Залуусын орон зай

Д.Тамир: Хүмүүсээс гадна эд зүйлсийг хооронд нь холбох шинэ эрин эхэллээ

Б.Намуун2025.10.015 минут унших
Д.Тамир: Хүмүүсээс гадна эд зүйлсийг хооронд нь холбох шинэ эрин эхэллээ  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Өдгөө харилцаа холбооны салбар технологийн шинэчлэлийн тэргүүн эгнээнд байна. 2024 оны байдлаар дэлхийн харилцаа холбооны салбарын орлого ойролцоогоор 1.53 их наяд ам.доллар хүрэх төлөвтэй байгаа  нь ч үүний нэг баталгаа гэлтэй. Энэ өсөлт нь салбарын дижитал эдийн засагт үзүүлэх нөлөөг илтгэхийн зэрэгцээ технологийн дэвшил болон бизнесийн амжилтын хоорондын нягт холбоог харуулж буй. Тиймдээ ч энэ удаа Монголын харилцаа холбооны компанийн нэгэн том төлөөлөл Юнител группийн Шийдлийн бизнесийн менежер Д.Тамиртай харилцаа холбооны салбар болон технологийн дэвшлийн талаар ярилцлаа. 

“Интернэтээс бид бараг хоцрогдолгүйгээр, хурдтай мэдээлэл авдаг болсон” 

Amazon-ий туршилтаар вэб хуудсыг ердөө 100 миллисекундээр удаашруулахад борлуулалт ойролцоогоор 1 хувиар буурдаг нь тогтоогдсон бол Google-ийн хийсэн туршилтаар хайлтын хуудсыг 100–400 миллисекундээр удаашруулахад хэрэглэгчийн хийсэн хайлтын тоо 0.2–0.6 хувиар буурсан байна. Энэ нь интернэтийн хурд, саатал ямар чухал болохыг харуулна. Иймээс Монголд харилцаа холбооны салбарт хийсэн дэвшил бүр шууд утгаараа эдийн засаг, хэрэглэгчийн туршлагад нөлөөлдөг. Харин Юнител групп 2022 онд Монголд анх удаа Улаанбаатар хотын төв талбайд 5G сүлжээний туршилтын станцаа асаасан бөгөөд 2025 онд албан ёсоор 5G сүлжээг нэвтрүүлсэн билээ.  

Д.Тамир: Хүмүүсээс гадна эд зүйлсийг хооронд нь холбох шинэ эрин эхэллээ  нийтлэлийн зураг
Манайд 5G сүлжээ орж ирсэн явдал технологийн том шийдэл байлаа. Энэ өөрчлөлт хүн бүрд шууд нөлөө үзүүлж байна. Одоогоор 5G-ийн хамрах хүрээ хязгаарлагдмал, зөвхөн Улаанбаатарын төвийн хэсгүүдэд үйлчилж байна. Гэхдээ 5G-ийн гол шинэлэг тал нь нэгдүгээрт, өмнөх 4G-ээс 100 дахин хурдан болсон. Мөн мэдээллийн хоцрогдол маш бага болсон юм. Өмнө нь бичлэг татаж үзэхэд 30–50 миллисекунд хоцордог байсан бол одоо ердөө 1–2 миллисекунд болж буурсан. Миллисекунд гэдэг нь секундыг мянга хуваасантай тэнцэх маш богино хугацаа. Тэгэхээр одоо бидэнд мэдээлэл нүдээ анивчихаас 3 дахин богино хугацаанд бараг хоцрохгүйгээр ирдэг болсон гэсэн үг. Мөн 5G-ийн давуу тал нь нэг километр квадрат талбайд олон төхөөрөмжийг нэг дор холбож болно. Энэ нь зөвхөн хувь хүний өдөр тутмын хэрэглээнд төдийгүй салбар бүрийн тулгамдсан асуудлыг шийдэх томоохон инновац болж байна. 

