Судалгаа: Дипломын ажил бичихэд заавал мэдэх ёстой зүйлс


Та “академик стресс” гэх ойлголтын талаар сонсож байсан уу? Эрдэмтэн судлаачид, Их, дээд сургуулийн оюутнуудын суралцах, судалгаа шинжилгээний үйл явцад тулгардаг бие махбодын хариу урвалыг академик стресс хэмээн нэрлэдэг. Тэр тусмаа төгсөх курсийн оюутнуудын хувьд дипломын ажлаа бичих явцдаа академик стресст түлхүү өртдөг бөгөөд “Би судалгааны ажлаа амжиж дуусгаж чадах болов уу? Би төгсөж чадах болов уу?” хэмээх айдастай нүүр тулдаг байна. Иймд энэ удаагийн нийтлэлээрээ энэхүү айдсыг хэрхэн даван туулж, судалгааны ажлаа цэгцтэй, үе шаттайгаар бичихэд тань туслах хэрэгтэй зөвлөгөөнүүдийг бэлтгэн хүргэж байна.
Анхны судалгааны ажлаа бичиж буй хүнд судалгаа шинжилгээний ертөнц гэдэг нэн соньхон. Судалгааны сэдвээ хэрхэн сонгож, оновчтой томьёолох, судалгааны арга зүйгээ хэрхэн боловсруулах, эх сурвалжуудад дүн шинжилгээ хийн, нэгтгэн дүгнэх, судалгааны үр дүнд хэрхэн шинэ санал дэвшүүлэх зэрэг эдгээр ойлголтыг оюутан судлаачид маань А-Я хүртэл анхан шатнаас нь таньж мэддэг шүү дээ. Энэхүү үйл явц нь зарим талаараа сэтгэл зүйн хувьд дарамт болон мэдрэгддэг бөгөөд стресст өртөх, цаашлаад урам зориг, эрч хүчийг бууруулж, бодох, төвлөрөх, ирээдүйн карьераа төлөвлөх зэрэг чадварт сөрөг нөлөө үзүүлдэг байна. Оюутнууд хэт их буюу сөрөг стресс мэдрэх үед эрүүл мэнд, сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлж, ядрах, хоолны дуршил буурах, толгой өвдөх, ходоодны хямрал зэрэг үүсдэг аж.
Кейс: “Хэрвээ би төгсөж чадахгүй бол” гэх айдастай болсон

“Дипломын ажлыг амархнаар төсөөлж, урам зоригтойгоор судалгааны ажлаа эхлүүлсэн юм. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам өөртөө итгэлгүй болж, судалгаагаа бичиж чадах эсэх дээр хүртэл эргэлзэх боллоо. Яг яаж эхлэхээ мэдэхгүй, эх сурвалж, ашиглах материалаа хайж явсаар нэлээд цаг алдсан. Түүний дараа өөрийн санааг цэгцтэй илэрхийлэхийн тулд бичсэн өгүүлбэр бүрээ зассаар, сүүлдээ бичих ч хүсэлгүй болж байх шиг байна. Учир нь сүүлийн хоёр долоо хоног судалгааны ажлаа нээж ч хараагүй бас удирдагч багштайгаа уулзаагүй. Хэсэгтээ дипломын тухай бодохгүй байя гэж хичээсэн ч санаа зовоод “Хэрвээ би төгсөж чадахгүй бол…” гэх айдастай шөнө унтаж чадахгүй болсон. Энэ үед яг яавал дээр болохыг үнэхээр хэлж мэдэхгүй байна.”
/МУИС-ийн дөрөвдүгээр түвшний оюутан/
“Судлаач хүнд заавал давах ёстой даваа, зарцуулах ёстой цаг хугацаа гэж бий”
Академик салбарынхан “Хүн хэзээ ч юмыг санаандгүйгээр сурдаггүй. Аливааг сурахын тулд тэмүүлж, хичээнгүйлэх ёстой” хэмээх Абигайл Адамсын хэлсэн үгтэй санал нийлэх болов уу. Судалгаа шинжилгээ, суралцах үйл явц өөрөө тасралтгүй хүчин чармайлт шаарддаг. Харин энэ явцад тулгардаг саад бэрхшээл болон тэдгээрийг хэрхэн даван туулах талаар Шихихутуг Их сургуулийн Харьцуулсан эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн доктор Б.Мөнх-Эрдэнэ өөрийн үнэ цэнтэй туршлага, зөвлөгөөг бидэнтэй хуваалцсан юм.

