Г.Очбаяр: Түүхэн барилга байгууламжаа нураах нь хотын ой санамжийг устгаж буй хэрэг


Posted.mn сайтын редакцаас салбар бүрийн мэргэжилтнүүдийг урьж, нийгэмд тулгамдаж буй асуудлуудын гарц, шийдлийг эрэлхийлдэг “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаарт бид Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярыг урьж оролцууллаа. Бидний энэ удаагийн ярилцлага Улаанбаатар хотын үүсэл хөгжил, орон зайн бүтэц дэх нүүдэлчин сэтгэлгээний нөлөө болон түүхэн дурсгалт барилга байгууламжийг хадгалж үлдэх нь хотын ирээдүйн хөгжилд ямар амин чухал ач холбогдолтой вэ гэдэг асуудлын хүрээнд өрнөсөн юм.
Улаанбаатар хот Өндөр гэгээн Занабазарын орд өргөө, сүм хийдийг түшиглэн, худалдаа арилжааны зангилаа дээр өөрийн жамаар өргөжин тэлж, органик хөгжлөөр бий болсон түүхтэй. Хотын хөгжлийг байшин барилга төдийхнөөр үл хязгаарлан, дотор нь амьдарч буй хүмүүсийн түүх, соёлын нэгдмэл орчин гэж харах үзэл баримтлалыг судлаач Г.Очбаяр энэхүү ярилцлагадаа тодорхойлсон юм.
Улаанбаатар хот үүссэн түүхэн нөхцөл, онцлог

Монголчуудын сүүлийн 300 жилд байгуулсан хамгийн том суурин газар бол Улаанбаатар хот. Хот үүсэх анхны шалтгаан нь буддын шашны сүм хийд, Өндөр гэгээн Занабазарын орд өргөөтэй шууд холбогддог. Улмаар үе үеийн Богд нарын суурин болон нүүдлийн онцлогийг хослуулсан орд өргөөг түшиглэн 18-р зууны эхэн үед анхны худалдааны харилцаа үүссэн байдаг. Хүрээ нь Манж Чин улс болон Хаант Оросыг холбосон худалдааны зам дагуу нүүдэллэдэг байсан нь олон талын оролцогчдыг холбосон логистикийн томоохон төв, хүн амын төвлөрөл бүхий зах зээл бий болоход нөлөөлсөн юм.
Ийнхүү 1700-аад оны дунд үе гэхэд Хүрээ шашны оюун санааны төв төдийгүй эдийн засгийн бие даасан чадамжтай Монголын хамгийн том хот болон төлөвшсөн байдаг. Тиймээс Улаанбаатар хот хэн нэгэн төлөвлөгч, архитектор эсвэл инженерийн шийдвэрээр бус, түүхэн цаг үеийн шаардлага, газар зүйн байршлын давуу тал болон өөрөө өөрийгөө тэтгэх эдийн засгийн жамаар үүссэн органик суурин юм.
Орон зайн бүтэц ба нүүдэлчдийн сэтгэлгээ
Хотжилтын үйл явцад 18-р зуунд “хашаа” үүссэн нь орон зайн бүтцийн хамгийн онцгой өөрчлөлт. Хүрээнд хүн амын төвлөрөл нэмэгдэж, олон нийтийн орон зай тэлэхийн хэрээр өмч болон эзэмшил газраа зааглах хэрэгцээ гарч, энэ нь гудамж төлөвлөлтийг аяндаа бий болгосон юм. 19-р зууны эхэн үе гэхэд “гэр, байшин, хашаа, гудамж” гэсэн өнөөгийн гэр хорооллын суурь бүтэц бүрэн бүрэлдэж, нүүдэлчин сэтгэлгээ суурин соёлтой нэгдсэн өвөрмөц дүр төрхийг бүрдүүлсэн байдаг.

