МУГЖ Д.Ганцэцэг: Бүтээсэн дүр бүхэн минь намайг хүмүүжүүлж, амьдралыг харах шинэ өнцгийг нээдэг


Хөшиг нээгдэх тэрхүү агшинд хуурамч бүхэн ард хоцорч, хүний сэтгэлийн хамгийн нандин, хамгийн нүцгэн үнэн тайзнаа амилдаг. Жүжигчин хүн гэдэг өөрийн бие, дуу хоолой, зүрх сэтгэлээр дамжуулан өрөөл бусдын тавиланг өөрөөсөө илүү хайрлаж, түүгээрээ үзэгчдийн дотоод ертөнцөд гэрэл асаадаг увдистай. Энэ л хэцүү атлаа бахархам замыг өөрийнхөө амьдрал болгож, тайзны амьд эрчим, дэлгэцийн нандин дүрүүдээрээ ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн олон эрхэм бидний дунд бий.
Тэдний нэг бол амьдралын эгэл бүхнийг тайзнаа амилуулж, үзэгч бидний зүрх сэтгэлд баяр баясгалан, ухаарал гэрэлтүүлж яваа эрхэм уран бүтээлч, МУГЖ Д.Ганцэцэг юм. Бүтээсэн дүр бүрээрээ хүний мөн чанар, хайр энэрлийн үнэ цэнийг бидэнд сануулж, урлагт зориулсан бүхий л сэтгэл зүрхээрээ түмэн олондоо хүндлэгдсэн түүнийг "БИДНИЙ НЭГ" буландаа урьж, Д.Ганцэцэг жүжигчний дотоод ертөнц, амьдралын гүн дэх нандин түүхүүдийг хуваалцлаа.

Хүүхэд ахуй цагаасаа тайз, дэлгэцнээ бүтээсэн дүр бүрийг нь шимтэн үзэж, дүрүүдийнх нь дотоод ертөнцөөр хамтдаа аялж өссөн болоод ч тэр үү, Д.Ганцэцэг жүжигчинтэй нүүр тулан ярилцана гэдэг сэтгүүлч миний хувьд хамгийн хүндтэй атлаа сэтгэл догдлуулсан агшин байлаа. Ярилцлагын товлосон цагаас урьтаж ирэн, дотооддоо өөрийгөө бэлдэж суухад цээжний гүнд үл мэдэг сандрал мэдрэгдэх ч түүнийг давах их догдлол намайг хөтөлнө. Яг л энэхүү мэдрэмжид тулгуурлан түүний тайзан дээр анх хөл тавихдаа мэдэрч байсан тэрхүү гэгээн сандрал, анхны догдлолынх нь талаар бид ярилцлагаа эхлүүлсэн юм.
Би жүжигчин болж чадах болов уу…
“Анх 1999 оны хавар, С.Жаргалсайхан ахын зохиол “Адам Ева” жүжгийн Евагийн дүрээр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа гарч байлаа. СУИС-ийн гуравдугаар түвшний оюутан байхад манай Л.Лхасүрэн багш хүний гарал үүслийн тухай өгүүлэх модерн хэв маягтай жүжиг тавьсан нь тэр байв. Оюутан хүүхэд Драмын театрын босгоор алхаж, тэр том тайзан дээр гарна гэдэг төсөөлөхийн аргагүй догдлол байсан ч нөгөө талдаа маш их айдас, сандрал дагуулсан сорилт байлаа.
Яг тэр үед тайзны жүжигчний үүрэг хариуцлагыг мах цусандаа тултал мэдрэхэд “би ер нь жүжигчин болж чадахгүй юм байна” гэх анхны няцах мэдрэмж төрж билээ. Аав ээжээсээ зөрөн байж сурсан мэргэжил маань, төгсөхөд ганцхан жил үлдсэн байхад тийм бодол төрөх нь надад маш хүнд байсан юм. Харин энэ хүнд сорилтын дундуур тэрхүү жүжиг надад Зигмунд Фройдын ертөнцийг нээж өгсөн нь сонирхолтой. Жүжиг дээр гардаг хэдхэн өгүүлбэрээс үүдэж Фройдыг судалтал миний багаасаа унших дуртай байсан Достоевскийн үзэл санаатай нэг цэгт огтлолцож, оюуны маш том хөрөнгө оруулалт болж байв. Миний анхны тайз надад ийм л хүнд атлаа үнэ цэнтэй сургамж, эрэл хайгуулыг үлдээсэн дээ.”
"Би тэр хүмүүс шиг биш, өөрийнхөөрөө л жүжигчин болно"
Тайзны анхны алхам нь ийнхүү өөртөө эргэлзэх, няцах мэдрэмжээр эхэлсэн ч тэрбээр урлагийн замаас ухраагүй юм. Гэвч энэ бүхний өмнө, ерөөсөө жүжигчин болохоор зориг шулуудсан тэрхүү сонголт нь хэрхэн эхэлсэн бол? Түүний мэргэжил сонголтын түүх, аав ээжийнх нь эсэргүүцэл болон өөрийнх нь тууштай тэмүүлэл рүү хамтдаа саатъя.

