Хайрын “хурга”


2020 оны хавар говийн аймгуудаар цаг хүндэрч эхлэв. Дундговь, Өмнөговийн хойд талын сумдын малчид тэр аяараа Өвөрхангайн урд, зарим нь ч уг руу нүүдэллэж байв.
Хаврын тарчиг цагаар жилбэ муутай орсон төл мал, тамирдсан төлөг борлонг тууварлана гэдэг санах ч юм биш. Их нүүдлийн зам гэдэг хүн малыг эцэс төгсгөлгүй туйлдуулдаг билээ.
Яг тэр үед Онгийн голын Хэрсэнгийн гарам дээр 300 гаруй мал ачсан чиргүүлтэй "маяти" наашаа ч үгүй цаашаа ч үгүй суусан байна. Энэхүү нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажигласан бол сайрт суусан том оврын автомашиныг трактор, эсвэл уул уурхайд ашигладаг техник хэрэгсэл л татаж гаргах боломжтой. Аль эсвэл бурхны гар хаанаас ч юм “хөөпппп” гээд татаж гаргах. Өөр боломжгүй мэт.
ХӨДӨЛМӨР АМАНД АМТАГДДАГ БОЛ…

Хүнд нөхцөл байдалд орсон энэ техникийн эзэн өнөөдрийн гол баатар Ч.Ариунжаргал байлаа. Өдөр, шөнө хоёр голын сайр ухсаар хоёр гар нь модойчихсон сайх эрийн дэргэд байсан малчин Ц.Хүрэлбаатар “Манай Жагын тэвчээр, хатуужил эцэс төгсгөлгүй. Тэр шөнө би хажууд нь бага зэрэг нүдний хор гаргаж амжсан ч Жага цурам ч хийгээгүй. Хоолгүй ачсан мал зүгээр зогсож байхдаа л дарагдчих гээд бэрх. Гэтэл тэр том чиргүүл рүү байн байн авирч гараад л, буцаж буугаад л уйгагүй үзэж байгаа юм. Сайр ухсан гар нь зэвхий цайгаад, булчин нь модойтол хатуурчихсан байхад л зогсоогүй. Тийм ээ, тэр зогсоогүй. Тэрхүү хөдөлмөр, тэвчээрийнхээ зах зухаас амсаж өнөөдөр “Алтан хурганы” эзэн хэмээх шагналын эзэн боллоо. Бид хоёр нэг айлын хүргэн. Базууд гэсэн үг. Хөдөлмөр амтагддаг бол түүний аманд яг одоо л амтагдаж байгаа байх” гэж ярилаа.
Шавилхан биетэй ч мал маллах эрдмээрээ нутаг орондоо шагшигдан цуурайтсан энэ эрийн малчны гараа нь наймдугаар анги төгссөн тэр цагаас эхэлжээ. Анхны багш нь Б.Ариунболд гэж Бүүрцэг хайрхны арын дэнжээр нутагтай малчин ард. Шагнал авсныхаа дараа “Мал маллах эрдэмд сурган хүмүүжүүлсэн Ариун ахдаа талархлаа” хэмээн хоолой зангируулан ярина.
ЭМЭГТЭЙ ХҮН МӨН ҮҮ?
Одоо эхний үйл явдлыг эргэн нэг саная. Онгийн голын Хэрсэнгийн гарамд 300 гаруй мал ачсан том оврын автомашин наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацжээ. Энэ үеэр нэгэн эмэгтэй ард үлдсэн сувай мал, тав, зургаан азарга адуу, суурь үхрээ шаа бөөгнүүлэхээр хужаа мотоциклийн хаазыг тултал базан хээр талаар довтолгоно. Энэ эмэгтэй бол дараагийн гол дүр Д.Сүнжидмаа. Аливаа ажлаас эмэгтэй гэж хойш суусангүй. Морь, тэмээ, машин, мотоцикл ерөөс түүнд унаж эдэлж чадахгүй техник хэрэгсэл гэж үгүй билээ. Түүний талаар Д.Соёлмаа “Манай Сүнжигээ чадахгүй юм үгүй. Орчлонгийн хамгийн хөдөлмөрч эмэгтэйг хөтлөөд ир гэвэл би Сүнжигээг л дагуулж очно. Миний дүү болохоор тэгж ярьж байгаа юм биш. Нутаг орон тэр аяараа л харж байгаа. Нутаг орон гэлтгүй улс нь үнэлээд дүгнэчихсэн юм. Хэдий эр хүн шиг ажиллаж хөдөлмөрлөдөг ч гэсэн миний ганц охин дүү шүү дээ. Гурвын гурван хүүхдийн ээж хүн. Эх хүн. Өр зөөлөн нинжин сэтгэлтэй. Бусдыг бодно, нэгнээ хайрлана гэдэг чинь том ухаан. Одоо зарим залуу малчин гэр бүлийг харахад эхнэр нь гэртээ суучихсан нөхөр нь гадуур майжийтлаа зүтгэж байгаа харагдах юм. Гэтэл миний дүү тэгээгүй юм. Зэрэгцээд л амьдралын төлөө зүтгэсэн дээ. Зан араншингийн хувьд хортой шартай. Бууж өгнө гэж байхгүй дээ. Амьдралын нарийн ширийн зүйлийг яривал их юм бий л дээ. Гэхдээ л дүүгээ хаяа, өрөвдөнө, хайрлана. Багадаа нэгэн хүнд дийлдэхгүй гэсэндээ дөчийн бетоноор худгаас ус татаж зогссон хүүхэд шүү дээ” хэмээн ярина.
ТЭДНИЙ ХАЙРЫН ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН

Дээр хэсэгчлэн бичсэн гол дүрийн хоёр баатар маань нэгэн гэр бүлийн хүмүүс. Ч.Ариунжаргал, Д.Сүнжидмаа нар тоонот гэрт толгой холбож тостой тогоонд хошуу холбоод хориод жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд гурван хүүхдийн аав ээж болсон тэдний амьдрал анхнаасаа тарган цатгалан, бэлэн байсангүй. 60, 70 малтай л эхэлсэн залуу хосуудад дутагдах гачигдах юм бишгүй. Анхны цагаан сараараа хоол аягалах ч таваггүй сууж ахуйд эхнэр Сүнжидмаа нь “төрсөн гэртээ харьдаг ч юм бил үү” хэмээн бодож байсан гэх. Гэхдээ түүний бодол л байжээ.
Тэр цаг хугацаанаас хойш ердөө 10 хүрэхгүй жилийн хугацаанд л тэд зэрэгцэн зүтгэсээр 2014 оноос хойш тасралтгүй 1,000 мал тоолуулж, сум орон нутгийнхаа малчин өрхүүдийг туслахаар авч ажиллуулсан байна. Мэдээж тэдний цалин урамшуулал, нийгмийн даатгал зэргийг төлж явсан гэсэн үг. Харин өдгөө тэдний өөрийн хүү А.Хүрэлтулга эрийн цээнд хүрсэн учраас туслах малчин авч ажиллуулахаа больжээ.
Тэдний том охин А.Хонгорзул алс холын Ирланд улсад суралцдаг бөгөөд бид түүнтэй холбогдож сэтгэгдлийг нь сонслоо. “Миний аав ээж хоёр үр хүүхдүүдийнхээ төлөө өдрийг өдөр гэж хойшлуулалгүй, шөнийг харанхуй гэж мартагналгүй зүтгэсэн. Үр хүүхдүүдийнхээ амьдралд гэрэл гэгээ асааж сурах суралцах боломжоор хангаж байгаад талархлаа. Олон юм ярих гэхээр уйлчих гээд байна. Ямартай ч энэ их хайрыг чинь яаж даана даа гэж бодох юм. Та хоёр минь эрүүл мэндээ бодоод урт удаан наслаарай. Маш их санаж байна шүү” гэдэг үгийг дамжуулсан юм. Харин бага охин А.Мөнхцэцэг нь “Аав, ээждээ хайртай шүү” гэж хэлчхээд л ичингүйрэх…

Гэрэлт нарны доор эхнэр, нөхөр болж аж төрнө гэдэг хувь тавилангийн буулга яаж буухаас л шалтгаалдаг билээ. Хөдөөгийн хосуудын хайр дурлалын түүх нэгэн адил, гэхдээ илүү сонирхолтой. Тэд анх учрахдаа л заяагдмал гэдгээ ухаарчээ. Адууны эрэлд явсан Ч.Ариунжаргал айлын гадаа дөрөө мултлахдаа л нохой хорин зогсох жаахан охинд дурласан гэх. Тас хар гэзэгтэй, үсээ хоёр хуваагаад сүлжсэн, нүд хөмсөг болсон охин зогсож байсан аж. Өнөө харвал бага охин А.Мөнхцэцэг нь яг л ээжийнхээ бага насыг өвчин авсан юм санжээ.
Ингэж дурлалын мананд нүдээ гээчхээд эрлээ ч ололгүй харьсан байна. Алдуул малаа олоогүй ч амьдралын ханийнхаа дүрсийг сэтгэлдээ олчхоод харьж явсан нь тэр юм уу даа. Хэчнээн удаа тэднийх рүү юу бодож явсныг, хэчнээн удаа догдлол дурлалаар сэтгэлээ булгиулчхаад харьж явсныг нь Ухаа дэлийн нарийн жим, унаж явсан мориных нь ул таваг л санах биз ээ.
Гурван морины настай хүний амьдралд гудайлгүй амьдрахад сайн ханийн тус их ээ. Тэд хэн хэндээ л билүү, чулуу, арга билэг. Тэдний хайр сэтгэлийн жамын салхийг зөөвөрлөх гэж хэдэн морь эцэж, хэдэн цэцэг тасарсныг бид яахан мэдэх билээ...
“Одоо эхний үйл явдлыг эргэн нэг саная. Онгийн голын Хэрсэнгийн гарамд 300 гаруй мал ачсан том оврын автомашин наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацжээ”
Машиныг ямар ч техник хэрэгсэл ашиглалгүйгээр гаргасан гэдэг. Зөвхөн ухаан, эв, хөдөлмөрөөрөө өнөөх малчин эр гаргасан байгаа юм. Энэ бүхнээс харахад залуучууд бид аливаа зовлон бэрхшээлийг маш тайвнаар даван туулах хэрэгтэй гэдгийг ийн санууллаа.