Улаанбаатар хотын гудамжнууд голчлон хэвтээ тэнхлэгийн дагуу буюу баруунаас зүүн тийш чиглэлтэй байдаг нь монголчуудын гэрийн хаалга урагш харах ёстой гэх хэдэн мянган жилийн уламжлалт сэтгэлгээтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, гэрийн хаалга урд зүг рүү харах нь хашааны хаалганы байрлал, цаашлаад хөрш айлуудын байршил, гудамжны чиглэлийг автоматаар тодорхойлсон байдаг. Өнөөгийн нийслэлийн гэр хорооллын орон зайн энэхүү загвар нь Монгол орны бусад аймаг, сумдын суурин газрын бүтцийг ойлгох, шийдвэрлэх гол түлхүүр юм.
Дэлхийн томоохон хотууд өөрийн философи, ахуй соёлоос урган гарч төлөвшдөг жишгээр Улаанбаатарын энэхүү органик бүтэц нь нүүдэлчин сэтгэлгээ суурин соёлтой хэрхэн хөл нийлүүлсний илрэл юм. Энэхүү суурьшлын хэв шинж нь архитектурын хэлбэрт шилжихдээ нүүдлийн болон суурин соёлын онцлогийг нэг дор цогцлоосон, бидний түүхэн ой санамж болох дахин давтагдашгүй өвүүдийг бүтээжээ.
Хотын ой санамжийг тээгч дахин давтагдашгүй өвүүд

1778 онд Хүрээ суурьшсанаар нүүдлийн болон суурин архитектурын өвөрмөц хослол бий болсон. Жишээлбэл, Дамбадаржаа хийд нь суурин хэв шинжийг илэрхийлдэг бол Дашчойлин хийдийн гэр дуганууд нь нүүдэлчин архитектурын хосгүй өв юм. Урьд нь 30 аймгийн 30 гэр дуган байснаас өнөөдөр ердөө гурав нь үлдэж хоцорчээ. Эдгээр нь модон хийцтэй, угсарч буулгах боломжтой, нүүдэлчин ахуйд бүрэн зохицсон шийдэлтэй байв. Мөн Гандантэгчинлэн хийдийн Батцагаан цогчин дуган болон Гүнгаачойлин, Дашчоймбол дацангууд нь нүүдлийн архитектурын хэлбэрийг суурин хэв шинжид чадварлаг шилжүүлсэн түүхэн жишээ юм.
Энэхүү өв уламжлал бол бидний хотын ой санамж. Дэлхийн томоохон хотууд өөрийн гэсэн онцлогоо хадгалж, түүхэн ой санамжаа орчин үеийн архитектурт хувирган буулгаж хөгждөг. Гэтэл бид өв уламжлалаа танин мэдэх, орчин үеийн шийдэлд хөрвүүлэх тал дээр хойрго хандаж байна. Үндэсний онцлог, монгол хүний оюун санааг шингээсэн архитектурын бүтээлүүд дутагдаж, гаднын бэлэн хуулбарыг “хөгжил” хэмээн эндүүрэх хандлага давамгайлж байгаа нь дэлхийн архитектурын чиг хандлагаас хоцроход хүргэж байна.
Олон нийтийн барилга байгууламжийн эхлэл
Хүрээ соёл, шашны уламжлалт дэг жаяг дээр тогтож байсан Улаанбаатар хот 20 дугаар зууны эхээр хөгжлийнхөө түүхэн шинэ хуудсыг нээсэн юм. Үндэсний эрх чөлөөгөө сэргээн тогтоож, ардчилсан хувьсгалтай золгосон он жилүүд нийслэлийн архитектурын түүхэнд шинэ өнгө төрх нэмээд зогсохгүй, хотыг нэгдсэн бодлоготой, эзэнтэй, алсын хараатай төлөвлөлттэй болгожээ. Архитектурын энэхүү шинэ давлагаа хотыг хэрхэн "модерн" хэв маягт оруулж, өнөөгийн бидний мэдэх нийслэлийн суурь өв болон үлдсэн түүхэн түүчээг ийнхүү үргэлжлүүлье.

1911 онд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богд хаант Монгол Улсын засгийн газраас олон нийтэд зориулсан захиргааны барилга байгууламжуудыг барьж эхэлсэн түүхтэй. Анхны таван яам болон Улсын дээд хурлын барилгууд нь төрийн институцийг төлөвшүүлэх зорилготой олон нийтийн шинжтэй анхны архитектурын шийдлүүд байв. Үүнээс өмнө сүм хийдүүд олон нийтийн шүтлэг бишрэлийн орон зай болдог байсан ч тэдгээр нь шашны байгууллагын өмчлөлд байсан бол, 1921 оны ардчилсан хувьсгалаас хойш төрөөс ард иргэдийг гэгээрүүлэх, эрүүл мэндийг хамгаалах бодлогын хүрээнд эмнэлэг, сургууль, театрын барилгуудыг системтэйгээр төлөвлөн барьж эхэлсэн юм.
1920-иод оны сүүл үед Ленин клуб (1929), одоогийн Галерей Улаанбаатар буюу Хэвлэх үйлдвэр (1929), МУБИС (1929) зэрэг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн барилгууд ашиглалтад орсон. Ийнхүү 1930-аад оны дунд үеэс Улаанбаатар хотын төв хэсгийг цогцоор төлөвлөх ерөнхий төлөвлөгөөнүүд батлагдаж, уламжлалт хотын дүр төрхөөс орчин үеийн архитектурын хэв маяг руу шилжих суурь тавигдсан байдаг.
Шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийг эхлүүлсэн 100 жил

1924 онд Улаанбаатар хотын захиргаа байгуулагдсанаар хот “эзэнтэй” болж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжих эргэлтийн цэг болсон. Хотын засаг захиргааны бүтцийг шинэчилж, хороодын зохион байгуулалтыг орчин үеийн хэлбэрт шилжүүлснээр тохижилт, ариун цэвэр, төлөвлөлтийн ажлууд эрчимжсэн юм. Тухайн үеийн хотын захиргаа маш богино хугацаанд гудамж талбайг тэгшлэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих зэрэг хотыг орчин үеийн болгох суурь ажлуудыг эхлүүлсэн түүхтэй.
Энэ жил манай улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Тухайлбал, 1926 онд “Барилгын хоршоо” байгуулагдсан нь Монгол Улсад орчин цагийн барилгын салбар, институц үүссэн хэрэг байв. Энэхүү түүхэн явдал нь барилгын салбарт шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж, зураг төсөл, төлөвлөлтийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж эхэлсний 100 жилийн ой юм. Ингэснээр барилгын байршил, зориулалт, сургууль, эмнэлэг, үйлдвэрийн бүсчлэлийг нэгдсэн төлөвлөгөөгөөр шийдвэрлэх суурь тавигдсан. Хот төлөвлөлт, архитектур, инженерийн нэгдмэл шинжлэх ухаан бий болсноор Улаанбаатар хот уламжлалт хэв шинжээс орчин үеийн орон зайн зохион байгуулалтад шилжсэн хэрэг.
Неоклассик урсгал ба хотын харааны соёлд нэвтэрсэн гоо зүй
Хотын төв хэсгийг чимдэг неоклассик үеийн барилгууд болон тэдгээрийн ансамбль зохиомж нь Улаанбаатар хотын архитектурын салшгүй нэг хэсэг юм. Тэгвэл энэхүү түүхэн өв, нэгдмэл цогцолбор төлөвлөлтийн цаад утга бэлгэдэл болон бидний архитектурын ой санамжид гүйцэтгэх үүргийн талаар судлаач Г.Очбаярын байр суурийг тодрууллаа.

1940-өөд оноос эхлэн Улаанбаатар хотод Зөвлөлтийн нөлөөгөөр неоклассик буюу Сталины архитектурын урсгал хүчтэй орж ирсэн. Энэ үед барилга байгууламжийг дангаар нь бус, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнтэй нь уялдуулан ансамбль буюу нэгдмэл цогцолбор хэлбэрээр төлөвлөж эхэлсэн нь хотын хамгийн үзэсгэлэнтэй өнгө төрхийг бүрдүүлсэн юм. Тухайн үеийн бодлогоор хотын төвд барилгын өндрийг 4 давхраас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон нь иргэдийн харааны тав тухыг хангаж, Богд хан уулыг нэвт харах байгаль-экологийн зохицлыг бий болгосон байдаг. Энэхүү түүхэн ансамблийг бүрдүүлдэг, бидний архитектурын ой санамж болсон үндсэн 12 барилга болон түүнийг хүрээлэх байгууламжуудыг дурдвал:
- Сүхбаатарын талбай орчим: Төрийн ордон, Дуурь бүжгийн эрдмийн театр, Гадаад харилцааны яам, Хөрөнгийн бирж (Хуучнаар Элдэв-Очирын нэрэмжит кино театр), Төв шуудангийн барилга болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байр (Хуучнаар "Алтай" зочид буудал).
- Бага тойруу орчим: МУИС-ийн 1-р байр, Үндэсний номын сан, Улсын Драмын эрдмийн театр (Хуучнаар Залуучуудын театр), Байгалийн түүхийн музейн барилга (Харамсалтай нь нураагдсан), түүний зүүн талд байрлах Төрийн ордны арын арктай орон сууцууд (1964, 1972 онд ашиглалтад орсон).
- Түүхэн бусад байгууламжууд: Бага тойруугийн хойд хэсэгт орших Хүүхдийн урлан бүтээх төв, Нэгдүгээр сургуулийн зүүн талд байх 30-р байр буюу Х.Чойбалсангийн өвлийн ордон, Сэлбэ гол дагуух Санхүү эдийн засгийн их сургуулийн хичээлийн байр, Удирдлагын академийн цогцолбор зэргийг дурдаж болно.

Эдгээр барилгууд нь "үндэсний хэлбэртэй, социалист агуулгатай" байх бодлогын хүрээнд неоклассик урсгалыг монгол ахуй, бэлгэдэлтэй чадварлаг хослуулсан байдаг. Үүний хамгийн тод жишээ нь Улсын Драмын эрдмийн театрын барилга (1960) юм. Уг барилгын фасад дахь 32 баганын найм нь "Монголын нууц товчоо"-нд гардаг Чингис хааны найман шарга морийг бэлгэдсэн бөгөөд нийт 90 орчим морины толгойн дүрслэлээр чимэглэгдсэн нь дэлхийн архитектурын түүхэнд цор ганц жишээ болдог.
Ийм нэгдмэл зохиомжтой орон зайг өнөөдөр өндөр барилгаар "мэрж", нэгдмэл байдлыг нь алдагдуулж байгаа нь бидний архитектурын үнэ цэнтэй ой санамжийг үгүй хийж буй хэрэг. Эдгээр барилгууд болон тэдгээрийг хүрээлсэн орон зай бол Улаанбаатар хотын соёлын дархлаа, бидний хайрлан хамгаалах ёстой түүхэн өв юм.
Модернизм монгол хүнийг орчин үеийн амьдралд хөтөлсөн нь

Хотын төв хэсгийг чимдэг неоклассик үеийн барилгуудын дараа архитектурын дараагийн томоохон давлагаа нь модернизм байв. Модерн урсгал хүчтэй нэвтэрснээр хотын өнгө төрх шинэчлэгдэж, масс орон сууцны төлөвлөлтүүд иргэдийн амьдрах орчинд суурь өөрчлөлт авчирчээ. Архитектурын энэхүү шинэ давлагаа хэрхэн эхэлж, монгол хүнийг орчин үеийн амьдралд хөтөлсөн талаар үргэлжлүүлэн хүргэе.
Ингээд 1950-иад оны дунд үеэс Монголын архитектурт модернизмын хэв маяг нэвтэрч эхэлсэн бөгөөд 1961 онд ашиглалтад орсон дараах гурван гол барилга энэ үеийг зарласан байдаг. Тухайлбал:
- Улаанбаатар зочид буудал (1961): Монголын анхны архитектор Б.Чимидийн бүтээл. Шинэлэг шийдлээрээ шагнал хүртэж байсан, Монголын модернизмын анхны томоохон барилга.
- Урт цагаан (1961): Монголын хоёр дахь архитектор А.Дамбийнямын барилга. Өнөөдөр бид энэ барилгын цаад агуулга, үнэ цэнийг ойлгохгүйгээр, зөвхөн гадна үзэмжээр нь дүгнэж нураасан нь хотоо таньж мэдэхгүй байгаагийн илрэл юм.
- Улсын их дэлгүүр (1961): Хятад архитектор Де Гэ Шүний бүтээл. Бээжин хотын Ванфужингийн гудамжинд яг ийм загварын барилга байдаг.
Ийнхүү модерн урсгал орж ирснээр масс орон сууцны хорооллуудыг барьж эхэлсэн. 1958-1960 онд баригдсан "Нэгдүгээр 40 мянгат" бол Монголын анхны орон сууцны хороолол юм. Энэ нь монголчууд халуун, хүйтэн ус, төвлөрсөн халаалт инженерийн дэд бүтэц бүхий шинэ орчинд амьдарч, ус зөөх шаардлагагүй орчин үеийн амьдралын хэв маягт шилжсэн түүхэн эргэлт болсон байдаг.

