Дижитал төхөөрөмжүүд өнөөдөр "100 жилийн баталгаа" амладаг ч химийн аргаар хэвлэсэн зургууд цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгддөг. Харин байгалийн гэрэл, төмрийн давсны нэгдлээр бүтдэг цианотип бол 200-аас 1000 гаруй жилийн насжилттай, дэлхийн гэрэл зургийн түүхэн дэх бат бөх архивын аргын нэг юм. Бид "Гамма" агентлагийн гэрэл зурагчин Д.Занданбатыг “Урлагийн түүх” булангийн энэ удаагийн дугаарт урьж, цианотип хийх процесс болон гэрэл зургийг баримтжуулан үлдээдэг энэхүү хэвлэлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
Гэрэл зургийн суурь соёл цианотип
Бидний яриа материалын сонголтоос эхэлсэн юм. Зурагчин маань өмнө нь хэрэглэсэн кофены шүүлтүүр цаасаа цэвэрлэж хатаагаад бэлтгэсэн байв. "Цианотипыг заавал үнэтэй, тусгай цаасан дээр хийх ёстой. Гэвч Монголд хүчилгүй (Acid Free) төрлийн цаас олдоц бага учраас кофены шүүлтүүр цаас зэрэг гарын доорх материал ашиглан шинэ төрлийн туршилт хийж үзэж байгаа. Учир нь кофены шүүлтүүр цаас бол ямар нэгэн химийн нэмэлт, шохойгүй цэвэр бүтэцтэй учраас гэрэл зураг буулгахад тохиромжтой материал юм. Тиймээс энэ удаад хүмүүст сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс кофены шүүлтүүр цаасыг сонголоо" гэдгийг тэрбээр тайлбарлав.

Ер нь гэрэл зургийг баримтжуулж хадгалах платиниум хэвлэл, мөнгөн принт, шилэн дээр буулгах гэх мэт олон арга байдгийн дотор үндсэн суурь нь цианотип бөгөөд архив насжилтаараа гайхагддаг төрөл ажээ: "Зурагчид өөрийн бүтээийг ирээдүйд үнэ цэнтэйгээр үлдээхийн тулд ийм алтернатив гэрэл зургийн архивын төрлүүдийг дэлхий нийтээрээ сонгодог" хэмээн онцолж байлаа.
Түүхийн жим
Энэхүү аргыг 1842 онд Английн одон орон судлаач Сэр Жон Хершель математикийн нүсэр хүснэгтүүдээ хурдан хуулбарлахын тулд нээжээ. Удалгүй ургамал судлаач Анна Аткинс 1843 онд далайн замгуудыг энэ аргаар буулгаж, дэлхийн анхны гэрэл зурагт номыг хэвлүүлсэн юм. Хожим нь энэ техник архитектурын салбарт нэвтэрч, бидний мэдэх "Blueprint" буюу цэнхэр хэвлэл болон хөгжжээ. 1980-аад он хүртэл дэлхийн алдартай барилга байгууламжийн зураг төслийг энэ аргаар архивладаг байсан нь түүний гайхалтай насжилттай холбоотой аж.
Шинжлэх ухааны огтлолцол
"Материал маш чухал. Гэрэл зургийн сургуульд зөвхөн материалын сонголт дээр 3-4 семестр хичээл үздэг болохыг манай багш хэлж байлаа" хэмээн Д.Занданбат яриагаа үргэлжлүүлэв. Тэрбээр Acid-Free буюу хүчилгүй, химийн пигментгүй цэвэр цаас ашиглахын ач холбогдлыг дурдлаа. Учир нь энгийн цаасанд байдаг хүчил болон шохойлог бодисууд нь цианотип хийхэд ашигладаг төмрийн давстай урвалд орж, цагийг нь болоогүй байхад зургийн өнгийг өөрчлөх эсвэл дүрсийг бүдгэрүүлж устгах аюултай байдаг аж. Цэвэр хөвөнлөг эсвэл хүчилгүй цаас нь химийн уусмалыг ширхэг бүртээ жигд шингээж, пигментийг хэдэн зуун жилийн турш тогтвортой хадгалах орон зай болдог байна.

Цианотип хийхэд шаардлагатай материал
"Ид шид" эхлэхээс өмнө зурагчны ширээн дээр дараах материалууд бэлэн байх ёстой. Үүнд:
- Гэрэлд мэдрэмтгий уусмал: Калийн феррицианид болон аммонийн төмрийн цитрат гэсэн хоёр төрлийн бодисын найруулга
- Сонгосон материал: Хүчилгүй (Acid-Free) мэргэжлийн цаас, эсвэл дахин ашиглах боломжтой кофены шүүлтүүр цаас, даавуун тор.
- Багс эсвэл спонж: Бодисыг цаасан дээр нимгэн, жигд түрхэхэд ашиглана.
- Транспаренси фильм эсвэл биетүүд: Буулгахыг хүссэн гэрэл зургийн негатив хальс, эсвэл хатаасан ургамал, цаасан хайчилбар гэх мэт дүрс үүсгэгч биетүүд.
- Шилэн хавтан ба хавчаар: Цаас болон биетийг хооронд нь агааргүй шахаж бэхлэх зориулалттай.
- Хэт ягаан туяа ялгаруулдаггүй бүдэг шар гэрэл: Нарны гэрэл, эсвэл нарыг орлох хэт ягаан туяа ялгаруулдаггүй бүдэг шар гэрэл
- Ванн: Зургийг угааж, илүүдэл бодисыг зайлах цэвэр устай сав.
- Устөрөгчийн хэт исэл буюу пероксид: Цэнхэр өнгийг агшин зуур тодруулж, "амилуулах" зориулалттай.
- Харандаа: Бэлэн болсон бүтээл дээр түүхэн тэмдэглэл хөтлөхөд хэрэглэнэ.
Цианотип хийх процесс
Биднийг цианотип хийх өрөө рүү ороход тэрбээр дээрх гэрлээ унтрааж, бүдэг шар гэрэл асаалаа. "Энэ бол хэт ягаан туяа ялгаруулахгүй гэрэл. Ийм орчинд ажиллах нь цаас болон бодист гэрэл цохихоос сэргийлдэг" гэв. Энэ үйл явц өөрөө олон талт шинжлэх ухааны нэгдэл ажээ.

