Т.Эрдэнэбаяр: Нэрээ марттал Дэндэв гэж дуудуулдаг байлаа...

Д.Жавхлан2026.01.127 минут унших
Т.Эрдэнэбаяр: Нэрээ марттал Дэндэв гэж дуудуулдаг байлаа... - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Өмнө нь нүүр тулж уулзаж байгаагүй ч бидний зүрх сэтгэлд дуу хоолойгоороо хоногшин үлдэж, дотно мэдрэмж төрүүлдэг хүмүүс бол орчуулгын киноны ард чимээгүйхэн хөдөлмөрлөж байдаг кино дуу оруулагчид билээ. Тиймээс энэ удаагийн “Бидний нэг” буландаа хүн бүрийн зүрх сэтгэлд “Тусгай салаа” киноны Дэндэв нэрээр хоногшсон, МҮОНРТ-ийн кино орчуулгын албаны дуу оруулагч, жүжигчин Төрсайханы Эрдэнэбаярыг урьж, түүний дуу хоолойгоороо бүтээсэн он жилүүд, хөдөлмөр, уран бүтээлийн замналынх нь тухай ярилцлаа. 

МҮОНРТ-ийн хоёр давхрын хамгийн баруун жигүүрт кино дуу оруулгын студи байрлана. Үндэсний телевизийн кино архивд хадгалагдан буй бүх кино энэ л студид орчуулагдан, дуу оруулж үзэгчдийн хүртээл болсон биз ээ. Биднийг ороход кино дуу оруулагч, жүжигчин Т.Эрдэнэбаяр шүлэг уншин хоолой бичүүлэхээр ажиллаж байв. Түүний хоолойг анхааралтай сонсон, студийн өрөөг ажиглан суух зуур тэрбээр “алдчихлаа, дахиад нэг явчихъя” гэж хэлээд хоёр шүлэг уншиж дуусгалаа.

“Ээж маань дуунд их дуртай. Бага байхад ээж дуу аялангаа их ажил хийнэ. Радиогоор “Хүсэлтийн хариу” яваад л, Адарсүрэн, Чимэдцэеэ гээд тухайн үеийн мундгуудын дууг их сонсдог байсан. Тэгээд ээжийн дуулахыг сонсоод л сууна шүү дээ, сэтгэлд их дотно. Түүнд нь би жаахан хөглөгддөг байсан болов уу гэж боддог юм. Магадгүй тэгээд л урлагт дурласан байх” хэмээх түүний бага насны дурсамжаар бидний ярилцлага эхэлсэн юм.

“Гэр бүлийн суурь хүмүүжлээр одоогийн би төлөвшсөн”

Т.Эрдэнэбаяр: Нэрээ марттал Дэндэв гэж дуудуулдаг байлаа... нийтлэлийн зураг

Буурал аав юм яриад, би хажууд нь шогшоод л. Өвөө маань номхон гэж жигтэйхэн хүрэн морь унадаг байлаа. Нагац ахын маань “ганган саарал” гэж сайхан хүлэг байсан юм. Толгой хаялсан, дүүхэлзсэн сайхан амьтан. Ганган саарлаа унаад л буурал аавтайгаа төв ордог байсан дурсамжаа огт мартдаггүй. Тэгээд хүүхдүүдийн дэргэд ганган саарлаараа гангардаг байлаа шүү дээ. Монгол хүн юм болохоороо морь унаж давхихаар их омогшино.

Буурал аав маань намайг их онгироодог байж билээ. Өглөө эрт манай нагац ах, ах хоёр унтаад босохгүй, хонь малдаа явахгүй болохоор нь өвөө маань “За одоо хүүгээ л дуудъя даа. Миний хүү чинь сэргэлэн гэж жигтэйхэн, нэрийг нь нэг дуудахад босоод ирнэ” гэж цаашлуулна. Түүнийг нь би сонсоод “хэзээ дуудах бол, дуудангуут нь л босох юм шүү” гээд нэг дуудахад нь год үсрээд босоод ирнэ. Тэгэхээр “миний хүү чинь нойронд их сэргэг шүү дээ” гэж хэлэхэд нь их урамшдаг байлаа. Тэр цагаас хойш ер нь нойронд их сэргэг болсон доо.

