Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт бид Монголын залуучуудын эвсэл ТББ-ын Ерөнхий захирал Т.Амарзаяаг урьж, залуусын улс төрийн оролцооны өнөөгийн байдал, төрийн чадавх ба иргэдийн итгэлцлийн зангилаа асуудлууд, боломжит шийдлийн талаар ярилцлаа.
Бидний ярилцлага залуус бодлого, шийдвэрт нөлөөлөх бодит боломжууд болон технологийн давуу талыг хэрхэн ашиглаж байгаа талаарх яриагаар эхэлсэн юм. Залуучуудын улс төрийн оролцоо гэдэг нь зөвхөн сонгуульд санал өгөхөөр хязгаарлагдахгүй бөгөөд төрийн бодлого, шийдвэрт хяналт тавих иргэний хариуцлагыг талаар онцлон хөндлөө.
Мэдээлэл бол оролцооны суурь
Залуучуудын улс төрийн оролцооны талаар ярихаасаа өмнө "оролцоо" гэх ойлголтын талаар ярих хэрэгтэй болов уу. Оролцоо гэдэг нь зөвхөн дөрвөн жилд нэг удаа санал өгөх эсвэл талбай дээр жагсах төдий биш юм. Өөрөөр хэлбэл, энэ нь иргэн хүн өөрт байгаа мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, түүгээрээ дамжуулан төрийн шийдвэрт нөлөөлөх, хяналт тогтоох тасралтгүй үйл явцыг хэлдэг.
Иймд улс төрийн оролцооны эхний зарчим нь мэдээлэлтэй байх, тэрхүү мэдээллээ ашиглан "төрөөс хариуцлага нэхэх" чадамжаас эхэлдэг. Мэдээлэлгүй хүн зөв, бурууг шүүх боломжгүй бөгөөд мэдээлэл хүртээмжгүй байх тусам иргэдийн төр засагтаа итгэх итгэл үгүй болдог. Гэвч өнөөдөр төр мэдээллээ PDF хэлбэрээр тавиад "ил тод" болчихлоо гэж үзэх нь хангалтгүй байна. PDF формат нь иргэд боловсруулах боломжгүй зураг төдий зүйл юм. Иймээс бодит оролцоог хангахын тулд мэдээллийг иргэд шууд татаж аваад, программ ашиглан дүн шинжилгээ хийж болохуйц Excel файл эсвэл нээлттэй өгөгдлийн форматаар өгөх ёстой.

Ил тод мэдээлэл гэдэг нь нээлттэй өгөгдлийг иргэд, судлаачид бодит тоон мэдээллийг шууд татаж авч, дүн шинжилгээ хийх боломжтой форматаар нийтлэх ёстой өргөн хүрээний ойлголт ажээ. Ингэснээр иргэд, судлаачид бодит тоон мэдээлэл дээр тулгуурлан дүгнэлт хийж, олон нийтийн асуудалд саналаа хүргэх боломжтой болдог байна. Монгол Улсад ч мөн энэхүү зарчмыг хэрэгжүүлбэл иргэд зөвхөн мэдээлэл хүлээн авагч биш, төрийн шийдвэрт тасралтгүй оролцох боломжтой хариуцлагын системийг төлөвшүүлнэ гэдгийг тэрбээр онцолж байлаа.
Төрийн уялдаа холбоо
Өнөөдөр манай улсад залуусын дуу хоолой хүчтэй байгаа ч төрийн институцын чадавх тэр хурдыг нь гүйцэхгүй байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын дундаж наслалт ердөө 1.8 жил бөгөөд төрийн албан хаагчийн мэргэших хугацаа богино байна. Энэ нь бидний нөлөөлөх гээд байгаа төр өөрөө "ой санамжгүй", залгамж халаагүй, хэт тогтворгүй байгааг харуулж буй хэрэг юм. Сайд солигдоход баг нь дагаад солигддог, өмнөх хүний хийж байсан ажил тэр чигтээ зогсдог нь залуус оролцохоос залхах гол шалтгаан болдог.
Мөн залуучуудын асуудлаар 16 яамны 13 нь чиг үүрэг хүлээдэг ч хоорондоо мэдээллээ солилцдоггүй, нэгдсэн удирдлагагүй байгаа нь системийн алдаа юм. Энэ саадыг арилгаж чадвал залуус заавал ажил амьдралаа цалгардуулан талбай дээр жагсахгүйгээр, технологи ашиглан шийдвэр гаргах цэгт шууд нөлөөлөх боломжтой. Жишээлбэл, "D-Parliament" платформоор дамжуулан 70.000 гарын үсэг цуглуулж, утааны сонсгол хийлгэж чадсан нь технологийн хүчийг харуулсан бодит жишээ юм.
Ил тод мэдээллийн системийг бэхжүүлэх нь төрийн институцын тогтвортой байдлыг дэмжих гол арга зам бөгөөд олон улсад энэ чиглэлээр технологийг ашигласан амжилттай жишээ олон байна. Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Ази, Номхон далайн бүс нутагт иргэний оролцооны технологийг (civic tech) нэвтрүүлж, сонгуулийн мэдээллийн худал хуурмагийг илрүүлэх, олон нийтийн хяналтын хэрэгслүүдийг бий болгох замаар засаглалын ил тод байдлыг дээшлүүлж, залуучуудын оролцоог идэвхжүүлсэн байна. Эдгээр жишээнээс харахад, олон улсад ил тод байдлыг дэмжсэн цахим платформууд нь мэдээллийн нэгдсэн урсгалыг бий болгодог бөгөөд ингэснээр залуучуудын нөлөөллийн сувгуудыг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Жагсаал цуглаан хийх эрх
Монгол Улсад залуус санал бодлоо илэрхийлэх сувгууд нээлттэй байгаа ч бодит байдал дээр жагсаал цуглаан зохион байгуулахад зөвшөөрөл авдаг тогтолцоо саад болсоор байна. Үзэл бодлоо илэрхийлэх хамгийн суурь хэлбэр болох жагсаал цуглаан хийхэд цагдаагийн байгууллагаас заавал зөвшөөрөл хүсдэг хуучинсаг соёл одоог хүртэл хэвээр байгаа нь залуусын дунд "цагдаагаас айх", "хар тамга даруулах" гэсэн болгоомжлолыг үүсгэдэг.

Төрийн шийдвэр гаргах түвшинд залуусын дуу хоолойг "аргацааж", цаг хугацаа хожих замаар мартагдуулах тактик нь эргээд нийгмийн итгэлцлийг бууруулж байна. Манай улсын хувьд иргэдийн төр засагтаа итгэх итгэлээрээ бүс нутагтаа доогуур үзүүлэлттэй байгаа нь залуусын гадаад руу чиглэсэн их нүүдлийг улам нэмэгдүүлж байна. Иймээс томилгоог танил тал биш, ёс зүй болон мэргэшсэн байдалд суурилсан мерит зарчмын дагуу хийх нь засаглалыг тэнцвэржүүлэхэд чухал алхам болох юм.
Шийдвэр гаргалтын ил тод байдал нь иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, нийгмийн тогтвортой байдлыг дэмждэг. Монгол Улсад төрийн байгууллагад итгэх итгэл доогуур түвшинд байгаа бол олон улсад ил тод байдал, мэргэжлийн томилгоо, оролцооны эрхийг хөнгөвчилсөн загварууд итгэлцлийг нэмэгдүүлж, төрийн үр ашгийг сайжруулж байна. Ийм ил тод, шударга тогтолцоог нэвтрүүлснээр залуусын үл итгэлцлийг бууруулж, төрийн шийдвэрт бодит оролцоог хангах боломж бүрдэх боломжтой ажээ.
Олон улсын туршлагаас суралцах нь
- Манай орны нөхцөлд залуучуудын улс төрийн оролцоог сонсох түвшнээс шийдвэрт нөлөөлөх түвшинд гаргахын тулд ямар институцын өөрчлөлт хамгийн түрүүнд хэрэгтэй вэ?
- Манай орны нөхцөлд хэрэгжүүлэх бүрэн боломжтой, бодит сайн туршлагууд бий. Ялангуяа монголчуудын 95 хувь нь сошиал орчинд идэвхтэй байгаа нь оролцооны асар том боломж юм. Энэхүү идэвхийг институцийн түвшинд ашиглахын тулд залуучуудын зөвлөл, оролцооны платформоос гарсан саналыг төрийн байгууллагын хариуцлагын механизмтай холбох шаардлагатай.

Тухайлбал, Өмнөд Солонгост хэрэгждэг шиг Залуучуудын зөвлөлийн санал, шийдвэрийг орон нутгийн удирдлагуудын үр дүнгийн гэрээнд тусгавал, залуучуудын оролцоо зөвлөмжийн түвшнээс давж, бодит хариуцлагын тогтолцоонд орно. Үүнтэй адил, Германд мөрдөгддөг жагсаал цуглааны мэдэгдлийн зарчим нь иргэдийн оролцоог хянах бус, аюулгүй байдлыг хангах замаар дэмжих институцын хандлагыг төлөвшүүлсэн туршлага юм.
Бид эдгээрээс хариуцлага, ил тод байдал, институцын үүргийг тодорхой болгох зарчмуудыг нутагшуулах боломжтой. Учир нь Монгол Улсад төрийн институцын тогтвортой байдал сул, бодлогын залгамж чанар хангалтгүй байгаа нь залуучуудын санал санаачилга бодит шийдвэрт тусахад саад болж байна. Ийм нөхцөлд бодлогын бүх шатанд шууд оролцох загвараас илүүтэйгээр, залуучуудын саналыг заавал авч үзэж, хэрэгжилтийн талаар тайлбар өгөх “хоёрдугаар түвшний” хариуцлагын тогтолцоо илүү тохиромжтой гэж үзэж болно.
Залуучуудын улс төрийн оролцоо нь зөвхөн сонгуульд санал өгөхтэй хязгаарлагдахгүй, мэдээллийн хүртээмж, хууль эрх зүйн орчин, институцын тогтвортой байдал, технологийн шийдлүүдийн уялдаанаас бүрдсэн систем юм. Энэхүү систем үр дүнтэй ажиллах нөхцөл бүрдвэл төр болон иргэн хоорондын харилцаанд итгэлцэл нэмэгдэж, залуучуудын оролцоо бодлогын түвшинд бодит үр нөлөө үзүүлэх боломжтой юм.
Ирээдүйн хөрөнгө оруулалт ба тогтвортой оролцоо
Тиймээс залуусын оролцоог дэмжих эхний алхам нь тэдний дуу хоолойг бодитойгоор сонсдог институцын соёлыг бий болгох, мөн “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн хэрэгжилтийг хариуцлагын механизмтай уялдуулах явдал юм. Оролцооны платформ хөгжүүлэх, мэдээллийг нээлттэй болгох нь тодорхой хэмжээний зардал шаарддаг ч, энэ нь төрд итгэх итгэл, нийгмийн тогтвортой байдалд үзүүлэх урт хугацааны үр өгөөжтэй харьцуулахад харьцангуй бага өртөгтэй хөрөнгө оруулалт юм.
Залуусын оролцоог дэмжих хамгийн эхний алхам нь төрийн зүгээс тэдний дуу хоолойг бодитойгоор сонсдог соёлыг бүрдүүлэх явдал юм. Оролцооны платформуудыг хөгжүүлж, мэдээллийг нээлттэй болгох нь төсөв, хугацаа шаарддаг ч энэ нь эргээд иргэдийн итгэлцэл, нийгмийн тогтвортой байдалд үзүүлэх эерэг нөлөөлөлтэй харьцуулахад өртөг нь харьцангуй бага. Өнөөдөр залуусаа сонсохгүй, тэднийг системээс гадуур орхисноор ирээдүйн 20, 30 жилд бидний засаглалд асар том ангал үүсэх болно.
Улс төрийн оролцооны амжилт нь зөвхөн төрийн үүрэг биш бөгөөд иргэн бүрийн мэдээлэлд суурилсан хандлагатай холбоотой. Нийгмийн гишүүн бүр “би өөрийнхөө амьдарч буй орчныг сайжруулахын тулд ямар мэдээлэлтэй байх ёстой вэ?” гэсэн асуултаас эхлэх учиртай. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хуулийн төсөлд санал өгөх, технологийг хяналтын зэвсэг болгож ашиглах нь засаглал эрүүлжих, залуус шийдвэр гаргалтад бодитоор нөлөөлдөг тогтвортой ирээдүй бий болох боломжтой.
- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Гэрэл зургийг: Д.Занданбат

