Дурсамж дүүрэн Цагаан сар


“Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил улирч, өлзийт жил золгох нь…”
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье ээ. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Монгол түмний эрхэм үндэсний баяр болох Цагаан сар гэдэг хахир өвлийг үдэж, шинэ жилийг угтахын сацуу өв соёлоо тээн уламжилж, элгэн садантайгаа учран золгохын өлзий учралт давхар баяр билээ. Тийм ч учраас хүн бүрийн дотор сэтгэлээс уяатай, мартагдашгүй нэгэн Цагаан сар гэж байдаг болов уу хэмээн итгэж энэхүү нийтлэлийнхээ эрэлд гарсан юм. Таны хувьд бодох төдийд сэтгэлд оч асааж, нүүрэнд тань инээмсэглэл тодруулдаг тийм нандин Цагаан сар бий юу? Хаврын тэргүүн сарын шинийн нэгний энэхүү бэлгэт сайн өдөр энэ талаар санан дурсаж, халуун дурсамжаа хайртай дотнын хүмүүстэйгээ хуваалцан эрхэм хүмүүсийнхээ амар мэндийг айлтган мэндчилээрэй.
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэн Ц.Шүхэрт

Хүүхэд байхдаа Цагаан сараар Гантөмөр найзтайгаа хамт морио унаад л айлаар давхидаг байлаа. Айлууд хүүхэд бүрд цайллага гэж ул боов, ааруул, бор тос, шар тос, чихэр зэргийг сонинд боож өгнө. Өнөөхөө шуудайнд хийж ганзагалаад л давхина шүү дээ. Замдаа заримыг нь гээчихнэ ээ. Явсан замаараа буцаж давхиад олоод авна. Орох айл дуусаж, хоёул гэртээ харих болохоор бүх бэлгээ гаргаж байгаад яг тэнцүү хоёр хуваадаг байлаа. Тухайн үед бэлэг гэж гавьтай зүйл байдаггүй байлаа шүү дээ. Дэвтэр, бал, хөзөр, оймс гэх мэт зүйлс их цуглардаг байсан юм. Яг ардчилалд шилжчихсэн, картын барааны үе. Гэхдээ л гурил, будаа ховор байсан картын барааны үед ч ёс, уламжлалаа умарталгүй хүүхэд, хөгшдөд цайллага боож өгдөг байсан нь эргээд бодоход их дурсамжтай, сайхан байна. Харин орчин цагт ахмад настай хүмүүстээ л цайллага боож өгдөг болсон доо. Монголынхоо нийт ард түмэндээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч А.Дагзмаа

Хүүхдээсээ авхуулаад өдийг хүртэлх хугацаанд аав ээждээ золгож байсан шиг тийм сайхан дурсамжтай үе их ховор юм байна. Ээж аав хоёр маань хэвийн боов, тавгийн идээ, дээл хувцас гээд бүхнийг өөрсдөө бэлтгэж, ариун сайхан сэтгэлээ шингээн ерөөлөө хайрлан хийдэг байсан тул тэр үеийн идээ будааны амт, шимттэйг яана. Шинийн нэгний өглөө нар гараагүй битүүгээр ээж минь цайгаа чанана. Бид тэр хооронд нь үс гэзгээ самнаж, ээжийнхээ урласан өнөө гоё дээл, хувцсаа өмсөөд л айл саахалтын хамгийн өндөр настныдаа золгохоор гардаг байлаа шүү дээ. Миний аав эх оронч Хотгойдын Чингүнжавын өлгий нутаг болох Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хүн. Шинийн нэгний өглөө гэрийнхэнтэйгээ золгочхоод “Чингүнжавын хөшөөндөө очиж золгоно оо” гээд аймгийн төвд байх Чингүнжавын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, ёсыг болгон гурав тойроод идээ цагааныхаа дээжийг өргөдөг байлаа. Энэ бол дээдэстээ хүндэтгэл үзүүлж буйн илрэл шүү дээ. Ийнхүү сар шинээ угтаж буй монгол түмэндээ дүүрэн бэлгэтэй, түвшин жаргалтай сайхан шинэлээрэй хэмээн ерөөл айлдъя аа.
Зээ
Цаанаа чамин хээтэй
Наанаа нандин хээтэй
Цацаг бүрийдээ найман тахилтай
Намгүр нэртэй намгар хадгаа дэлгэж
Намайг ерөө гэсэн юм биз ээ
Өглөөний нар шиг мандаж
Өнгийн цэцэг шиг дэлгэрч
Гадаад их далай мэт дундаршгүй буянтай юм санж
Галбарваасан зандан мод мэт гандашгүй нэгэн жавхлантай юм санж
Санасан болгон саваа дүүрч
Бодсон болгон номын ёсоор
Түвшин сайхан бүрэлдэхийн ерөөлийг
Дээш дээш нь дэвшүүлэн сонсгоё оо
Хурай, хурай, хурай
Хэнтий аймгийн Мөрөн сумын наймдугаар ангийн сурагч Г.Алтаншагай