Гэр бүлийн суурь хүмүүжлээр одоогийн би төлөвшсөн юм. Аав ээж маань ажил ихтэй учраас гэрийн ажлаа ах бид хоёр хувааж аваад хийдэг байлаа. Нэг өдөр нь нь би усаа авсан бол дараагийн удаа ах авдаг ч юм уу. Тэр өдрийнхөө бүх ажлыг хийгээд дуусгачихвал чөлөөтэй, гадаа хүүхдүүдтэй сагс тоглоод л гүйнэ. Ахтай хүн гэсэндээ ахдаа их эрхэлнэ. Ажил хийж байгаад чадахгүй болохоороо ахыгаа хараад л суучихна. “Би чадахгүй бол ах чадах юм чинь” гээд хамаг найдвараа ахад л тавьдаг байлаа. 

“Сургуульдаа тэнцчихээд аав ээждээ хэлтэл урамтай сайхан баярлаж билээ”

Хүүхдийн ордны 46 тоот өрөөнд наймдугаар ангийн нэгэн хүү драмын дугуйланд орохоор шалгуулж байв. Гэрийнхээ хамгийн алиа хошин нь, нэлээн нүүрэмгий хүүхэд байсан тул аав ээж нь энэ зан чанарыг нь анзаарч урлагаар явуулахаар шийдсэн нь тэр байлаа. Энэ цаг үеэс урлагийн хүн болох замнал нь эхэлсэн аж.

Хичээл номдоо нөгөө алтан дундаж гэдэг шиг муу руу орохгүй, сайн руу гавихгүй явдаг хүүхэд байлаа. Багадаа жүжигчин болъё гэж бодож байгаагүй. Дунд ангиасаа драмын дугуйланд явчихсан болохоор надад илүү ойр санагдаад “жүжигчин болъё” гэж шийдсэн юм уу даа. 

Анх 1999 онд СУИС-д шалгалт өгөөд нэлээн дээгүүр оноотой тэнцэж байсан юм. Харин аав ээж маань намайг СУИС-д тэнцэж чадна гэдэгт жоохон итгэлгүй байсан ч “юу ч гэсэн шалгалтыг нь өгүүлээд үзье” гэж бодсон байх. Тэгээд сургуульдаа тэнцчихээд аав ээждээ хэлтэл урамтай сайхан баярлаж билээ. Тухайн үед аав ээж хоёрыгоо жоохон ч болов баярлуулж чадсандаа дотроо бас өөрөө баярлаж л явлаа. 

Дуу оруулагчийн мэргэжилд дурласан нь…

Т.Эрдэнэбаяр: Нэрээ марттал Дэндэв гэж дуудуулдаг байлаа... нийтлэлийн зураг

СУИС-д ТВ Коктейлийн Энхбаяр бид хоёр нэг ангид элсэж орж байсан юм. Энхбаяр маань оюутан байхдаа л Үндэсний телевизийн кино албанд дуу оруулагч хийдэг байсан. Их даруухан л даа, өөрийгөө нэг их дөвийлгөөд яриад байхгүй чимээгүй л яваад байдаг хүүхэд байсан. Тэгсэн найзалж нөхөрлөөд, дотносоод ирсэн чинь Үндэсний телевизэд ажилладаг бүр кино албанд нь дуу оруулагч хийдэг гэдгийг нь мэдэж авч байгаа юм. Тухайн үедээ “Гурван марал од” гээд солонгос олон ангит киноны Ин Хагийн дүрд дуу оруулж байсан юм билээ. Түүнийг нь сонсоод “ямар гоё юм бэ, дуу оруулагч гэдэг чинь ийм гоё мэргэжил байдаг юм уу” гэж анх Энхбаяраас л мэдэж авч байлаа. Дуу оруулах сонирхол маань тэр нөхрөөс үүдэлтэй л дээ. 