Алхам 1 буюу химийн шинжлэх ухаан: Зурагчин өмнө нь бэлтгэсэн бодисоо гаргаж ирлээ. Гэрэл нэвтрүүлэхгүйн тулд хар даавуугаар бүтээжээ. "Юмны бага нь амттай гэж манай багш хэлдэг. Бодисоо маш нимгэн, жигд түрхэх ёстой" гээд спонж багсаар торлосон хөдөлгөөнөөр (cross-hatching) түрхэж эхлэв. Түрхэж дуусаад сэнсээр сэвж хатаана. "Хатахаараа дулаахан мэдрэмж төрүүлж эхэлдэг" гэж тэрбээр техникийн нарийн ширхгийг заалаа.
Алхам 2 буюу физикийн шинжлэх ухаан: Хатаасан цаасан дээрээ хатаасан ургамал эсвэл транспаренси фильм байрлуулж, шилээр чанга хавчина. Транспаренси фильм гэдэг нь гэрэл зурагчны авсан зургийг тунгалаг хальсан дээр өнгийг нь эсрэгээр хувиргасан буюу цагаан хэсэг нь хар, хар хэсэг нь цагаан болгож хэвлэсэн хувилбар юм. Ингэж эцсийн дүн нь бидний нүдээр хардаг бодит зураг болж бууна. Шилээр чанга бэхлэх нь биет болон цаасны хооронд ямар ч зай гаргахгүй, дүрсийг сарнилгүй тод буулгах физик нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Алхам 3 буюу математикийн шинжлэх ухаан: Үүний дараа нарны гэрэл эсвэл нарыг орлуулах бүдэг гэрэлд 10-40 минут байрлуулна. Гэхдээ бодис болон цаасны шингэлтээс хамаараад урьдчилж шалгах буюу тест хийх ёстой. Гэрлийн эрчмийг цаг хугацаатай харьцуулан тооцоолж байгаа нь цэвэр математик тооцоолол юм. "Энэ бол цаг хугацааны математик. Нарнаас цасан дээр ойсон хурц гэрэл нүдэнд нөлөөлдөг шиг, бид энд нарыг орлуулж гэрлээр шардаг" гэлээ.
Алхам 4: Цаг болмогц зурагчин гэрлээ унтрааж, бэлдцээ хүйтэн усанд зайллаа. "Бодисоо маш сайн зайлж угаах ёстой. Усаар угаах үед химийн илүүдэл арилдаг бөгөөд бодисоо байгалиас гаргаж авсан учраас хоруу чанар багатай" гэж тайлбарлах зуур шар туяа арилж, гүн цэнхэр дэвсгэр дээр цагаан дүрс тодорлоо.

Алхам 5: Үүний дараа пероксид буюу устөрөгчийн хэт исэл цацлаа. Ингэхэд цайвар цэнхэр өнгө агшин зуур гүн болор цэнхэр болон хувирч, зураг "амилах" нь тэр. Төгсгөлд нь зургийг сайтар хатааж, уран бүтээлч харандаагаар тухайн цианотипыг буулгасан өдөр, гарын үсэг зэрэг тэмдэглэгээг хийсний дараа бүтээл бэлэн болно.
Боловсрол: Хүүхдийн сэтгэлгээг тэлэх нь
Цианотипыг гэрийн нөхцөлд ч хийх боломжтой байгалийн арга аж. Д.Занданбатын хувьд өнгөрсөн зун Анна Браун багштай хамт асрамжийн газрын хүүхдүүдэд цианотипын сургалт орсон бөгөөд "Хүүхдүүдийн сэтгэлгээ их гоё. Тэд дүрсийг шууд зохиомжлоод буулгаж байгаа нь гайхалтай. Үүнийг хийхэд хими, физик, математик, ботаник гээд шинжлэх ухааны бүх мэдлэгийг нэгэн зэрэг авдаг. Хүүхдүүдийн сэтгэлгээнд гэрэл гэгээ нэмдэг энэ урлаг олон улсад маш өндөр хөгжсөн байдаг" гэлээ.

"Бүх зургийг буулгах боломжтой ч архитектурын зураг хамгийн гоё гардаг. Харин хүний хөрөг буулгах нь хамгийн хэцүү, нарийн ажиллагаа шаарддаг. Оролдлого маш чухал. Зөвхөн дүрс буулгах биш, тухайн хүн юу илэрхийлэх гээд байна гэдэг санаа, зохиомж хамгийн чухал" хэмээн тэрбээр яриагаа өндөрлөв.
Гэрэл зураг гэдэг техник хэрэгслийн тусламжтай дүрс буулгах механик үйлдлээс гадна физик, химийн нарийн зүй тогтол, материалын судалгаа болон уран бүтээлчийн гоо зүйн мэдрэмж нэгэн цэгт огтлолцож буй үйл явц юм. “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Д.Занданбаттай хамтран бэлтгэсэн энэхүү сурвалжилга нь цианотип хэмээх сонгодог техникээр дамжуулан цаг хугацааг архивлаж, байгальд ээлтэй байдлаар түүхийг мөнхлөн үлдээх боломжтойг баримтжуулан харууллаа.


Сэтгэгдэл