Их амралтаас хэрхэн ажлын өдрүүдэд дасах вэ?

2026.07.203 минут унших
Их амралтаас хэрхэн ажлын өдрүүдэд дасах вэ?  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

“Амьд байхаас өөр зүйлгүй, нүцгэн басхүү агшин зуурын болж хувирсан амьдралд үзүүлэх хариу үйлдэл хэт идэвхтэй байдал, ажлын хэнээ, бүтээлч байдлаар илрэн гардаг.” Солонгос-Германы философич Хан Бён Чол "Тамирдсан нийгэм" (The Burnout Society) бүтээлдээ нэн орчин үеийн хүний амьдралыг ийнхүү дүрсэлсэн байдаг.
Наадмын өмнөх өдрүүдэд бид тайлангаа дуусгах, ажлаа амжуулах, дараагийн долоо хоногтоо санаа зовохгүй амрахын тулд бараг бүх хүчээ шавхдаг. Харин олон хоногийн амралтын дараа ажлын ширээний ард эргэн суух мөчид "дахиад л эхэллээ" гэх мэдрэмж төрөх нь цөөнгүй. Өглөө эрт босох, замын түгжрэл, хуримтлагдсан и-мэйл, тасралтгүй хурал гээд хэдхэн хоногийн өмнө мартчихсан мэт санагдсан ажлын хэмнэл эргээд нэгэн зэрэг эхэлдэг шүү дээ.

Хэрэв танд ийм мэдрэмж төрж байгаа бол үүнийг хэт том асуудал мэт хүлээж авах хэрэггүй. Амралтын дараа ажилдаа эргэн дасан зохицох үе нь хүний бие, сэтгэлзүйд тохиолддог бүрэн хэвийн үзэгдэл болохыг олон улсын судалгаанууд тайлбарладаг. 

Амралтын эерэг нөлөө хэр удаан үргэлжилдэг вэ?

Израилийн судлаачид 76 оффисын ажилтныг хамруулсан судалгаагаар амралтын өмнө, амралтын үеэр болон амралтын дараа нийт таван удаа ажлаас халшрах хам шинж (burnout)-ийн түвшнийг хэмжсэн байна.

Судалгааны үр дүнгээр амралтын үеэр оролцогчдын ажлаас халшрах түвшин мэдэгдэхүйц буурч, хүмүүс өөрийгөө илүү эрч хүчтэй, тайвнаар мэдэрчээ. Харин ажилдаа эргэн орсноос хойш гурван өдрийн дараа энэ эерэг нөлөө аажмаар буурч эхэлсэн бөгөөд гурван долоо хоногийн дараа ихэнх оролцогч амралтын өмнөх түвшиндээ эргэн очсон байна.

Өөрөөр хэлбэл, амралтын эерэг нөлөө үгүй болсон биш, харин ажлын өдөр тутмын ачаалал аажмаар эргэн давамгайлж эхэлдэг гэсэн үг юм. Судалгаанд мөн амралтаараа сэтгэл хангалуун байсан хүмүүс илүү сэргэг байдаг ч  тэдний сэргэлтийн нөлөө бусадтай харьцуулахад арай хурдан буурч байгааг ажиглажээ. 

Ажилдаа эргэн орох шилжилтийн үе 

Их амралтаас хэрхэн ажлын өдрүүдэд дасах вэ?  нийтлэлийн зураг

2021 онд хэвлэгдсэн өөр нэгэн судалгаанд 93 ажилтантай ярилцлага хийж, амралтын дараах эхний өдрүүдэд хүмүүст яг юу хамгийн хүндрэлтэй байдгийг тодруулжээ.

Судлаачид ажилдаа эргэн дасах үйл явцыг дөрвөн үндсэн бүлэгт хуваасан байна:

  • Хуримтлагдсан ажил, өндөр ачаалал зэрэг ажилтай холбоотой хүндрэлүүд,
  • Хамт олон, байгууллагын орчиндоо дахин зохицох зэрэг нийгмийн хүндрэлүүд,
  • Өдөр тутмын цагийн хуваарь, амьдралын хэмнэлдээ эргэн орохтой холбоотой ерөнхий хүндрэлүүд,
  • Амралтын тайван мэдрэмжээс ажлын дүрдээ буцаж орох үед үүсдэг өөрийгөө ажилтайгаа дахин холбож мэдрэхгүй байх мэдрэмж (dis-identification).

Сонирхолтой нь оролцогчдын ихэнх нь ажилдаа эргэн ирсэндээ баяртай байсан ч нөгөө талаар багагүй түгшүүр, дарамтыг зэрэг мэдэрч байжээ. Өөрөөр хэлбэл, ажилдаа эргэн орох үеийн сэтгэл хөдлөл нь зөвхөн эерэг эсвэл сөрөг биш, харин хоёуланг нь зэрэг агуулсан шилжилтийн үе байдаг аж. Мөн байгууллагуудын ихэнх нь ажилтнуудын энэ шилжилтийн үеийг хөнгөвчлөх тусгай бодлого, дэмжлэг бараг байдаггүйг судлаачид онцолсон байна. 

Тэгвэл ажилдаа эргэн орохдоо сэтгэл санаагаа хэрхэн тогтвортой авч үлдэх вэ?

Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн сэтгэл судлалын чиглэлээр хийгдсэн судалгаанууд дараах арга барилууд хамгийн үр дүнтэй болохыг харуулжээ. 

  1. Эхний өдрөө өөрөөсөө 100% бүтээмж бүү шаард 

Амралтын дараах эхний өдөр хамгийн өндөр бүтээмжтэй байх ёстой гэсэн хүлээлт өөрөө стресс үүсгэдэг. Судлаачдын үзэж буйгаар эхний нэгээс хоёр өдрийг "дасан зохицох үе" хэмээн үзэж хүлээн зөвшөөрөх нь ажлын бүтээмжийг урт хугацаанд илүү тогтвортой хадгалдаг гэжээ. 

  1. Өдөр тутмын амьдарлын хэмнэлээ аль болох хурдан сэргээх

Амралтын үеэр унтах, хооллох, хөдөлгөөн хийх цаг өөрчлөгддөг. Харин ажил эхлэхэд хамгийн түрүүнд сэргээх ёстой зүйл бол энэхүү өдөр тутмын хэмнэл юм. Тогтмол цагт унтаж, эрт босож, богино алхалт хийх зэрэг нь биеийн дотоод цагийг хэвийн болгоход тусалдаг. 

  1. Ажлаа эрэмбэлж эхлэх 

Ажлын ширээн дээр овоорсон бүх ажлыг нэг өдөрт амжуулах гэж оролдох нь стрессийг улам нэмэгдүүлдэг гэнэ. Харин хамгийн чухал ажлуудаа эхэлж хийх, үлдсэнийг нь дараалалд оруулах нь сэтгэлзүйн ачааллыг мэдэгдэхүйц бууруулдаг. 

  1. Ажлын дараа ажлаа бодохоо болих нь хамгийн хүчтэй хамгаалалт 

Сэтгэл судлаач Сабине Зоннентагийн судалгаагаар ажлын дараа и-мэйл шалгахгүй байх, ажлын асуудлаа байнга бодохгүй байх нь дараагийн өдрийн эрч хүчийг хадгалах хамгийн хүчтэй хамгаалалтын нэг хэмээн онцолжээ. Үүнийг "psychological detachment" буюу “ажлаасаа сэтгэлзүйн хувьд салж чаддаг байх” гэж нэрлэдэг аж.

  1. Амралтаар бий болгосон сайн зуршлаа хадгалах

Амралтаараа алхдаг байсан бол үргэлжлүүлээрэй. Ном уншдаг байсан бол өдөрт арван минут ч болтугай уншаарай. Гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллодог байсан бол энэ зуршлаа хадгалаарай. Судалгаагаар ийм жижиг дадлууд амралтын үеийн эерэг мэдрэмжийг илүү удаан хадгалж, ажлаас халшрах эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ. 

Эцэст нь амралтын дараах ядрал, залхуурал, эсвэл ажилдаа буцаж дасахгүй байгаа мэт мэдрэмж бол сул дорой байдлын шинж биш юм шүү. Харин хүний тархи, бие махбод амралтын горимоос ажлын горимд шилжиж буй байгалийн үйл явц юм. Амралтын дараах эхний өдрөөсөө л өөрийгөө хэт төгс байлгах гэж хичээхээс илүү, аажмаар ажлын хэмнэлдээ дасаж, амралтын үеэр олж авсан эрч хүчээ өдөр тутмын амьдралдаа хадгалж чадвал дараагийн амралт хүртэл илүү эрүүл, тогтвортой ажиллах боломжтой гэдгийг битгий мартаарай. 

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд