Д.Төмөрхуяг: AI-аас уран бүтээлчид өгөгдөл харамлаад хэрэггүй


Улаанбаатарын хамгийн чимээгүй хүн хэн юм бол? гэсэн асуултынхаа хариултыг олчих шиг боллоо. Харин тэр хүнийхээ дотоод тэнгисийн нүргээн, чанга дуу хоолойг өөрийн хэмжээнд нээснээ уншигч тантай хуваалцъя гэж бодлоо. Түүнийг намуухан зөөлөн яриа, намбатай, аядуухан үйл хөдлөл, элдэв хэв маяггүй зан чанар тодорхойлдог байж мэдэхээр юм.
Бидний ярилцлага яагаад ч юм Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэгийн тухай яриагаар эхэллээ. “Ганаа эгч ёстой чанга хүн. Гэхдээ дэргэд нь байхад их юм сурна. Ярилцлага буулгана гэдэг ёстой хэцүү ажил байж билээ. Чи ярилцлага буулгахдаа заримдаа залхдаг уу” хэмээн асуух энэ эрхмийг Д.Төмөрхуяг гэдэг. Тэрбээр AI хөгжүүлэгч сэтгүүлч, найруулагч мэргэжилтэй.
Оюутан цагаасаа эхлэн Б.Ганчимэг сэтгүүлчийн дэргэд ажиллаж, суралцсан тэрбээр өдөлж нисэхдээ ТВ9 телевизэд найруулагчийн ажил эрхэлдэг болжээ. Энэ хугацаанд чамгүй их мэдлэг, туршлага хуримтлуулсан ч ханаж цадалгүй алс холын Америк орныг зорьсон тухайгаа ийн ярилаа.

-Тэр үед ТВ9-ийн сэтгүүлчид ихэнх нь л Америк явж суралцсан. Одоо ч том том түүчээ сэтгүүлчид болжээ. Миний хувьд Америкт очоод зургаан жил болсон. Бараг хамт явсан хэдээсээ хамгийн сүүлд ирсэн нь байх. Америкт байх хугацаандаа бусдын л адил ажил хийхийн хажуугаар суралцдаг байлаа. Америк дахь монголчуудын мэдээг хийхээс эхлүүлээд хийгээгүй зүйл тун ховор.
Харин буцаж ирээд хэвлэл мэдээллийн салбартаа ажилласан. Ингэхдээ “Монгол коммент” нэвтрүүлгийг санаачилсан түүхтэй. Тэр үед Америкт таблет, айпон зэрэг үйлдлийн системүүд гарч ирээд фэйсбүүк, твиттер зэргийг хүмүүс ид ашиглаж эхэлж билээ. Эндээс хараад Монгол комментын хөтлөгч Билгээг чи битгий “yahoo” ашиглаад бай. Харин фэйсбүүк, твиттер ашиглаж бай хэмээн зөвлөж байлаа шүү дээ. Энэ тэнд болж буй үйл явдлыг явж сурвалжлахгүй хямд төсөр аргаар шийдэх гэж оролдсон нь тэр байхгүй юу.
-Одоогоор бараг хамгийн их үзэлттэй нэвтрүүлгүүдийн нэг байх шүү. Гэтэл та “би санаачилсан юм” гэж нэг ч удаа яриагүй. Тэгэхээр та их даруухан хүн үү?
-Өөртөө итгэлгүй л байхгүй юу. Заримдаа хийсэн зүйлс маань төдийлөн сайн санагддаггүй талтай. Нэг л дутуу болсон юм шиг мэдрэмж үлдчихдэг. 20 насандаа бол ном гаргахдаа хүртэл алдаа мадгийг нь ч анзаарах сөхөөгүй гаргадаг байлаа. Одоо бол тийм зүйл хийвэл ичих байх.
-Та Америкаас эргэж ирээд нэг л өдөр үүргэвчээ үүрээд аялалд гарах шийдвэр гаргасан байсан. Тэр тухайгаа яривал?
