Grow with Google Mongolia хөтөлбөртэй Нэткапитал Санхүүгийн Групп хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа


Өнөөдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 11-ны өдөр Grow with Google Mongolia хөтөлбөр, Google компанийн Монгол дахь төлөөлөгч болон Нэткапитал Санхүүгийн Групп дижитал ур чадвар, ирээдүйн ажлын байрны чадавхыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт Монгол Улсад залуучуудын дижитал ур чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай чадавхыг хөгжүүлэх, улмаар ур чадварт суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжин хамтран ажиллахаар тусгасан байна.
Хамтын ажиллагаа нь “Grow with Google Mongolia” хөтөлбөрийн гуравдугаар улирлын хүрээнд хэрэгжих бөгөөд тус хөтөлбөрийг Монгол Улсад “Гөү Лаб ХХК” болон “ЦойлогсоZ залуусын коммьюнити” нар хамтран хэрэгжүүлэгч түншийн хувиар зохион байгуулж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд дараах чиглэлүүдээр дижитал ур чадварын сургалтуудыг олгохоор төлөвлөжээ. Үүнд:
- Digital Marketing & E-Commerce
- Data Analytics
- Advanced Data Analytics
- AI for Business
- AI essentials
- Cybersecurity
Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Google-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Э.Өсөхбаяр хэлэхдээ “Сүүлийн 5-6 жилд төрийн болон төрийн бус байгууллагуудад ERP буюу цахим шилжилтэд хангалттай хөрөнгө оруулж амжилттай, амжилтгүй олон төсөл хэрэгжсэн. Харин өнөөдөр хиймэл оюуны шилжилт, хэрэглээ хурдтай нэмэгдэж буй энэ цаг үед бид хиймэл оюун ухааныг зардал багатайгаар, хэрхэн зөв ашиглах боломжтой талаар зөвлөгөө, сургалтуудыг тогтмол явуулж байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Нэткапитал Санхүүгийн Групп-ийн хувьд Google-ийн удаан хугацааны хэрэглэгч, түнш байгууллага болж хамтарч ажиллах болсондоо баяртай байна. Бусад байгууллагын ажилчид, иргэдийн хувьд ч гэсэн “Grow with Google Mongolia” хөтөлбөрт хамрагдсанаар дижитал ур чадварт суралцаж, олж авсан мэдлэгээ өдөр тутмын амьдралд болон ажлын байран дээрээ бодитоор хэрэгжүүлж ур чадвараа хөгжүүлэх бүрэн боломжтой” хэмээн онцоллоо.

Түүнчлэн Нэткапитал Санхүүгийн Групп нь энэ жил Grow with Google Mongolia хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар оролцож, дижитал ур чадварын хөгжлийг дэмжих, байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулах, санхүүгийн салбарын дижитал шилжилтэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Энэ талаар Нэткапитал Санхүүгийн Группийн Гүйцэтгэх захирал Б.Хуншагай хэлэхдээ “Манай 40 гаруй ажилтан энэхүү хөтөлбөрт хамрагдаж байна. Манай байгууллагын алсын хараа бол дижитал шилжилтээр манлайлж тасралтгүй суралцах юм. Энэ зорилготой маань ч Grow with Google Mongolia хөтөлбөрийн зорилго, зорилт нийцэж байна” гэлээ.

Талууд цаашид дижитал ур чадварын ач холбогдлыг олон нийтэд таниулах, хамтарсан мэдээлэл түгээх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаас гадна, Grow with Google Mongolia хөтөлбөрөөр дамжуулан Монголын залуучуудад дэлхийн түвшний дижитал ур чадварыг эзэмших боломжийг олгож, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхээр зорьж байгаа ажээ.





Сэтгэгдэл