Залуусын орон зай

Аян замын тэмдэглэл: Эх орондоо эргээд заавал ирээрэй

Х.Умаахан2025.03.075 минут унших
Аян замын тэмдэглэл: Эх орондоо эргээд заавал ирээрэй - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

“Баян-Өлгий  III”-д зорчсон тэмдэглэл /нэгдүгээр хэсэг/

Аян замын тэмдэглэл: Эх орондоо эргээд заавал ирээрэй нийтлэлийн зураг

Би нэг л юманд итгэхийг хүсдэг. Тэр нь хэзээ нэгэн цагт манай улс эх орон хөгжиж, бидний үр хүүхэд сайн сайхан аж төрнө гэдэгт. Үгүй гэх газар үгүй л дээ. Залуус цөмөөрөө шахуу  хоёр хэлээр чөлөөтэй ярьж байна. Цаашлаад иогчин, фитнесчин гээд л элдэв төрлийн зүйлсээр өөрсдийгөө хөгжүүлэх юм. Үүнийгээ дагаад боловсролын түвшин, амьдралын хэв маяг ч өөрчлөгдөхийн хэрээр ирээдүйд хүн амын дундах насжилт уртасна. Тэр ч бүү хэл энэ үе төрийн жолоо атгах цаг дор ямар өөрчлөлт болохыг одоохондоо бид хэлж мэдэхгүй. Цаг хугацаа л мэднэ буй заа.

Хоёр их гүрний дундах ардчиллын арал гэгдэх Монгол Улсад ийм залуус нэгэн үеийг бүтээж буй нь өөрөө гайхамшигтай үйл явдал мөнөөсөө мөн билээ. Тэд мэдээлэлд шууд итгэхээс илүүтэйгээр хоёр, гурван талын эх сурвалж, барууны зүүний аль ч хэвлэл мэдээллийн байгууллагуудаас чөлөөтэй орж уншаад шүүлтүүртэй хандаж чаддаг болсон. Түүх соёл зарим зүйлсээ гээж байгаа мэт харагдавч бас үгүй. Судалдаг ухаарч сэхээрдэг энэ бидний түүхийг ингээд зохиосон юм биш үү гэдэг эргэлзээг ч бий болгож чадаж байна гэж хэлж болно. 

Тэгвэл жаран жилийн дараа, магадгүй зуун жилийн дараа тэднээс ч айхтар үе гарч ирэхийг байг гэх газар үгүй. 

Тэр хүүхдүүд аав ээжээ, ах эгчээ амьдрахын тулд хэрхэн зүтгэснийг, улс эх орны нөхцөл байдал ямар байсныг мэдэхийг эрмэлзэх биз. Тэгэх ч хэрэгтэй. 

Харин тэднийг энэ мэдээлэлд ойр дөхөм байхад нь туслахын тулд энэ бяцхан бичвэрийг бичиж сууна. Бараг л сүр бадрааж явдаг уран илтгэгчдийн үг шиг эхлэл тавьчихлаа.

Гол нь энд ямар нэгэн үүх түүх бичих гэсэнгүй. Харин зөвхөн өөрийн үзэж туулсан, анзаарсан зүйлсээ бичиж буйг минь ойлгоно буй за. 1990 оноос хойш ганзагын наймаачид урд хойд хөршөөс бараа таваар зөөж байсан бол 2000-аад оноос бусад улс орноос соёл, мэдлэг, валют зөөх болжээ. Үүний нэг том жишээ бол манайхны хэлж заншсанаар “Баян-Өлгий III” буюу өнөөгийн БНСУ юм. 2000 оноос хэчнээн ч монголчууд эл газар ажил хөдөлмөр эрхлэхээр ийш цувж, хэчнээн нь ч амьдрал ахуйгаа дээшлүүлснийг мэдэх юм алга. Ёстой л тэнгэрийн зам, авиа компаниуд л мэдэх биз. Амьдрал ахуйгаа сайжруулж, соёлыг чемодамлаж очсоны нотолгоо нь өнөө Монголд байгаа олон солонгос хоолны газрууд, үйлчилгээний соёл, гоо сайхны бараа бүтээгдэхүүн, гар утас таблетаас өгсүүлээд олон зүйл бий. 

Тэгвэл би өнөөдөр БНСУ-д сурч ажиллаж буй 60 мянга гаруй монголчууд ямар ажил эрхэлдэг, хэрхэн аж төрдөг талаар яг өөрөө дунд нь орж үзэж туулснаа бичиж сийрүүлэхээр шийдсэн минь энэ.  Уг нь чааваас Баян-Өлгий аймгийн хүн амын талтай тэнцэх хэмжээний хүн ам л даа.

Эхлэл: 2023 оны тавдугаар сарын 16 

Аян замын тэмдэглэл: Эх орондоо эргээд заавал ирээрэй нийтлэлийн зураг

Хэн намайг онгоцонд суулгаж өгсөн болоод, хэзээ, хэдэн цагт боссон зэргийг орхиод Монгол Улсаас шууд БНСУ-ын Инчон Олон улсын нисэх онгоцны буудалд бууснаас тэмдэглэлээ эхлүүлье. Цаг агаарын нөхцөл байдал бүгчим, чийглэг ер амьсгалах агаар үгүй аж. Өмсөж явсан цагаан өнгийн фудволк нэвт норж хөлс урсан, сандрал дээд цэгтээ хүрэв. Сандарсан учир гэвээс манай улсын иргэдийг хил дээрээс хайр найргүй буцааж байсанд оршино. Очоод хууль бусаар ажил хийх цаашлаад визийн хугацаагаа хэтрүүлээд харлачихдаг учир ийнхүү хатуу ширүүн болжээ. 

Эргэн тойрны хүмүүсийг харахад яг л над шиг сандарсан, хэн нэгнийг царайчилсан тийм хүмүүс анзаарагдана. Тэдэн дунд мульт визтэй байнга орж гардаг хуруу дарам хэдхэн хүн л додигор зогсоно. Яаж ийгээд орж чадна. Харин ачаа бараа авах хэсэгт тэд муухай царайлж ийм ч барааг минь хураачих вий, тийм ч барааг минь хураачих вий хэмээн санаа зовдог юм билээ. Тус хүмүүс Монгол руу орохдоо гоо сайхны бараа бүтээгдэхүүн, хувцас зэрэг элдэв төрлийн зүйл оруулаад, Солонгос руу гарахдаа харынхны хүнс болох борц, ааруул, шар тос зэргийг эргүүлэн авч гардаг. 

Арав гаруй эгнээгээр өч төчнөөн улс дараалан зогсож цааш нэвтрэх үгүйгээ дэнслүүлнэ. Яг л эрлэгийн элч дээр буян нүглээ дэнслүүлэх гэж байгаа аятай. 

Би ч найзынхаа зөвлөсний дагуу аль болох монголчууд цөөн зогссон эгнээнд очиж зогслоо. Бас гаалиар нэвтрүүлж буй ажилтны нүд биеийн хэлэмжийг нь ажигласан гэж байгаа. Арай зөөлөн харцтай, онигор цагаан царайтай ажилтны эгнээнд очиж зогссон юм. Нөгөө талын эгнээ рүү харвал зарим монголчуудыг хил нэвтрүүлэхгүй цаад өрөө рүү дагуулж ороод л байв. Бараг тав зургааг авч ороход зарим хүн ч эгнээгээ солиод миний ард ирээд зогсож байна шүү. 

Хөөрхий хүмүүс хэд хонох вэ, аяллын зорилго юу вэ гэсэн жижиг сажиг асуултад л бүдэрдэг юм билээ. Уг нь эхлээд солонгосоор асуугаад хэл мэдэхгүй бол англиар асууж байна. Миний урдаас нэг ч гадаад иргэн цааш өрөө рүү орохгүй байсан тул миний сандрал арай дээрдэж “Заа үхсэн. Харсан тэнгэр байдаг бол гарна л биз. Өнөөдрийн аз эз харьсан бол буцна л биз” гэсэн бодолтой. Гэхдээ л буцна гэхээр онгоцны билетийн мөнгөө хүртэл хүнээс зээлж ирсэн хүн чинь бажгаддаг юм байгаа биз дээ. Бас болоогүй хэд хоног явлаа барилаа гэж найзуудтайгаа дарвиад шоудчихсан. 

