Алба хаасан он жилүүд: Цэрэг эрсийн дурсамж


Цэргийн алба таван жил байхад хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн С.Янжмаа “Эмээл нь хувхайрч, эм нь сувайрлаа” хэмээн үзэж, гурван жил болгож байсан гэдэг. Дараа нь хоёр жил болж, өдгөө нэг жил хугацаат цэргийн алба хаадаг болсон. Оюутан байх хугацаандаа “Оюутан цэрэг” хөтөлбөрт ч хамрагдах боломжтой болжээ. Эр цэргийн баяр тохион буй эл өдрүүдэд оюутан цэргээс эхлээд 1, 2, 3 жилийн цэргийн алба хаасан цэрэг эрсийн дурсамжаас уншигч танд дэлгэлээ. Нийтлэлийн төгсгөлд нас, хүйс үл хамааран цэргийн алба хаах хүсэл тань бадарна гэдэгт итгэлтэй байна.
Оюутан цэргийн алба хаагч, Батлан хамгаалах яамны харьяа "Соёмбо" редакцын сэтгүүлч, дэслэгч Ө.Насантогтох

-Цэргийн алба хаах үеийн тань хамгийн тод дурсамж юу вэ?
-30 километрийн маршид алхах үед ээжийгээ их санаж билээ. Тухайн үед хуучны хүмүүсийн хэлж заншсанаар оюутан цэргүүд “чацга ногоон” дүрэмт, бакал өмсдөг байсан. Тэр хол газар бакал өмсөөд шавар, усан дундуур удаан хугацаанд явахад хөл алхаж чадахгүй болтлоо хөндүүр болно. Дээрээс нь зуны халуун нар төөнөөд, эцэж ядарсан биед 3.8-хан килограмм автомат буу, гуравхан ширхэг магазин (дайз) хүртэл хэд нугалсан ачаа мэт мэдрэгдэж байсан сан. Яг энэ үед л энгэрээс нь зүүгдэж эрхэлж хүн болсон юм болохоор ээжийгээ их санасан. Одоо бодоход нандин дурсамж болж үлдэж дээ.
-Цэргийн амьдрал таныг хэрхэн өөрчилсөн бэ?
-Хэдий богино хугацаа ч гэсэн тухайн үед ээжийнхээ гарын хоол хэчнээн амттайг, төрж өссөн гэр минь хэчнээн тухтайг, ижий аав хоёрын минь зэмлэл зөөлөн байсныг цэрэгт очоод ухаарсан. Тухайн сургалтад хамрагдаж ирээд амьдралыг харах өнцгөө өөрчилж, өөртөө итгэх итгэлээ ч нэмсэн гэж боддог. 2022 онд их сургуулиа сэтгүүлч мэргэжлээр дүүргээд Батлан хамгаалах яамны харьяа “Соёмбо редакц”-аас ажлын гараагаа эхлүүлж мөрдөстүүдийн эгнээнд шилжсэн. Уг байгууллагадаа энгийнээр найман сар ажиллаж 2023 оны цэргийн баяраар цол авсан бөгөөд үүнээс таван сарын дараа Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мото буудлагын батальоны Хэвлэл мэдээллийн төлөөлөгч албан тушаалд жилийн хугацаанд үүрэг гүйцэтгээд өнгөрсөн оны аравдугаар сард эх орондоо ирлээ.
-Цэргийн албыг дээрэлхэл ихтэй, хүнд хэцүү гэдэг. Тийм тохиолдол ч үе үе гардаг. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Цаг цагаараа байдаггүй гэж үг бий. Дээхнээс саяхныг хүртэл тийм асуудал байсныг үгүйсгэхгүй. Орчлон ертөнц өөрчлөгдөхийн хэрээр батлан хамгаалах салбар ч залуусыг сургах арга барил нь боловсронгуй болж хүнээ бодсон, хүн төвтэй болж өөрчлөгдөж байгаа гэж боддог. Жишээ дурдвал 2025 оныг батлан хамгаалах салбар “Эх оронч монгол - Их сэргэлтийн жил” болгон зарласан. Үүнийгээ дагаад офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг нь үе шаттайгаар шийдвэрлэж байна даа.
-Цэргийн алба хаагаагүй залуучуудад юуг захиж хэлэх вэ?
-Өнөө цагт хамгийн их үгүйлэгдэж буй зүйл нь эх оронч монгол хүн. Эх оронч сэтгэлгээг ямар нэг боловсролын систем, эрдэмтэн докторын лекцээс сонсоод ойлгочих зүйл биш байх. Өглөө бүр асгатай уул өгсөж гүйгээд, нар мандахыг харж, “Өчигдөр улирч, өнөөдөр золголоо” гэж хүн бүр хараг гэсэндээ төрийнхөө соёмбо доор өнөө цагийн он тооллыг эрээн чулуугаар өрж тавьж үзсэн, энхрий ялдам амраг, ижий аавыгаа орхиод ангасан говийн халуун нар, жавартай өвлийн аниргүй шөнөөр эх орныхоо уудам талыг нүд цавчилгүй манаж үзсэн залуус л эх орон гэж юу болохыг, тусгаар тогтнолын үнэ цэнийг гадарладаг, бусдаас өмгөөлдөг. Иймд бид эх орны залгамж халаа, төр түших эрдэмт залуус, эх орноо батлан хамгаалагч эрэлхэг хөвүүдээ энх цагт эр цэргийн албанд мордуулах нь улс, эх орны аюулгүй байдалтай дүйцэхүйц асуудал, хуулиар хүлээсэн эрхэм үүрэг болохыг ойлгох хэрэгтэй.
Жилийн цэргийн алба хаагч М.Баасансүрэн

-Цэргийн алба хаах үеийн тань хамгийн тод дурсамж юу вэ?
-Хилийн цэргийн түүхт 90 жилийн ойн баярын парадад ангиа төлөөлж оролцох хугацаат цэргийн алба хаагчдын захирагчаар томилогдон, халагдах цэрэг (хал цэрэг) ба өөрийн оны цэргүүд нийлсэн салаа цэргээ хариуцан Улаанбаатар хотод ирж оролцсон үйл явдал. Тухайн үед би шинэ цэргийн дэд түрүүч байсан бөгөөд бусад хилийн отрядуудаас ирж оролцсон хугацаат цэргүүдийн дунд өөрийн салаа цэргийг цэрэгжилтэд нь байлгаж, дүрмийг ягштал баримтлуулан ойн баяртаа амжилттай оролцсон дурсамж хамгийн тод үлдэж ээ.
-Цэргийн амьдрал таныг хэрхэн өөрчилсөн бэ?
-Өөрийгөө эр хүн гэдгийг л хамгийн ихээр мэдэрсэн. Гэр бүл, дүү нар, найз нөхөд, хань ижил гээд эргэн тойрны хэн бүхэндээ нөмөртэй, элэгтэй, хүчтэй эр хүн байх ёстой юм байна хэмээн гүн ухаарсан нэг жил өнгөрсөн дөө.
-Цэргийн алба хаагаагүй залуучуудад юуг захиж хэлэх вэ?
Үеийн залуус, дүү нар маань ихэвчлэн “Хайран нэг жил, надаар дутав гэж” гэх хандлагатай байдаг. Ямартай ч жилийн дотор найзууд чинь алга болоод, хичээл сургууль завсардаад, өмнө сурч мэдсэн юмаа мартчихдаггүй л юм билээ. Хүлээх сэтгэлтэй охин үнэнчээр хүлээгээд тэсчихдэг л юм байна лээ. Эцэст нь Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
2 жилийн цэргийн алба хаагч Д.Батсүх

-Цэргийн алба хаах үеийн тань хамгийн тод дурсамж юу вэ?
-Анх цэргийн карантинд очиход дээд оны цэргүүд гээд ялгахын аргагүй бүгд л мухар халзан толгойтой, бор ах нар байсан юм. Нэг халзан толгойтой бор нөхөр орж ирээд номхон зогсоож байгаад шанаа өгчхөөд гараад явав. Жоохон байж байгаад эргэж орж ирээд дахиад шанаа өгөөд гарахаар нь “Энэ ямар онгироо нөхөр вэ. Байн байн орж ирээд байх юм” гэсэн чинь яг үнэндээ өөр өөр цэргүүд байсан юм билээ /инээв/. Мөн тухайн үед би штабын нууцын бичээч байлаа. Ийнхүү 1988 оны гуравдугаар сарын 18-нд Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга болгоно хэмээн бага түрүүч цолоор шагнаж байв. Гэтэл төд удалгүй 24 цагийн чөлөөгөөр хотод орж ирээд, чөлөөгөө хэтрүүлж 72 цагийн дараа ангидаа очсон юм. Тэгээд л долоо хоног сахилгад суугаад, цолоо хураалгасан. Долоо хоног л бага түрүүч цолтой байсан даа.
-Цэргийн амьдрал таныг хэрхэн өөрчилсөн бэ?
-Армид сургалтын болон байлдааны анги гэж тусдаа байдаг. Сургалтын анги нь армид хэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлддэг. Жишээ нь, би сапёрын анги байлаа. Энэ анги нь дайны үед хамгийн урд эгнээнд тагнуулчидтай явж, зам гүүр тавин, минжүүлсэн газрыг цэвэрлэдэг. Сапёрчин хүн нэг л алдана. Хоёр алдана гэсэн ойлголт байхгүй. Сапёрчин байсан цэргүүдээс уул уурхайн тэсэлгээчин болсон хүмүүс их бий. Нэг ёсондоо бас нэгэн мэргэжил эзэмшсэн юм.
-Цэргийн алба хоёр жилийн хугацаатай байхын онцлог юу байсан бэ?
-Хоорондоо илүү дотно болдог. 18 аймгаас ирсэн өөр өөр хүмүүс халагдахдаа яг нэг хүн шиг л болно. Нэг цэрэг суниаж чадахгүй бол бусад нь мянга чадсан ч хамтдаа шийтгүүлдэг. Тиймээс нойргүй хонохгүйн тулд бүгдээрээ тэр нэг цэргээ суниаж сургана. Одоо ч нэгхэн жилийн дотор тийм юм болж ч амждаггүй юм шиг байгаа юм.
-Цэргийн алба хаагаагүй залуучуудад захиж хэлэх үг
-Социализмын үед манай улсын арми Азидаа эхний 3, 4 дүгээрт жагсдаг хүчирхэг арми байлаа. Одоо бол цэргийн албаа хаах залуучууд багассан байна. Албаа хаагаарай, цэргийн алба сайхан шүү гэж хэлье.
3 жилийн цэргийн алба хаагч Ж.Нармандах

-Цэргийн алба хаах үеийн тань хамгийн тод дурсамж юу вэ?
-Бүгд үсээ хусуулаад ижил хувцас өмсчихөөр хоорондоо ялгагдахгүй. Алийг нь ч харсан нэг л хүн шиг. Тиймээс арай гэж танилцсан найзыгаа тэр дундаас олж танихаа больж билээ.
-Цэргийн амьдрал таныг хэрхэн өөрчилсөн бэ?
-Эр цэргийн алба хаахад маш олон зүйлийг сурдаг. Хамгийн түрүүнд команд сонсож цагийн хуваарьт дасна. Дараа нь тэсвэр тэвчээртэй болж, үг дааж, эмх цэгцтэй, цэвэрч нямбай болж суралцдаг даа.
-Цэргийн алба хаагаагүй залуучуудад юуг захиж хэлэх вэ?
-Цэргийн албыг заавал хаагаарай. Эр хүний бахархал юм шүү. Ядаж цаг зохион байгуулалт, тэсвэр тэвчээр, шударга байдал, биеэ даахад суралцана.
Хэдэн сар, нэг жил, хоёр жил, гурав гээд хэдий хугацааг ч цэргийн албанд өнгөрөөсөн бай энэ бол эр хүний бахархал, хэзээ ч бүдгэрэхгүй дурсамж юм. Өнөөдөр бид улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тангараг өргөж, эр цэргийн ёсоор албаа нэр төртэй хаасан эрчүүдээ магтан дуулж байна. Гэхдээ цэрэгт яваагүй хэн нэгнийг үл тоож, гадуурхах цаг биш ээ. Харин ч эх орныхоо төлөө өөр өөрийн салбарт зүтгэж яваа эр хүн бүрийг хайрлаж, хүндэлж, бахархан дэмжих өдөр. Эрчүүд бол улс орон, гэр бүл, үр хүүхдийн бат бэх түшиг. Бидний бахархал, бидний омогшил монгол эрчүүд!