“Судлаач хүн гэдэг хүн бүрийн уншсан зүйлийг уншаад хэний ч олж хараагүй, бодоогүй зүйлийг бодож олох чадвартай хүн гэж би боддог. Энэ бол судлаач хүний хамгийн чухал ур чадвар мөн. Харин эрдэм шинжилгээний илтгэл, дипломын ажлаа бичиж байгаа судлаач оюутнуудын хувьд чиглүүлэгч буюу удирдагч багш чухал үүрэгтэй. Удирдагч багшийн заавар, зөвлөгөөгүйгээр тухайн судалгааг амжилттай хийх боломж хомс гэж бодож байна. Учир нь багш тухайн хүүхдэд сэдвийн томьёолол гаргахад тусална. Сэдвийн томьёолол буюу тухайн сэдвийг хэрхэн, яаж тодорхойлсноос шалтгаалж сэдвийн агуулга гарч ирдэг. Өөрөөр хэлбэл, удирдагч багш гэдэг оюутнуудын хувьд маш том хөтөч байх ёстой. Иймд эрдэм шинжилгээний ажил, диплом бичиж байгаа оюутнуудын хувьд хамгийн чухал нь биеэ даах гэхээсээ илүүтэйгээр удирдагч багштайгаа хамтарч ажиллаж, өөрийн судалгааны төлөвлөгөөг боловсруулж сурах шаардлагатай. Багш, оюутан хоёр олон талаас асуудлыг тооцоолон “анх удаагаа судалгааны ажил бичиж байгаа” гэдгээ мэдэрч, ойлголцолд хүрэх нь эргээд судалгааны ажлыг сайн болоход голлох нөлөөлөл үзүүлдэг.
Сэдэв болгон өөрийн гэсэн судалгааны арга зүй шаарддаг. Гэсэн хэдий ч судлаач хүн тэрхүү арга зүй болгон дээр өөрийн гэсэн онцлогоо харуулах боломжтой. Иймд судлаач хүнд заавал давах ёстой даваа, зарцуулах ёстой цаг хугацаа гэж бий. Тэрхүү зарцуулах ёстой зүйлсээ зарцуулж, даваагаа даваагүй байж “Би судалгаа хийж чадахгүй байна” гэдэг ч юм уу, аль эсвэл “Судалгаа хийх амархан юм байна” гэж эрт өөрийгөө дүгнэж болохгүй болов уу. Тэвчээртэйгээр урагшлах боломжийг өөртөө бүрдүүлж байж, түүний цаана судалгааны арга зүйг эзэмшиж, судлаачийн ур чадварт суралцаж эхэлнэ. Ямар ч сайн судлаач шинэ сэдэв, шинэ судалгааны өмнө шинэ суралцагч л байдаг.
Оюутнуудын маань хувьд судалгааны ажил хийхдээ “Тэгж байгаад болчихно доо” л гэж боддог юм шиг байгаа юм. Гэтэл тийм зүйл огт байхгүй шүү дээ. Судалгааны ажил гэдэг тодорхой системтэйгээр, өдөр бүр тогтмол хугацааг зарцуулж байж үр дүн нь гардаг хүнд оюуны хөдөлмөр төдийгүй бас сурч мэдэхийн жаргалыг амтлуулдаг сайхан ажил. Дор хаяж судалгааны ажлаа хураалгахаас сарын өмнө өдөр тутмын бичилт рүү орсон байх хэрэгтэй. Тэгж байж урд шөнө нь сууж, нойргүй хонохгүйгээр чанартай судалгаа гарна. Хүнд бичилтийн амьсгал гэж бий. Өөрт тухтай орчноо бүрдүүлээд өдөр бүр бичээд байвал бичилтийн нэг амьсгал, нэг долгион үргэлжилнэ гэсэн үг. Дунд нь завсар аваад л, долгион үүсгээд ирэхээр өнөөх судалгаанаасаа хөндийрөөд тэс өөр хөндий мэдрэмж төрнө. Иймд урьдчилсан байдлаар бичиж дуусах хүртлээ өдөр болгон довтлох хэрэгтэй.