Оюутан байхдаа UBS телевизийн кино албанд дадлага хийгээд 2003 онд төгсөөд UBS телевиздээ эргээд ирсэн байхгүй юу. Тухайн үед уншина ч гэж дээ, дөнгөж сурч байгаа учраас алдах үе бишгүй бий. Намайг сургаад авъя л гэж бодсон байх. Тэгээд л дууны найруулагчтайгаа л их ноцолдоно шүү дээ. Энхгэрэл, нэвтрүүлэгч Энхтуяа, Оюунцэцэг эгч нараас бас их заавар зөвлөгөө авдаг. Одоо бодоход ямар ч их тэвчээртэй байсан юм. Тэгээд дөнгөж учраа олж байтал 2004 онд Солонгос явахаар болж ажлаасаа хэсэг завсарлаад байсан юм. Гурван жилийн дараа Монголдоо ирээд UBS телевизэд жил гаран болоод Үндэсний телевиздээ орж, өнөөдрийг хүртэл ажилласаар байна. 

- Та анх ямар кинонд дуу оруулж байв?

Анх UBS телевизэд “Маха Бахарат” хэмээх Энэтхэгийн 100 гаруй ангит кинонд өгүүлэгчийнх нь дүрд хуваарилагдаж байсан юм. Тэгээд чадан ядан нэг юм алдаж оноод л уншиж билээ, хөөрхий минь. Анхны дуу оруулалт болоод ч тэр үү, санаанаас гардаггүй юм. Тэр олон ангит кинон дээр л “дуу оруулах чинь нээрээ л хэцүү юм байна шүү” гэж бодож байсан. Гэхдээ би дуу оруулахын гоё сайхныг нь мэдэрчихсэн учраас больж чадахгүй сураад байвал болох юм байна гээд өөртөө зорилго тавьж байлаа.

“Үндэсний телевизийн кино алба хэмээх том айлд орж их зүйл сурмаар байна” гэж хүсдэг байлаа. Гэвч гурван удаа шалгуулсан ч тэнцээгүй юм…

Т.Эрдэнэбаяр: Нэрээ марттал Дэндэв гэж дуудуулдаг байлаа... нийтлэлийн зураг

Тухайн үед UBS телевиз, Үндэсний телевиз хоёр торон хашаагаар зааглагддаг байсан юм. Дундаа хүн багтаад орчихоор жижигхэн зайтай тэр хэсгээр шургаж ороод л Үндэсний телевизийн дуу оруулагчид UBS телевизэд дуу оруулахаар их ирнэ. Тэдний хажууд дуу оруулаад дагаад, чирэгдээд явахаар чинь бас л гоё шүү дээ. Сурах зүйл маш их. Тэгээд үндэсний телевизийн кино алба хэмээх том айлд орж олон сайхан хүнтэй танилцаж, тэндээс л их юм сурмаар байна гэж хүсдэг байлаа. Гэвч гурван удаа шалгуулсан ч тэнцээгүй юм. 

Орчуулгын киноны найруулагч гэж бий. Тухайлбал, аль жүжигчний хоолойны өнгө, зан араншин тухайн дуу оруулах бүтээлд тохирох вэ гэдгийг зохицуулж бүх жүжигчдээ хариуцдаг хүнийг хэлнэ. Тэгээд дуу оруулагч Энхбаяр, Баттүшиг, Батцэцэг гээд гурван хүнийг орчуулгын киноны найруулагч байсан жилүүдэд ирж шалгуулаад “За, дараа ирээрэй” гэдэг хариу аваад л буцдаг байв. Үнэхээр хүсэж байгаа газраасаа ийм хариу сонсохоор жоохон хэцүү л санагддаг юм билээ. Гэхдээ шантарч байгаагүй “арай болоогүй юм байна даа, илүү хичээе” гэж л боддог байсан. 

Тэгж явсаар эцэст нь 2009 онд Үндэсний телевизийн дуу оруулагчаар ажиллах завшаан тохиосон юм. Санасандаа хүрнэ гэдэг шиг хүсэж, мөрөөдөж явсан Үндэсний телевиздээ ороход төсөөлж байсан шиг сайхан хамт олон хүлээж авсан. Ахмад уран бүтээлчдийнхээ сургаал үгийг сонсож, суралцсаар өдий зэрэгтээ яваа болохоор кино албаны хамт олондоо их баярлаж явдаг даа.

Хүссэн газраа очих хүртэл тэрбээр зорьсон зорилгодоо үнэнч байж саад бэрхшээл бүрд шантарч буцсангүй. “Одоо хүртэл суралцсаар л явна” гэх түүний үг хүн хүссэндээ хүрсэн гэж санаа амрах биш үргэлж суралцаж явах ёстойг сануулах нь нэн онцолмоор байв.

“Дэлхийд гайхагдсан алдартай кино, сайн кинонд дуу оруулах их урамтай”

- Кинонд дуу оруулахад юун дээр илүү анхаарах ёстой вэ?

Дуу оруулагч киноны текст дээр илүү анхаарч аль болох энгийн байдлаар жүжигчний байгаа байдалд тааруулж үнэн зөв, үнэмшилтэй дуу оруулах хэрэгтэй. Мөн улс орны онцлог гэж юм бий шүү дээ. Жишээлбэл, солонгос жүжигчид илүү эмоци өндөртэй байдаг учраас дуу оруулагчаас тэр хэмжээний эмоци шаардах бол оросуудаас бас өөр төрлийн жүжиглэлт гарна. Тэгэхээр кино бүрийн онцлогийг нь харуулж дуу оруулах шаардлагатай гэсэн үг.

Учир нь дуу оруулагчдаас маш их зүйл хамаарна. Дуу оруулахдаа ганц л үг буруу дуудахад үзэгчид тэр чигтээ буруугаар ойлгоод явчихна шүү дээ. Ялангуяа баримтат кино болон шинжлэх ухааны сэдэвт киноны орчуулгыг маш цэвэр бөгөөд тод, ойлгомжтой унших хэрэгтэй. 

Т.Эрдэнэбаяр: Нэрээ марттал Дэндэв гэж дуудуулдаг байлаа... нийтлэлийн зураг

Өдөр бүр дуу оруулдаг учраас дуу оруулсан ажлаа эргэж үзээд “би энэ дүр дээр яаж дуугарсан байна, миний хоолойны өнгө жаахан тийм сонсогдож байна шүү, энэ үгээ дандаа тэгж хэлээд сурчхаж дээ, зөв дуудахгүй бол Р үсгээ жоохон бүдэгхэн хэлээд байна, үүн дээрээ анхааръя даа” гэж өөртөө байнга дүгнэлт хийнэ шүү дээ. 

Манай улсад дуу оруулалтын маш том салбар хөгжсөөр л байна. Өнгөрсөн үетэй харьцуулахад дуу оруулагчид харьцангуй нэмэгдэж, түүнийгээ дагаад Монголын дуу оруулахуйн холбоо хүртэл байгуулагдаад 4-5 жил болж байгаа. Мөн бидний үед дуу оруулагчийн тусдаа хичээл ордоггүй байлаа, харин одоо их, дээд сургуулийн мэргэжлийн хөтөлбөрт тусгаж өгсөн байх жишээний. 

