20 жилийн өмнө бидэнд хэрэгтэй байсан ч өнөөдөр бараг мартагдсан зүйлс

2026.07.255 минут унших
20 жилийн өмнө бидэнд хэрэгтэй байсан ч өнөөдөр бараг мартагдсан зүйлс - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Хэрэв 2005 онд хэн нэгэн "20 жилийн дараа хүмүүс нэг жижиг төхөөрөмжөөр зураг авч, мөнгө шилжүүлж, кино үзэж, такси дуудаж, дэлгүүр хэсэж, хичээлээ хүртэл хийнэ" гэж хэлсэн бол итгэх хүн цөөхөн байх байсан биз. Хэдхэн жилийн өмнөх хамгийн сүүлийн үеийн технологи өнөөдөр музейн үзмэр мэт санагдах болов. Өнгөрсөн хорин жилд технологи зөвхөн шинэ зүйлсийг авчраад зогсохгүй бидний өдөр тутмын олон зуршил, эд зүйлсийг чимээгүйхэн мартагдахад хүргэжээ. 2000-аад оны эхэн 2010 оны үед бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг байсан, харин одоогийн залуус нэрийг нь ч сонсоогүй байж магадгүй зарим зүйлсийг эргэн дурсацгаая.

Yahoo Messenger: Buzz

“Buzz!” товчийг дарахад л нөгөө хүний дэлгэц хүчтэй доргиж, анхаарлыг нь татдаг байлаа. Хариу өгөхгүй удахаар найзууд бие биедээ “Buzz!”-ийг дараалан илгээж залхаадаг байсан нь тухайн үеийн хамгийн алдартай онлайн функцуудын нэг байв. Энэ бол өнөөгийн мэдэгдлийн (notification) анхны бөгөөд зэрлэг хэлбэр байсан гэж хэлж болно. Тийм болоод ч тэр үү энэ үед бие биеэ аньж алга болдоггүй (ghost-лдоггүй) байжээ. 

Нэгжийн карт

20 жилийн өмнө бидэнд хэрэгтэй байсан ч өнөөдөр бараг мартагдсан зүйлс нийтлэлийн зураг

Гар утасны нэгж дуусахад дэлгүүрт очиж нэгжийн карт худалдан авч, тусгай дугаарт мессежээр код илгээж, утсаа цэнэглэдэг байсныг санаж байна уу? Одоо хэдхэн товшилтоор апп ашиглан хэдхэн секундэд нэгж цэнэглэдэг болж, ихэнх хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ сонгон хэрэглэдэг болжээ. Нэгжийн карт худалдаж авахаар дэлгүүр хайж явдаг байсныг одоогийн 20 настнууд бараг л мэдэхгүй болов уу.

Зураг угаалга, альбом

Дижитал камер, гар утасны камер өргөн тархахаас өмнө зургаа угааж хадгалдаг байв. Фото студид хальс өгч, хэдэн өдөр хүлээгээд зургаа авдаг байсан бол одоо тухайн мөчид нь л зургаа угааж, шууд харах боломжтой болжээ. Угаасан зургуудаа цэгцтэй байлгах гэж альбомд нааж, өнгөрсөн үеийн дурсамжийг хуудас хуудсаар нь эргүүлж үздэг байсан энгийн зуршил ч мөн адил мартагдсан байх вий.

7 хоног тутмын ТВ хөтөлбөр

Интернэт, мэдээллийн сүлжээ өргөн дэлгэрээгүй үед өдрийн тодорхой цагт зурагтын өмнө суугаад мэдээ үздэг байсан бол өнөөдөр гар утаснаасаа хүссэн цагтаа, хүссэн сувгаараа мэдээ үзэх боломжтой болжээ. Одоо бол оройн 8 цагт цагийн хүрд үздэг хүн өвөө эмээ нар л байх. Зурагтын хөтөлбөрөөс дуртай киноныхоо цагийг харж, хүлээж догдолж үздэг байсан тэр мэдрэмжийг одоо үеийн хүүхдүүд мэдэхгүй гээд бод доо.

MP3 тоглуулагч

20 жилийн өмнө бидэнд хэрэгтэй байсан ч өнөөдөр бараг мартагдсан зүйлс нийтлэлийн зураг

Тэр үеийн хүүхэд залуус дуу сонсохын тулд тусгайлан зориулагдсан жижигхэн MP3 тоглуулагч авч явдаг байв. Компьютерээс дуу татаж, төхөөрөмждөө хуулж, алхахдаа, автобусанд явахдаа гэх мэт хаа ч явсан чихэвчээ зүүгээд, MP3 тоглуулагчтайгаа хамт гэж мэд. Ухаалаг утас гарч ирснээр энэ төхөөрөмж ч аажмаар зах зээлээс алга болсон байна. 

FM Радио

FM радио нь зам зуур, ажил хийж байхдаа мэдээ, дуу сонсох гол эх сурвалж байв. Одоо стриминг үйлчилгээ, подкаст зэрэг олон сонголт гарч ирснээр FM радио сонсдог хүн эрс цөөрчээ. Тэр үеийн залуус FM-ээр бие биедээ дуут мэндчилгээ дэвшүүлэх, дуртай дуугаа захиалан сонсдог байсан бөгөөд заримдаа хүнтэй хүртэл танилцаж болдог байжээ.

Зарын мэдээг зурагтаар унших суваг

Зарим сувгаар зөвхөн зар сурталчилгаа, худалдаж авах, зарах зүйлсийн мэдээллийг байнга тогтмол цацдаг байсныг санаж байна уу? Хэрэгтэй зүйлийнхээ утасны дугаарыг нь амжиж бичиж авах гэж хүмүүс яардаг байв. Харин одоо интернэт дэлгүүр, олон нийтийн сүлжээний зар сурталчилгаа энэ хэрэгцээг бүрэн орлож, тийм суваг үзэх хүн үгүй болжээ.

Мессежийг 160 тэмдэгтэд багтаах

20 жилийн өмнө бидэнд хэрэгтэй байсан ч өнөөдөр бараг мартагдсан зүйлс нийтлэлийн зураг

Мессеж илгээхэд 160 тэмдэгтийн хязгаарт багтаах гэж үг товчилж, тэмдэгт хэмнэдэг тусгай бичлэгийн хэв маяг ашигладаг байсныг санаж байна уу? Интернэт мессенжерүүд гарч ирснээр энэ хязгаарлалт бараг утгагүй болсон ч манай Gen Z нар эгшиггүй бичсэн хэвээр л байна. 

Кино түрээслэх дэлгүүр (Video Rental)

Шинэ гарсан кино үзэхийг хүсвэл дэлгүүрт очиж DVD, VCD худалдан авах эсвэл түрээслэн авч үздэг байв. Сонирхолтой нь, өнөөдрийн стриминг үйлчилгээний тэргүүлэгч Netflix өөрөө 1997 онд яг энэ л DVD түрээслэх загвараар анх үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Зөвхөн дэлгүүрт очих шаардлагагүйгээр шуудангаар DVD хүргэдэг байсан нь тухайн үеийн шинэлэг санаа байв. Харин өнөөдөр стриминг үйлчилгээ өргөн дэлгэрснээр ийм дэлгүүрүүд бүрмөсөн алга болсон байна.

CD Shop

Дуртай дуучны цомгоо CD хэлбэрээр худалдан авдаг байсан тэр дэлгүүрүүд ч мөн адил цаг үеийн эрхээр мартагджээ. Дуу сонсох гэвэл заавал биет цомог худалдаж авах шаардлагатай байсан бол одоо стриминг платформ дээрээс хэдхэн секундэд дуртай дуугаа сонсох боломжтой болжээ.

Цаасан каталог

20 жилийн өмнө бидэнд хэрэгтэй байсан ч өнөөдөр бараг мартагдсан зүйлс нийтлэлийн зураг

Дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг зурагтай, үнэтэй нь хамт цаасан хэвлэмэл байдлаар гэрт хүргэдэг байсан каталогуудыг санаж байна уу? Худалдан авалт хийхийн тулд хуудас эргүүлж, дугуйлж тэмдэглэдэг байсан энэ зуршлыг өнөөдөр онлайн дэлгүүрийн вебсайт, апп бүрмөсөн орлож чадсан байна. Айл бүрд л орифлэймын каталог байсан байх даа? Үнэртэй усны хэсэгт үрээд үнэрлэж үзэх боломжтой хэсэг хүртэл байдаг байв.

Дурсгалын дэвтэр

Сургууль төгсөх, найзуудтайгаа хамт байх сүүлийн өдрүүдэд бие биедээ бичиг үлдээж, гэрэл зураг нааж, дурсамж бичдэг байсан "дурсгалын дэвтэр" одоо олон нийтийн сүлжээн дэх зурган цомог, сторигоор солигджээ. Гараар бичсэн үгс, тод бэхээр зурсан зураг бүхий тэрхүү дэвтэр өнөөдрийн дижитал дурсамжаас илүү дулаахан мэдрэмж төрүүлдэг байв.

Энэ бүх зүйл өнөөдөр ганцхан ухаалаг утсанд багтана. Гэвч эдгээрийг ашиглахдаа мэдэрдэг байсан хүлээлт, догдлол, тэвчээрийг технологи бүрэн орлож чадсан болов уу. Магадгүй бид уулзахаар тохироод үнэхээр уулздаг байсан нөхөрлөл, зураг бүрийг нандигнадаг байсан тэр мэдрэмжийг хааяа ч болов үгүйлдэг байх.

Та эдгээрээс хэдийг нь ашиглаж байсан бэ? Өөрийн дурсамжийг доор бичээрэй.

Гэрэл зургийн эх сурвалж: Mongolian Visuals

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд