Залуусын орон зай

Гэрэл асахад айдас унтардаг: Гэрэлгүй хот гэмт хэргийн хот болох уу?

Б.Намуун2025.12.045 минут унших
Гэрэл асахад айдас унтардаг: Гэрэлгүй хот гэмт хэргийн хот болох уу?  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Улаанбаатарын өвөл. Шөнийн 21 цаг. 17 настай оюутан охин Б номын санд бие даалтаа хийж суусаар орой гэртээ харих болов. Хотын зах хотын нэг хэсэг гэж тооцогддоггүй аятай төлөвлөлт муу, гэрэлгүй байдаг нь хачирхалтай. Гэрэлтүүлэггүй, эвдэрсэн зам, харанхуй гудамжаар олон дахин нааш цааш явдаг тулдаа л замаа олж алхана. Айдас нь алхам тутамд нэмэгдэж, энд тэнд сүүтгэнэх хүмүүсээс хар зөнгөөрөө л айж, сэтгэл түгшинэ. Нийслэлд энэ мэт оройн цагаар гэртээ харихдаа айдаг хэдэн мянган хүүхэд, насанд хүрэгчид бий. Хүн бүр гэрэлтүүлэгтэй замаар гэртээ тайван хариад, хайртай хүмүүсээ харах эрхтэй. Энэ бол тансаглал биш. Энэ бол хүний эрх! 

БЗД-ийн иргэн, эмэгтэй 

Гэр хорооллын хамгийн төвөгтэй үе нь өвөл. Өглөө ч харанхуй, орой ч харанхуй. Зарим хэсэгт нь ганц хоёр ёлтойх гэрэл утаандаа дарагдаад олигтой ч гэрэлтүүлэхгүй. Нэлээн дээшээ өгсөж байж харьдаг байсан учраас хичээлээ тараад орой ганцаараа алхахад үнэхээр аймаар. Гудамжныхаа буланд зогсож байгаад хааяа хүн бараадаж явна. Айл болгон л нохойтой. Нохой нь хашаанаасаа гараад ирэхээр үхтлээ айна. Нэг орой нохой байгаа нь ч харагдахгүй гэнэт дайраад, ханцуйнаас зуугаад чирчихсэн. Бас согтуу хүмүүс хаа сайгүй. Өдөр болгон л айдас түгшүүртэй хаанаас хэн, юу гараад ирэх бол гэж боддог байсан даа. Одоо ч гэрэлтүүлэгтэй болоогүй дээ. 

БЗД-ийн 19-р хорооны иргэн, эрэгтэй 

Би шар хаданд өссөн. Харанхуйд худаг дээр их дээрэмдүүлдэг байлаа. Тэр хавийн ганц гэрэл нь худгийн гэрэл. Гэхдээ орой худаг хаах үед ямар ч гэрэлгүй. Оройдоо тэр хавьд цагаан байрныхан их архидна. Тэдний хажуугаар өнгөрч байж л гэртээ харих учраас заавал таарна. Өөртөө байгаа жаахан мөнгөө амьхандаа гутлынхаа улавчинд нуугаад явдаг байлаа. Нэг өдөр шинэ пүүз өмсөөд, 1,000 төгрөгөө улавчиндаа нуучихсан байв.  Гэтэл харанхуйд нэг ах дуудаад “Яг миний гутал байна” гэснээ гутлыг маань авчихсан. Дотроос нь 1,000 төгрөг маань гарч ирээд гутал ч үгүй, мөнгө ч үгүй зодуулаад харьсан даа. 

