С.Билгүүн: Орон зайгаа илүү гоё болгохын тулд шинэ зүйл нэмэх биш, хэрэггүй зүйлээ авч хаях хэрэгтэй


Зарим хүн мэргэжлээ хайж, олон зам туулдаг бол нөгөө нэг нь багаасаа л өөрийн очих газраа мэддэг шүү дээ. Архитектор С.Билгүүний хувьд ч архитектур бол багаасаа зүрх сэтгэлээрээ мэдэрсэн хүсэл нь байжээ. Тэрбээр ШУТИС-ийн Архитектурын ангийг 2012 онд төгссөн бөгөөд өдгөө Studio2025 компанийг үүсгэн байгуулж, архитектор, интерьер дизайнерын чиглэлээр ажиллаж байна. Түүний энэхүү замнал нь санамсаргүй эхлэл биш ажээ.
“Би багаасаа л архитектур болно гэж боддог байсан. Өөр сонголт бодож ч байгаагүй ээ. Элсэлтийн шалгалт өгөхдөө хүртэл ганцхан архитектурын шалгалт өгсөн. 5, 6-р ангид байхдаа өрөөгөө өөрөө будаж янзалж байсан түүх бий. Тэр үеэс л ер нь шийдчихсэн байсан байх.”
Түүний хувьд орон зайг өөрчлөх, ямар нэгэн зүйлийг өөрийнхөөрөө бүтээх хүсэл бага наснаас нь эхлэлтэй. Харин өнөөдөр тэр хүсэл нь зөвхөн “гоё харагдах” зүйл бүтээхээс илүү өргөн хүрээтэй ойлголт болон хувирчээ.

-14 жилийн өмнө таны харж байсан интерьер дизайны салбар болон өнөөдрийн харж буй салбар хоёрын хооронд хэр ялгаа байна вэ. Монголд энэ салбар богино хугацаанд хэрхэн өөрчлөгдөж, хөгжсөн гэж та хардаг вэ?
-Анх энэ салбарт орж байсан үеийн “интерьер дизайн” гэх ойлголт өнөөдрийнхтэй харьцуулахад үнэхээр тэнгэр газар шиг ялгаатай санагддаг. Тэр үед өнөөдрийнх шиг бэлэн материал, олон сонголт байгаагүй. Бараа материалын олдоц бага, хүссэн зүйлээ бодитоор хэрэгжүүлэх боломж ч хязгаарлагдмал байсан. Харин өнөөдөр бүх зүйл өөр болсон. Материал, технологийн боломж нэмэгдэж, AI хүртэл дизайны үйл явцын нэг хэсэг болж байна. Тэр хэрээр дизайнерууд илүү чөлөөтэй төсөөлж, илүү өргөн хүрээнд сэтгэх боломжтой болсон. Монголын интерьер дизайны хөгжил харьцангуй богино хугацааг хамардаг гэж боддог. Гэхдээ богино хугацаанд маш хурдтай хөгжсөн. Олон улсад суралцсан, манай улсад шинэ туршлага авчирсан чадварлаг хүмүүс нэмэгдэж байгаа нь энэ салбарыг илүү өрсөлдөөнтэй, тэр хэрээр илүү чанартай болгож байна.
-Олон хүн интерьер дизайн гэхээр гоё тавилга, өнгөний зохицол гэж ойлгодог шүү дээ. Харин таны хувьд интерьер дизайн гэж юу вэ?
-Ихэнх хүмүүс интерьер гэхээр өнгөний зохицол, тавилгын байрлал, гал тогоо эсвэл гэрээ гоё болгох тухай төсөөлдөг нь үнэн. Гэхдээ миний хувьд интерьер гэдэг үүнээс хамаагүй том ойлголт. Би интерьерийг концепт гэж хардаг. Тухайн орон зай ямар зориулалттай, хэнд зориулагдсан, ямар мэдрэмж өгөх нь хүртэл бүгд хоорондоо холбогдох ёстой. Миний хувьд орон сууцны интерьерээс илүү үйлчилгээний байгууллага, бизнесийн орон зайн шийдэл илүү сонирхолтой байдаг юм. Аливаа орон зай зөв газар, зөв цагтаа, зөв хүмүүстээ зориулагдсан байх хэрэгтэй.
-Таны ажлуудыг харахад материалын сонголт, гэрэлтүүлэг зэрэгт бараан өнгө түлхүү шингэсэн анзаарагддаг. Энэ хэв маяг хэрхэн бүрэлдсэн бэ. Өөрийн дизайны хэллэгийг хэрхэн тодорхойлох вэ?