-Зургаан жил хүний нутагт амьдраад ирсэн хүн эх орныхоо юм болгоныг л өөлөх гээд сөрөг талаас нь хараад байдаг юм билээ. Уг нь их л эх оронч хүн эргэж ирсэн сэн. Вьетнам засвараар үйлчлүүлэхгүй, монгол хүмүүсээрээ үйлчлүүлнэ гэнэ. Гэтэл тэр болгонд л эд зүйлсээ хулгайд алдах, ашиглуулах зэрэг сөрөг үйл явдалтай таарахаар унтардаг. Ингээд ирэхээр соёлын шокт орж байгаа юм. Тэр үед ажилладаг телевизэд маань ч ажил хаялт болж ETV телевизэд ажилласан. Программын албаны дарга хийж байхдаа нэлээд ааш хөдөлсөн гэх юм уу. Ааш муутай хүн чинь уурлаад ирэхээрээ үс толгой арзайгаад эхэлнэ. Ингээд ирэхээр жаахан гутарсан.
Тэгээд нэг л өдөр аялмаар санагдаад байр, машинаа зараад нутгаасаа гарсан. Тэрүүгээр, ингэж, тэгж аялна гэсэн ямар ч төлөвлөгөөгүй явчихсан. Хятадад явж байхдаа л одоо би хайчих билээ гэж өөрөөсөө асууж байлаа. Тийм асуултаар эхэлсэн аялал маань дөрвөн жил үргэлжилсэн. Эхний хоёр жил нь мөнгөтэй, дараагийн хоёр жил нь ямар ч мөнгөгүй аялсан. Сүм хийдүүдээр хоноглож, урьж залсан сайхан сэтгэлт айлуудаар хооллож явсан. Долоо найман орноор явахдаа Тайландыг л гэхэд бүтэн хөндлөн гулд туулсан байна. Эхлээд хүний наймаанаас айдаг байсан бол сүүлдээ уривал шууд л оччихдог болж байгаа юм чинь.

-Аяллаа дуусгаад “Ayan” гэж ном гаргасан. Тэр номд эргэцүүлэл, өөрийгөө олох гэсэн эрэлхийлэл нэвт шингэсэн санагдсан. Та өөрийгөө олсон уу?
-Олсон ч байж мэднэ. Олоогүй ч байж мэднэ. Ихэнх явсан газар маань сүм хийдтэй. Тэгээд шашин, соёл, урлагийн аялал хийвэл зүгээр юм байна гэж бодсон юм.
Түүний “Аян” гэж номд, “Төвөдөд энэ суварга руу орсноос хойш үхлийг арай өөрөөр харж, удаан тээж явсан эмзэглэлээ орхисон. Амьдралын үргэлжлэл нь үхэл гэж ойлгож эхэлсэн” хэмээх бодол эргэцүүллийн хэсэг бий. Энэ хэсэг бол тэр хамгийн том айдсаа аялж явсан газраа шилгээж орхисныг илтгэх мэт.
-Таныг аялж явахдаа 8,000 гаруй зураг дарсан гэдэг. Гар утсаараа дарсан нь тэр үү?
-Харин би үүн дээр “өөрийгөө ямар тэнэг хүн бэ л гэж бодсон. Зургийн аппарат, диктафон авч явж болох л байсан. 8,000 зургийг номд оруулахад ч бэрх байсан. Явах зуураа тэмдэглэл хөтөлдөггүй байсан ч гэсэн цахим хуудастаа пост оруулдаг байсан маань өнөөх номыг хийхэд хэрэг болсон.
-Одоо хаашаа аялах вэ?
-Турк, Балба, Непал явна гэж бодож байна. Оросын буриадууд амьдардаг газраар явахыг хүсэж байна. Түүхийн номд өгүүлдэг газар нутгуудаараа эргэж тойрмоор л санагдах юм. Бид хэдий хумигдмал үндэстэн хэдий ч эзэнт гүрний үр сад. Тэгэхээр сэтгэлгээгээ тэлсэн түүхийн холбогдолт газруудаар аялах хүсэл дотор минь байна. Номоос унших, очиж харах хоёр өөр шүү дээ.
-Таны AI технологиор хийсэн бүтээлүүдээс ч гэсэн үндэсний үзэл санаа цухалзаад байх шиг санагддаг?
-AI өөрөө их өгөгдөл. Наад захын жишээ гэхэд фэйсбүүк AI гаргая гэж бодоход Монголын тухай өгөгдөл жижигдэнэ. Бид гуравхан саяулаа. Бусад улс орнууд үндэстнүүд хэдэн тэр бумаар нь хэрэглэж байна. AI Монголын тухай өгөгдлийг боловсруулахдаа муу. Манай улсын тухай өгөгдөл бараг гарч ирэхгүй дээ. Тийм болохоор эндээс механикаар оруулж өгөх оролдлого хийж байна. Хиймэл оюун ухааны загварчлалыг ашиглаад монгол ахуйгаа дүрсэлдэг. Зураг үүсгэхдээ олон хэмжээст орон зайд хадгалагдсан мэдээллүүдийг нийлүүлээд тухайн зургуудыг үүсгэнэ. Монгол онцлогийг оруулах хэцүү. Монголын тухай мэдээлэл багатай. Өвөрмонголчуудтай адилхан гарч ирэх тохиолдол байна. Ар монгол нь гарч ирэхгүй байх нь сонин.

-Хүссэн хүсээгүй бид энэ технологийг ашиглах, өгөгдөл үүсгэх л хэрэгтэй болно гэж боддог. Ингэж хөгжүүлж буй нь ч сайн хэрэг. Ямар асуудлууд тулгарч байна?
-Асар их өртөгтэй. Бага багаар л хийж байна. Хэсэг хэсгээр үүсгэсэн өгөгдлүүдээ нэгтгэхээр том мэдээллийн сан үүсэж болох юм. Зорилго нь Монгол үндэстний хэв шинжийг гаргасан өгөгдөл үүсгэх.
-Жаахан ерөнхий хариулт болох шиг санагдлаа?
-Хиймэл оюун ухаан өөрөө боломжгүй зүйлийг л боломжтой болгох. Нямбаатарыг жижгэрүүлж хийсэн зураг л гэхэд графикаар ч хийж болохгүй зүйл шүү дээ. Нэг их тийм том агуу үзэл санаа гэх зүйл байхгүй. Гол нь өнөөх өгөгдөл үүсгэх.
-Хиймэл оюун ухааныг шүүмжлэх хандлага ч ажиглагдаж байна. Гэрэл зурагчдын зураг үнэгүйдэх, цаашлаад бүүр шүлэг бичдэг болчихсонд зохиолчид дургүйцэж байх шиг. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна?
-Энэ өөрөө жам ёсны асуудал байхгүй юу. Жишээ нь, сайтад ажилладаг сэтгүүлч нэг мэдээ оруулах гэтэл төрийн ордны зураг хэрэг боллоо гэж бодъё. Гэрэл зурагчнаас худалдаж авах гэтэл цаг хугацаа хөрөнгө мөнгө чамгүй орох болно. Гэтэл хиймэл оюун ухаан ашиглаад хийчихвэл маш хурдан шийдэж болно. Асуудал үүсгэж буй зүйл нь ердөө л энэ.
Харин өргөн утгаараа хиймэл оюун ухаан өнөөх хэрэглэхгүй байна гээд уурлаад байгаа зурагчны зургийг худалдаж аваад модель болгож байгаа юм.
Гарч ирж байгаа нэг зүйл нь зохиогчийн эрхийн асуудал үүсэж байна. Үүнийг хуулиар л шийднэ. Нөгөө талаасаа ямар ч юмны эх, амьд хувилбар нь л илүү үнэ цэнтэй байна шүү дээ. Яаж ч бодсон хүн гараараа зурсан зураг, AI-аар бүтээсэн бүтээл хоёрын гараар зурсныг нь л худалдаж авна. Гэрэл зураг ч ялгаагүй. Гарч яваад дарж ирсэн нь л илүү үнэн, бодитой байна.

-Хууль батлах нь нэн тэргүүний асуудал болсон нь ч анзаарагддаг шүү?
-Хамгийн эхний хуулиуд Америкт л гарч байх шиг байна. Холливудад том том студиүд л AI ашиглана. Хувь хүмүүс хамаагүй дураараа ашиглаж болохгүй гэдэг ч юм уу зохицуулалтууд гарч ирсэн юм билээ.
-Нөгөө талаараа ёс суртахууны асуудлууд хөндөгдөж байх шиг. Зарим улс төрийн нөлөө бүхий эрхмүүдийг хооронд нь үнсэлцүүлсэн зураг ч цахимд гарч ирэх боллоо?
-Энэ зөвхөн манай улсад байгаа асуудал биш. Дэлхийн бүхий л улсад энэ асуудал тулгамдаж байна. Гол нь өнөөх ёс суртахуунтай ашиглах гэдэг нэр томьёо гарч ирлээ. Google компанийн бодлого л гэхэд “хиймэл оюун ухааныг ёс суртахуунтай ашиглана” гээд тусгасан байна. Зарим нь бүүр татгалзаж ч байна. Минийхээр бол би өөрөөсөө эхэлнэ гэж бодоод хүн амьтан доромжилсон зүйл хийхгүй гэж тогтсон.
Бусдаар зогсоох ямар ч боломжгүй. Өдөр бүхэн өөрийгөө сайжруулаад явж байгаа технологитой юу ярих вэ.
-Хүмүүс өнгөрсөн, нас барсан, уулзаж амжаагүй хүмүүстэйгээ хамтдаа авхуулсан зурагтай болохыг хүсдэг болж. Зарим хүн бас л шүүмжлэлтэй хандах юм. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Яг үнэндээ миний дургүй ажлуудын нэг. Тийм төрлийн захиалга их ирэх юм. Асар их ажил ордог юм. Өнгөрсөн хүн хараад суух тийм таатай санагддаггүй. Хэрэгтэй болоод л тэгж байгаа байх. Манай улс юмны хойно явдаг болохоор л тэгж байгаа юм. Японд л гэхэд тийм зүйл хийгээд аль хэдийн телевизийн шоу болчихсон. Урлаг болж хөгжиж байна шүү дээ.
Хамгийн их загвар болж байгаа болохоор бас үгүйсгэж болохгүй л байх. Ямартай ч олон цагийн ажил. Зарим хүмүүсийн хийсэн зургуудыг харахад үхмэл л харагдах юм. Би бол яг л амьд хүн шиг болгох гээд олон цаг махраад суучихдаг. Жаахан хэцүү ажил.

-Уран бүтээл болж хөгжиж байна гэж та дурдсан. Миний хар ухаанаар уран бүтээлчдийн цахимд оруулж буй бүтээлүүд өгөгдөл болж хувирна гэсэн үг. Тэгэхээр уран бүтээлчид ер нь бүтээлээ өгөгдөл үүсгэхээс сэргийлэх ёстой юу? Жишээ нь, шүлэг бичээд өг гэхэд л “Болор цом”-ын загвар тэр чигтээ гарч ирдэг юм билээ.
-Фото зураг анх гарч ирэхэд зотон тос, хөрөг зураг зурдаг байсан хүмүүс уурладаг байж л дээ. Тэр жишээтэй л адилхан. Хүний оюуны өмч, тархи толгойгоо гашилгаж бүтээсэн бүтээлтэй харьцуулшгүй. Мэдрэмж, шийдэл гаргахдаа яг төгс биш.
Айх зүйл нь хүн төрөлхтний хамгийн сайнуудыг шилээд нэг болгож гаргаж ирж байгаа нь л юм даа. Тэглээ гээд бид өгөгдөл харамлах шаардлагагүй байх. Зүгээр зургаа дараад, шүлгээ постлоход л тэр нь өгөгдөл болно гээд бод доо. Зугтах ямар ч аргагүй.
Тиймээс аль болох өөрсдийн гэсэн өгөгдлөө үүсгэж л байвал зүгээр гэж бодож байна. Бусад улс орны уран бүтээлчид ч гэсэн ийм байдлаар өгөгдлөө оруулаад ашиглаад л явж байгаа даа.
-AI-ын сул тал нь жаахан бэлэнчлэх сэтгэлгээ суулгаад байх шиг?
-Сэтгүүлчид мэдээгээ бичүүлж байна л гэх юм. Их сургуулийн оюутнууд бие даалтаа хийлгэж байна л гэлцэх юм. Үүнийг шийдэх нэг арга бий. Хиймэл оюун ухаанаар хийлгэсэн байна уу, үгүй юу гэдгийг илрүүлэг хийх боломжтой болсон. Хиймэл оюун ухаанаар хэдэн хувийг нь хийлгэж байна гэдгийг ч олж тогтоож болдог болсон. Бүүр хиймэл оюун ухаанаар луйвар хийгээд эхэлчихсэн байна билээ. Гол нь илрүүлэх. Илрүүлдэг шийдлийг нь худалдаж авах л хэрэгтэй болж таарах байх.
Саяхан эмнэлгээс мэдээлэл алдлаа гэхэд л хиймэл оюун ухаанаар код бичүүлээд хакердчихаж байгаа юм.
Харин хүмүүс бэлэнчлээд байгаа асуудалд нэг л зүйл хэлье. “Тэнэг асуулт тавивал тэнэг л хариулт авна” гэж хэлье. Хиймэл оюун ухаантай ойлголцохдоо хүртэл тархиараа эхэлж боддог юм. Бэлэнчилдэг нь тэгээд ялгараад л хоцорно доо. Юутай харьцаад байгаагаа ч ойлгохгүй л үлдэх байх. Үнэгүй юмнаас үнэгүй л мэдлэг авна.

-Херберт Уэлсийн “Цаг хугацааны машин” зохиолын гол дүрийн баатар 8,072 онд очтол хүн төрөлхтөн хоёр хуваагдчихсан байдаг даа. Тал нь газар дээр, тал нь газар доор амьдардаг шиг хүн төрөлхтөн бэлэнчилдэг бүтээдэг гэж хоёр хуваагдах юм шиг санагдлаа. Та юу гэж бодож байна?
- Чи зөв л бодож байна. Газар дээр байгаанууд нь одоогийн томоохон компаниуд. “Open AI” гэхэд л ямар ч хувьцаа гаргахгүй, хэнтэй ч хуваалцахгүй байна шүү дээ. Хамаг юм нь хаалттай. Тэгж бодохоор хоёр хуваагдаад л үзэж тарах байх даа. Монголын хиймэл оюун ухааны компаниуд ч мөн адил хэнтэй ч хуваалцахыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл асар их зардал хөрөнгө мөнгө цаг хугацаа шаардаж буй ажил болохоор тэр.
-AI ашиглахад зарцуулж буй цэвэр ус, цахилгааны асуудал мөн их маргаан дэгдээх юм. Ашиглах нь зөв үү?
-Трамп, Элон Маск хоёр ярилцчихсан шүү дээ. Мэдээж техник технологи хөгжиж байгаа юм чинь эрчим хүч орж л байгаа. Цахилгаан машин л гэхэд ялгаагүй л эрчим хүч, ус зарцуулж байна. Харин ч хиймэл ухаан илүү бага зардлаар үйл ажиллагаагаа явуулах талаар сайжрах л байх. Би тэгж л харж байна. Монголчуудын хувьд тэр тусмаа санаа зовох асуудал биш байх.
Энэ удаагийн “Бидний нэг” маань энд хүрээд өндөрлөж байна. “Ayan” номд эшлэн оруулсан Альбер Камьюгийн “Хүн өөрийгөө дахин бүтээхэд тусалдаг хамгийн агуу, чухал шинжлэх ухаан бол аян зам билээ” гэсэн үгээр жаргаая.