СХД-ийн иргэн, эмэгтэй 

17 нас хүрсэн жилээ цагийн ажил хийдэг байлаа. Орой ажлаа тараад гэртээ харихад ямар ч гэрэлгүй. Тэгээд л харанхуйд алхана. Нэг орой харьж явтал өөдөөс согтуу хүн гэнэт гараад ирсэн. Хаанаас яаж гарч ирсэн нь ч харагдаагүй. Нүүр тулах шахам ойрхон байсан учраас айсандаа хөдөлж ч чадахгүй нам гацчихсан. Тэр хүн шууд л миний цээжинд хүрээд, намайг татсан. Яг тийм үед орилж ч чаддаггүй юм билээ. Сэхээ аваад цааш нь хамаг хүчээрээ түлхээд, нэг ч зогсохгүй гүйсээр харьж билээ. Харанхуйд энэ мэт асуудал дараа нь ч хэд хэд гарсан. Тэр үед мэдэрсэн зүйлсээсээ болоод 5 жил л лав ганцаараа орой явж чадахаа байсан. Одоо ч мартагдахгүй, байнга санаанд орж, би л азгүй, би л орой явж таарсан гэж бодож өөрийгөө зүхдэг. Уг нь миний буруу биш гэдгийг мэддэг ч амархан тэгж бодож чаддаггүй юм билээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Харин энэхүү эх сурвалжууд маань хаана, юу байгаа нь мэдэгдэхгүй харанхуй гудамжинд нас, хүйс харгалзалгүй хэн бүхнийг аюул хүлээж байдгийн бодит гэрч боллоо. Зарим нь энэ асуудлаа ярихдаа багын хөгжилтэй дурсамж аятай инээж, зарим нь хоолой зангируулан “Нэр дурдахгүй биз дээ” гэсээр ярих нь тэдэнд энэ асуудал ямар ул мөр үлдээснийг тод харуулна. Хэрэв бид өнөөдөр гэрэлтүүлгийн асуудлаа шийдэхгүй бол маргааш дахиад л хэн нэгэн харанхуй гудамжинд хэн ч хараагүй, хэн ч мэдээгүй байхад хохирно. Мөн тэднийг хамгаалах боломжтой байсан бидний хариуцлага нулимстайгаа хамт “хөлдөх” билээ.  

Гэрэл асахад айдас унтардаг: Гэрэлгүй хот гэмт хэргийн хот болох уу?  нийтлэлийн зураг
УБ Инженерчлэлийн сайтад мэдээлснээр 2025 оны арван нэгдүгээр сарын 27-ны байдлаар нийслэлд 26,643 гэрэлтүүлэг бий. Дүүргээр авч үзвэл Баянзүрх дүүрэгт 2,903 буюу нийт гэрэлтүүлгийн 16.64%, Налайхд 2,152  (10.11%), Баянголд 6,466 (30.38%), Сонгинохайрханд 1178 (5.53%), Хан-уулд 1,183  (5.56%), Чингэлтэйд 726 (3.41%), Сүхбаатарт 6,148 (28.89%), Багануур дүүрэгт 36  (0.17%), Багахангайд 4 буюу 0.02 хувь нь байна. Холбогдох албан тушаалтнууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай холбогдож мэдээлэл авах гэсэн ч хэд хэдэн хүнтэй дамжиж холбогдоод мэдээлэл өгөхөөс татгалзав.  
Гэрэл асахад айдас унтардаг: Гэрэлгүй хот гэмт хэргийн хот болох уу?  нийтлэлийн зураг
2019 онд "Нэг хот - Нэг стандарт" зорилтын хүрээнд "Гэрэлтэй хот" аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба эхлүүлж байлаа. Тэр үедээ “Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 90 мянган гэрэлтүүлэг байх ёстойгоос өнөөдрийн байдлаар 61,070 гэрэлтүүлгийн шон асаж байна” гэж мэдээлж байсан юм.  Тэгэхээр УБ Инженерчлэлийн сайт дахь мэдээллээр нөхцөл байдал 2019 оноос ч дордчихов уу? 

Байх ёстой нийт гэрэлтүүлэг 90,000 юм бол албан ёсны сайтын мэдээлэл дэх 26,643 гэрэлтүүлэг ердөө 30% нь л гэсэн үг. Олон улсын жишгээр 1,000 хүн тутамд 10–15 гэрэлтүүлэг (шон) байх ёстой гэж судалгаануудад үздэг. Тэгвэл Чингэлтэй дүүрэгт 136,280 хүн амьдардаг бөгөөд 726 гэрэлтүүлэгтэй байна. 1,000 хүн тутамд 10-15 гэрэлтүүлэг ногдоно гэж үзвэл 1,360 – 2,045 гэрэл хэрэгтэй. “Улаанбаатарын шөнө нь өдөр шиг гэрэлтэй” гэж олон дээр үеийн кинонд гардаг. Тухайн цаг үедээ бол мэдээж үнэн. Одоогийн нөхцөл байдалд хотын төвдөө ч үнэнд тооцогдож болох. Гэхдээ “хотын зах” гэдэг үгэнд ХОТЫН гэдэг үг байгааг эргэн санаж гэр хороолол ч хотын нэг хэсэг гэдгийг бодууштай.  

Харанхуй хот = Гэмт хэргийн хот 

Улаанбаатар хотын гэмт хэргийн статистикийг харвал 2024 онд Баянголд 5,974, Баянзүрх дүүрэгт 8,702, Сүхбаатарт 4,458, Сонгинохайрханд 3,898, Хан-уул дүүрэгт 5,101, Чингэлтэй дүүрэгт 3,369, Багануур дүүрэгт 286, Багахангайд 20, Налайхд 315 байна.  

Гэрэл асахад айдас унтардаг: Гэрэлгүй хот гэмт хэргийн хот болох уу?  нийтлэлийн зураг
Дээр дурдсанчлан хотын төвийн дүүргүүд болох Баянгол (6,466 гэрэлтүүлэг, нийслэлийн 30.38%) болон Сүхбаатар (6,148 гэрэлтүүлэг, 28.89%) дүүрэгт гэмт хэргийн нийт тоо харьцангуй өндөр (Баянголд 5,974, Сүхбаатарт 4,458) ч гэрэлтүүлэг сайн байгаа тул гэрэлтүүлэг бүрд ногдож байгаа эрсдэл харьцангуй бага буюу 0.92 ба 0.73 байна. Өөрөөр хэлбэл, гэрэлтүүлэг их байгаа нь шөнийн гудамжийг аюулгүй болгож, хүмүүс зорчиход харьцангуй итгэлтэй байж болох нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Энд харьцуулан дүгнэхдээ гэрэлтүүлгийн нийт тоогоор бус гэрэлтүүлэг бүрд ногдож байгаа эрсдэлийг тооцож үзэв.  

Гэрэл асахад айдас унтардаг: Гэрэлгүй хот гэмт хэргийн хот болох уу?  нийтлэлийн зураг
Харин Баянзүрх (2,903 гэрэлтүүлэг, 16.64%), Сонгинохайрхан (1,178 гэрэлтүүлэг, 5.53%), Хан-Уул (1,183 гэрэлтүүлэг, 5.56%) болон Чингэлтэй (726 гэрэлтүүлэг, 3.41%) дүүрэгт гэрэлтүүлэг харьцангуй бага бөгөөд гэмт хэргийн тоо өндөр байна (Баянзүрх 8,702, Сонгинохайрхан 3,898, Хан-Уул 5,101, Чингэлтэй 3,369). Энэ нь гэрэлтүүлэг багатай, харанхуй орчин нь гэмт хэргийн магадлалыг нэмж байж болзошгүйг харуулах шиг. 

Алслагдсан болон гэр хорооллын Багануур (36 гэрэлтүүлэг, 0.17%) болон Багахангай (4 гэрэлтүүлэг, 0.02%) дүүрэгт гэмт хэргийн тоо бага (286 ба 20) ч гэрэлтүүлгийн дутагдал нь шөнийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй нөхцөлтэй. Энэхүү харьцуулалт нь гэрэл ба аюулгүй байдлын үзэгдэх харилцан хамаарлыг илэрхийлж, нийслэлийн гэрэлтүүлэг нь  хүн амын амьдрал, аюулгүй байдлын баталгаа болдог гэдгийг онцолж байна. 

Гэрэл асахад айдас унтардаг: Гэрэлгүй хот гэмт хэргийн хот болох уу?  нийтлэлийн зураг

-Хотын стандартын газраас гэрэлтүүлгээс гадна олон төрлийн стандартыг боловсруулсан байдаг ч энэ нь бэлгэ тэмдэг төдий л оршдог. Монгол Улс эрчим хүчний дутагдалтай учраас хотын гэрэлтүүлэг бүү хэл ахуйн тог ч байнга тасардаг. Харин олон улсад цахилгаанаа аль хэдийн сэргээгдэх эрчим хүчээр шийдчихсэн. Ийм ч учраас бид эдгээр асуудалд аль болох төсөв бага зарцуулдаг. Өнөө маргаашийн өөр асуудалд анхаарч явахдаа  гэрэлтүүлгийн талаар бодох нь ч ховор. 10 жилийн өмнө л яг энэ сэдвээр судалгаа хийж байхад гэрэлтүүлэггүй бүсэд гэмт хэргийн тоо их байгаа нь гарч л байсан. Гэвч үүнд анхаарч, өөрчлөлт хийхгүй л байна. Үүнээс гадна хүнд ямар мэдрэмж өгөх гэрэл вэ гэдгийг ч судалж, дизайны талаас нь ч сайн бодох ёстой. Харин манайд гаднаас гэрлийн захиалга хийж байгаа хүний үзэмжээр л гэрлүүд ирж байна. Дэлхий даяар уг нь хэнийг ч үлдээхгүйгээр хот урагшлах ёстой гэсэн уриаг баримталдаг ч манайд гэр хорооллын бүсэд гэрэл байгаа эсэх хэнд ч хамаагүй байсаар байна.  

-Гэрэлтүүлгийн асуудлаа шийдүүлэхийн тулд бид юу хийх вэ? 

-Цахимаар маш хурдан, амраар санал гомдлоо хэлдэг болбол хэн хэндээ амар. Даанч манайд асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд олон газартай холбогдох шинэ асуудал бий болдог. Тэгэхээр эхний ээлжид хорооны дарга, харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газартайгаа холбогдох хэрэгтэй.  

Гэрэлтүүлэггүй хот бидний гэрлийг бөхөөсөөр... 

2014 онд Улаанбаатар хотын 683 иргэнээс авсан судалгааны дүнгээс үзэхэд нийт оролцогчдын 43.5 хувь нь оройн цагаар гудамж талбайд явахаас айж, болгоомжилдог; 63.5 хувь нь ямар нэг төрлийн гэмт хэргийн хохирогч болсон; 36.5 хувь нь шууд бусаар гэмт хэргийн хохирогч болсон талаар мэдээлсэн байна. БНСУ-ын Кёонги Их сургуулийн гэмт явдал судлалын төвийн Ахлах судлаач Ш.Чулуунбат “Өнөөгийн нийгэм ба гэмт хэргээс айх айдас” өгүүлэлдээ энэхүү судалгааг ашигласан бөгөөд Монголд энэ төрлийн судалгаа илүү их хэрэгтэй байгааг онцолжээ. Гэвч одоо ч хийсэн судалгаа шинжилгээнүүдийг холбогдох албан тушаалтнууд ашиглаж, ажил хэрэг болгодоггүй нь харамсалтай.   

“Манай байгууллагад гудамж талбайд бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртсөн тохиолдлууд ирдэг” 

Хөөрхөн зүрх ТББ-ын Сэтгэл зүйч Х.Эгшиглэн 

Гэрэл асахад айдас унтардаг: Гэрэлгүй хот гэмт хэргийн хот болох уу?  нийтлэлийн зураг

Гэрэлтүүлэггүй орчин нь орчны харагдах боломжийг хязгаарлаж, аюулын эрсдэл өндөртэй орон зай үүсгэдэг. Улмаар гэмт хэрэгтэн  хүчирхийлэл үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, гэрчлэх, танихад хэцүү болгох, тусламж дуудан аврах боломжийг сааруулах зэрэг эрсдэлийг нэмж байна. Манай байгууллагад гудамж талбай, олон нийтийн газар, нийтийн тээвэр, таксинд бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртсөн тохиолдлууд ч ирдэг. Энэ эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах орчны стандартад гэрэлтүүлэг тод, нэгэн жигд тусдаг байх, орчныг бүрэн харуулах камержуулалттай байх, “харанхуй хэсэг” үүсгэхээргүй орчныг төлөвлөх, харагдахгүй булан, өндөр хашаа, бут сөөг багатай байх, зорчих зам талбай хүртээмжтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай замтай байх, мөн гэмт хэрэг гарч буй эрсдэлт бүсүүдийг тодорхойлж тухайн орчны эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, тусламж авах хонх байршуулах зэрэг ордог. Гэхдээ орчны хүчин зүйлсийг сайжруулахаас гадна хүчирхийллийг таслан зогсоох урт хугацааны арга хэмжээг давхар авч хэрэгжүүлэх шаардлагатай. 