-Байгалийн өнгө, материалын өөрийн төрх хамгийн тухтай мэдрэмжийг төрүүлдэг. Миний хувьд нэг өнгөний олон төрлийн тон, тэдгээрийн хоорондын зохицол хамгийн чухал. Аль болох материалын өөрийн шинж чанар, байгалийн өнгө төрхийг хадгалж ашиглахыг хүсдэг. Жишээлбэл, бодит амьдрал дээр цагаан өнгө маш цөөхөн шүү дээ. Харин бидний эргэн тойронд ногоон, шаргал, шороон бор, хар гэх мэт байгалийн өнгөнүүд давамгайлдаг. Тиймээс байгаа зүйлийг байгаа төрхөөр нь ашиглах нь хүмүүст илүү дулаан, тухтай мэдрэмж төрүүлдэг байх.
-Таны бүтээсэн орон зайд хүмүүс хамгийн түрүүнд юуг мэдрээсэй гэж хүсдэг вэ?
-Миний бүтээсэн орон зайд хүмүүс хамгийн түрүүнд балансыг мэдрээсэй гэж хүсдэг. Баланс гэдэг бол тунг нь тааруулах тухай шүү дээ. Амьдрал дээр ч гэсэн аливаа зүйл хэтрэхээрээ тухгүй болдог. Хүний харилцаа хүртэл хэтэрхий хатуу эсвэл хэтэрхий зөөлөн байвал болдоггүй шиг интерьер ч мөн адил. Тиймээс би хүмүүст зүгээр нэг гоё дизайн санал болгохын оронд илүү зөв төлөвлөлт, зөв ашиглалт, тухайн хүндээ тохирсон шийдлийг санал болгодог. Жишээбэл, би шинэ орон зай харахаараа хамгийн түрүүнд “энэ газар юу хийвэл хамгийн зөв бэ” гэж боддог гэх үү дээ.
-Гэрийнхээ уур амьсгалыг сайжруулахыг хүсвэл юунаас эхлэх хэрэгтэй вэ? Мөн бид интерьерийн хувьд юун дээр хамгийн их алддаг вэ?
-Интерьер хүний өдөр тутмын амьдрал, сэтгэл зүйд маш их нөлөөлдөг. Ялангуяа гэрэлтүүлэг. Орой болоход хэт тод гэрэлтэй орчин надад тухгүй санагддаг. Байгаль дээр хүртэл нар жаргах үед гэрэл аажмаар багасдаг шүү дээ. Орон зай ч гэсэн тэр зохилдлогоог дагах хэрэгтэй гэж боддог. Өөрөөр хэлбэл, байгаль өөрийн өнгө төрхөөрөө хүнийг тайвшруулж, тухтай мэдрэмж төрүүлдэг шиг интерьер ч мөн адил хүний мэдрэмжтэй холбогдох ёстой.
Гэрээ бага өөрчлөлтөөр илүү тухтай болгоё гэвэл хамгийн түрүүнд гэрэлтүүлгээ өөрчлөөд үзээрэй. Оройдоо хурц тод гэрлээ унтраагаад ханын гэрэл, жижиг бүдэг гэрлүүд асаахад л орчны уур амьсгал өөр болдог юм. Бид аливаа зүйлийг хадгалах, цуглуулах хандлагатай байдаг. Гэхдээ орон зайгаа илүү гоё болгохын тулд заавал шинэ зүйл нэмэх биш, хэрэггүй зүйлээ авч хаях хэрэгтэй байдаг. Хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа нь энгийн, цэвэрхэн шийдэл хангалттай гоё байхад заавал илүү ганган, илүү их детальтай зүйл сонгох гэж хичээдэгт байдаг юм шиг санагддаг юм.
Өөр нэг ажиглагддаг сул тал нь хөрөнгө оруулалтын эрэмбээ буруу тодорхойлдог. Жишээлбэл, олон жил ашиглагдах ёстой сантехникийн тоноглол, үндсэн материал, өдөр бүр хэрэглэгдэх зүйлс дээрээ санхүүгээ хэмнээд илүү гоё, үнэтэй буйдан авдаг. Эсвэл чанартай нэг сандлаа олон жил хэрэглэе гэж харахаас илүү түр зуурын, хямд сонголт хийж байгаад удалгүй дахин солих шаардлагатай тулгардаг алдаа гаргадаг юм шиг ажиглагдсан.

-Интерьер дизайнерт хандахаасаа өмнө хүн юуг бодож, өөрөөсөө асуусан байх хэрэгтэй вэ?
-Интерьер дизайнерт хандахаасаа өмнө өөрийгөө таних хэрэгтэй гэж хэлмээр байна. Гэрээ засах гэж байгаа хүн хамгийн түрүүнд өөрийгөө ойлгох хэрэгтэй гэж боддог. “Би яг юунд дуртай юм бэ, юу хүсэж байна вэ, би ямар амьдралын хэв маягтай билээ” гэх мэт асуултын хариултыг тодорхой болгож чадвал дизайнертай ажиллах үйл явц илүү амар болно. Өөрийгөө хэр сайн ойлгуулна, тэр хэмжээгээр дизайнер тухайн хүнд тохирсон сайн шийдэл гаргаж өгнө гэсэн үг. Яг эмчид үзүүлэхтэй адилхан зүйл шүү дээ. Хаана өвдөж байгаагаа зөв хэлж байж зөв онош гардаг шиг өөрийгөө ойлгож байж өөрт тохирсон орон зайг бүтээлгэж чадна.
-Таны хувьд “сайн интерьер” гэж юу вэ?
-Сайн эсвэл муу интерьер гэж шууд тодорхойлох хэцүү. Яагаад гэвэл хүн бүрийн гоё, муухай гэх үнэлэмж өөр байдаг шүү дээ. Интерьер гэдэг тухайн хүндээ зориулж бүтээгддэг зүйл. Захиалагч бүрийн хүсэл, амьдралын хэв маяг, хэрэгцээ өөр өөр учраас нэг хүнд төгс санагдах зүйл өөр нэг хүнд тохирохгүй байж болно. Харин зөв болон буруу интерьер гэж байдаг гэж боддог. Зөв интерьер бол тухайн хүн, газар, нөхцөлдөө хамгийн сайн тохирсон шийдэл юм. Өөрөөр хэлбэл, захиалагч өөрийн хүсэл, хэрэгцээгээ сайн ойлгуулж, дизайнер хүн өөрийн мэдлэг, туршлага, мэргэжлийн өнцгөө нэмсэн үед тухайн хүнд тохирсон хамгийн зөв орон зай бий болдог.
Сэтгэгдэл