Миний ээлж ирэхэд паспорт болон бусад цааснуудыг өглөө. Коронавирустай холбоотойгоор вакцин хийлгэсэн эсэх зарим асуумж бөглөдөг болсон юм. 

Эхлээд гаалийн ажилтан надаас солонгосоор хоёр асуулт асуусан боловч ойлгосонгүй. Хэдийгээр сандарч байсан ч “нээрээ л аялах гэж ирсэн, баян мөнгөтэй залуу шиг харагдах ёстой шүү” гэж өөртөө хэлээд санаандгүй халааснаасаа 400 гаруй мянган вон унагасан хүн болж үзүүлэв. 

Дээшээ босож ирэхдээ “уучлаарай, та англиар ярьж болох уу” гээд л аваад хаячхав. Манай хүн /манай хүн үү хаха. Гаалийн ажилтан/ дуртай нь аргагүй инээмсэглээд та манай улсад ямар зорилгоор ирж байгаа вэ, хэд хонох вэ л гэж байна. Би ч уухайн тас аялах гэж ирсэн. 14 хононо. Би аялах их дуртай. Танай улсад би хайртай майртай ухааны юм ярив. Итгэж байна аа. Шууд л тамгаа дарчхав. 

“Пүү, чёрт” бараг л бүжиглэх нь халаг цааш гардаг юм байгаа биз дээ. 

Миний очсон нислэгээс 30 гаруй монгол буцахаар болж хүлээлгийн танхимд үлдсэнийг дөнгөж гарч ирээд л “Нүүдэлчин монголчууд” группээс олж уншсан юм. Хөөрхийс бас л над шиг өч дөчнөөн өр зээл дээрээ тизний мөнгө, эхний ээлжийн амьдрах зардлаа зээлээд л ирсэн байж таараа. 

“Нүүдэлчин монголчууд” групп дээр “манай улс нээрээ арчаагүй юм аа. Иргэд нь ингээд өөр улсын онгоцны буудлын шалан дээр наашаа ч үгүй, цаашаа ч үгүй сууж байх гэж” гэсэн пост ч олон орж ирсэн байсан. 

Уг нь ирж буй хүмүүс ч гэсэн юу асуудаг, яавал нэвтэрч орж ирэхийг судалчихвал зүгээр юм билээ дээ. Ядаж л дээр дурдагдсан хэдэн асуултад англиар ч болтугай хариулаад байвал. Тэгэхгүй алж идүүлэх гэж буй үхэр аятай хараад байхаар буцаахаас өөр яах вэ дээ. Цаашлаад Монгол Улсын Засгийн газраас айлчлал хийхээр ирэхдээ манай улсын багш, цагдаа, эмч гэх мэтчилэн төрийн албан хаагчид танайд ирээд харлаад байна нэг их нэвтрүүлээд хэрэггүй гэсэн гэж байгаа. Тийм тэнэг байж болох уу. Ард иргэд нь сайн сайхан амьдарч байсан бол юу гээд л ийш ингэн барин зорьж ирэх вэ дээ. Хов болох вий, хов болох вий. 

Ачаа бараагаа хүлээж аваад зогсож байтал нэг эгч жигтэйхэн том цүнхтэй юмаа миний тэргэн дээр асуух ч үгүй авч ирээд тавьчхав. Миний уур ч гэнэт хүрч “та яасан бүдүүлэг хүн бэ. Би таны энэ барааг яахаараа авч гардаг юм” хэмээв. Өнөөх хүн ч “Чи эгчдээ ингэж л тус бол. Энэ дандаа ааруул, чихэр байгаа юм. Эгчид нь цаана нь гурван чемодан бараа байгаа” гээд л гуйх нь тэр. Би ч “за, үхсэн тэр холоос гараад ирсэн юм чинь дотор нь хар тамхи байхгүй л байлгүй” гэж бодоод аваад гарлаа. 

Нээрээ хар тамхи энэ тэр байгаагүй л дээ. 