Тэрбээр “Хүний сэтгэл хөдөлгөм, Оскарын шагнал авсан, дэлхийд гайхагдсан алдартай кино, сайн кинонд дуу оруулах их урамтай, хорхой хүрмээр. Орчуулгын киноны жүжигчин болсных Титаникийн Жек ч юм уу, тиймэрхүү том дүрүүдэд дуу оруулж өөрийгөө сорих юм сан” гэж бодож явдаг талаараа бидэнтэй хуваалцсан юм.

“Шүлэг, өгүүллэгийг уран тансаг гэхээс илүү хүний сэтгэлд хүртэл ойлгомжтой сайхан унших чухал”

Багадаа “Уран жиргээ” зэрэг шүлгийн уралдаанд оролцож явсан болоод ч юм уу, дуу оруулагчийн ажлаа дагаад ч тэр үү, өгүүлэхүйн урлагт их сонирхолтой болчихсон юм. Манай Гомбын Равдан гуайгаас эхлээд өгүүлэхүйн их мастерууд байна шүү дээ. Тэднээс их үлгэр дуурайл авч өгүүлэхүйн урлагийг илүү гоёор гаргаж ирэх юм сан гэж боддог доо.

- Танд унших дуртай шүлэг бий юу?

Олон сайхан шүлэг, өгүүллэгүүд байдаг учраас яг тэр гэж онцолж хэлэхэд хэцүү юм. Гэхдээ би дуртай зохиолчийнхоо өгүүллэг, сонирхсон шүлэг зэргээ уншаад өөрийн цахим хаягтаа нийтэлдэг. Уран бүтээлч хүн тухайн шүлэг, зохиолоо бичихдээ нийгмийн болохгүй сэдвийг хөндөж хүний амьдралд сургамжтай зүйлийг өгүүлсэн байгаа шүү дээ. Тиймээс тэр өгүүлэмжийг нь гаргаж ирж унших юм сан гэж хичээдэг. Жишээлбэл, Дашбалбар гуайн “Амьдадаа бие биеэ хайрла” хэмээх шүлгийг уншаад нийтлэхэд нэг хүн ч болов түүнээс сэдэл аваад хүн хүнээ хайрлаж яваасай гэж хүсэн цахим хаягтаа бичлэгээ оруулдаг юм. Шүлэг, өгүүллэгийг уран тансаг гэхээс илүү хүний сэтгэлд хүртэл ойлгомжтой сайхан унших нь чухал. 

“Ахмадуудын үг лантуу шиг л бууна шүү дээ”

Т.Эрдэнэбаяр: Нэрээ марттал Дэндэв гэж дуудуулдаг байлаа... нийтлэлийн зураг

Нэгэн цагт үдэш бүрийн 21 цагт айл бүрийн хойморт “Тусгай салаа” кино гардаг байлаа. Үндэсний телевизийн хуучин хүмүүс одоо ч түүнийг Дэндэв хэмээн дуудна. Өөрийн нэрийг марттал дүрийнхээ нэрээр овоглосон хэдэн жилийг бид энд дурдахгүй өнгөрч үл болно. 

2010 оны хавар. МҮОНРТ-ийн 150 дугаар студийн урд ажлаа дуусгасан кино албаны хэдэн залуус маазран зогсоно. Удалгүй спортын сэтгүүлч Баярсайхан бууж ирээд “Та хэд юу хийж байгаа юм бэ? Цаана чинь “Тусгай салаа” гэдэг кино хийх гээд сонгон шалгаруулалт явуулж байна. Залуу хүмүүс байж очиж шалгуулаач” хэмээн хөөх шахам хэлэхэд нь тус киноны гол дүрд тэдний нэг сонгогдоно гэж хэн нь ч төсөөлөөгүй байлаа.