Энэхүү нийтлэлийг уншаад оюутан залуучууд маань судалгааны талаарх ерөнхий баримжаа, явах замынхаа маршрутыг л харах боломжтой. Харин зам дээрээ шууд л гараад явчихна гэж байхгүй. Яагаад гэвэл судалгааны ажлын тэр зам дээр явж, тэр замыг бүтээх хүн нь өөрөө учраас. Судалгааны ажлыг өөрөө л хийдэг. Хэчнээн туршлагатай удирдагч багштай хамтраад, олон эх сурвалж, материалууд байгаад тэр хүн өөрөө л хийхгүй бол хэзээ ч ард нь гарна гэж байхгүй. Судалгааны ажил гэдэг бол нэг ёсондоо өөрөө өөртэйгөө тулж байгаа л ажил байхгүй юу. Тийм ч учраас судалгааны ажил, бичгийн ажил гэдэг бол ганцаардалтай хамт байдаг зүйл. Ганцаараа байж чаддаг хүний ажил. Иймд оюутнууддаа хандан судалгааны ажлаа амжилттай бичихэд нь тусалж магадгүй хэмээн дараах зүйлсийг зөвлөхөөр байна.
Нэгдүгээрт, зорилготой байгаарай. Өмнөө тавьсан зорилготой хүн судалгаа хийгээд үзэхээрээ ахуйн зүйлсээс ангижирч эхэлдэг. Нийгмийн болоод тухайн судалж буй судалгааны сэдвийнхээ хүрээнд асуудлыг том зургаар нь объектив харж сурдаг. Алсуураа юманд ул суурьтай хандаж эхэлдэг. Аливааг том зургаар харна гэдэг давчдахгүй байх, сандрахгүй байх нөгөөтээгүүр өөртөө итгэлтэй байх боломж.
Хоёрдугаарт, маш сониуч байгаарай. Аливааг сонирхож, яагаад гэх асуулт тавьдаг хүн л юм судалдаг. Тиймээс сониуч байх хэрэгтэй. Энэ нь нэг талаараа байнгын шинийг сурах хүсэл эрмэлзэлтэй байна гэсэн үг.
Гуравдугаарт, унших дадалд суралцаарай. Унших дадал бол судлаач хүний хувьд хамгийн чухал. Сайн уншиж байж л сайн бичнэ. Тухайн хүний бичгийн найруулга хэр сайн уншигч гэдгээр хэмжигдэнэ. Ном унших, өөрийгөө мэдлэгээр цэнэглэхийн цаана ухаан улам хурцлагдаж, аливааг илүү олон өнцгөөс хардаг болдог. Объектив байна гэдэг бол асуудлыг олон талаас нь харж, туйлшралаас ангид байхын нэр юм.
Дөрөвдүгээрт, тууштай байгаарай. Оюутнуудын маань хувьд дутагдалтай тал нь судалгааны ажлаа хэт тулгаж хийдэг. Эсвэл амархан шантардаг. Судалгааны ажил хийх үйл явц өөрөө тогтмол цаг хугацаа шаарддаг учраас амархан няцах гээд байдаг тал анзаарагддаг. “Би чадахгүй юм байна. Яасан хэцүү юм бэ” гээд л… Хэцүү биш болгохын тулд тууштай байх, үргэлж оролдох хэрэгтэй. “Оролдлого сайт оройд нь” гэж үг бий.
Сорилт бэрхшээлүүд ба тэдгээрийг шийдвэрлэх аргууд

Оюутнууд судалгааны ажил бичихдээ олон шалтгааны улмаас бэрхшээлтэй тулгардаг. Хамгийн түгээмэл шалтгаанууд:
- Академик бичлэгийн туршлага дутмаг байх
- Хугацаанд нь амжихгүй байх, цагийн менежментгүй байдал
- Багш нарын хүлээлт тодорхой бус байх
- Хэцүү ойлголтуудыг задлан шинжлэхэд хүндрэлтэй байх
- Найдвартай эх сурвалж олоход хүндрэлтэй байх зэргийг дурдаж болно. Хамгийн эхэнд эдгээр асуудлыг хүлээн зөвшөөрч, шийдвэрлэх арга замуудыг судлах нь нэн чухал юм.
Бэрхшээл 1: Судалгааны сэдэв сонгох
Сонирхолтой бөгөөд ач холбогдолтой сэдэв сонгох нь тийм ч амар биш. Хэт өргөн эсвэл хэт явцуу сэдэв сонговол судалгааны явц удааширч, гацах эрсдэлтэй. Иймд багш нараасаа зөвлөгөө авч, санаагаа тодорхой болгох, судалгааны чиглэлтэй холбоотой сүүлийн үеийн чиг хандлагуудыг судлах, өөрийн сонирхол, ирээдүйн зорилготой уялдсан сэдэв сонгох.
