MEF Youth 2025: Хөдөлмөрлөөд байхад яагаад амьдрал ахихгүй байна вэ?


Өдөр бүр хөдөлмөрлөж цалин аваад байгаа мөртлөө л амьдралд ахиц дэвшил мэдрэгдэхгүй байна гэдэг танил мэдрэмж байгаа биз. Энэ нь зөвхөн хувь хүний хүчин чармайлтын асуудал бус инфляц, валютын ханш, бодит орлогын өсөлт зэрэг эдийн засгийн далд хүчин зүйлсийн нөлөө юм. Эдийн засагчид үүнийг Адам Смитийн “үл үзэгдэх гар”-ын өнцгөөс тайлбарлаж, иргэн бүр зөвхөн мөнгөн дүн бус худалдан авах чадвартаа анхаарах ёстойг сануулж байна.
MEF Youth 2025 арга хэмжээний панел хэлэлцүүлгийн үеэр СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Олон хүн “Би ажиллаад, хөдөлмөрлөөд л байдаг. Гэвч амьдралд минь яагаад ахиц дэвшил гарахгүй байна вэ?” хэмээн өөрөөсөө асуудаг. Энэ үзэгдэл нь эдийн засгийн “үл үзэгдэх гар”-ын онолтой холбоотой. Иргэдийн амьдралд эдийн засгийн олон хүчин зүйл нөлөөлж байдаг ч, тэр нөлөөллийг өдөр тутамдаа анзаардаггүй нь харамсалтай. Үнэн хэрэгтээ инфляц, өрхийн бодит орлогын өсөлт, үнийн нэмэгдэл, валютын ханшийн хэлбэлзэл зэрэг үзүүлэлтүүд нь хөдөлмөрлөж олсон орлогын бодит өсөлтөд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс иргэн бүр өрхийн бодит орлого, хүн амын дундаж орлого зэрэг гол үзүүлэлтийг тогтмол ажиглаж, өөрийн санхүүгийн байдал болон худалдан авах чадвараа зөв үнэлэх хэрэгтэй” гэсэн юм.
Тэгвэл “Үл үзэгдэх гарын онол” бидэнд яаж нөлөөлөөд байна вэ?

Адам Смит The Wealth of Nations (1776) бүтээлдээ “үл үзэгдэх гар” (invisible hand) хэмээх метафорыг анх хэрэглэсэн. Энэ нь хувь хүн өөрийн ашиг сонирхлоо даган үйлдэл хийхдээ хүссэн хүсээгүй нийт эдийн засагт тодорхой чиглэл, үр дүн авчирдаг гэсэн санаа юм. Орчин үеийн эдийн засагт энэ нь зөвхөн эерэг утгатай биш юм. Заримдаа зах зээлийн хүчнүүд хүмүүсийн амьдралд таагүй нөлөө үзүүлэх нь бий. Харин бид яг Ж.Дэлгэрсайхан багшийн хэлсэн шиг өдөр тутамдаа тэр нөлөөг анзаарахгүй байж болно.
Жишээг Монголын өнөөгийн нөхцөл дээр буулгацгаая!
1.Инфляц (Үнэ өсөлт)
Өргөн хэрэглээний бараа (талх, мах, шатахуун гэх мэт) жилийн дотор 10 хувиар өсвөл таны цалин 8 хувиар нэмэгдсэн ч бодит орлого чинь буурна. Жишээ нь, талхны үнэ өнгөрсөн жил 1,500 төгрөг байсан гэж бодъё. Энэ жил 10 хувиар өсөөд, 1,650 төгрөг болжээ. Таны цалин 8 хувиар нэмэгдэж, 1,500,000 төгрөгөөс 1,620,000 төгрөг болсон ч талх, мах, шатахуун гээд өдөр тутмын бүх зүйлийн үнэ цалингаас тань хурдан өссөн учраас та өмнөх шигээ ч хэмжээгээр худалдан авч чадахгүй болно.
2.Валютын ханшийн хэлбэлзэл
Таны өдөр тутмын хэрэглээний бараа, жишээ нь гар утас, авто сэлбэг тэр бүү хэл зарим хүнс ихэвчлэн импортын бараа байдаг. Хэрэв ам.долларын ханш өсвөл эдгээр барааны үнэ төгрөгөөр илүү үнэтэй болно. Жишээ нь, өнгөрсөн жил ам.долларын ханш 3,000 төгрөг байсан бол та 300 долларын гар утсыг 900,000 төгрөгөөр авч байсан. Энэ жил ам.долларын ханш 3,300 төгрөг болж өсвөл яг ижил 300 долларын гар утас 990,000 төгрөг болж үнэ нэмэгдэнэ. Цалин тань нэмэгдээгүй бол та өмнөх шигээ худалдан авч чадахгүй гэсэн үг юм.
3.Бодит орлогын өсөлт сул байх
Таны цалин өссөн ч өдөр тутмын бараа, үйлчилгээний үнэ илүү хурдан нэмэгдвэл бодит худалдан авах чадвар буурна. Жишээ нь, өнгөрсөн жил сарын цалин 1,500,000 төгрөг байсан гэж бодъё. Тухайн жилд та өдөр тутмын хэрэглээний бараагаа өмнөх хэмжээгээрээ энгийн сайхан худалдан авч чаддаг байлаа. Энэ жил цалин тань 8 хувиар нэмэгдэж, 1,620,000 төгрөг болов. Гэвч бараа, үйлчилгээний үнэ дунджаар 12 хувиар өссөн тул та яг өмнөх шигээ хэмжээгээр худалдан авч чадахгүй. Үүнээс харахад цалин өссөн ч бодит орлого тань буурсан мэт мэдрэгдэж байна.
Тэгэхээр эдийн засагч Ж.Дэлгэрсайханы хэлснээр өдөр тутмын хөдөлмөр, орлого нэмэгдсэн мэт харагдавч амьдралд ахиц дэвшил мэдрэгдэхгүй байх нь зөвхөн хувь хүний хүчин чармайлтын асуудал биш эдийн засгийн гүнзгий хүчин зүйлсийн нийлбэр үр дүн байх нь. Инфляц, валютын ханшийн хэлбэлзэл, өрхийн бодит орлогын сул өсөлт зэрэг нь хүмүүсийн өдөр тутмын худалдан авах чадварт шууд нөлөөлж, хөдөлмөрлөж олсон орлогыг бодит утгаар нь бууруулдаг. Иймд иргэн бүр цалин нэмэгдэх эсвэл үнэ буурах боломжийг хүлээхээс гадна өрхийн бодит орлого, хүн амын дундаж орлого, үнийн өсөлт зэрэг үзүүлэлтийг тогтмол ажиглаж, санхүүгийн байдал, худалдан авах чадвараа үнэлэх нь чухал ажээ.