Залуусын орон зай

Бидний уламжлалт битүүлэх ёсон

М.Энхмаа2025.02.283 минут унших
Бидний уламжлалт битүүлэх ёсон - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгож буй монгол түмэндээ XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээн модон могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Эртээс бидний тэмдэглэн ирсэн уламжлалт Цагаан сар нь монгол түмний эв нэгдлийн илэрхийлэл болж, үндэсний зан заншил, соёл уламжлалаа бататган бэхжүүлэх, настан буурал, аав ээжээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоог батжуулах, залуу хойч үедээ өв уламжлалаа таниулах төрт ёсны уламжлалт баяр билээ. 

Цагаан сарын ёслол нь битүүлэх ба шинэлэх гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд монголчууд билгийн тооллын “Лавай” хэмээх өвлийн адаг сарын 30-нд буюу буурал жил отоглох хуучин оны битүүлэн хангирсах өдөр битүүлдэг заншилтай. Тухайлбал, битүүлэх гэдэг нь нэгэн жилийн төгсөх мөчлөгийг үдэж, дараагийн мөчлөгийг угтан битүү гаргах, битүү хоол идэх, тоглож наадах зэрэг давхар, давхар утгыг агуулдаг байна. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад бэлтгэж буй энэ өдрийн битүүлэх ёс заншлын талаар та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. 

Битүүлэх VS Битүүрэх

Бидний уламжлалт битүүлэх ёсон нийтлэлийн зураг

Бид энэ өдөр “Сайхан битүүлж байна уу”, “Сайхан битүүрээрэй” хэмээн янз янзаар ярьдаг шүү дээ. Тэгвэл эдгээр үгийг утга зүйн хувьд тайлбарласан хэд хэдэн толь бичгээс шүүн үзэхэд “битүүлэх” хэмээх нь зохистой аж. Тодруулбал, нэрт эрдэмтэн, хэл зүйч Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” бүтээлд “битүүрэх” гэдгийг “бөглөрөх, битүү болох” хэмээн тайлбарласан бол “битүүлэх” гэдгийг “билгийн улирлын 12-р сарын битүүний оройн цаг, өнгөрөх жилийг үдэж, маргаашийн Цагаан сарын шинийн нэгнийг угтах ёс гүйцэтгэх” хэмээн тайлбарласан байна. 

Битүүний өмнөх өдөр буюу өвлийн адаг сарын 29-нд тоос шороо, хир буртгаа цэвэрлэж, орчны хашаа хороогоо засаж, Цагаан сараар унах морьдынхоо дэлийг засан мөнгөн тоногоор эмээллэж, хоточ сайн нохойныхоо хүзүүвчийг хүртэл сольж сар шинэдээ бэлтгэдэг байжээ. Харин тэнгэрт саран үгүй өвлийн адаг сарын сүүлчийн хав харанхуй энэ үдэш монголчууд бууз, банш, хуушуур зэрэг битүү хоол бэлтгэж эрүү хэлийг нь заагаагүй битүү толгой чанаж бурхандаа тахил болгон өргөх, битүү чөмөг таших зэрэг өвөрмөц зан үйлээ “битүүлэх” хэмээн нэрлэдэг ажээ. 

Мөн ирэх жилдээ элбэг дэлбэг, ажил үйлс бүтэмжтэй байхыг бэлгэдэж хэн хүнээс өр, авлагатай бол битүүний өдрөөс өмнө нэг талд нь гарган, өр авлагаа барагдуулж, эв түнжин хагарсан, хэрүүл маргаантай бол түүнийгээ цагаатгаж шинэлэх учиртайг эртээс бид чанд сахиж иржээ. Хэрэв энэ бүхнийг хуучин хэмд аваачилгүй, хүний сэтгэлийн гомдол эс тайлбал орж буй жилдээ ажил үйлс бүтэлгүйтэж, хийморь лундаа дордоно хэмээн үздэг байна. 

Битүүний идээ зоог

Битүүлгийн идээ зоог нь үндсэн хоёр шинжтэй байна. Тухайлбал, шууд утгаараа битүү хоол буюу банш, бууз тэргүүт битүү хоол хүртдэг аж. Харин хүндэтгэл, бэлгэдлийн утгаараа “бүтэн, бүхэл” хэмээх санааг илэрхийлэх идээ будаа буюу сүүтэй цай, ууц, өвчүү, жимс мах (сээр хавирга) зэргийг хэрэглэнэ. 

Бидний уламжлалт битүүлэх ёсон нийтлэлийн зураг

Харин хүндэтгэлийн идээ зоогийг уламжлалт ёс жаягийн дагуу бэлтгэдэг байна. Эдгээрээс онцлон тайлбарлавал, ууц засахдаа ууцыг цар буюу том модон тэвш дээр байрлуулж, чанаж болгосон ууцны дээр дөрвөн өндөр хавиргыг зүсэж, өөд өөдөөс нь харуулж, намилхай буюу ууцны хоёр хажуугийн нимгэн хэсэг дээр тавина. Мөн ууцны баруун доод талд хүзүү тавина. Ууцны зүүн доод талд сээр хонт шаант зэргийг байршуулна. Үе мах буюу ястай махыг байрлуулахдаа хонины хэвтэж буй байдлыг бодолцон шүүс идээг засдаг байна. Харин Цагаан сарын хүндтэй идээнд үхрийн өвчүүг хэрэглэх болсон нь хожуу үеийн заншил аж. Монголчууд өвчүүг “хатан хүний идээ” хэмээн ихэд хүндэтгэн үздэг бөгөөд идээг засахдаа өвчүүг дээш харуулан хонхор хэсгийг өвчүүний хэрсэн мах буюу хуйхтай махыг жижиглэн дүүргэж, хонины ууцтай адилтган үзэж буйн илэрхийлэл хэмээн үхрийн өвчүүг тонгорог харуулсан байдлаар засдаг байна. 