Социализмын үеийн хорооллын төлөвлөлт нь бие даасан бүтэцтэй бөгөөд орон сууцны хажууд сургууль, цэцэрлэг, дэлгүүр зэрэг нийгмийн дэд бүтцийг иж бүрэн шийддэгээрээ онцлогтой. Өнөөдөр бидний "мэдээжийн зүйл" гэж үздэг цахилгаан, орон сууц, телевиз, нийтийн тээвэр зэрэг орчин үеийн үйлчилгээнүүд энэ үед загварчлагдсан гэдгээрээ онцлог.
Бидний хэн болохыг гэрчлэх соёлын өв
Улаанбаатар хотын үе үеийн түүхийг гэрчлэх барилга байгууламж, орон зай бүр өөрийн гэсэн ой санамжийг тээж байдаг. Түүхэн өвөө хадгалж үлдэх нь хотынхоо амин сүнсийг хамгаалж, ирээдүй хойчдоо өнгөрсөн үеэ таниулах боломж гэдгийг тэрбээр ийнхүү тайлбарласан юм.

Улаанбаатар хот бол олон үеийн түүх, соёл, нийгмийн давхаргуудын нэгдэл юм. Өнөөдөр бидний амьдарч буй орчин бол хот байгуулалтын түүхэн үйл явцын хамгийн сүүлийн давхарга бөгөөд биднийг хүрээлэн буй түүхэн барилга байшин, гудамж талбайнууд нь энэ хотын хэн болохыг гэрчлэх бодит баримт юм. Түүхэн дурсгалт барилгыг хадгалж үлдэнэ гэдэг нь тухайн цаг үеийн соёлыг иргэдэд бодитоор мэдрүүлж, хотын ой санамжийг хамгаалж буй хэрэг.
Тиймээс түүхэн дурсгалуудаа хэр их хадгалж үлдэнэ, манай хотын онцлог, амин сүнс, таних тэмдэг төдий чинээ баяжиж байдаг. Энэ нь нөгөө талаас өмнөх үеийнхний бүтээсэн оюуны үнэт зүйлсийг хүндэтгэж буй хэрэг бөгөөд "мөнгө байвал бүгдийг өөрчилж болно" гэх үзэл бол хотын бодлогын зарчим байх ёсгүй. Бид эдгээр барилгуудаар дамжуулан залуу үеэ хүмүүжүүлж, өнгөрсөн үеэ ойлгож, ирээдүйн орон зайн зохиомжоо тодорхойлдог. Бид шинэ хот байгуулах гээгүй, харин байгаа хотынхоо үнэ цэнийг зөв тодорхойлох нь чухал байна. Гэвч өнөөдөр бидэнд хадгалагдаж үлдсэн орон зай маш бага буюу Гандан, Бага тойруу, Дамбадаржаа, Ханын материал орчмын үйлдвэрлэлийн бүс, Энхтайваны өргөн чөлөө дагасан 40, 50 мянгатын гудамж төдийхөн байна.
Түүхэн орон зайг үнэгүйдүүлж буй бодлогын гажуудал