“Цагаан сар” гэхээр хамгийн түрүүнд бууз санаанд орж байна. Би Цагаан сараар нэг их айл хэсдэггүй болохоор эмээ өвөөгийндөө очиж золгочхоод л гэртээ харьдаг юм. Тиймээс миний хамгийн дуртай баяр бол наадам. Наадмаар морь уралдана, нум сум харвана. Гэхдээ ноднингийн Цагаан сар их гоё өнгөрсөн юм байна. Ахындаа шинэлсэн болохоор хүүхдүүдтэй тоглоод л, цуг айл хэсээд гоё байсан. Бас ангиараа багшийндаа очиж золгоод, хөвгүүдтэйгээ барилдсан. Тэр барилдаанд манай ангийн Долгион түрүүлж, дараа нь бид хэд багштайгаа уул гарсан юм. Ээж маань надад Цагаан сарын бэлэг болгож гар утас бэлгэлсэн. Харин энэ жилийн Цагаан сараар ахынхан маань манайд шинэлнэ гэсэн болохоор илүү хөгжилтэй өнгөрөх байх. Найзууддаа хандаж “Айл их хэсэж, алт мөнгө их цуглуулаарай” гэж хэлмээр байна.
"Монгол" нүүдэлчин өвлийн фестивальд оролцогч Н.Болорцэцэг

Манай гэр бүлийн хувьд сар шинийн баярыг их өргөн дэлгэр тэмдэглэдэг. Шинийн нэгний өглөө нутаг руугаа яваад шинийн дөрвөн, тавнаар л ирнэ шүү дээ. Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх тосгоныхон маань их ойр дотно, бүгд бие биеэ танина. Тиймээс сумынхаа бүх л айлаар орж, ахмадынхаа амар мэндийг мэддэг заншилтай. “За, тэр настанд очиж золгохгүй бол болохгүй. Тэр эмээ маань, өвөө маань гомдоно” гээд л маш өргөн дэлгэр шинэлдэг байлаа. Одоо харин хаа хамаагүй айлаар орох нь ховордож, төрсөн ах, дүүгийнхээрээ л ордог болж дээ. Бид чинь өглөөнөөс орой болтол “Завгүй, завгүй. Ажил ихтэй” гээд явдаг учраас Монголынхоо хамгийн том уламжлалт баяраар монгол дээл хувцсаа өмсөөд настан буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг мэднэ гэдэг хамгийн сайхан мэдрэмж шүү дээ. Үндэсний хувцсаа өмсөхөөр цаанаасаа л маш гоё, хийморь сэргэдэг юм. Монголынхоо ард түмэн, нутгийн зон олондоо хандаж “Сайхан өнөтэй өвөл боллоо. Хаврын тэргүүн сартайгаа сайхан золгоцгоогоорой” хэмээн мэнд дэвшүүлье ээ.
Гэрэл зурагчин Д.Занданбат

Би Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд. Өвөө минь надад “Эрт босож байгаарай. Сэрэхгүй болохоор бурхан багш хүний тооноос хасчихдаг юм” гэж захидаг байсан болохоор Цагаан сараар хамгийн түрүүнд босдог байлаа. Хүүхэд насны дурсамжтай Цагаан сар гэвэл зөндөө л байна. Харин 2018 онд цэргийн албанд байхдаа Цагаан сар тэмдэглэж байсан юм. Цэргийн ангид нэг их идээ таваг засахгүй шүү дээ. Өдрийн хоолонд бууз өгнө. Харин уулзалтаар ирсэн хүмүүс Цагаан сарын уур амьсгал мэдрүүлэх гээд халуун саванд бууз, сүүтэй цай, нийслэл салат авчирдаг нь их гоё. Мөн олон аймгаас ирсэн цэргүүд байгаа учраас “Өдийд манай нутагт ингэж байгаа даа…” гээд л нутаг нутгийн соёл уламжлалтай танилцах дурсамж ярианууд нь гоё санагддаг байсан. Цэргээс халагдаад дөрвөн жилийн дараа хөдөө эмээ өвөө дээрээ шинэлэхээр очсон юм. Тэр үед л Цагаан сарын утга учрыг ойлгож, илүү олон зүйл анзаарсан гэх үү дээ. Говийн айлууд усаа дагаж нүүдэллэдэг учраас “усны айлууд” гэж ярьдаг. Тэгэхэд манай усны айлуудын ах, эгч нар маань их хөгширсөн байж билээ. Хамаатны хүүхдүүд ямар том болсныг, нутаг усныхан маань ямар аж байдалтай байгааг анзаарсан. Цагаан сар гэдэг хэдий баяр мэт боловч монголчуудын хувьд бие биетэйгээ уулзалддаг, ураг саднаа мэдэлцэж, настан буурлуудтайгаа учирдаг гоё хүйн холбоотой баяр юм шиг санагддаг даа.
Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн А.Энхзул

Цагаан сарыг “Эхэлж байгаа нь мэдэгддэг хэр нь дуусаж байгаа нь мэдэгддэггүй баяр” гэдэг шүү дээ. Яагаад гэвэл сар шинээр золгож амжаагүй нэгэнтэйгээ ирэх жил нь аль эсвэл хавар таарсан ч “Өө, хоёулаа золгоогүй шүү дээ. Амар байна уу” гээд мэнд усаа мэддэг уламжлалтай. Миний хувьд шинийн нэгний өглөө аав ээжээсээ түрүүлээд тавгийн идээгээ барин саахалтын айлдаа золгодог байлаа. Малчны хотонд учраас морио унаад л айлуудаар орно. Бага байхад ахтайгаа хамт танихгүй айлуудаар орон цай ууж, чихэр аваад явдаг тэр үе их гоё байсан. Харин одоо үед зарим танилууд маань шинийн нэгний өглөө ресторанд цугларч, хүлээн авалт зохион байгуулаад тэндээ дайлж, цайлаад л тарчихдаг болсон байна билээ. Гэтэл бид чинь эртээс айл хотлоороо зочилж, ахмадынхаа амар мэндийг мэдээд зочин гийчнийхээ гарыг цайлгадаг ёстой шүү дээ. Энэ өв соёл маань байхгүй болж байнаа л гэсэн үг. Миний хувьд Цагаан сар ойртох тусам их догдолдог юм. Энэ жил ялангуяа залуу гэр бүл учраас Цагаан сардаа аль нэгдүгээр сараас эхэлж бэлдсэн. Тиймээс залуустаа хандаж “Ийм сайхан өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээе” хэмээн хэлмээр байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй!