А.Солонго: Манай улс одоогоор хүн ам зүйн хувьд идэр залуу үе дээрээ явж байна

2026.04.275 минут унших
А.Солонго: Манай улс одоогоор хүн ам зүйн хувьд идэр залуу үе дээрээ явж байна - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Posted.mn сайтын редакц салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэдэг билээ. “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаарт бид МУИС-ийн Хүн ам зүйн тэнхимийн профессор, хүн ам зүйн судлаач А.Солонгыг урьж, манай улсын хүн ам зүйн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болоод түүний боломжит шийдлийн талаар ярилцлаа. 

Бидний ярилцлага манай орны хүн амын бүтэц, өсөлтийн хурд, гарц шийдлийг тусгасан хүн ам зүйн шинжлэх ухааныг тодорхойлж, хүн амын бүтэц, өсөлт зэргийг нарийн судлахын ач холбогдлыг тодорхойлсноор эхэлсэн юм. Хүн ам зүйн салбар нь нийгмийн хөгжил дэвшилд хүрэх замыг заах чухал салбар болдгоос гадна манай улсад хүн ам зүйн бодлого нэн шаардлагатай байгаа талаар энэ удаагийн дугаарт онцоллоо. 

“Хүн ам зүйн шинжилгээ бол бүх салбарын суурь”

А.Солонго: Манай улс одоогоор хүн ам зүйн хувьд идэр залуу үе дээрээ явж байна нийтлэлийн зураг

Бид хүн амынхаа өөрчлөлт, нас, хүйсийн бүтцийг судалж мэдэхгүйгээр нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтийг хийх боломжгүй юм. Аливаа бодлого хөтөлбөрийн зорилгыг оновчтой тодорхойлж, хэрэгжүүлэх бүх үйл ажиллагааны хамгийн анхдагч суурь нь хүн ам зүйн дүн шинжилгээ болдог. Тиймээс бүх салбар яамдын бодлогын түвшинд хүн ам зүйн шинжилгээ зайлшгүй хэрэгцээтэй байдаг гэсэн үг. Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, жендерийн үнэлгээ, хот төлөвлөлт, хэтийн тооцоо гээд аль ч үе шатанд хүн ам зүйчийн орон зай дутагдаж байдаг.

Дэлхийн II дайны дараа бүх улс оронд, тэр дундаа хөгжиж буй орнуудад төрөлтийн түвшин эрчимтэй нэмэгдсэн. Тэр хурдацтай өсөж байгаа хүн амын хэрэгцээг хангаж чадах уу, хүн амын тоог бид хязгаарлах ёстой юу, гэсэн асуудлууд урган гарч ирсэн байгаа юм. Ингээд төрөлтийн шинжилгээ нарийн хийгдэх болсон түүхтэй. 

Манай улсад хүн ам зүйн шинжлэх ухааныг судлах, боловсон хүчин бэлтгэх ажлыг 1990 оноос эхэлсэн. 1994 онд статистикч, хүн ам зүйч мэргэжлээр анхны 16 оюутнаа төгсгөж байлаа. 2 жилийн дараа буюу 1996 онд цэвэр хүн ам зүйч мэргэжлээр төгсгөж эхэлсэн. Тухайн үед манай улс хүн ам хөгжлийн бие даасан яамтай, аймаг бүр хүн ам зүйчийн орон тоотой байсан юм. Гэвч тогтолцоо, бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан хүн ам зүйн яам нь эрүүл мэнд, хөдөлмөр гээд бусад салбартай нийлсний улмаас одоогоор бие даасан салбар яамгүй явж байна даа. 

“Манай улсын хүн ам зүйн "цонх" одоо нээлттэй байгаа ч 2050 онд хаагдана”

А.Солонго: Манай улс одоогоор хүн ам зүйн хувьд идэр залуу үе дээрээ явж байна нийтлэлийн зураг

Манай улс одоогоор хүн ам зүйн хувьд идэр залуу үе дээрээ явж байна. Нийт хүн амын 68% нь хөдөлмөрийн насныхан, 4.6% нь ахмад настнууд, үлдсэн нь 15 хүртэлх насны хүүхдүүд байдаг. Улсын нийт хүн амын дийлэнх хувийг эдийн засгийн идэвхтэй бүлэг бүрдүүлж байгаа учраас хүн ам зүйн цонх нээлттэй байна гэсэн үг. Яг энэ үе бол эдийн засагт хамгийн үр өгөөжтэй, “урамшуулалт” үе байдаг. Харамсалтай нь энэ цонх 2050 он гэхэд хаагдах төлөвтэй байна. Учир нь манай хүн амын өсөлтийн хурд эрчимтэй саарч байгаа. Жилд ойролцоогоор 1.7%-иар л өсөж байна. 

Хүн ам зүйн “цонх” нь хаагдсан хамгийн ойрын жишээ бол манай урд хөрш шүү дээ. 2017 онд хүн амын нь тоо 1.3 тэрбумд хүрч БНХАУ дэлхийд тэргүүлж, 1.2 тэрбум хүнээр Энэтхэг улс 2-т жагсаж байсан юм. Одоо бол 1.4 тэрбум хүнтэй Энэтхэг улс тэргүүлж, 1.3 тэрбум хүнтэй Хятад улс удаалж байна. Эндээс Хятад улс “нэг гэр бүл, нэг хүүхэд” гэдэг хатуу хуулиа цуцалсан ч хүн амын өсөлтийн хурд нь нэмэгдээгүй гэдгийг харж болно. Төрөлтийн түвшин нь огцом буурснаар хүн амын насжилт явагдаж эхэлдэг. Одоо Хятадын нийт хүн амын 18% нь 65 ба түүнээс дээш насныхан байна. Үр дагаварт нь хөдөлмөрийн насны хүмүүст ирэх ачаалал ихэснэ. Улмаар нийгэм, эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлдэг. Хятад улс “Нэг гэр бүл, нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлснээр маш том алдаа гаргасан гэж хэлж болно. Одоо түүнийгээ засах гээд орон сууцжуулах, төрөлтийг дэмжих төсөл хэрэгжүүлж байгаа ч төдийлөн үр дүнд хүрээгүй л байгаа юм. 

“Богино хугацаанд төрөлтийн түвшин буурснаас үүдэн хүн ам зүйн "цонх" хаагдах үе манайд 2050 онд нүүрлэхээр байна. Тэр үед нийт хүн амын дийлэнх хувийг ахмад болон бага насныхан эзэлж, хөдөлмөрийн насны иргэд багасна гэсэн үг. Тэр үед эдийн засгийн ачааллаа бага ч болов хөнгөлж, зохицуулахын тулд одоо хөдөлмөрийн насны бүх хүн нийгмийн даатгалаа тогтмол төлж байх хэрэгтэй болоод байна” хэмээн доктор А.Солонго онцолж байлаа.

“2014 оноос хойш төрөлтийн түвшин дахин эрчимтэй буурах боллоо…”

А.Солонго: Манай улс одоогоор хүн ам зүйн хувьд идэр залуу үе дээрээ явж байна нийтлэлийн зураг

Манай улсад нийгмийн тогтолцооны өөрчлөлтөөс үүдэн төрөлт ойролцоогоор 2 дахин буурсан байдаг. 1989 онд нэг монгол эмэгтэй дунджаар 3-4 хүүхэд төрүүлдэг байсан. Гэтэл жил ирэх тусам энэ тоо буурсаар байгаа юм. Учир нь 1989 оны арван хоёрдугаар сард үр хөндөлтийг хориглосон хуулийг нээлттэй болгож улмаар жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг хүмүүс чөлөөтэй хэрэглэх болсон нь төрөлт буурах нэг хүчин зүйл болсон. 

Үүнээс гадна нийгмийн үнэт зүйл өөрчлөгдсөн нь бас их нөлөөлсөн. Тухайлбал, өнгөрсөн үед хүний амжилт, карьерыг гэрлэлтийн байдал, намын гишүүний үнэмлэх зэрэг тодорхойлдог байлаа шүү дээ. Харин одоогийн нийгэмд хүүхэдгүй эсвэл гэр бүлээсээ салсан байсан ч хамаагүй амжилтад хүрч болно шүү дээ. Эдгээр өөрчлөлтөөс үүдэн төрөлтийн түвшин буурсаар 2005 онд төрөлтийн нийлбэр коэффициент 1.9-д хүрсэн байдаг. Хоёр хүн өөрсдийгөө нөхөөд, илүү гарч байж хүн ам зүй өснө гэж үзвэл энэ тоо 2.1-ээс дээш байх ёстой. 

Тэгээд л 2006 оноос хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэлсэн байдаг. 2017 он хүртэл хүн амын өсөлт аажмаар нэмэгдсэн ч тэр нь ганц хүүхдийн мөнгөний нөлөө ч биш л дээ. Улс төрийн тогтолцоо өөрчлөгдөж эдийн засаг, нийгмийн байдал хүнд болсноор хүмүүс хүүхэдтэй болохоо азнасан байгаа юм. Гэхдээ хүн бүрд “тэдэн хүүхэдтэй болно доо” гэсэн хүсэмжит тоо байдаг учраас нийгмийн байдал дээрдэхийн хэрээр төрөлт нэмэгдэж эхэлсэн байдаг. Гэтэл 2014 оноос хойш төрөлтийн түвшин дахин эрчимтэй буурах боллоо. Нэг эмэгтэй ойролцоогоор 2-6 хүүхэд төрүүлж байгаа гэсэн статистик мэдээ бий. 

Эндээс бид нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. Гэрлэх дундаж нас нэмэгдэн, гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгсэл сайжирч, эмэгтэйчүүдийн боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, нөхөн үржихүйн сонголт хийх хүрээ тэлэхийн хэрээр төрөлтийн түвшин буурсаар л байна. Өөрөөр хэлбэл, хөгжил явагдаж байвал төрөлтийн түвшин буурах нь тодорхой гэсэн үг. Тиймээс бид төрөлтийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Гэхдээ зорилтот тоо тавиад хүчээр өсгөх ямар ч боломжгүй гэсэн үг. 

Монгол Улсын хүн ам зүйн өсөлтийг сааруулж буй хүчин зүйлс

А.Солонго: Манай улс одоогоор хүн ам зүйн хувьд идэр залуу үе дээрээ явж байна нийтлэлийн зураг

Манай улсад хүн ам зүйн бодлого огт байхгүй л дээ. Анх 1996 онд баталж байсан хүн ам зүйн бодлого одоо хүчингүй болсон. Хүүхдийн мөнгөн тэтгэмж, цалинтай ээж зэрэг хөтөлбөрүүд бол олон хүүхэдтэй гэр бүлд дэмжлэг олгох халамжийн бодлого болохоос хүн амын өсөлтийг дэмжсэн бие даасан бодлого биш юм. Бие даасан хөтөлбөр бол өөрийн гэсэн төсөвтэй байх ёстой. Цалинтай ээж бол төсөвгүй, нэр төдий л нийгмийн халамж шүү дээ. Харин хүүхдийн мөнгө нь ядуурлын түвшнийг өсгөхгүй байх л зорилготой юм. 

Хүн ам зүйн бодлого байхгүйгээс үүдэн улсын хөгжил дэвшил, хүний эрхийн эсрэг олон асуудал урган гарч ирж байгаа аж. Тэр дундаа хүн амын өсөлт саарахад дараах 3 хүчин зүйл голлон нөлөөлж буйг тэрбээр онцолж байлаа. 

  1. Хотыг чиглэсэн шилжих хөдөлгөөн 

Хөдөө нутагт гэрлэх насны эмэгтэйчүүд ховордож байгаа нь нөхөн үржихүйн өсөлтийг бууруулж байна. Мөн нийт хүн амын дийлэнх хувь нь хотод суурьшиж орон нутаг нь хүнгүй болчихоор хүн ам зүйн тархалтын тэнцвэр алдагдаж эхэлж байгаа юм. Нэг жижиг хотод сая гаруй хүн амьдрахаар агаарын бохирдол, түгжрэл нэмэгдэж хотын барилга байгууламж, үйлчилгээ, соёл гээд бүх зүйл хүрэлцэхээ болих нь ойлгомжтой шүү дээ. Өөрөөр хэлбэл, амьдрах орчин нь доройтоод, хүүхэд өсгөх зардал нь нэмэгдэх тусам төрөлт буурчхаж байгаа юм. Өвөлдөө хүйтэн, агаарын бохирдол ихтэй учраас үр зулбалт хүртэл нэмэгдэх эрсдэлтэй байна. 

Мөн гадагшаа шилжих хөдөлгөөнөөр хүн амаа их алдаж байна. Энд харьяалалтай ч эх орондоо байхгүй олон мянган хүн бий. Энгийнээр бодоход л нөхөн үржихүйн насны эхнэр, нөхөр хоёр өөр өөр улсад, хол байх нь хүртэл төрөлтийг бууруулж байгаа байхгүй юу.

  1. Өсвөр насны охидын төрөлт 

Бид өсвөр насны охидын төрөлтийн түвшнийг 15-19 насны охидын төрөлтөөр тайлагнадаг байсан. Гэтэл 2010 оноос хойш манайд 10-14 насны охидын төрөлт бүртгэгдэж эхэлсэн. Үүнийг “жендерт суурилсан хүчирхийлэл” гэж шууд үнэлж болно. Ажилгүйдэл, ядуурлын түвшин их байгаагаас ийм төрлийн хүчирхийллийн хэргүүд олширч байгаа юм. Яагаад ядуурал гэж онцлоод байна вэ гэхээр тийм бага насны хүүхдүүд жирэмслэхэд эцэг эхийн хараа хяналт сул байх, биеэ үнэлэлт зэрэг шалтгаан нөлөөлсөн байх магадлалтай. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, боловсролын асуудал ч бас яригдана.

Өсвөр насны охидын төрөлт хүн ам зүй болон жендерийн олон асуудлыг өдөөдөг. Тэр бага насны хүүхэд анхны жирэмслэлтээ зогсооё гээд үр хөндүүлэх юм бол ахиад үр тогтохгүй байх магадлал өндөр. Энэ зохиомол үргүйдэл нь эргээд төрөлт буурахад нөлөөлнө шүү дээ. Харин хүүхдээ төрүүллээ гэж бодоход эргээд хүний сурч боловсрох, хөгжих эрх, ажил эрхлэлтийн асуудал яригдана. Өсвөр насны хүүхэд нь төрөхөд ээж эсвэл эмээ нь хүүхдийг нь хамт өсгөлцөж таардаг. Ингээд эмэгтэйчүүдийн ачаалал нэмэгдээд, хөдөлмөр эрхлэх, санхүүгийн чадамжтай байх боломж хумигдаж эхэлдэг юм.

  1. Эрэгтэйчүүдийн нас баралт 

Эрэгтэйчүүдийн нас баралтын асуудал зөвхөн хүн амын тоог бууруулаад зогсохгүй эмэгтэйчүүдэд нийгмийн давхар ачааллыг өгч байдаг. Ид хөдөлмөрийн насны эмэгтэй өрх толгойлж үлдвэл хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх дээр нэмээд нийгмийн ачаалал гээд 3 дахин илүү ачаа үүрдэг. Энэ нь эргээд асран хамгаалагчгүй хүүхдүүдийн халамжийн асуудал, хүүхдийн хүмүүжил гээд бүх салбарын асуудлын суурь болдог юм. Өрх толгойлсон ээж, өнчин хүүхдийн тоо нэмэгдэхээр тэдэнд зарцуулах халамжийн хэмжээг нэмэхээс өөр аргагүй. Цаашлаад хойд эцэг, эхийн оролцоотой үйлдэгддэг гэмт хэрэг, жендерт суурилсан хүчирхийлэл эргээд өсөх магадлалтай. 

Бидний амьдралд өдөр тутам тохиолддог олон саад бэрхшээл угтаа нэг л мөн чанар, хангагдаагүй хэрэгцээнээс үүдэлтэй байх нь бий. Харин энэ асуудлыг тоолгүй орхих эсвэл буруу шийдвэр гаргавал хий дэмий цаг хугацаа алдахаас гадна, хөрөнгө мөнгөөр ч хохирох эрсдэлтэй юм. Тиймээс бид хүн ам зүйн өсөлтөө хэрхэн бодлогын түвшинд бодитоор дэмжих талаар тодрууллаа.

“Шинээр мэндэлж байгаа нялхсын эндэгдлээ бууруулах шаардлагатай байна”

А.Солонго: Манай улс одоогоор хүн ам зүйн хувьд идэр залуу үе дээрээ явж байна нийтлэлийн зураг

-Хүн амын өсөлтөө бодитоор дэмжье гэвэл бид юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Юун түрүүнд Монгол Улс хүн амын өсөлтөө дэмжих хуультай байх хэрэгтэй. Дараа нь хуулиа хэрэгжүүлэх нарийн стратеги боловсруулах нь чухал. Мөн хүн ам зүйн өсөлтийг хэвийн түвшинд байлгахын тулд төрөлтөө дэмжихийн сацуу нас баралтаа бууруулах хэрэгтэй. Олон хүн төрөөд байдаг цөөн хүн нас барвал зөрүү нь их гарна шүү дээ. Тиймээс бид хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалж, одоо байгаа хүн амаа ядаж байгалийн жамаар нь урт наслуулах хэрэгтэй байна. 

Дээр дурдсанчлан одоо хүн амын тоогоо төрөлтөөр өсгөнө гээд коммунизмын үеийнх шиг зорилт, норм тавьдаг цаг үе биш. Хүүхэдтэй болох уу, болохгүй юу, хэдэн хүүхэдтэй болох эсэх нь хувь хүний эрхийн асуудал учраас түүнийг зааж, тушаах нь олон улсад ч боломжгүй болсон зүйл. Тэгэхээр шинээр мэндэлж байгаа нялхсын эндэгдлээ ядаж бууруулах шаардлагатай байна. Япон, Сингапурт 1,000 хүүхэд төрөхөд 1-2 хүүхэд нас бардаг бол манайд 12-14 хүүхэд нас бардаг. Эхний ээлжид бид энэ тоог 5 болгож бууруулах нь хүн амын өсөлтөө дэмжиж буй бодит алхам болох юм. 

-Тэгвэл хамгийн түрүүнд ямар стратеги боловсруулан хэрэгжүүлэх вэ?

-Эхлээд хот руу шилжих хөдөлгөөнийг сааруулахын тулд орон нутагтаа олон хүнийг ажлын байраар хангах чадвартай буюу хөдөлмөр шингээлт ихтэй ажлын байруудыг бий болгох хэрэгтэй. Одоогоор манай орон нутгуудад байдаг ажлын байрны ихэнх нь уул уурхайн салбар байна. Гэтэл тус салбарыг хөдөлмөр шингээлт хамгийн багатай салбар гэж үздэг. Нийт хүн амын 3.3% нь л уул уурхайн салбарт ажиллаж байна. Тэнд өндөр чадалтай тоног төхөөрөмжүүд л хэрэгтэй болохоос олон хүний хэрэг байхгүй шүү дээ. Тиймээс олон хүн ажиллах боломжтой, найдвартай цалинтай ажлын байрыг орон нутагт бий болгосноор хөдөлмөрийн насны иргэдээ гадагшаа алдахгүйгээр авч үлдэх боломжтой. Гэр бүл хамтдаа ая тухтай байвал хүн амын төрөлт нэмэгдэнэ. Хөгжил хаана байна хүмүүс тийшээ л тэмүүлдэг. Хаана боломж байна хүмүүс тийшээ л явна. Хөдөө орон нутагт боломжийг нь бүрдүүлж байж л тэнд хүмүүс удаан хугацаанд тогтон суурьшина шүү дээ.

Ядуурлыг бууруулах нь хүн амын өсөлтийг дэмжих хамгийн зөв зам

А.Солонго: Манай улс одоогоор хүн ам зүйн хувьд идэр залуу үе дээрээ явж байна нийтлэлийн зураг

Ар араасаа хөвөрсөн энэ олон асуудлын гол зангилаа нь ядуурал юм. Ядуурлыг бууруулахтай холбоотой нэг сонирхолтой жишээ тайлбарлая. Ядуурлыг үнэлэх шалгуурт “аж байдлын зохистой орон байр” гэж үзүүлэлт бий. Нэг өрөө орон сууцанд 3-аас доош хүн амьдарч байвал зохистой шалгуураа хангаж байна гэж үздэг. 

Би 1997 онд нэг олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлж байхдаа гадаадын нэг судлаачид монгол гэрээ цаасан дээр зурж үзүүлээд “энэ бол манай уламжлалт гэр. Сууцны хоол идэх хэсэг нь энд, аавын ор энд” гээд л тайлбарласан юм. Тэгтэл Зүүн өмнөд Азийн нэг судлаач түүнийг харснаа “танайх ганцхан унтлагын өрөөтэй юм байна шүү дээ. Тэгэхээр хүн ам чинь өсөхгүй байх нь аргагүй юм байна” гэж хэлж билээ. Ядуурлыг үнэлэх шалгуураар бол гэрт амьдардаг хүмүүс бараг бүгд ядуурлын ангилалд орж таарч байгаа байхгүй юу. 

Бага насны хүүхэдтэй залуу гэр бүл бол хүүхэдгүй болон хүүхдүүд нь том болоод биеэ даагаад явчихсан гэр бүлтэй харьцуулахад хамаагүй илүү ачааг нуруундаа үүрч явдаг. Тэгэхээр залуу гэр бүлээ эх оронд нь амьдруулж, хүн амын өсөлтөө дэмжье гэвэл аятай тухтай амьдрах орчин, орон байраар дэмжих хэрэгтэй байна. Зүгээр нэг орон сууцны бодлого биш залуу гэр бүлийг дэмжих 2 болон түүнээс дээш өрөө орон сууц гээд бүр нөхцөл заасан бодлого хэрэгжүүлэх ёстой. Манай улс залуу гэр бүлээ дэмжиж байна гээд л залуучуудын хотхон байгуулдаг ч нөгөө орон сууц нь маш үнэтэй, жижигхэн нэг өрөө орон сууцууд байх нь элбэг.

“Бодлого хэрэгжүүлэхгүй бол ямар ч боломж үүсэхгүй…”

А.Солонго: Манай улс одоогоор хүн ам зүйн хувьд идэр залуу үе дээрээ явж байна нийтлэлийн зураг

Монгол Улсын Засгийн газраас аймгуудад хүн амаа 10%-иар өсгөх чиглэл өгсөн байсан. Боломжийг нь бүрдүүлж өгөөгүй байж тийм зорилт тавихаар ямар ч үр дүнд хүрэхгүй шүү дээ. Уг нь ардчилсан нийгэм бидэнд “Монгол Улсын иргэн амьдрах газраа чөлөөтэй сонгоно” гээд маш сайхан боломж олгодог шүү дээ. Энэ боломжоо ашиглах гэхээр хөгжил нь нэг л газраа төвлөрөөд байж болохгүй. Даруй хуулиа батлаад, бодлогоо дорвитойхон санхүүжүүлж байж л боломжийг бүрдүүлж чадна. Манайх шиг хүн амын хууль, бодлого байхгүй, дан халамжийн бодлогод суурилаад яваад байвал ямар ч боломж үүсэхгүй гэдгийг хүн төрөлхтний түүх, нийгмийн хөгжлийн хууль, бусад улс орны жишээ харууллаа шүү дээ. 

Жишээлбэл, БНСУ-ын төрөлтийн нийлбэр коэффициент 1.5%-тай байгаа. Одоо Өмнөд Солонгос энэ тоогоо өсгөх гээд янз бүрийн арга ашиглаж байна. Тодруулбал, солонгос хүмүүсийн амьдралын хэв маяг, соёл нь ажлаа тараад хамт олноороо гадуур хооллож, чөлөөт цагаа өнгөрөөдөг онцлогтой учраас гэртээ өнгөрөөх цаг нь маш бага байдаг юм билээ. Тиймээс одоо хүн амаа өсгөх гээд эрчүүдийг ажлаа тарахаар нь ямар нэг арга хэмжээ зохион байгуулахгүй шууд гэрт нь хариулж, гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрөөх боломжийг олгох хөдөлгөөн хүртэл өрнүүлж байна. Гэхдээ энэхүү бодлого нь одоо үр дүнгээ үзүүлэхээсээ оройтсон гэж үзэж байгаа юм. Учир нь хүүхэд өсгөх, тэр дундаа боловсрол эзэмшүүлэх зардал нь маш өндөр болохоор төрөлтийн түвшин эрчимтэй буурч байгаа юм.

Хүн ам нь насажсан улс орнууд төрөлтийн түвшнээ өсгөх гэж хэчнээн хичээсэн ч сайн үр дүнд хүрч өгөхгүй л байгаад байна. Төрөх, төрөхгүй нь хүний эрхийн асуудал болчихсон учраас төрөлтийг дэмжих замаар хүн амаа өсгөх бодлого үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Харин хүүхдээ эрүүл аюулгүй өсгөх орчин, нөхцөлөөр нь хангаад өгчихвөл төрөлт нэмэгдэх магадлалтай. 

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

Posted.mn-ийн редакц уншигчдынхаа итгэл, контентын чанар, нөлөөллийн талаар илүү сайн ойлголт авах зорилгоор уншигчдын редакцад итгэх итгэлийн богино судалгааг авч байна. Энэхүү судалгааны зорилго нь Posted.mn ямар төрлийн контент уншигчдад хамгийн хэрэгтэй, ойлгомжтой, итгэл төрүүлж байгаа болон цаашид бид юуг сайжруулах шаардлагатайг тодорхойлох юм. Иймд уншигч та бүхнийг бидний судалгаанд хамрагдахыг урьж байна. Судалгаа бөглөх бол ЭНД дарна уу!

 Сэтгүүлч Б.Нарангэрэл

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

А.Солонго: Манай улс одоогоор хүн ам зүйн хувьд идэр залу...