Нураах төлөвлөгөөтэй баригдсан ч дэлхийд алдаршсан барилгууд


Дэлхийд хамгийн их жуулчин татдаг, улс орныхоо бэлгэ тэмдэг болсон зарим барилга анх нураах төлөвлөгөөтэйгөөр баригдаж байсан гэвэл та итгэх үү? Эйфелийн цамхаг, Лондонгийн нүд, Болор шилтгээн зэрэг дэлхий даяар алдаршсан, архитектурын шилдэг бүтээлүүд түр хугацааны ашиглалтын дараа нураах зорилготойгоор баригдсан байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр бүтээн байгуулалтууд улс орныхоо түүх соёл, үндэсний бахархлын бэлгэдэл болж, шинжлэх ухааны гайхамшигт бүтээл болон хувирчээ. Энэ удаагийн нийтлэлээр алдартай барилгуудын ард нуугдсан түүхээр хамтдаа аялцгаая!
Эйфелийн цамхаг: "Төмөр гажиг"-аас Францын бахархал болсон түүх

Александр Гюстав Эйфелийн зохион бүтээсэн Эйфелийн цамхгийг жилд дунджаар 7 сая орчим хүн зорин очдог бөгөөд тэдний 75% нь гадаадын жуулчид байдаг байна. Сена мөрний зүүн эрэгт сүндэрлэх Францын бэлгэ тэмдэг болсон энэхүү цамхгийг Францын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 оны Дэлхийн үзэсгэлэн яармагт зориулж, 1887-1889 оны хооронд бүтээжээ. Энэхүү 300 метр өндөр төмөр цамхгийг баригдаж эхэлсэн цагаас Ги де Мопассан, Шарль Гарнье зэрэг Францын олон нэрт зохиолч, уран бүтээлч, уран барилгачид цамхгийн гоо зүйг эрс эсэргүүцэж, хотын үзэмжид зохицохгүй “үзэшгүй балай”, “төмөр гажиг” зэргээр гоочилж байв. Инженер Густав Эйфелийн удирдлага дор барилгын ажил товлогдсон хугацаандаа баригдаж дууссан бөгөөд Эйфелийн цамхаг нь тухайн үеийнхээ дэлхийн хамгийн өндөр барилга болж байж. 18,038 ширхэг төмөр хэсгээс бүрдэх уг цамхаг нь 1889 оны Дэлхийн үзэсгэлэн яармагийн орох хаалга болжээ.
Анхны гэрээний дагуу цамхгийг хорин жилийн дараа буюу 1909 онд нураахаар төлөвлөсөн ч радио холбооны дэвшилтэт хэрэглээ гарч ирсэн нь цамхгийг “стратегийн ач холбогдолтой объект” буюу радио дамжуулах антен болгон хувиргажээ. Тухайлбал, дэлхийн нэгдүгээр дайны үед Герман руу нууц радио дамжуулахад ашигласан нь Францын армийн харилцаа холбооны гол цэг болж байв. Улмаар 1910 он гэхэд нураах төлөвлөгөө бүрмөсөн цуцлагдаж, “monstrueuse tour de fer” буюу "аймшигт төмөр цамхаг" гэгдэж байсан Эйфелийн цамхаг хорьдугаар зууны эхэн гэхэд Францын бахархал, соёлын бэлгэ тэмдэг болон хувирчээ.
Болор шилтгээн: Ирээдүйн хотыг бүтээсэн шилэн байгууламж

Английн Хатан хаан Викториягийн нөхөр, Хааны Урлагийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч, ханхүү Альбертын аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг дэлхий нийтэд танилцуулах зорилгоор санаачилсан хамгийн анхны Дэлхийн үзэсгэлэн яармагийг (Great Exhibition) 1851 онд Лондон хотноо зохион байгуулжээ. Тус үзэсгэлэнгийн гол байгууламж болох Болор шилтгээний загварыг архитектор Жозеф Пакстон санаачлан, шил, цутгамал төмөр ашиглан бүтээснээрээ тухайн үеийн архитектурын салбарт шинэчлэл авчирчээ. Урьд хожид байгаагүй орчин үеийн, хурдан угсарч болдог архитектурын шийдлээрээ олны анхаарлыг татсан тус шилтгээн нь 563 метрийн урттай, 124 метрийн өргөнтэй бөгөөд нийт 100,000 м² талбай бүхий үзэсгэлэнгийн талбайд 14,000 орчим үзэсгэлэнд оролцогчийн бүтээлийг нэг дор байршуулж чадсан нь тухайн цагийн технологийн чадавхыг гайхуулсан хэрэг байв.
Уг бүтээн байгуулалтад ердөө есөн сарыг зарцуулсан бөгөөд 1851 оны тавдугаар сарын 1-ний өдөр дэлхийн анхдугаар үзэсгэлэн яармаг албан ёсоор нээлтээ хийн аравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд 6 сая гаруй хүн үзэсгэлэнд оролцсон байдаг. Ийнхүү олон улсын үзэсгэлэн дууссаны дараа Болор шилтгээнийг нураах төлөвлөгөөтэй байсан ч аж үйлдвэржилт, шинжлэх ухаан, соёлын ололт амжилтыг нэг дор төвлөрүүлсэн энэхүү бүтээн байгуулалт нь Британийн эзэнт гүрний сүр хүчийг харуулаад зогсохгүй дэлхий нийтэд “ирээдүйн хот” гэх төсөөллийн эхлэлийг тавьсан архитектурын гайхамшиг болон хувирчээ. Улмаар үзэсгэлэн дууссаны дараа Болор шилтгээнийг Лондон хотын өмнөд хэсэг рүү зөөвөрлөн угсарч, 70 гаруй жил соёл урлаг, спортын төв, музей, театр зэрэг олон нийтийн соёл, боловсролын төв болгон ашиглаж байсан ч 1936 онд их хэмжээний галд өртөн бүрэн шатсан байна. Хорьдугаар зууны архитектурын түүхэнд тод мөрөө үлдээсэн энэхүү шилэн ордон нь өдгөө технологи, уран барилгын түүхэн бэлгэ тэмдэг болон үлджээ.
Grand Palais: Үзэсгэлэнгийн танхимаас үндэсний бахархал руу

Парис хотын Сена мөрний хөвөөнд, Елисейн өргөн чөлөөнөө 1900 онд сүрлэг шилэн дээвэртэй, төмөр, ган, чулуун хослол бүхий Grand Palais ордон сүндэрлэжээ. Тухайлбал, 1900 оны Парисын Дэлхийн үзэсгэлэн яармагт зориулан Францын урлаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтыг харуулах зорилгоор архитектор Шарль Жиро тэргүүтэй гурван уран бүтээлч хамтран бүтээсэн бөгөөд Францын Гуравдугаар Бүгд Найрамдах Улсын үеийн архитектурын дээд илэрхийлэл хэмээн үздэг байна.
Grand Palais ордон нь анх түр үзэсгэлэнгийн зориулалтаар баригдсан ч барилгын 240 метр урт, 45 метр өндөр шилэн, ган дээвэр, төмөр хийцийн уран нарийн шийдлүүд нь олон нийтийг ихэд гайхшируулсан тул үзэсгэлэнгийн дараа нураах бус соёлын төв болгон үлдээх шийдвэрт хүрсэн байна. Ийнхүү соёл урлаг, шинжлэх ухаан, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах олон талт зориулалтаар ашиглаж байсан тус барилгыг дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист Германы армийн зэвсгийн агуулах болгон ашиглаж байжээ. Улмаар дайны дараа сэргээн засварласан бөгөөд 2000-аад оны эхэн хүртэл олон улсын үзэсгэлэн, урлагийн шоу, загварын шоу, уран зургийн үзэсгэлэнгийн гол төв байсаар ирсэн энэхүү ордон нь өдгөө Францын соёл урлагийн түүхийг гэрчлэх томоохон төвийн нэг юм.
Лондонгийн нүд: Их Британийн ирээдүйг тольдох хүрд

Урьд хожид байгаагүй 135 метр өндөр алсыг харагч Их Британийн Темза мөрний өмнөд эрэгт 1999 онд сүндэрлэсэн нь өнөөгийн бидний мэдэх Лондонгийн нүд юм. Тус байгууламжийг “Мянганы шинэ оныг угтах үндэсний төсөл”-ийн хүрээнд 2000 оны шинэ жилийн баярыг угтан архитектор Жулиа Барфилд, Дэвид Маркс нар хамтран бүтээжээ. Шинэ мянганы бэлгэ тэмдэг болсон Лондонгийн нүд алсыг харагч нь анх таван жилийн хугацаатай баригдсан бөгөөд 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ёслол төгөлдөр нээлтээ хийж, 2000 оны гуравдугаар сарын 9-ний өдөр олон нийтэд нээлттэй болсон юм.
2000 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш таван жил үйл ажиллагаа явуулаад нураахаар төлөвлөсөн ч жуулчдын урсгал тасралтгүй нэмэгдэж, нээлтээ хийсэн өдрөөс хойш зургаан сарын хугацаанд 2 сая хүн хүлээн авсан нь бүтээн байгуулалтыг хэвээр үлдээх гол үндэслэл болжээ. Ийнхүү Их Британийн шинэ мянганы бэлгэ тэмдэг болсон Лондонгийн нүдийг 2002 онд байнгын байгууламж болгон үлдээх шийдвэр гаргасан бөгөөд өдгөө жилд дунджаар 6 сая орчим жуулчин хүлээн авдаг байна. Лондонгийн нүд алсыг харагч нь Лондон хотын орчин үеийн өнгө төрхийг илэрхийлэхийн сацуу шинэ жилийн баярын салют, Олимпын наадмын хаалтын ёслол зэрэг олон нийтийн арга хэмжээнд голлох үүрэг гүйцэтгэсээр байна.