"Би “Хүргэн хүү” киноны Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуайн тэр нэг харцыг ерөөс мартдаггүй юм. Гэрийнхээ гадаа толгойдоо алчуур зангидчихсан, зүгээр л сууж байгаа ээжийн дүр. Ямар ч үйл явдалгүй, илүү дутуу хөдөлгөөнгүй мөртөө тэр харцнаас нь асар их зүйл уншигддаг. Тэрхүү харц надад “жүжигчин хүн гэдэг зүгээр сууж байхдаа хүртэл хүнийг байлдан дагуулж болдог ийм агуу ур чадварын эзэн байх ёстой юм байна” гэх хамгийн анхны ойлголтыг өгсөн. Зургаа, долоодугаар ангийн охин тэр л харцанд хөтлөгдөж “би яг ийм л жүжигчин болно” гэж өөртөө ам гарсан хэрэг. Тэр хүртэл би мөрдөн байцаагч болохыг мөрөөддөг, адал явдалд дуртай хүүхэд байлаа. Шөнө болохоор л эгч, дүү хоёртойгоо буу халан унтахгүй, “би та нарыг хамгаална, цонхоор үсрээд л бариад авна” гээд л элдэв адал явдал зохиож ярьдаг байсан маань магадгүй өдөр бүр шинэ дүрээр, шинэ амьдралаар амьдрах энэ мэргэжилд намайг хөтөлсөн байх.
Гэвч энэ сонголтыг маань хэн ч дэмжээгүй. Сургуульдаа хүндэт самбараас зураг нь салдаггүй, олимпиад бүрд сойдог онц сурлагатан байсан учраас ангийн багш Ц.Должинсүрэн багш маань намайг эдийн засагч, шинжлэх ухааны хүн болгохыг ихэд хичээсэн. Өрөөндөө дуудаж суулгаад “Чам шиг ийм толгойтой хүн улс эх орны эдийн засагт хэрэгтэй. Чи Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай шиг, Н.Сувд гуай шиг жүжигчин болж чадахгүй байж жүжигчин болж яах гээд байгаа юм” гэж хатуухан зэмлэхэд нь би доошоо хараад “би тэр хүмүүс шиг биш, өөрийнхөөрөө л жүжигчин болно” гэж дотроо бодсоор гарсан.
Зөвхөн багш ч биш, гэр бүлийнхэн маань ч дургүйцсэн. Аав маань “Манай удамд ийм алиалагч байхгүй. Дэлхийд л од байдаг болохоос Монголд од байдаггүй юм. Хэрэв Монголд од гэж байгаа бол тэр нь жүжигчид биш, зөвхөн Харангын Х.Лхагвасүрэн” гэж хэлсэн нь хамгийн хайртай охиноо шинжлэх ухаан, эдийн засгийн салбарт харах гэсэн эцэг хүний л хүсэл байсан байх. Тухайн үед нийгмийн хандлага шинжлэх ухааны салбар л хүн төрөлхтөнд хэрэгтэй гэж боддог байлаа шүү дээ. Гэвч хэцүү зүйл тохиолдоход аав ээжээс минь илүү кино үзэж, дуу сонсох нь намайг тайвшруулж байсан болохоор би урлагийн тэрхүү агуу хүчинд л итгэж, бүгдээс зөрөн байж СУИС-ийн босгыг алхсан юм."
“Галзуу нь унтаж байг, шөнө оройтсон юм”
Түүний бага насны дурсамж бүхэн нь сэтгэл хөдлөлөөр дүүрэн. Амархан инээж, амархан уйлчихдаг, өдөржин ам нь амрахгүй шулганаж явдаг, хичээл номдоо гойд сайн байсан болоод ч тэр үү, гэрийнхэн нь түүнийг “галзуу шар” хэмээн өхөөрдөн хочилно. Номд дуртай, хэний ч шахалтгүйгээр шөнө дөл хүртэл хичээлдээ шамддаг байсан тэрхүү “галзуу” охины нэг өдрийн дурсамж руу хамтдаа аялцгаая.

"Би багадаа сэтгэл хөдлөл асар өндөртэй, ер нь л ам нь мөнхийн хөдөлж байдаг сониуч хүүхэд байлаа. Манайх долуулаа, хоёр өрөө байранд амьдардаг байсан болохоор шөнө бүгд унтсаны дараа надад ганцхан коридор л олдоно. Тэндээ элгээрээ хэвтчихээд шөнийн нэг, хоёр цаг хүртэл хичээлээ хийнэ. Аав минь гал тогоо руу зөрөхдөө “Миний охин, дээгүүр нь гишгэлээ шүү” гэхэд нь “Тэг тэг, аав аа” гээд л суудаг сан. Хагас бүтэн сайнд аав маань бүгдийг нь “орой сэрэх муухай” гээд загнаж босгодог хэр нь намайг болохоор “галзуу нь унтаж байг, шөнө оройтсон юм” гээд хаалга хааж, бусдыг нь чимээгүй байхыг сануулдаг тийм л их хайр, халамж дунд би өссөн.