“Нэн шаардлагатай боловсрол, эрүүл мэндийн салбарын дижитал шилжилт сул байна” 

Түүний хэлж буйгаар улсын дижитал шилжилтийг хувь хүмүүсээс илүү салбаруудын дижиталжилт тодорхойлдог аж. Жишээ нь, эмнэлэг цаасан маягтаар ажиллавал эмч, сувилагч нар цагаа бичиг цааст зарцуулж, өвчтөний мэдээлэл салангид хадгалагдсанаар онош алдагдах эрсдэлтэй. Мөн дижитал системгүй үед өвчтөн гарсныхаа дараа эрүүл мэндээ цахимаар хянах боломжгүй тул дахин хүндрээд эмнэлэгт буцаж хэвтэх тохиолдол нэмэгддэг ажээ. 2025 онд JAMA Internal Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар цахим эрүүл мэндийн систем (EHR) ашигласан тохиолдолд дахин хэвтэх эрсдэл 30 хоногийн дотор 17 хувь, 90 хоногийн дотор 28 хувиар буурсан байна. 

Монголын хувьд хүн ам цөөн ч салбаруудын дижитал шилжилт их савлагаатай, графикаар харвал дээшээ доошоо хэлбэлзэж байгаа мэт харагддаг. Төрийн байгууллага, боловсрол, эрүүл мэндийн салбарын дижитал шилжилт харьцангуй сул байгаа бол хувийн хэвшлийн дижитал шилжилт илүү сайн түвшинд байна.  

Д.Тамир: Хүмүүсээс гадна эд зүйлсийг хооронд нь холбох шинэ эрин эхэллээ  нийтлэлийн зураг
Digital Maturity Index

Юнителийн барьж буй бодлого нь та дижитал шилжилтийн аль ч түвшинд явж байсан бид “digital maturity” буюу дижиталжих индексийг түшиглэн шаардлагатай шийдлийг хэрэгжүүлэх боломж, суурийг тавьж өгөхөд чиглэж байгаа. Тухайлбал, уул уурхай бол их хэмжээний мөнгө эргэлддэг ч том машин механизмтай тул дижиталжихад хүндрэлтэй салбар. Гэсэн ч өнөөдөр хувийн уурхайнууд жолоочгүй машин нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ нь нэг талаас ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж байгаа хэрэг. Гэхдээ жолоочгүй машин робот шиг харагдавч бодит байдал дээр маш бага хоцрогдолтой, өндөр хурдтайгаар удирдлагын самбартай холбогдож, хүний хяналт шаарддаг. Энэ үед бидний ашиглаж буй Private 5G технологи хамгийн чухал үүрэгтэй болж байна. 

“Цахим халдлагыг нэг өдөрт шийдэх боломжгүй. Өдөр бүр шинэ аюул бий болдог” 

Дижитал руу шилжихийн хэрээр бидэнд олон асуудал тулгардгийн нэг нь цахим халдлага. Хэдэн мянга, хэдэн сая хүний мэдээллийг хадгалж буй байгууллагуудад энэ нь ноцтой бэрхшээл юм. Иймд зочноосоо цахим халдлагын  талаар  тодрууллаа. 

Д.Тамир: Хүмүүсээс гадна эд зүйлсийг хооронд нь холбох шинэ эрин эхэллээ  нийтлэлийн зураг
Өмнө нь Юнител компани зөвхөн төхөөрөмж санал болгож байсан бол одоо байгууллагуудад зориулсан цогц цахим аюулгүй байдлын шийдэл санал болгож байна. Байгууллагууд өөрийнхөө аюулгүй байдлын түвшнийг сайн мэддэггүй тул бид эхлээд үнэлгээ хийж, 10 онооны системээр хэмждэг. Жишээ нь, барилгын компанийн хувьд 5.5 оноо хангалттай гэж үзэж болно. Харин эмнэлгийн байгууллага доод тал нь 8 оноо байх шаардлагатай гэх мэт. Ийнхүү байгууллагын онцлогоос шалтгаалж аюулгүй байдлын түвшин өөр байх тул бид зөрүүг арилгах тодорхой шийдлүүдийг санал болгодог. 

Гэхдээ цахим аюулгүй байдлыг нэг өдөрт бүрэн шийдэх боломжгүй. Өдөр бүр шинэ аюул бий болдог учраас тогтмол хяналт шаардлагатай. Тиймээс бид Security Operation Center (SOC) буюу аюулгүй байдлыг тогтмол хянаж, хамгаалдаг мэргэжлийн багийн үйлчилгээг санал болгож байна. Монголд мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин маш цөөн. Гэвч бүх байгууллага дижитал дата эзэмшдэг тул өөрийн мэдээллээ хамгаалах зайлшгүй шаардлагатай юм. 

