Шатрын спортын жендерийн тэгш байдлын индексээр Монгол Улс тэргүүллээ

2026.03.132 минут унших
Шатрын спортын жендерийн тэгш байдлын индексээр Монгол Улс тэргүүллээ - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Шатрын спорт дахь эмэгтэй, эрэгтэй тоглогчдын оролцооны тэгш байдлыг хэмжих зорилгоор Олон улсын шатрын холбооноос гаргадаг Gender Equality in Chess Index (GECI) буюу “Шатрын спортын жендерийн тэгш байдлын индекс”-ийн тайланг Монгол Улс тэргүүлжээ. Тус тайланг анх 2023 онд танилцуулж байсан бөгөөд тухайн үед манай улс 86.53 оноотой тэргүүлж байсан бол энэ онд 89.26 оноотойгоор хүснэгтийг дахин тэргүүлсэн байна.

Олон улсын шатрын холбоо (FIDE)-нд бүртгэлтэй Монгол шатарчдын шатарчдын ойролцоогоор 38% нь эмэгтэйчүүд байгаа нь дэлхийн дундаж буюу ойролцоогоор 16%-тай харьцуулахад  өндөр үзүүлэлт болох ажээ. Манай улсын дараа хоёрдугаар байранд Шри-Ланка улс 86.99 оноотойгоор бичигдэж, гуравдугаарт Уганда улс 84.62 оноотойгоор жагссан байна. Тус индекс нь дэлхийн шатрын холбоодын жендерийн тэгш байдлын түвшинг оролцоо (participation), амжилт (performance), ахиц (progress) гэсэн гурван үндсэн үзүүлэлтийг харгалзан 0-100 хүртэлх оноогоор үнэлдэг юм байна.

GECI тайланд анх 2023 онд олон улсын 105 шатрын холбоо хамрагдаж байсан бол энэ жил нийт 119 орны шатрын холбоо хамрагдсан гэх өссөн үзүүлэлт гарсан байна. Энэ өсөлт нь улс орнууд, шатрын холбоод олон улсын өсвөрийн тэмцээнүүдээс эхлээд дэлхийн аварга хүртэлх бүх шатны тэмцээнд илүү идэвхтэй оролцох болсныг харуулж байгаа ажээ. 

Мөн энэ жилийн жагсаалтын хамгийн анхаарал татсан өөрчлөлт бол Арабын Нэгдсэн Эмират Улс 77 дугаар байраас дөрөвдүгээр байр руу буюу нийт 73 байр урагшилж, GECI индексийн оноогоо 30.79 оноогоор нэмэгдүүлсэн явдал болсон аж. Энэхүү өсөлтөд өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож буй охидын хувь 12.5%-иас 43.7% хүртэл нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлсэн хэмээн Олон улсын шатрын холбоо онцолсон байна.

Эх сурвалж: International Chess Federation

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Шатрын спортын жендерийн тэгш байдлын индексээр... | Posted