Манай ах, эгч хоёр том болчихсон, хичээл даалгавар ихтэй, завгүй байдаг байлаа. Тийм болохоор ээж хүнсээ цуглуулахаар дэлгүүр явахдаа эгч, дүү, бид гурвыг ээлжилж авч явна. Ээж маань хожим бидний зан чанарын ялгааг их гоё тодорхойлж хэлсэн юм. Ганчимэг эгчтэй чинь явахаар юм өргөлцөхгүй хэр нь элдэв юм нэхэхгүй амар байдаг. Одноо дүүтэй чинь явахаар юм өргөлцөнө, гэхдээ “энийг авъя, тэрийг идье” гээд нэхээд салахгүй. Харин Ганцэцэгтэй явахаар бүх юмыг нь үүрээд, өргөөд явдаг. Юу ч нэхэхгүй хэр нь хамгийн хэцүү нь замдаа “ээж ээ, энийг хар даа, тэрийг хар даа” гээд ам нь мөнхийн хөдөлж, шулганаж явдаг байсан гэж. Тэр их яриа, төсөөлөл, хүнд туслах гэсэн сэтгэл маань намайг өнөөдрийн мэргэжил рүү минь хөтөлсөн байх. Одоо харин багшлаад эхэлсэн чинь тэр их ярих хэрэгцээ минь ажил дээрээ хангагдчихаад, амьдрал дээр илүү тайван, амар болчихдог юм билээ.”
Гал мэт аавын омогшил, ус мэт ээжийн ухаан

Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Д.Ганцэцэг жүжигчний зан чанарын төлөвшил, амьдралыг үзэх үзэл нь түүний аав, ээж хоёрынх нь тэс өөр ертөнцийн огтлолцол дунд бүрэлдсэн гэлтэй. Гал мэт хурц, зарчимч аавынх нь омогшил, ус мэт зөөлөн, ухаалаг ээжийнх нь нандин сургаал түүнийг хэрхэн хөглөж, амьдралынх нь луужин болсон тухай тэрбээр ийн өгүүллээ…
“Манай ээж их зөөлөн, аав маань их хурц хүн байлаа. Ээж минь надад эхнэр хүн ямар байх ёстой вэ гэдгийг үйлдлээрээ мэдрүүлсэн. Тусдаа гарахад минь “Эмэгтэй хүн битгий үглэж байгаарай. Эр хүн үглээд байхаар сонсохгүй байгаадаа биш, зүгээр л сонсохыг хүсдэггүй юм. Түүний оронд хэлэх гэсэн санаагаа бодож байгаад ганцхан өгүүлбэрт, цөөн үгэнд багтаагаад хэлчхэж бай” гэж захисан. Эр хүний ухаан гүн байдаг учраас олон үгээр бус, оновчтой цөөн үгээр ойлголцохын чухлыг би ээжээсээ л сурсан.
Харин аав минь ажилдаа маш үнэнч, шаргуу, хөдөлмөрч, бас их омогтой хүн байв. Таалагдахгүй байгаа зүйлээ шууд л илэрхийлчихдэг тэр хурц характер нь надад хэт шударга байх нь заримдаа алдаанд хүргэж болох ч, бялдууч байснаас шударга байх нь хавьгүй дээр гэдгийг ойлгуулсан. Ээж аав хоёр минь хоёулаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байсан нь бидэнд үлгэр дуурайл болж, ерөөсөө л хүн ажилдаа үнэнч байх ёстой гэдэг зарчмыг яс маханд минь суулгаж өгсөн юм.”
“Насан туршид нь аавыгаа гомдоосон гэж бодож явсан…”
“Аавынхаа тэр хурц характер, өндөр шалгуурт тэнцэх авьяас надад бий болов уу гэх эмээлт намайг СУИС-ийн босго руу хөтөлсөн юм. Аавдаа “Би менежментийн ангид орж байгаа, та битгий санаа зов” гэж хэлээд л шалгалт өгчихлөө. Гэтэл жүжигчний ангид 120 гаруй хүүхдээс нэгдүгээрт жагсаж, менежментэд ч хоёрт орсон тул сэтгэл минь жүжигчин рүүгээ л тэмүүлсэн. Үүнийг мэдсэн аав минь бүтэн жил надтай үг дуугараагүй. Хамгийн хайртай охин нь аавынхаа хүслийг зөрччихсөн учраас би өөрийгөө насан туршид нь аавыгаа гомдоосон гэж бодож явсан юм. Төгсөх курст байхад аав минь ослоор өөд болоход тэрхүү харуусал минь цээжин дотор улам л хүнд ачаа болон үлдсэн дээ.

Тиймдээ ч аавынхаа хүслийг биелүүлэхээр дипломоо авмагцаа хуулийн ангид шалгалт өгч тэнцчихээд, СУИС-ийн декан С.Сугар багш дээрээ тодорхойлолт авахаар оров. Мэргэжлээрээ ажиллахгүй гэх надад аавын минь надаас нууцалж явсан тэрхүү сэтгэлийг хэлж өгсөн юм.