Бүс нутгийн харилцаа холбоог шийдэх шинэ инновац 

Бид COVID-19 цар тахлын үед интернэт хэчнээн чухлыг биеэрээ мэдэрсэн. Бүх зүйл алсын зайнаас болж, хичээлээ интернэтээр үзэж, ажлаа ч интернэтээр алсаас хийдэг болсон. Энэ үед интернэтийн хүртээмжгүй бүс нутгийн хүүхдүүдэд хичээлийн хоцрогдол үүсэх тохиолдол их байв. Иймд харилцаа холбооны салбарын нэн тэргүүний шийдэх асуудал энэ билээ. 

Сумдын хэмжээнд ч Улаанбаатартай адил камержуулалт хийгдэж байгаа. Гэвч асуудал нь зөвхөн камеруудыг байршуулснаар дуусахгүй. Камерын дүрсийг нэгтгэж, төвлөрүүлэн хянах шаардлага гардаг. Юнител энэ асуудлыг шийдэхийн тулд платформ системд суурилсан сүлжээ ашиглаж байна. Энэ сүлжээ нь камерын дүрс дамжуулж буй төхөөрөмжийн ажиллагаа, интернэт холболтын чанарыг бодит цагийн горимд тасралтгүй хянах боломж олгодог. Ингэснээр бид бүх мэдээллийг нэг цэгт төвлөрүүлж, удирдлагын нэгдсэн системээр дамжуулан хянах боломжтой болж байгаа юм. Нэг ёсондоо бБс нутгийн зааг ялгааг арилгаж, алсын зайнаас үр ашигтайгаар удирдах боломж бүрдүүлж байна. Харин ийм системгүйгээр сум бүр дээр нэг инженер, камер бүр дээр хүн очиж холболт шалгах шаардлагатай бол технологи асуудлыг шийдэхийн оронд эсрэгээрээ шинэ хүндрэл бий болгох байсан.  

“Дижитал ур чадварын ялгааг багасгах гарц нь боловсрол түгээх явдал” 

Д.Тамир: Хүмүүсээс гадна эд зүйлсийг хооронд нь холбох шинэ эрин эхэллээ  нийтлэлийн зураг
Бүс нутгийн дижитал хэрэглээний ялгааг бууруулах зорилгоор Юнител групп “STEAM HUB” хөтөлбөрийг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь ирээдүйн инженерүүдэд анхны технологийн ойлголтыг олгоход нь дэмжлэг үзүүлэх юм. Анх 2022 онд Дархан-Уул аймагт орон нутгийн хүүхдүүдэд зориулан инженерчлэл, шинжлэх ухааны мэдлэгийг нас насанд нь тохирсон хялбар сургалтын багцуудыг авчирч, сургагч багш нарыг бэлтгэн, Гэр бүл хөгжлийн газартай нь хамтран үнэгүй сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн. Хоёрхон жилийн дотор энэ хөтөлбөрийг 20 аймагт хүргэж, “STEAM HUB” төв байгуулсан юм. Хамгийн сүүлд Улаанбаатарт төвөө нээсэн. 

“Харилцаа холбооны компаниуд хүнээс гадна эд зүйлсийг холбож байна” 

Өнөөдөр дэлхий дээр 8.2 тэрбум хүн амьдарч байгаа бол хоорондоо холбогдсон ухаалаг төхөөрөмжийн тоо өнгөрсөн онд 20 тэрбумд хүрсэн. Энэ тоо зөвхөн энэ ондоо 40 тэрбум болохоор байна. Тэгэхээр хүн ба төхөөрөмж нийлээд нийт 50 тэрбум холболт бий болох нь. Иймээс харилцаа холбооны компаниуд зөвхөн хүмүүсийг хооронд нь холбохоос гадна, эд зүйлсийг хооронд нь холбох шинэ эринд аль хэдийн шилжээд эхэлжээ. Юмсын интернэт буюу IoT-ийн хүрээнд хийж буй нэг ажлаа сонирхуулъя. 

Ус, дулаан түгээх төвүүд байр бүрд ус дулааны тоолуур суурилуулсан байдаг. Харин эдгээрийн тоог хүн очиж цуглуулж, цаасан дээр тэмдэглээд дараа нь системд гараар шивж оруулдаг. Энэ нь цаг их зарцуулж, хүнээс шалтгаалсан алдаа гарах эрсдэлтэйгээс гадна өндөр зардалтай. Ийм асуудлыг бид ухаалаг усны тоолуурын цогц шийдлээр шийдэж байна. Анх харахад Юнителийн үндсэн үйл ажиллагаанаас өөр юм шиг боловч үнэндээ энэ бол харилцаа холбоо, технологийн шийдэл дээр суурилсан ажил юм. Учир нь ухаалаг тоолуур хоорондоо мэдээлэл солилцохын тулд шинэ төрлийн сүлжээ шаардлагатай. Тиймээс бид LoRaWAN технологийг Монгол Улсын хэд хэдэн аймагт нэвтрүүлээд эхэлсэн. Ухаалаг тоолуурын тусламжтайгаар хэрэглэгч өөрийн усны хэрэглээний задаргааг өдөр бүр гар утасны аппликэйшн дээрээс харах боломжтой. Мөн төлбөрөө ч автоматаар төлдөг болно. Энэ бол IoT (юмсын интернэт)-ийн бодит жишээ. 

“Бидний үнэ цэнтэй мэдээллүүд одоо Монголдоо үүлэн технологид найдвартай хадгалагдаж байна” 

Өнөөгийн дижитал ертөнцөд мэдээллээ үүлэнд хадгалах нь хувь хүн болон бизнесийн хувьд түгээмэл болсон. Үүлэнд хадгалагдсан мэдээлэлд интернэтээр холбогдож, хаанаас ч, ямар төхөөрөмжөөс ч нэвтрэх боломжтой. Мөн үүлэн үйлчилгээ үзүүлэгчид мэдээллийг хамгаалахын тулд өндөр түвшний шифрлэлт ашигладаг. Хэрэв тоног төхөөрөмж эвдэрч, хулгайд алдагдах эсвэл байгалийн гамшиг болох тохиолдолд мэдээлэл гэмтэхгүй, сэргээж болно гэсэн үг юм. 

Д.Тамир: Хүмүүсээс гадна эд зүйлсийг хооронд нь холбох шинэ эрин эхэллээ  нийтлэлийн зураг

Өгөгдөл нь бизнесийн хамгийн үнэтэй хөрөнгө юм. Бид энэ жил мөн үүлэн технологийг нэвтрүүлсэн. Хүмүүс уг технологийг Google drive-аар сайн мэднэ. Гэхдээ урьд нь үүлэн технологи зөвхөн гадаадын системээр дамжин ажилладаг байсан бөгөөд бид зөвхөн хэрэглэгчид л байсаар ирсэн. Харин одоо Unitel Cloud нэвтэрсэн бөгөөд энэ нь таны файлыг хадгалах орон зай болж байна. Байгууллагууд хэрэглэгчийн маш чухал мэдээллүүдийг хадгалж боловсруулж байдаг. Эдгээрийг гадагшаа гаргаж болдоггүй. Тэгэхээр бидний энэ үнэ цэнтэй мэдээллүүд найдвартай үүлэн технологид Монголдоо хадгалагдаж байгаа. 

“Дундаж байгууллага нийт цуглуулж байгаа өгөгдлийнхөө 90 хувийг ашиглаж чаддаггүй” 

Түүнчлэн хэн өгөгдлийг зөв ашиглаж, бизнесийн шийдэлд шингээж чадаж байна, тэр компанийн өрсөлдөх чадвар хамгийн их нэмэгдэж байдаг. Үүнтэй холбоотойгоор Big Data гэх ойлголт гарч иржээ. Дундаж байгууллагууд нийт цуглуулж байгаа өгөгдлийнхөө 90 хувийг ашиглаж чаддаггүй, зөвхөн хадгалдаг. Харин өгөгдлөө бүрэн бүртгэж, дүн шинжилгээ хийж чадвал тэр нь тухайн компанийн хамгийн том зэвсэг болж чадна.  

Хиймэл оюун ухаан харилцаа холбооны салбарт 

Өнөө үед хиймэл оюун ухаан зөвхөн технологийн салбар төдийгүй эрүүл мэнд, санхүү, боловсрол, уул уурхай зэрэг бүх салбарт голлох байр суурь эзэлж байна. Ялангуяа харилцаа холбооны салбарт хиймэл оюун нь өгөгдөл боловсруулах, хэрэглэгчийн туршлагыг сайжруулах, сүлжээг илүү найдвартай, хурдан болгох гол түлхүүр болж, салбарын ирээдүйг тодорхойлж буй. 

Юнител групп хиймэл оюун ухааныг гурван чиглэлд ашиглаж эхэлсэн. Нэгдүгээрт, хиймэл оюун ухааны анхны гол зорилго болох давтамжтай, хүний оролцоо их шаарддаг үйл ажиллагааг автоматжуулахад ашигласан. Тухайлбал, бид хэрэглэгчийн үйлчилгээг түргэн шуурхай болгохын тулд харилцах төв дээрээ чатбот ажиллуулж эхэлсэн. Хоёрдугаарт, бид дата мэдээлэлд суурилсан тооцооллыг хиймэл оюун ухаанаар гүйцэтгэж, өмнө нь их цаг зарцуулдаг байсан ажлыг хурдан хийдэг болсон. Үүний зэрэгцээ хэрэглэгчдэд хүргэх урамшууллын бодлогоо өөрчилсөн. Өмнөх шигээ бүх хэрэглэгчдэд ижилхэн массын урамшуулал зарлахын оронд, тухайн хэрэглэгчийн хэрэглээний онцлог, дата ашиглалт, аппликэйшний хэрэглээнд тулгуурлан хувь хүнд тохирсон урамшуулал санал болгодог болсон. Гуравдугаарт, бид хиймэл оюун ухааныг шинэ орлогын эх үүсвэр гаргаж ирэхэд ашиглаж байна. Шинэ санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсруулахад их цаг зарцуулдаг бол хиймэл оюун ухаан бидэнд энэ процессыг хурдан, оновчтой болгох боломж олгож байна. 

“Хэрэглэгчээ сургах нь технологийн салбарынхны хамгийн том сорилт” 

Д.Тамир: Хүмүүсээс гадна эд зүйлсийг хооронд нь холбох шинэ эрин эхэллээ  нийтлэлийн зураг
Бидний амьдралд аливаа технологи эхэлж нэвтрээд, дараа нь хэрэглээнд дасгаж сургах шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл, технологи хүмүүст амьдралын хэв маягийг зааж байдаг. Жишээ нь, хэдэн жилийн өмнө бид ChatGPT-г мэддэггүй байсан бол одоо бараг бүх хүн ашиглаж байна. Шинэ технологи нэвтрүүлэхэд тулгардаг хамгийн том сорилт бол хэрэглэгчийг сургах явдал юм. Хүний хэвшлийг өөрчилж, шинэ арга барилд дасгана гэдэг шинэ технологи нэвтрүүлэхэд тулгардаг гол асуудал. Хоёрдугаарт, Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд хүн ам цөөн, зах зээл жижиг, гэхдээ өрсөлдөгч ихтэй байдаг. Технологи нь өндөр хөрөнгө оруулалт шаарддаг бөгөөд хөрөнгө оруулсны дараа үнэхээр үр ашиг ирэх эсэх нь тодорхойгүй байдаг. Энэ нь технологийн үйлчилгээ үзүүлдэг олон компанид байнга тулгардаг том сорилт юм. 

Өдгөө харилцаа холбоо зөвхөн утас, интернэтээр хязгаарлагдахгүй. Харин хүн ба хүн, хүн ба төхөөрөмж, төхөөрөмж ба төхөөрөмж хоорондын үнэ цэнтэй мэдээллийн урсгалын гол амин судас болжээ. Харилцаа холбооны салбарын хөгжил улс орон, байгууллага, хувь хүний бүтээмжид шууд нөлөөлдөг. Хурдан интернэт, тогтвортой сүлжээ, ухаалаг платформууд нь эдийн засгийг хурдасгаж, боловсрол, эрүүл мэнд, санхүү зэрэг салбаруудын үйл ажиллагааг шинэ түвшинд гаргадаг билээ. Технологи байхгүй бол мэдээллийн хоцрогдол, алдаа үүсэж, үр ашиг буурна гэдгийг та энэхүү ярилцлагаас ойлгосон гэж найдна.  

Холбоотой нийтлэлүүд