Үүнд: 

  • Жендерт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх 

  • Хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөлөөллийн ажлууд хийх 

  • Боловсролын тогтолцоогоор дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, бусадтай хүндэтгэлтэй харилцах, хүчирхийлэл үйлдэхгүй байх зан үйл төлөвшүүлэх зэрэг ажлууд багтана. 

Campbell Collaboration-ын 13 судалгаанд үндэслэсэн тойм анализаар гэрэлтүүлгийг сайжруулснаар  гэмт хэрэг 21 хувиар буурдаг гэж дүгнэсэн байдаг. Мөн Нью Йорк хотын  орон сууцны хорооллуудад гудамжны гэрэлтүүлгийг нэмснээр, гадаа орчинд үйлдэгддэг  аллага, дээрэм, сүрдүүлэг, зөрчлийн хэргүүд 36 хувиар буурсан гэх үр дүн гарчээ. Эндээс гэрэлтүүлэг болон гэмт хэргийн холбоо хамаарал шууд харагдаж буй. Мэдээж манай улсыг өндөр хөгжилтэй, аялал жуулчлалын бүс хотуудын гэрэлтүүлэгтэй жишиж, үлгэр дуурайл авах нь учир дутагдалтай.  Иймээс олон улсын судалгааны стандартуудыг хөрсөн дээр буулгаж харвал: 

  1. Тухайн дүүрэг, хороолол бүрд гэрэлтүүлэг байгаа эсэх, ажиглагдсан алдааг бүртгэх. 

  2. Аюулын эрсдэл, хөдөлгөөн, оршин суугчдын нягтрал, хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүдийн хувь зэргээр бүсүүдийг эрэмбэлж, үнэлгээ хийх

  3. LED гэрэлд  шилжүүлэх, хөдөлгөөн, цагийн мэдрэгч, төвлөрсөн удирдлага. Энэ нь эрчим хүчний хэмнэлт, засвар үйлчилгээний зардал бууруулах давуу талтай. 

  4. Хот, дүүрэг, оршин суугчдын хандив, олон улсын тусламж, хувийн хэвшлийн оролцоо, төсөв хосолсон санхүүжилтийн загвар гаргах

  5. Иргэд гэрэлгүй гудамж, эвдэрсэн гэрлийг мэдээлэх цахим системийг бий болгох. Мөн харьяа дүүргийн иргэдийн бүлэг, оршин суугчдын хяналт, хамтын санаачилга чухал юм. 

  6. Гэрэлтүүлгийн өөрчлөлт, гэмт хэргийн давтамж, иргэдийн аюулгүй байдлын мэдрэмж, засвар үйлчилгээний хариуцлага зэргийг хэмжих үнэлгээ, тайлагнал тогтмол хийх. 

Гэрэл асахад айдас унтардаг: Гэрэлгүй хот гэмт хэргийн хот болох уу?  нийтлэлийн зураг
Хот төлөвлөлтийн хэнэггүй байдлаас болж гэрэлгүй гудамжинд үл хамгаалагдсан хүний эрх, айдас, зүрхэнд хэзээ ч арилшгүй гүн үлдсэн хар толбо оршин буй. Харанхуй гудамж хэн нэгний хувь тавиланг өөрчилж чадах бодит эрсдэл юм. Гэрэл ассан зам дагуух алхам бүр итгэлтэй, гэрэлгүй зам дагуух алхам бүр эрсдэлтэй мэт. Төлөвлөлт муутай, хяналт сул хотын харанхуйд гэмт хэрэг хэнд ч тохиолдож болдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ мэддэг мөртлөө дасчихсан. Дассан болохоороо асуудал биш мэт аашилдаг. Хот бол хүний амьдралыг хамгаалах орон зай. Гэтэл бидний хот өнөөдөр хүний эрхийг хамгаалах бус, харин түүнийг сорих шалгуур шиг болжээ. Бид Улаанбаатарын харанхуй гудамж дахь “Дараагийн хохирогч хэн байх вэ?” гэсэн айдсыг зүрхэндээ тээх ёсгүй.  

Гудамж бүрд гэрэл асаж, хүн бүрийн сэтгэлд гэрэл гийж байх цагийг бид бүтээх ёстой! 

Холбоотой нийтлэлүүд