Цагаан сарын идээний үндсэн хэсэг болох тавгийн идээг төрийн зэрэг дэв, айл гэрийн эзний нас намбатай холбогдуулан жаргал зовлон ээлжлэх жам ёсыг бодож жаргалаар эхлээд жаргалаар дуусахын бэлгэдэл болгон гурав, тав, долоо, ес  гэх сондгой тоогоор үелж засдаг байна. Тухайлбал, эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурван үе, ач зээгээ үзсэн өрх таван үе, 80-аас дээш настантай айл таван үе, 100-с дээш настантай өрх болон төрийн ёслолын тавгийн идээг есөн үеэр засдаг уламжлалтай. Ийнхүү тавгийн идээг өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх бөгөөд Цагаан сарын идээнд ээзгийг оруулдаггүй нь ээзгийг ширгээж болгодогтой холбоотой ажээ.

Битүүлэг хагалах ёс

Монголчууд эртнээс цагаалгын идээ, битүүлгийн шүүс зоогийг засаж, бэлтгэсний дараа “битүү хагалах” ёс гүйцэтгэсээр иржээ. Ингэхдээ өрхийн тэргүүн гэрийнхээ баруун тотгонд мөс тавьж, сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээж, зүүн тотгонд өргөстэй харгана тавин муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай аж. Домогт өгүүлснээр Лхам бурхан битүүний өдөр айл бүрээр айлчилж, шинийн нэгний өдөр нэг нас өгдөг хэмээн үздэг байна. Лхам бурхны хөсгийг ундаалахаар тотгон дээрээ мөс тавьдаг нь ийм учиртай.

Бидний уламжлалт битүүлэх ёсон нийтлэлийн зураг

Ийнхүү битүү хагалахдаа үхэр, хонины дунд чөмгөний махыг бүх хүнд хувааж хүртээгээд, хонины толгойг заахдаа

“Буурал жил гарав аа

Буянтай жил оров оо

Цасан мөсөн хайлна аа

Цагаан идээнд цадна аа

Хөхөө шувуу донгодно оо

Хөх ногоо сэргэнэ ээ

Заараагүй юм заарна аа” хэмээн эрүү, толгой хоёрыг зааж, гал бурхандаа өргөж, гэрт байгаа бүх хүнд хувь хүртээж, чөмгийг ташиж битүү хагалдаг ёстой.

Ууц хөндөх ёс

Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөхдөө ууц сүүлний голд нэг, дараа нь олон ясны уулзвараас харцаганы хоёр зураа дагуу гурав, харцага талын ирмэгээс хоёр зүсэж, дээжсийг нэгтгэн галын бурханд хувь болон өргөнө. Үүний дараа бурхандаа дээж өргөн, гэрт байгаа хүмүүст хувь хүртээдэг заншилтай байна.

Битүүний өдрийн тоглоом, наадгай

Бидний уламжлалт битүүлэх ёсон нийтлэлийн зураг

Цайлж дуусаад, хуур хөгжмөө хөглөн ерөөл, магтаал хэлэх, үлгэр, тууль хайлах болон үндэсний тоглоом шагайгаар алаг мэлхий өрөх, шагай атгах, шүүрэх,  шагай таалцах, морь уралдах, хорол, шатар, даам тоглох зэргээр битүүлдэг.

Алаг мэлхий өрөх: Монголчууд битүүний үдэш хүүхэд багачуудтайгаа “Алаг мэлхий” өрж нааддаг бөгөөд энэ тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой. 92 эсвэл 108 шагайгаар алаг мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоёр, толгойг гурав, шилбийг дөрөв гэх мэт эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтайгаар өрж тоглодог байна.

Шагай таалцах: Хүн бүр ижил тоотой шагай хувааж авна. Өөрсдийн шагайнаас нэгэн хэсгийг нууцаар атгаж, тоглож байгаа хүмүүсийн шагайтай нийлүүлэн хэдэн шагай байгааг зөв таавал тэр шагайг авах замаар тоглоно. Шагайгүй болсон нь хожигдож, бүх шагайг цуглуулсан нь хожих болно.

Морь уралдуулах: Нэг буюу хэд хэдэн хүүхэд нийлж морь уралдуулах боломжтой. Тоглох хүүхдүүд морио зүсэлж, уях морь буюу шагайгаа тус тусынхаа уяанд уяцгаана. Үлдсэн шагайгаа морь болгон цуглуулж өрөх бөгөөд дөрвөн шагай орхиж, морь буух тоолонд уралдах замаар тоглоно.

Нэгэн бүтэн жилийн тойрог дүүрч, үртэй бүхэн жаргаж, үндэстэй бүхэн дэлгэрэх урин хавар айлчлан ирсний бэлгэдэл сар шинэдээ төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан, хотол олноороо сайхан шинэлээрэй!

 

 

Ашигласан эх сурвалж:

Д.Цэрэнсодном, Ардын зан үйл аж төрөх арга ухаан, УБ, 2022

Х.Ивансан, Х.Батмэнд, Тунамал оршихуй I: Монгол зан заншлын бичээс, УБ, 2022

Н.Нагаанбуу, нар, Монгол ёс заншил, утга бэлгэдэл, хорио цээр, УБ, 2015

 

Холбоотой нийтлэлүүд