Бэрхшээл 2: Онолын нэр томьёо, хэцүү ойлголтыг ойлгох
Судалгааны явцад гарч ирсэн шинэ, нарийн төвөгтэй онолууд, ойлголтууд нь судалгааны явцыг удаашруулж, төвөгтэй санагдаж болзошгүй. Иймд академик форум, цахим эх сурвалж, видео хичээлүүдийг ашиглах, багш, найз нөхөдтэйгөө ярилцаж, ойлголтоо сайжруулах, судлагдахуунтай холбоотой үндсэн ойлголтуудыг энгийнээр задлан шинжлэх.
Бэрхшээл 3: Найдвартай эх сурвалж олох
Шинжлэх ухааны үндэслэлтэй, найдвартай эх сурвалжийг энгийн эх сурвалжаас ялгах нь амаргүй байдаг. Иймд Google Scholar, JSTOR, PubMed зэрэг найдвартай мэдээллийн сангуудыг ашиглах, зохиогчийн боловсрол, хэвлэлийн шаардлагуудыг шалгах, их сургуулийн номын сангийн нөөц бололцоог ашиглах.
Бэрхшээл 4: Судалгааны ажлын бүтэц гаргах
Судалгаагаа хэрхэн бүтэцлэж, уншигчдад ойлгомжтой байдлаар илэрхийлэх нь судлаач оюутнуудын хувьд амаргүй даваа мэт санагдах нь бий. Иймд нарийвчилсан төлөвлөгөө гаргах, судалгааны ажлын үндсэн бүтэц (оршил, арга зүй, үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт)-ийг дагаж мөрдөх.
Бэрхшээл 5: Академик бичлэгийн хэв маягт дасах
Формаль, шинжлэх ухааны бичлэгийн хэв маягт дасан зохицох нь эхлэн суралцагчдад төвөгтэй байдаг. Иймд сайн бичигдсэн судалгааны ажлууд уншиж хэв маягийг судлах, багш, болон туршлагатай судлаачдаас бичих ур чадварын зөвлөгөө авах.
Бэрхшээл 6: Эшлэл, зүүлт зөв хийх
APA, MLA гэх мэт форматын шаардлагуудыг хангах нь заримдаа төвөгтэй байдаг шүү дээ. Иймд алдаа гаргахгүйн тулд форматын гарын авлагатай танилцах хэрэгтэй.
Бэрхшээл 7: Оюуны өмчийн хулгайгаас зайлсхийх
Эх сурвалжийг зөвшөөрөлгүй хуулбарлах нь оюутнуудын нийтлэг гаргадаг алдаа юм. Иймд зөв иш татах, эшлэл ашиглах аргуудыг судлах, плагиатын программ ашиглаж өөрийн ажлыг шалгах.
Бэрхшээл 8: Засварлах, хянан найруулах
Үг үсгийн алдаа нь ажлын чанарыг бууруулдаг. Иймд бичсэн ажлаа хэд хэдэн удаа унших, чангаар уншиж алдаа засах, https://spellcheck.gov.mn/, https://spellcheck.mn/ зэрэг цахим алдаа шалгагч ашиглах.
Бэрхшээл 9: Цагийн менежмент
Судалгаа, бичвэрийн ажлыг хэтэрхий хойш тавьснаар хугацаанд нь амжихгүй болох эрсдэлтэй. Иймд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэсэгчилсэн зорилтууд тавих, даалгавраа жижиг хэсгүүдэд хувааж, хугацаа тохируулж гүйцэтгэх.
Бэрхшээл 10: Урам зоригтой байх
Урт хугацааны бичих үйл явц нь залхуурал, урам хугаралд хүргэж болзошгүй байдаг. Иймд зорилгодоо хүрсний дараа өөрийгөө урамшуулах, богино хугацааны завсарлага авч, эрч хүчээ сэлбэх гэх мэт олон аргуудыг туршиж үзээрэй.
Эцэст нь хэлэхэд, судалгааны ажил бичих үйл явц нарийн төвөгтэй мэт санагдаж болох ч зөв арга барил, тууштай хичээл зүтгэл, чиглүүлэгч багшийн тусламжтайгаар чи бүхнийг даван туулах болно! Хэцүү байна гээд ганцаараа зовохгүйгээр хэн нэгнээс тусламж хүсэхдээ бүү санаа зовоорой. Одоо чамд төрж байгаа сөрөг мэдрэмжүүд бол түр зуурынх гэдгийг санах нь чухал. Хэцүү, шантармаар санагдаж буй өдөр хоногуудын ард “амьдрал” хэмээх их далай биднийг хүлээж байгаа гэдгийг санаарай. Чи ганцаараа биш шүү. Амжилт хүсье!