрлэж, Airee брэндийн анхны загвар болох 1.0, 2.0 болон сүүлийн загвар 3.0-ийн шүүлтүүрийг зах зээлд тогтмол нийлүүлж байна. Тиймээс хэрэглэгчид маань шүүлтүүр олдохгүй, олдсон ч үнэтэй гэж санаа зовох зүйлгүй хэрэглэх боломжтой гэсэн үг.
Өмнө жил танилцуулсан Airee 2.0 загвар эвдрэл гэмтэл багатай хэрэглэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд Airee компанийн зүгээс нэг жилийн баталгаа өгөхөөс гадна засвар үйлчилгээг дотооддоо шийдэх боломжийг олгодог билээ. Мөн шинэ 3.0 загвар нь 2.0 загвартай харьцуулахад 33 хувиар илүү хүчин чадалтай, орчны хамрах хүрээ нь өргөн аж.
Үндэсний онцлогоо шингээсэн дизайн

Монгол хонины ноосоор үйлдвэрлэж байгаа бүтэгдээхүүнээ ирээдүйд олон улсад гаргахаар зорьж байгаа учраас өөрсдийн нэрийн хуудас болгож үндэснийхээ “өлзий хээг” Airee 3.0 төхөөрөмжийнхөө загвар дизайнд шингээж өгсөн юм.
Жаахан байхад эмээгийн авдарнаас дандаа гоё зүйл гарч ирдэг байсан шүү дээ. Түүнтэй адил бид өөрсдийн төхөөрөмжөөр дамжуулан “сайн сайхан” зүйлийг хэрэглэгчдэдээ хүргэнэ гэсэн утгаараа шинэ загварынхаа дийзайныг модон авдраас санаа авч бүтээсэн.
Агаар цэвэршүүлэгчийг дан ганц өвлийн улирал хэрэглэхээс илүү Монгол орны хуурай уур амьсгал, тоосжилт, цөлжилтийн түвшинг бодолцвол дөрвөн улиралд хэрэглэх шаардлагатай юм. Агаар цэвэршүүлэгчийг унтахдаа л асаах биш, байнгын асаалттай байлгахыг зөвлөдөг аж. Иймд Airee‑г цахилгаан зарцуулалт багатай, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой байдлаар бүтээжээ.
“Бид машины шүүлтүүр бүтээхээр ажиллаж байна”
Анх монгол хонины ноосоо ашиглаад монгол хүний эрүүл мэндэд тустай үндэсний үйлдвэрлэл эхлүүлэх буюу агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүр үйлдвэрлэе гэсэн зорилго тавьж ажилласан. Мөн гадаадын зах зээлд ноос ноолууран хувцас эдлэл нийлүүлэхээс гадна агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрээ нэвтрүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэлхийд сурталчилъя гэж зорьсон юм. Одоо машины шүүлтүүр болгон ашиглах боломжтой эсэхийг судалж үзээд, энэ оны хоёрдугаар сарын сүүл гэхэд бид машины шүүлтүүр бүтээхээр ажиллаж байна.
Мэдээж хүний амьдралд асуудал зөндөө байгаа шүү дээ. Гэсэн ч бид нийгэмд аль болох гэгээлэг бүхнийг түгээхийг зорьдог. Нийгмийн хариуцлагын хүрээнд Airee борлуулалтынхаа 10 хувийг агаарын бохирдол ихтэй бүсийн цэцэрлэг, сургуулиудад хандивладаг. Ингэснээр хүүхэд, багачууд маань эрүүл орчинд сурч, боловсорч ирээдүйд ихийг хийж бүтээсэн хүмүүс болох болов уу гэж найддаг юм.

Airee брэндээ төлөөлөөд олон газартай уулзаж үзсэн, өөрөө энэ агаар цэвэршүүлэгчээ хэрэглэдэг хэрэглэгч хүний хувьд, мөн бид Монголдоо цөөхөн байдаг үндэсний үйлдвэрлэгч компани гэдэг утгаараа маш нүүр бардам явдаг даа. Бидний хийсэн бүтээгдэхүүн ямар нэг буруу зүйл биш, хүний амьдралд хэрэгтэй зүйл учраас ажлаа хийхдээ өөртөө үнэхээр итгэлтэй жаргаж ажилладаг шүү.
Монголчууд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд, одоо гаргаж байгаа Airee 3.0 загварыг авч хэрэглэн, эрүүл мэнддээ анхаараасай гэж хүсэж байна. Энэ нь эргээд бидний үйлдвэрлэл, төхөөрөмжийн сайжруулалт, гадаадын зах зээлд гарахад маш том дэмжлэг болох тул хэрэглэгчид маань биднийг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна.


Сэтгэгдэл