Улаанбаатар хот сүүлийн 30 жилд нэг ч сэргээн засварлалтын ажил хийгээгүй бөгөөд шинэ хотын төвийг огт байгуулаагүй нь түүхэн орон зайг устгах үндсэн шалтгаан боллоо. Шинэ эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтэц байхгүйгээс өндөр барилга барих хүсэлтэй хөрөнгө оруулагчид зөвхөн хотын төвийн бэлэн шугам сүлжээтэй хэсгийг "мэрсээр" байна. Энэхүү инерц нь түүхэн барилгуудыг буулгаж, орон зайг нь хумьсаар байгаа бөгөөд бид шинэ хотын төвийг яаралтай байгуулах замаар төвлөрлийг задлахгүй бол энэ устгал үргэлжлэх болно.
Бид өнөөдрийг хүртэл соёлын өвийг зөвхөн газрын зураг дээрх нэг "цэг" буюу ганц барилга гэж харж ирсэн. Гэвч бодит үнэ цэн нь тухайн барилга орчин тойрон, гудамж, цэцэрлэгт хүрээлэнтэйгээ нийлж ансамбль буюу цогцолбор болоход оршдог. Жишээлбэл, Гоожингийн өндөр хэмээх түүхэн барилгыг тал талаас нь өндөр барилгаар бүслэн, орон зайн зохиомжийг нь алдагдуулснаар тэрхүү өвийн үнэ цэн бодитоор буурч байгаа юм. Олон улсад (Европ, Америк) түүхэн дүүргийг бүхэлд нь гудамжаар нь хамгаалалтад авдаг туршлага байдаг бол манайд ийм цогцолбор хамгаалалт байхгүй байна. Гандан, Бага тойруу зэрэг орон зайг яаралтай гудамж, цогцолбор хэлбэрээр нь хамгаалалтад авах шаардлагатай.
Ингээд харах юм бол 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш Улаанбаатар хотын орон зай гурван үндсэн шатыг дамжин өөрчлөгдлөө. Тодруулбал:
- Шилжилтийн үе (1990-2000-аад оны эхэн): Хөрөнгө оруулалт бага, хотын бүтэц үндсэндээ социализмын үеийн хэв шинжээ хадгалж байсан үе.
- Чөлөөт орон зайг эзлэх үе (2004-2016): Central Tower, Blue Sky зэрэг өндөр барилгууд баригдаж, хотын төвийн хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, олон нийтийн сул чөлөөтэй талбай болгон дээр барилга барьж дүүргэсэн үе.
- Хуучныг буулгаж, шинэчлэх үе (сүүлийн 10 жил): Хотын төвд сул газаргүй болсон тул түүхэн дурсгалт болон социализмын үеийн барилгуудыг буулгаж, суурин дээр нь өндөр барилга барих үйл явц давамгайлж байна. Байгалийн түүхийн музей, Гэндэн сайдын байшинг буулгасан нь энэ бодлогын үр дагавар юм.
Тэр байтугай Гандангийн гэр хорооллыг цэцэрлэгт хүрээлэн болгоно гэх нэрийн дор газрын эздийг солих, өвийг устгах бодлого явагдаж байна. "Урт цагаан"-ыг буулгаад цэцэрлэгт хүрээлэн болгоно гэсэн боловч бодит байдал дээр барилга, гарааш барьж байгаа нь бид хотоо таньж мэдэхгүй, системгүй, зөвхөн улс төрчдийн амбицаар хандаж байгаагийн илрэл юм.
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох…

Бид Богдын хүрээний үед ч, социализмын он жилүүдэд ч өөрийн гэсэн үзэл санаатай, дэлхийд гайхагдах өвөрмөц орон зайг бүтээж чадаж байсан түүхтэй ажээ. Гэтэл өнөөдөр технологи, мэдлэг, санхүүгийн хувьд өмнөх үеэсээ хэд дахин илүү боломжтой байгаа мөртөө яагаад ийм хотыг бүтээгээд байна вэ гэдгийг тэрбээр системээ зөв угсарч, удирдаж, томоор харж чадахгүй байгаатай холбон тайлбарласан юм.
21-р зууны Улаанбаатар хотын бусад хотуудаас ялгарах том амбиц, үзэл санаа нь юу юм бэ? Бид аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярьдаг ч бодит байдал дээр жуулчдын үзэх хүсэлтэй түүхэн өв, социалист архитектур, хуучин гудамжнуудаа устгасаар байна. Жуулчид Улаанбаатарт өндөр шилэн барилга үзэх гэж ирдэггүй. Тэд ой санамж, түүхэн өв шингэсэн орон зайг л хайж ирдэг.
Олон улсын туршлагаас харахад, хотууд түүхэн өвөө 100 хувь авч үлдэх боломжгүй ч ядаж 30 орчим хувийг нь буюу хотынхоо төв хэсгийг тэр чигт нь хамгаалж, дархлаагаа тогтоодог. Гэтэл бид социалист хотынхоо өвөөс маш бага хувийг авч үлдэж, түүнийгээ ч "шинэчлэх" нэрээр устгаж байна. Нэг асуудлыг шийдэх гэж нөгөө үнэ цэнтэй зүйлээ устгадаг "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох" арга барилаасаа салах цаг болжээ.

