“Музейн нээлттэй өдрүүд 2026” арга хэмжээний хүрээнд 185,990 иргэн үйлчлүүлжээ


Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ энэ сарын 1-нээс 7-ны өдрүүдэд улс орон даяар болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчилсэн байна. Нэгдсэн дүнгээр нийт 185,990 иргэн музейн үзвэр, үйлчилгээ болон соён гэгээрүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдсан байна.
Үзэгчдийн бүтцийг ангилан үзвэл, нийт хүрэлцэн ирэгсдийн дийлэнх хэсгийг буюу 77,850-ийг хүүхэд багачууд, 31,186-г оюутан залуус эзэлж байгаа юм. Мөн 59,673 насанд хүрэгчид, 9,778 ахмад настан болон 1,700 хөгжлийн бэрхшээлтэй иргэн музейн үзмэрүүдтэй танилцсан байна. Үүнээс гадна тухайн өдрүүдэд музейгээр үйлчлүүлсэн иргэдийн дунд 2,371 гадаадын жуулчин бүртгэгдсэн нь соёлын аялал жуулчлалын нэгэн хэсэг болсныг илтгэж байгаа аж.
Арга хэмжээний үеэр музейнүүд байнгын үзүүллэгээс гадна түүхэн хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх тусгай үзэсгэлэн, лекц, уулзалт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан байна. Ялангуяа гэр бүл, хүүхэд залууст зориулсан боловсролын оролцоот хөтөлбөрүүд болон музейн тайлбарлагчтай аялал зэрэг соёлын үнэт дурсгалт зүйлийг таниулан сурталчлахад чиглэсэн олон талт үйл ажиллагаанууд өрнөсөн байна. Ийнхүү долоо хоногийн турш үргэлжилсэн нээлттэй өдрүүд нь иргэдэд үндэсний түүх, соёлын өвөө үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжийг олгосноороо онцлог байлаа.
Эх сурвалж: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Сэтгэгдэл