“Тусгай салаа” гээд олон ангит кино хийгдэнэ гэж сураг дуулснаас очиж шалгуулъя, тоглоё гэж бодоо ч үгүй явлаа. Тухайн үед Дэндэвийн дүр дээр гурван хүн сонгогдож байсан юм. Найруулагч хэлэхдээ “та гурав энэ Дэндэв гэдэг дүрийг уншиж бэлдээд, 15 минутын дараа ороод ирээрэй” гээд л гаргасан. Тэр цаасыг нь аваад л цонхны энд ирж хэд давтаж байгаад л ороод ярьчихсан байхгүй юу. Тэгсэн манай Ж.Батбаяр гэж найруулагч өөрөө эргэлзчихсэн “санаагаар болдог бол та гурвыг гурил шиг холиод сайхан зуурчихвал миний бодсон Дэндэв гарч ирэх гээд байдаг. Би ерөөсөө продюсероос асууя” гээд Оюундарь захирлыг дуудлаа. Тэгээд ярилцсаны эцэст дотоодынхоо хүнийг тоглуулъя гэж шийдээд би сонгогдож байсан түүхтэй.

Кино гараад 7 хоноод л гудмаар явахад хүмүүс эргэж хараад шивэр авир хийдэг болчихсон байв. Тэгээд л “одоо биеэ зөв авч явж, аятайхан хувцаслаж, хариуцлагатай байх ёстой юм байна” гэж бодож эхэлнэ шүү дээ. Гэхдээ хүн болгон дээшээ дээшээ гээд байхаар бүр дээшээ л явчихдаг юм шиг санагдсан. 

- Эргэж хөрсөн дээрээ яаж бууж байв. Хэн таныг буулгаж ирэв? 

Т.Эрдэнэбаяр: Нэрээ марттал Дэндэв гэж дуудуулдаг байлаа... нийтлэлийн зураг

Жаахан дарвиад явчихаар манай кино албаны ахмадууд их хэлдэг байлаа. Дан ялангуяа дууны найруулагч Эрдэнэчимэг эгч “За, Эрдэнэбаяр аа, хүнээрээ байгаарай, хүндээ ор, хүндээ ор” гээд л их хэлнэ. Ахмадуудын үг чинь лантуу шиг л бууна шүү дээ. “би чинь нээрээ юу билээ, хэн болчихсон билээ, буцаад буух хэрэгтэй юм байна шүү” гээд л өөрийгөө нэг эргэцүүлж бодно.

Идэр насандаа дэрвэж, нисэж явсан үеэ бодохоор одоо харамсмаар зүйл их бий. Гэхдээ алдахгүй хүн ч гэж хаа байх вэ дээ. Гол нь алдсан алдаагаа давтахгүй байхыг л хичээж явна. Өнгөрснөө харж, өнгөрснөөсөө суралцаж “тэр үед би тэгж алдсан, тэгэхээр ингэж явах ёстой юм байна” гэх “алдаагаа дахиж давтахгүй юм шүү” гэсэн энэ бодолдоо тууштай байх ёстой юм билээ.

Анхны дүр болоод ч тэр үү, Дэндэвийн дүрдээ хайртай. Жүжигчин хүн болсных  дүр дээр ажиллаж үзээд шинэлэг, сонирхолтой зүйл мэдэрч,  бүрээс нь суралцаад явахад сайхан байсан. Эргээд үзэхээр “үүн дээр тэгдэг байж дээ” гэж өөрийгөө голох үе цөөнгүй бий. Цаг хугацааг ухраасан ч би Дэндэвийн дүрд тоглох л байсан.

Жүжигчин хүн бүрийн цагаахан хүсэл

Т.Эрдэнэбаяр: Нэрээ марттал Дэндэв гэж дуудуулдаг байлаа... нийтлэлийн зураг

Жүжигчин мэргэжил эзэмшсэнийх нэг театрын тайзан дээр жүжигт тоглож үзэх сэн гэх нэг мөрөөдлөө биелүүлээгүй л яваад байгаа. Театрын жүжигт тоглоход үзэгчид хэрхэн хүлээж авч, ямар мэдрэмж төрөх бол гэж их бодно. Дуу дуулаад тайзан дээр зогсох мэдрэмж ч гоё л доо. Гэхдээ жүжигт тоглох, зритель хүлээж авах гэдэг өөр гайхалтай мэдрэмж байдаг байх. Мэргэжлийн жүжигчин гэдэг утгаараа би тэндээс шинэ зүйл сурахыг хүсэж байна.

- Хэрвээ театрын жүжгийн санал ирээд дуу оруулах ажлаасаа түр хөндийрөх шаардлагатай тулгарвал яах вэ. Та үүнд хэр бэлтгэлтэй байна?

Одоо миний бодож, дурлаж байгаа зүйл учраас би тайзан дээр жүжиглэхийг сонгох байх. Бараг жүжигчин хүн бүр л Драмын театрын тайзан дээр гарч үзэхийг хүсдэг болов уу. Гэхдээ гэм нь би өөрөө зориглохгүй байгаа болохоор ингээд бодоод л яваад байгаа байх. Хоёр жилийн өмнө бил үү дээ, Драмын театрын жүжигчдийн шалгаруулалт болж байна гэж сонссон ч өөрийгөө арай болоогүй байх гэж бодоод чамласан л даа. 

Өнгөрсөн ба ирээдүй

“Хүнээрээ байгаарай, хүндээ ороорой” гэдэг шиг намайг бас алдаж, онож явахад минь тусалж дэмжиж явсан кино албаныхаа ахмадууддаа үргэлж талархсан сэтгэлээ илэрхийлэхийг хүсдэг. Алдахад минь түшиж тулж, алдаа бүрийг минь уучилж, хүлээцтэй хандаж байсанд нь Үндэсний телевизийн кино алба гэх энэ өнөр бүлдээ баярлалаа гэдгээ дахин дахин хэлмээр байдаг юм.

Залуу мэргэжил нэгт дүү нартаа хандаж хэлэхэд…

Т.Эрдэнэбаяр: Нэрээ марттал Дэндэв гэж дуудуулдаг байлаа... нийтлэлийн зураг

Одоо үе шал өөр болчихсон шүү дээ. Залуучууд аль хэдийн юу хийж, яах ёстой гээд бүх зорилгоо тодорхойлчихсон, түүндээ хүрэхийн төлөө явж, хийж байгаа үйлдэл тодорхой, алдаагаа дор нь засдаг гээд сайшаамаар зан чанар их бий. Тиймээс үнэхээр хийж, бүтээе гэж зорьж байгаа бол яг л тэр зүйлийнхээ төлөө тууштай байж, шантарч болохгүй шүү гэж хэлэх байна.

Хошин, нүүрэмгий хүүгийн зан чанарыг олж харж, чиглүүлсэн эцэг эхийн итгэл, өөртөө итгэж анх удаа шалгалтын босго алхсан тэр мөчөөс эхлэн түүний амьдрал өөрчлөгдөн урлагт дэндүү хайртай нэгэн болон өсжээ. Магадгүй тэр үед “жүжигчин болно” гэж томоор мөрөөдөөгүй ч анхны дүр, дуу хоолой нь түүнд аажмаар өөрийн гэсэн орон зайг бий болгоход тусалсан биз ээ.

Өөрийн чимээгүй хүсэл мөрөөдлийг биднээс нуулгүй хуваалцсанд нь талархаж, харамсаж явдаг өнгөрснийг нь сөхөж зүрхэлсэнгүй. Магадгүй цаг хугацаа урсахын хэрээр “Дэндэв” хэмээх дүр мартагдаж болох ч түүний дуу хоолой амьдарсаар байх учиртай. Өнгөрснөөсөө суралцан өнөөдрөө бүтээж яваа тэрбээр энэ удаа бидний нэг боллоо. Ярилцлагыг уншиж мөн бидний нэг болсон уншигч танд талархъя! 

 

Гэрэл зургийг: Д.Занданбат

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0
Т.Эрдэнэбаяр: Нэрээ марттал Дэндэв гэж дуудуулд... | Posted