Гарч ирсний дараа өнөөх эгчийг хайгаад олсонгүй. Хүний юм хаяад явалтай биш гээд бараг хоёр цаг хүлээж суув. Эгч гарч ирээд “баярлалаа” гэснээ “чи анх удаагаа ирж байна уу” гэв. Тийм ээ, гэтэл “Эгч нь үүгээр орж гарч байгаа хүмүүсийг хараад л мэднэ” хэмээв ээ. 

Би ч элэг бариулсан юм шиг дурамжхан сууж атал “эгч нь дүүдээ баярлалаа” гээд том чемоданаасаа уут чихэр, архи гаргаж өгөв. 

Сая л нэг юм уур гарлаа гэдэг шиг. Шагнуулсан хүн чимээгүй байхаас өөр яах вэ дээ. Харин энэ тухайгаа нэг найздаа хэлтэл ёстой л тэнэг мунаг хамаг юмаараа дуудуулав. Тэгэж суухдаа нээрээ л би гэнэн хүн шүү гэж бодсон удаатай. 

Харин өгсөн архи чихэр хоёр нь очих газаргүй, ойчих хаяггүй надад хэрэг болсон, болсон. 36 цаг гарантаа очих газаргүй онгоцны буудал дээр ажлын зар харж суусан. Аз болж Жинжү хотод байдаг хуучны танил найз руугаа очихдоо өнөөхөө өгч нүүр тахалсан юм. 

Хоёр гурав хоног ажилгүй гэрт найзынхаа хүүхэдтэй тоглолоо. Сүүлдээ нөхөр нь эхнэртэйгээ хардаад ч байх шиг нэг л тухгүйдсэн шүү. Газар орон мэдэхгүй, хүн танихгүй байхын зовлон энэ. Хамгийн тэнэг нь ажил хийж мөнгө олж чадахгүй суусаар Монголоос амиа тээнэ гэж бодсон мөнгөө үрж дуусгах шүү дээ. 

 Азаар зар харж суутал Жинжү хотоос 230 гаруй километрийн зайд далайн эргийн барилга дээр таньдаг сэтгүүлч эгч маань ажиллаж таарав. Миний зургийг захиралдаа харуулахад хүрээд ир хэмээсэн ажээ. Бас болоогүй өөр нэг сэтгүүлч эмэгтэй найзтайгаа “эхнэр нөхөр” хэмээн худал хэлж  очихоор болсон юм. 

Захирал гэж өнөөх “Харынхан” дээр гардаг мань Санжаа шүү дээ. Эмэгтэй найзыгаа хүний газар дээрэлхүүлээд яах вэ гэсэндээ ийм сонголт хийсэн юм. 

Бид хоёр ч ажил дээр “эхнэр нөхөр” болж жүжиглэх гэж хэсэгтээ л будилав. Өдөр нь ажил хийж байхдаа “найз аа, тэрийг аваад өгөөч, найз аа, ингэх үү” гээд л ам алдчих нь олонтоо. 

Орой гэртээ ирээд унтахдаа л нэг юм найзууд болж хувирна. Уг нь эмэгтэй найз маань орон дээр би газраар унтдаг байсан хэдий ч хажуу хавиргын монголчууд орж ирэх юм бол эхнэр нөхрийн хувиар газраар зассан ороо шууд хураагаад л орон дээрээ хоёулаа хэвтээд өгнө. Хэрэвзээ тэдэнд ч гэсэн мэдэгдчих юм бол гэр бүлийн хүмүүс нэгнээ хардаж сэрдэх, цаашлаад Санжаад хэлчих ч нигууртай тул тийнхүү нуусан нь энэ. Сүүлд хамт ажиллаж байсан хүмүүстээ хэлсэн л дээ. Та хоёрыг мэдээд байсан юм аа. Яав ч хос байхааргүй царайтай хүмүүс гээд л инээлдсэн. Тухайн барилга дээр ажиллаж байсан үйл явдлууд “Харынхан”-д орсон тул ингээд орхилоо. 

Эл үйл явдлаас гурван сарын дараа хамт ажилладаг найзын бие хаа өвдөж, ажил ч хүндэрсэн тул бид хоёр зугтаачихсан юм даг. Цалингаа аваад л маргааш нь мурьчихсан гэсэн үг. 