Аав минь намайг нэгдүгээр курст орсон цагаас л С.Сугар багштай нууцаар уулздаг байж. “Миний охин хэр байна? Хэрвээ чадахгүй бол шууд хөөж явуулаарай” гэж араас минь санаа зовж, багш нартай маань хундага тавин “Д.Ганцэцэгт авьяас байна уу” гэж асууж сургалдаг байсныг нь би тэгэхэд л мэдсэн. Гаднаа “хммм…” гээд дургүйцэж байсан ч дотроо намайг сайн жүжигчин болох нь гэж итгэж, жил бүр миний талаар асуудаг байсныг нь сонсоод тэр өрөөнд асгартлаа уйлж билээ.
Аавыгаа өнгөрснөөс долоон жилийн дараа л би аавыгаа гомдоогоогүй юм байна, харин ч миний төлөө ямар их санаа зовж, багш нарт маань “Миний хүүг төгсгө дөө” гэж хэлж байсныг нь ухаарсан. Эцэг эх байна гэдэг зөвхөн хайрлах биш, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө тийм өндөр хариуцлага, хатуу чанга атлаа зөөлөн итгэлийг зэрэг тэнцүүлж явдаг агуу ухаан юм билээ. Одоо би хоёр хүүгээ яг л тийм хайраар, тийм зөв хүмүүжлээр өсгөх сөн гэж хичээж явна даа."

Мэргэжлийн жүжигчний дипломоо гардан авсан түүний анхны алхам Улсын драмын эрдмийн театрын босгоор итгэл төгс алхаж, "Бооцоо" хэмээх жүжгээр эхэлсэн түүхтэй. Найруулагч Н.Наранбаатарын анхны бүтээл болох энэхүү жүжигт тэрээр Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва зэрэг урлагийн акулуудтай нэг тайзнаа гарч, залуу жүжигчний хувьд асар том сургууль, өндөр босгыг давжээ.
Нэг хүний гурван үеийн хэлхээс, хүмүүний амьдралын үнэ цэн, мөн чанарыг хөндсөн энэхүү жүжиг ердөө дөрөвхөн удаа тоглогдоод хаагдсан ч Д.Ганцэцэгийн зүрхэнд харамсал, бас бахархал болон үлджээ. Хорвоогийн тоос шороонд дарагдаж, мөнгө төгрөг, эрх мэдлийн төлөө анхны хайр, нандин бүхнээ гээсэн 60 настай "би"-тэйгээ уулзаж буй 20 настай залуугийн зөрчил өнөөдрийн нийгэмд ч үнэ цэнээ алдаагүй хэмээн тэрээр үздэг. Төрийн түшээд, өндөр босготой үзэгчдийн өмнө анхны дүрээ бүтээж, мэргэжлийн тайзнаа "мэндэлсэн" тэрхүү мөч түүнийг ирээдүйн чансаатай уран бүтээлч болох замынх нь эхлэл байсан гэдгийг тэрбээр онцолж байлаа.
Жүжигчин мэргэжлийн үнэ цэн
“Жүжигчин хүнийг тайзан дээр гараад л чанга дуугаар текстээ уншдаг хүн гэж эндүүрэх нь бий. Гэтэл энэ мэргэжил бол хэл шинжлэл, сэтгэл судлал, хүн судлалын асар том ертөнц юм. Жүжигчин хүн зохиолчийн бичсэн үгийг цээжлэх бус, тэрхүү утга санааг ухаж задалж, эд эсээрээ мэдэрч байж амилуулдаг. Бид үндэсний хэл соёлын өвийг тээж, хойч үедээ түүчээлэн дамжуулдаг амьд холбоос нь байх учиртай. Тиймээс л би шавь нартаа “маш их унш, маш сайн бод” гэж захидаг юм.
Уран бүтээлч хүн ёс зүйн дээд хэмжүүртэй, өндөр философитой байх ёстой. Тайзан дээр сайн дүр бүтээчхээд амьдрал дээр юу ч хийсэн миний эрх чөлөө гэж бодож болохгүй. Энэ мэргэжлийг сонгосон цагаас эхлэн нийгмийн өмнө давхар хариуцлага ирдэг. Үзэгчид бидний бүтээсэн дүрээр дамжуулж ертөнцийг гэгээнээр хардаг учраас тэрхүү итгэлийг нь алдах эрх бидэнд байхгүй.

Миний багш, МУУГЗ Л.Лхасүрэн “Жүжигчний сэтгэл хөдлөл 3-4 настай хүүхдийнх шиг тунгалаг, итгэмтгий байх ёстой. Харин сэтгэхүй нь Аристотель, Платон шиг гүн байх учиртай” гэж сургасан. 3-4 настай хүүхэд ямар нэг дүрд тоглохдоо яг үнэнээсээ итгэдэг шиг тэр мэдрэмжээ насан туршдаа хадгалж, дээр нь гүн ухаанчдын мэдлэгийг нэмж чадвал жинхэнэ уран бүтээлч болно. Хүн бүрд төрөлхийн мэдрэмж заяадаг, харин жүжигчин хүн тэрхүү мэдрэмжээ удирдах ухаанд суралцдагаараа ялгардаг.
Энэ бүхний суурь нь ном юм. Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” шиг хүнийг оюун санааны хувьд сэрээж, өөр ертөнцөд аваачиж чадах нандин бүтээлүүдийг залуус маань шимтэн уншаасай гэж хүсдэг. Ном уншина гэдэг бол хэн байхаас үл хамааран өөрийнхөө ертөнцийг үзэх үзлийг бүтээж, хүн болохын утга учрыг таних хамгийн том боломж билээ.”
Уран бүтээлч хүн нэг үзэл бодолдоо бат зогсохын оронд ертөнц хувьсахын хэрээр үргэлж суралцаж, өөрчлөгдөх ёстой хэмээн тэрбээр үздэг. Мэдэхгүйгээ мэдэх гэж эрэн хайх нь хүнийг сэтгэл гутралаас аварч, амьдралыг уйдах завгүй адал явдал болгодог хамгийн том дархлаа юм. Мөлхөж буй хүүхдээс ч амьдралын ухааныг олж хардаг түүний хувьд суралцах үйл явц хэзээ ч дуусахгүй мөнхийн эрэл хайгуул ажээ.
Энэхүү суралцах зарчим нь эцэстээ хувь хүний хариуцлага, ёс зүйн дээд хэмжүүр дээр зангилагддаг. Жүжигчин хүн тайзан дээр сайн дүр бүтээхээс гадна амьдрал дээр нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах ёстой гэх түүний байр суурь хатуу. “Эцэг эх байна гэдэг үр хүүхдээ өсгөхөөс гадна эх орондоо хэрэгтэй, хариуцлагатай иргэнийг бэлтгэж өгөх Үндсэн хуулиар олгогдсон хамгийн чухал үүрэг” хэмээн тэрээр амьдралынхаа зарчмыг тодорхойлж байлаа.
“Хүн амьсгал хураахдаа ингэж харагддаг юм байна…”

“Суралцах үйл явц тасралтгүй үргэлжлэхийн хэрээр айдас үгүй болдог. Хүн бэлтгэл дутуу, хийж буй ажлынхаа мөн чанарыг бүрэн таниагүй үедээ л сандарч, тэвддэг шүү дээ. Жишээ нь, илтгэлээ арван удаа давтчихсан хүн тайзан дээр сандралгүй гардагтай л адил. Миний хувьд өнөөдрийг хүртэл “би энэ дүрийг бүтээж чадах болов уу” гэх айдас төрж байгаагүй юм байна шүү. Харин хэрэв би эрэгтэй хүн байгаад Эзэн Чингис хааны дүрд тоглох боллоо гэхэд мянга судалсан ч сэтгэл түгших байсан болов уу. Учир нь олонхын зүрх сэтгэлд хэдийн амилчихсан, хүн бүрийн төсөөлөлд бодитоор оршдог дүрийг дахин бүтээх нь л хамгийн том даваа байдаг.
Харин бусад үед би юу хийх ёстойгоо, судалгаагаа яаж гүйцэтгэхээ маш сайн ойлгосон. “Гамлет”' жүжгийн Офелиягийн дүрийг бүтээхдээ би Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж, өвчтөнүүдийн сэтгэл зүй, үйлдэл бүрийг ажиглан судалсан. Тэр ч байтугай түргэний эмчийн хувцас өмсөөд дуудлагад хамт явж, хүний амьдралын эгзэгтэй мөчүүдийг дэргэдээс нь харж байлаа. Энэ бүхэн надад хэцүү санагдахаас илүү эрэл хайгуул хийх тусам сонирхолтой санагддаг юм.
Гэхдээ нөгөө талаас жүжигчин гэдэг аймаар харгис мэргэжил. Хайртай аав минь амьсгал хураах тэр хүнд мөчид хүртэл миний мэргэжлийн зөн совин ажиллаж, “хүн амьсгал хураахдаа ингэж харагддаг юм байна, ингэж амьсгаадаж чадахгүй болдог юм байна” гэж дотроо тэмдэглэн, зураг авалттай холбож бодож байх жишээтэй. Өөрийнхөө амьдралд тохиосон хагацал, зовлонгоо хүртэл уран бүтээлийн судалгаа болгож хардаг нь энэ мэргэжлийн хамгийн хатуу, бас өвөрмөц тал болов уу."
Бие биедээ уусах билигт өдрүүд ховор болох нь ээ…
Жүжигчин хүний амьдрал тайзны гэрэл, алга ташилтын ард үргэлж баяр баяслаар бялхаж байдаггүй. Бусдын зовлон, жаргалыг өөрийнх мэт мэдэрч, дүрээрээ дамжуулан нийгэмд хүргэдэг тэдний хувьд хувийн амьдралынх нь хамгийн хүнд гарз ч мэргэжлийнх нь нэг хэсэг болон үлддэг нь гашуун үнэн. Хайртай хүмүүсээ үүрд алдах тэрхүү мөчид Д.Ганцэцэгийн доторх хүн болон жүжигчин хоёр хэрхэн зөрчилдөж, тэрхүү хүнд үеэ хэрхэн давж гарсан нь түүний мэргэжлийн хариуцлага, сэтгэлийн тэнхээг илтгэх шиг.

