Apple “iOS 27” системээр төхөөрөмжүүдийнхээ суурь хурдыг 30-80 хувиар нэмэгдүүлэхээ зарлалаа


Apple компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Worldwide Developers Conference 2026” арга хэмжээнийхээ үеэр дараагийн үеийн үйлдлийн системүүд болон хиймэл оюун ухааны “Apple Intelligence” платформын томоохон шинэчлэлүүдээ албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн хурлаар танилцуулсан шийдлүүд нь ирэх намар гарах iOS 27, iPadOS 27, macOS 27 зэрэг системийн шинэчлэлүүдээр дамжин хэрэглэгчдэд хүрэх бөгөөд төхөөрөмжүүдийн архитектурыг илүү хурдан, аюулгүй, бүтээмжтэй болгоход чиглэжээ.
Хувийн мэдээллийг таних "Siri AI" систем
Apple компани ухаалаг туслахаа бүрэн шинэчилж, Google-ийн Gemini технологи болон өөрийн үүлэн тооцоололд суурилсан “Siri AI” системийг зарлав. Шинэ туслах нь хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу мессеж, мэйл, зураг зэрэг дотоод өгөгдлөөс логик холбоос үүсгэн хайлт хийх, дэлгэц дээрх контентыг шинжлэх, аппликэйшнүүд хооронд үйлдэл гүйцэтгэх чадвартай болжээ. Тусдаа аппликэйшн хэлбэрээр ажиллах уг систем нь дата нууцлалын зохицуулалтаас шалтгаалан эхний ээлжид Европ, Хятадын зах зээлд ашиглагдахгүй юм байна.
Дижитал орчны хүүхэд хамгаалал эрс өргөжив
Цахим аюулгүй байдлын хүрээнд системд суурилсан хүүхдийн бүртгэлүүд насны ангилалд тохирсон хамгаалалтыг автоматаар идэвхжүүлдэг боллоо. Хүүхэд Safari хөтчөөр шинэ веб сайт руу нэвтрэх эсвэл шинэ харилцагчтай холбогдох бүрд эцэг эхээс зөвшөөрөл хүсэх бөгөөд хүчирхийлэл, садар самууны агуулгыг систем автоматаар хязгаарлах аж. Мөн хэрэглээний хугацааг ангиллаар тогтоох боломж бүрдэж, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөөний тусгай веб сайт ажиллаж эхэллээ.
Системийн суурь бүтэц өөрчлөгдөж, ажиллагаа хурдасна
Програм хангамжийн шинэчлэлийн үр дүнд ирэх намар гарах системүүд дээр төхөөрөмжүүдийн гүйцэтгэл эрс сайжрахаар байна. Тухайлбал, iPhone, iPad дээр аппликэйшн нээгдэх хугацаа 30 хувь, зургийн сангийн ачаалалт 70 хувь, AirDrop дамжуулалт 80 хувиар тус тус хурдсаж, iPad-ын файл дамжуулах чадвар тав дахин нэмэгдэхийг онцоллоо. Мөн сүлжээ шилжилтийг саадгүй болгож, Mail аппликэйшнүүдийн хайлтын үр дүнг “Top Hits” хэсэгт оновчтой эрэмбэлдэг болсон байна. Түүнчлэн Passwords апп Safari-гаар дамжуулан сул нууц үгнүүдийг бие даан сольж шинэчлэх AI агентыг багтаажээ.
Дизайн болон хэрэглээний шинэ боломжууд
Үйлдлийн системийн "Liquid Glass" дизайны тунгалаг байдлыг хэрэглэгч өөрийн хүслээр тохируулах шийдэл нэмэгдлээ. Гэрэл зургийн салбарт хиймэл оюун болон 3D модел ашиглан зургийн зохиомж, өнцгийг дараа нь өөрчлөх "Spatial Reframing" функц нэвтэрсэн бөгөөд “Home” аппликэйшний хяналтын камерын бичлэгийг текстээр хураангуйлах чадвартай болжээ. Үүнээс гадна “Health” аппликэйшинд цэвэршилтийн үеийн хяналтыг нэгтгэж, “iCloud Shared Albums” дотор зургийг бүрэн нягтаршилтайгаар хуваалцах, “Apple Vision Pro” дээр панорам зургийг 3D орчин руу хөрвүүлэх зэрэг хэрэглээний шинэ боломжууд суурилуулсан байна.
Эх сурвалж: CNBC
Сэтгэгдэл