Миний зорилго ч нэг газраа удаан суух, их хэмжээний мөнгө хураах байгаагүй бөгөөд энд аж төрдөг хүмүүсийн аж байдлыг мэдэх, өөрийн биеэр туулж үзэх байсан юм шүү дээ. 

Өнөөх найз маань Сөүл явж, харин би Солонгосын хамгийн урд захын үхрийн тэжээлийн үйлдвэрт очлоо. 

Нэг үеэ бодвол Kakaomap, Navermap зэргээ ашиглаад сурчихсан учраас ийш тийш явах тийм ч бэрхшээлтэй байгаагүй юм. Уг нь манай улс орон хаягжуулалтаа сайн хийгээд солонгос шиг ийм апп нэвтрүүлбэл дагаад хүргэлтийн үйлчилгээ сайжрах, очих гэсэн газраа Google Map хараад л зовоод байхгүй очдог болохгүй юу. 

Үйлдвэрийн ажил: 

Аян замын тэмдэглэл: Эх орондоо эргээд заавал ирээрэй нийтлэлийн зураг

БНСУ-д гэрээгээр ирсэн хүмүүс үйлдвэрийн ажил их хийнэ. Цалин багатай ч гэсэн байр хоол цаанаасаа учраас мөнгө хураах бүрэн боломжтой. Харласан ч гэсэн удаан ажиллахаар зорьсон хүмүүс үйлдвэрт л ажиллана. Ажлын  хувьд арай хөнгөн хүний биеийг туйлд нь хүртэл ядраахгүйгээрээ онцлог гэх юм уу даа. Гэхдээ үйлдвэрийн ажил хийх нь өдөр болгон нэгэн хэвийн зүйл хийдэг болохоор тун уйтгартай. Зарим үед бүр галзуурмаар шүү. Үйлдвэрийн ажил хийж байхдаа л Солонгост байгаа хүмүүс яагаад элдэв төрлийн лайв хийдгийг ойлгож авсан юм. Хүн удаан  ганцаардаад ирэхээрээ оюун санаагаа жолоодож чадахаа больчихдог шиг. Эл газар гурван сар ажиллахдаа би ч гэсэн тийм замналаар орох дөхсөн шүү. Гэр цэвэрлэх, хоол хийх ер юу л болоход утасныхаа камерийг асаагаад утастайгаа ярилцмаар санагдаад байдаг юм билээ. 

Гэхдээ үүнийг маш гоёор даван туулж байгаа хүмүүс ч бас байдаг л даа. Дасгал хөдөлгөөн хийх, элдэв төрлийн ном зохиол унших, кино үзэх гэх мэтчилэн зүйлсээр аргацааж байгаа юм. 

Ихэнхдээ 09 цагаас оройны 18 цаг хүртэл ажилладаг учраас бусад цаг чөлөөтэй. Мөн амралтын хоёр өдөр амардаг учир ойр хавийн элдэв сонин газруудыг үзэж болно. 

Үйлдвэрт ажиллагсад ганцаардлаа л зөв даван туулах чухал. Энэ хугацаанд би Монголд уншиж чадаагүй хэд хэдэн зохиолоо уншиж дуусгав. Мөн бодох хугацаа их гарсан учир шүлэг бичиж хүртэл үзсэн юм даг. Мөн сэтгүүлч хийж байх хугацаандаа хийж байсан ярилцлага сурвалжилгаа ч гэсэн эргэн нэг уншлаа. Олигтой юм лав байгаагүй. Маш их алдаа дутагдал, “ммм, ийм л юм хийж байж дээ” гэж бодсон зүйл олон бий. Хамгийн гол нь сэтгүүлч хийх хугацаанд өдөр болгон л сэдэв, сэдэв гэж бодож явсаар өөрийгөө ч мартаж орхисон юм билээ.

Эл газар гурван сар ажилласны эцэст өмнө барилга дээр хамт ажиллаж байсан залууст дуудагдаж, Сөүл хотод орж ирлээ. 

Холбоотой нийтлэлүүд