“Амьдрал надад хатуу сорилтуудыг тулгаж байсан үе бий. Аавыгаа алдсан яг тэр өдөр би “Адам Ева” жүжигтээ тоглох ёстой байв. Тайзан дээр тоглохоос өөр аргагүй тэрхүү нөхцөл байдал миний дотор асар том зөрчил, тэсэхийн аргагүй хэцүү мэдрэмжийг төрүүлж байлаа. Жүжиг дуусаж, хөшиг хаагдахад би тайзан дээр шууд л сөхрөөд уначихсан. Ангийн даргын хувьд найруулагч, бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч гээд уран бүтээлчдээ үзэгчдэд нэг бүрчлэн танилцуулах үүрэгтэй байсан тул биеэ хүчээр барьж дуусгаад, өөрийн мэдэлгүй уйлж орхисон. Сэтгэл хөдлөлөө тэгж хүчээр дарж, дотогшоо залгих нь эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй байдаг юм билээ.
Дараа нь “Тэнгэрийн хүү” жүжгийн нээлт болохоос ердөө хэдхэн хоногийн өмнө хань минь өөд болсон. Тэр жүжигт харь улс руу цөлөгдөх болоход нь Модун хаан буюу Г.Эрдэнэбилэг жүжигчинд Шаге гүнж буюу Д.Ганцэцэгийн хэлдэг нэг аймаар үг бий. “Бие биедээ уусах билигт өдрүүд ховор болох нь ээ, тийм үү?” гэдэг. Шаге гүнжийн хувьд энэ үг дахиж уулзахгүй байж мэднэ гэсэн утгаар хэлэгдэж байгаа боловч, миний хувьд тэр билигт өдрүүдийг дахиж хэзээ ч харахааргүй болсон байлаа. Нэг нь эр нөхрөө алдаж мэднэ хэмээж байхад нөгөө нь аль хэдийн алдчихсан учраас тэр мэдрэмжийн тун хэтэрч, дүр, жүжигчин хоёр зөрчилдсөн хэрэг. Би үзэгчдэд ирээдүйн түгшүүрийг өгөх ёстой атал доторх Ганцэцэгийн хувьд тэр өдрүүд нэгэнт дууссан гэх туйлын цөхрөлийг илэрхийлээд байв. Үнэндээ би тухайн мөчид туршлагагүйтэж, жүжигчний ажлаа муу хийсэн гэж өөрийгөө голдог. Тэр хүнд үед Эби ах (Г.Эрдэнэбилэг) үзэгдэл хооронд “За, тайван, тайван” гэж намайг тайтгаруулж, хүнд давааг давахад үргэлж түшиг болсон доо."
Жүжигчин хүн дүрээ амилуулах явцдаа тухайн дүрийнхээ мөн чанар, үзэл бодлоос суралцаж, дотоод хүнээ баяжуулсаар байдаг аж. Тайзан дээр бүтээсэн дүр бүхэн нь түүнд амьдралыг харах шинэ өнцөг, ухаарлыг үлдээдэг байна. Хүн судлалын энэхүү гайхамшигт мэргэжил нь дүрийнхээ сэтгэл зүйн гүн рүү нэвтрэх тусам хувь хүнийхээ хувьд өсөн дэвжих, өөрийгөө танин мэдэх томоохон сургууль болдог ажээ.
Оскар: Үхэлтэй нүүр тулсан 10 настай хүүгийн "100 жилийн амьдрал"
"Бурханд илгээсэн захидал" хэмээх ганц хүний жүжгийн Оскарын дүр миний амьдралд хамгийн эгзэгтэй мөчид ирсэн юм. Олон улсын моно жүжгийн наадамд эх орныхоо цомыг алдахгүй юм шүү гэсэн их хүсэл, нөгөө талдаа ханиа алдаад удаагүй байсан сэтгэлийн шархаа мартахын тулд би өөрийгөө завгүй байлгахыг зорьж байсан үе.
Оскар бол цусны цагаан эсийн хорт хавдартай, ердөө аравхан хоногийн нас үлдсэнээ мэдсэн 10 настай хүү. Гэвч тэр хүү үхэлд бууж өгөхийн оронд сувилагч эгчийнхээ зөвлөснөөр нэг өдрийг 10 жил гэж тооцон, үлдсэн хугацаандаа 100 гаруй жил амьдарсан хүний туулдаг бүхий л амьдралыг багтааж тоглодог. Тэрбээр 20 насандаа дурлаж, 40 насандаа амьдралын ээдрээг туулж, 90 насандаа өтөлж ядрахын зовлонг мэдэрнэ.

Оскарын амьдралын ес дэх өдөр буюу түүний 90 гаруй настай үе. Дөрвөн өдөр тасралтгүй өвдөж, туйлдаа хүрсэн хүү “Бурхан минь, би одоо маш их ядарч байна, намайг аваад яваач” гэж хэлдэг. Яг энэ хэсэгт би жүжигчнийхээ давуу эрхийг эдэлж, аавынхаа надад үлдээсэн захидлын үгсийг оруулсан. Аав минь аваарт орчхоод эмнэлэгт байхдаа “Таван хүүхдийн минь дундах галзуу шар охиндоо” гэж хаяглаад тавхан үйл үг бичиж үлдээсэн байдаг. Тэр нь “Би төрсөн, сурсан, ажилласан, хайрласан, амьдарсан. Одоо эцсийнх нь л үлдлээ” гэдэг үгс. Би жүжгийнхээ төгсгөлд “Бурхан минь, би төрлөө, сурлаа, ажиллалаа, хайрлалаа, амьдарлаа. Одоо эцсийнх нь үлдлээ” хэмээн аавынхаа захиасыг хэлдэг. Төрсөн бол яах гэж төрсөн юм, юу сурсан юм, ямар ажлаар ажилласан юм, хэнийг яаж хайрласан юм, ер нь яаж амьдарсан юм бэ гэдэг энэ үг бүхний ард асар их утга учир бий.
Энэхүү эцсийн үйлдлийг хийх хүртлээ хүн амьдралыг утга учиртай туулах ёстой гэдгийг Оскар надад ойлгуулсан. Аравхан настай хүү үхэхээ мэдчихээд тийм их сэтгэлийн хүчээр тэмцэж байхад, 31 настай би хоёр жоохон хүүхэдтэйгээ үлдчихээд яахаа мэдэхгүй сууж болохгүй, тэднийхээ төлөө тэмцэх ёстой гэдгийг ухаарсан юм. Цаасан дээр бичигдсэн тэр 10 настай Оскар хүү Д.Ганцэцэг гэдэг хүнийг ингэж хүмүүжүүлсэн. Тэр цагаас хойш би илүү хүчтэй, илүү хатуужилтай болж, миний 30 нас хүртэлх оюун санаа, сэтгэл зүрх бүхэлдээ өөрчлөгдсөн.”
Жя Жэнь: Хүлээн зөвшөөрөхүйн агуу хайр
“Гэвч хүчтэй байна гэдэг нь үргэлж хатуу байхын нэр биш гэдгийг би “Амьдрахуй” жүжгийн Жя Жэнийн дүрээс ойлгосон. Оскар намайг хатуужуулсан бол Жя Жэнь намайг эргээд зөөллөж, эмэгтэй хүний уян хатан, уужуу чанарыг авчирсан юм.

Жя Жэнь бол нөхөр нь хамаг хөрөнгөө мөрийтэй тоглоомд алдаж, амьдралын хамаг зовлонг үүрүүлж байхад ч түүнийг үзэн ядалгүй, зүгээр л байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлаж чаддаг эмэгтэй. Тэр бол амар амгалангийн биелэл. Өмнө нь би хүчтэй байх ёстой гээд бүхнийг хянаж, заримдаа хэт хатуу ханддаг байсан бол Жя Жэнь надад “бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх нь амьдралын хамгийн том философи”' гэдгийг эд эс бүрд минь шингээж өгсөн.
Миний хүүхдүүд хүртэл “Ээж Жя Жэньд тоглохоор аягүй зөөлөн болчихдог” гэж баярладаг. Тэр дүр надаас өшөө авалт, хардалт, бухимдал гэх мэт сөрөг чанаруудыг минь арилгаж, оронд нь чимээгүй оршихуйн хүчийг үлдээсэн. Ажил хэрэгч, амжилттай байх нь хүчтэй эмэгтэйн цорын ганц хэмжүүр биш. Харин гэр бүлээ амар амгалан байлгаж, эгэл жирийнээр хайрлаж чадах нь хамгийн агуу хүч гэдгийг би энэ дүрээсээ олж харсан юм. Би тайзан дээр Жя Жэнь болон амьдрахдаа үзэгчдийн ядаж таван хувьд ч болов энэ амар амгалан, хүлээн зөвшөөрөхүйн мэдрэмжийг өгөх юм сан гэж чин сэтгэлээсээ хичээдэг.”
“Хүмүүс надаас “Хонгорзул хаачсан бэ” гэж битгий нэхээсэй гэж хүсдэг”
"Хэрэв өнөөдөр надад боломж олдоод бүтээсэн бүх дүрүүдтэйгээ нэгэн дор уулзвал би хамгийн түрүүнд Жинжиймаа киноны Хонгорзултайгаа л уулзах байсан болов уу. Хэний ч танихгүй тэр нэгэн охиныг зүрх сэтгэлдээ амилуулж, зохиолыг нь бичсэн О.Машбат ах, “Монголжингоо” Н.Батцэцэг эгч хоёртоо би үргэлж баярлаж явдаг. Тэр л бодит бус атлаа хүн бүрийн зүрхэнд бодитоор оршдог Хонгорзул охин Д.Ганцэцэг гэдэг жүжигчинд өөртөө итгэх итгэлийг төрүүлж, урлагийн замыг нь зааж өгсөн юм.

Хонгорзул надад аавыгаа алдах тэр хагацал, ослын үйл явцыг бодитоор мэдрүүлж, миний хэзээ ч үзээгүй тэр гэнэтийн зовлонг жүжигчин хүний хувьд зүрхэнд минь мэдрүүлсэн. Тийм болохоор би Хонгорзулыг хэзээд хайрлана. Гэхдээ хүмүүс надаас “Хонгорзул хаачсан бэ” гэж битгий нэхээсэй гэж хүсдэг. Би удахгүй эмээ болно, цаг хугацааны эрхээр өтөлнө. Харин Хонгорзул миний зүрх сэтгэлд яг л тэр үеийнхээрээ, мөнх залуугаараа оршин үлдэх болно. Би түүнтэй сэтгэлээ уудалтал ярилцаж, “Намайг хүмүүст таниулж, өнөөдрийн Д.Ганцэцэгийг бүтээсэнд баярлалаа” гэж хэлмээр байна."
"Сэтгэлээс эхлээгүй үйлдэл бүхэн утгагүй"
"Жүжигчин болохоор зорьж буй залуус болон хүүхдүүддээ би нэг л зүйлийг захидаг. Чи хэн байх нь хамаагүй, зүгээр л дуртай зүйлээ чин сэтгэлээсээ хий. Хэрэв амьдралын шаардлагаар дургүй зүйлээ сонгосон бол хийж байгаа зүйлдээ дурлаж сур. Хүн хог шүүрдэхдээ ч шүүр, шал хоёрыг чин сэтгэлээсээ уулзуулах ёстой. Сэтгэлээ гаргаж хийсэн үйлдэл бүхэн урт настай байж, чамайг хөгжүүлдэг юм. Сэтгэлгүй хийсэн ажил оройдоо л замхардаг бол, сэтгэлээ шингээсэн зүйл хэзээд цэвэрхэн, үнэ цэнтэй хэвээр үлддэг.
Мөн өөрийгөө хөгжүүлэх хамгийн энгийн бөгөөд үнэ төлбөргүй арга бол ном унших. Өдөрт ердөө 10 хуудас уншихад л чи асар их боловсролыг өөртөө хуримтлуулна. Өнөөдөр мэдээлэл маш нээлттэй болсон ч подкаст сонсоод бусдын ойлгосноор ертөнцийг харах биш, анхдагч эх сурвалж болох номыг нь өөрөө уншиж, өөрийн гэсэн шүүлтүүртэй, мэдлэгтэй болоорой. Тэр цагт чи бусадтай мэтгэлцэх хэмжээнд хөгжинө. Тэгээд хамгийн сүүлд нь хэлэхэд, зүгээр л бие биеэ хайрла. Шүлгийн мөр болгонд байдаг тэр хайрыг бодитоор биелүүлж амьдрах нь энэ орчлонд ирсний хамгийн том утга учир юм шүү."

Жүжигчин хүний амьдрал бол дүр бүрийнхээ араас өөрийгөө эвдэж, шинээр бүтээх тасралтгүй эрэл хайгуул ажээ. Тэрбээр өнөөдөр өөрийнхөө дотоод ертөнц, үзэл бодолтой бүрэн зөрчилдөх нэгэн шинэ сорилтын өмнө зогсож байгаа нь найруулагч Б.Дэлгэрбаярын "Орь дуу" олон ангит киноны Бадамын дүр юм. Хүүхдийг дээдлэн хайрладаг түүний хувьд хүүхдийн эсрэг сөрөг дүр бүтээх нь сэтгэл зүйн асар их дарамт, шаналал болж байгаа ч уран бүтээлч хүнийхээ хувьд өөрийгөө эвдэж, өөр өнгийг гаргахыг хичээж байна. Бясалгал, иогоор олж авсан амар амгалан байдал, өөрт байсан зуршил бүрээ хазаарлан байж бүтээж буй энэхүү нууцлаг дүр нь дэлгэцнээ гарахад үзэгчид түүнийг хэрхэн хүлээж авах бол гэх эмээлт байгаа ч Д.Ганцэцэг гэдэг жүжигчин ийнхүү өөрийгөө ялан дийлж, дахин нэг шинэ шатанд хөгжсөөр үзэгчидтэйгээ уулзахад бэлэн болсон талаараа тэрбээр ярилцлагын төгсгөлд хуваалцсан юм.
Аравхан настай Оскар хүүгийн амьдрах хүслээр өөрийгөө хатуужуулж, амгалан Жя Жэнийн уужуу ухаанаар дотоод сэтгэлээ зөөллөн суралцдаг тэрбээр тайзан дээр бусдын амьдралаар амьдрах бүрдээ өөрийнхөө доторх мянга мянган “би”-г нээж, тэр бүхнээсээ ухаарал, хатуужил, хайр энэрлийг хүртэж яваа нь энэ аж. Жүжигчний ур чадвар, хүний мөн чанарыг нэгэн биедээ зангидан, тайзны гэрэл дунд амьдралын гүн утга учрыг амилуулж явах учиртай тэрбээр энэ удаа бидний нэг боллоо. Хүмүүний сэтгэлийн нандин хэлхээг хамтдаа нээсэн уншигч танд талархъя!
Гэрэл зургийг: Д.Занданбат
Сэтгэгдэл