- Хотын соёлын өвийг хамгаалах тал дээр төрийн бодлого ямар түвшинд байна вэ. Бид яагаад түүхэн дурсгал, барилга байгууламжуудаа хадгалж үлдэж чадахгүй байна вэ?
Өнөөдөр бидэнд тулгамдаж буй хамгийн том асуудал бол хотын түүхэн орон зайг хамгаалах бодлого, "гартаа барих цаас" байхгүй байгаа явдал юм. Ямар нэгэн хатуу хориглолт, зааг ялгаа байхгүй учраас хэн дуртай нь гарч ирээд түүхэн дурсгалыг өөрчлөх, буулгах шийдвэр гаргаж байна. Бид Европ, Япон, Солонгос зэрэг орны сэргээн босголтын туршлагыг судалдаг ч түүнийгээ хэрэгжүүлэх дотоод систем, бүтэц нь байхгүй учраас мянган гоё хөтөлбөр оруулж ирээд ч ажил хэрэг болж чадахгүй байна.
Ялангуяа Соёлын яам зөвхөн археологийн дурсгал руу анхаараад, орчин үеийн хот суурины соёлын өвийг орхигдуулж байгаа нь харамсалтай. Энэхүү бодлогын алдаанаас болж зөвхөн Улаанбаатар төдийгүй аймгийн төвүүдэд түүхэн барилга, орон зайнууд үрэгдэж, Монгол Улс хот суурины түүхгүй болох аюул нүүрлээд байна. Бид аймаг, сум бүрд байгаа түүхэн гудамж, цэцэрлэгт хүрээлэн, барилга байгууламжийг яаралтай бүртгэж, кадастржуулан, хамгаалалтын бүсийг нь Засгийн газрын түвшинд баталгаажуулах шаардлагатай байна.

- Тэгвэл бид энэ бүх алдааг засаж, хотоо аврахын тулд яг одоо хамгийн түрүүнд ямар алхмуудыг хийх ёстой вэ?
Нийслэл хотоо аврах хамгийн эхний алхам бол шинжлэх ухаанч судалгаанд суурилсан бодлого юм. Өнөөдөр хот судлал, түүхийн салбарт ажиллаж буй судлаачдын цалин хөлс, нийгмийн баталгаа маш доогуур байгаа нь энэ салбарыг эзэнгүйрүүлж байна. Бид түүхэн барилгыг нураахаас өөр аргагүй гэж боддог болсон нь сүүлийн 30 жилд сэргээн засварлах, хүчитгэх ажлыг огт хийж үзүүлээгүйтэй холбоотой. Хэрэв бид:
- Мэргэжлийн бүтэц бий болгох: Нийслэл дээр сэргээн засварлалт, хүчитгэлийг хариуцсан тусгай бүтэц гаргах.
- Мэргэжилтнүүдийг бэлтгэх: Олон улсын жишгээр түүхэн барилгыг орчин үеийн хэрэгцээнд нийцүүлэн засварлах боловсон хүчнийг дэмжих.
- Санхүүжилтийг шийдэх: Шинэ барилга байгууламж барихаас гадна хуучныг тордож авч үлдэхэд хөрөнгө оруулах.
Эдгээр алхмуудыг хийвэл хүмүүс "хуучны барилгыг ингэж гоё болгож болдог юм байна" гэдэгт итгэж, хандлага нь өөрчлөгдөнө. Залуучууд хотынхоо эзэн байж, дарга нарын амлалт болгоныг шүүлтүүргүй хүлээж авах биш, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, хотынхоо амин сүнсийг хайрлах "эзний" нүдээр хандах хэрэгтэй байна. Хотыг амьд организмын хувьд харж, түүний ой санамж, гоо зүйн таашаалыг хамгаалах нь бидний тусгаар тогтнол, үндэсний ижилсэлтэй шууд холбоотой.
Ярилцлагын төгсгөлд хотын удирдлагууд болон бодлого тодорхойлогчдод хандаж хэлэхэд, Улаанбаатар хотыг түүхэн үеүдийн ой санамжтай, өөрийн гэсэн дүр төрхтэй хот гэдгийг олж хараасай гэж хүсэж байна. Энэхүү соёлын өвийг хамгаалах тусгай дүрэм боловсруулж, түүнийг нь хэрэгжүүлдэг, санхүүжүүлдэг, "хотын амин сүнсийг манадаг" бие даасан бүтэц, байгууллагыг байгуулах нь нэн тэргүүний зорилт юм.
Манай залуучууд өнөөдөр маш их мэдлэгтэй, дуу хоолойтой болж байна. Хэрэв төрөөс зөв бодлого гаргаж, энэ салбарт багахан хөрөнгө оруулалт хийхэд л мэргэжлийн залуус маань хотоо дэлхийн жишигт хүрсэн, түүхэн өвөө дээдэлсэн орчин үеийн хот болгон хөгжүүлэх бүрэн чадвартай. Улаанбаатар хот маань өөрийн онцлог уур амьсгал, амин сүнсээ хадгалан үлдэж, ирээдүйд дэлхийн соёлын нэгэн тод төв болно гэдэгт итгэлтэй байна.
- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Сэтгэгдэл