

Адуу бол хүн төрөлхтний түүхийг өөрчлөхөд хамгийн их хувь нэмэр оруулсан амьтан гэдэг. Монголчууд адууг уналга эдэлгээ, идэш тэжээлд хэрэглэхээс гадна өв соёл, үнэт зүйлээсээ алхам ч холдуулалгүй дээдлэн ирсэн. Хурдан морьдын уралдаан, түмэн адууны баяр, адуу тамгалах, гүүний үрс гаргах ёс гээд манай зон олны адуутай холбоотой баяр, ёс жаягийг тоолбол нутаг нутгаас олон зан үйл хөврөх аж. Тиймдээ ч дэлхийд анх удаа адууны өдрийг санаачлан батлуулсан нь монгол түмэн биз.
Манай эх оронд дарьганга, галшар, дархад зэргээс эхлээд олон үүлдэр, омгийн адуу бий. Энэ удаад Posted.mn сайтын редакцаас дэлхийн адууны өдөрт зориулан хоймор нутгийн чимэг болсон дархад омгийн адууг онцлон, дараах нийтлэлийг бэлтгэлээ.
Өндөр уулын адуу
Дархадын цэнхэр хотгорт усны тунгалаг, өвсний соргогийг даган бүгээн зүсмийн адуун сүрэг бэлчинэ. Бидний харж заншсан эгэл адууны зүс, төрхөөс илт ялгарах шинж нь бахим бие, өтгөн сүүлтэй, намхан нуруу аж. Энэ бол бүтэн сар ч дөрөө даах чадалтай дархад омгийн адуун сүрэг. Энэ адуу далайн түвшнээс 2,000 гаруй метр өндөрт өргөгдсөн тайгын болон өндөр уулын бэлчээрийг ашиглахдаа гойд сайн зохицсон бөгөөд хөл, туруу, ул таваг, гол ясны хөгжил сайтай, их сонор соргог амьтан аж.
Байгаль цаг ууртайгаа зохицоод үс нь хүртэл эрт ургаж эхэлдэг. Дархад адуу нь өвөл, хаврын улиралд тарга хүчээ төдийлөн алдахгүйгээс гадна салхи шуургатай үед уруудах биш сөрсөөр уулын таг руу гарч, 40-60 см зузаан цасыг хөлөөрөө малтан идээшилнэ. Тийм өлчир чийрэг учраас л өвөлдөө тэжээлгэхгүй, дан бэлчээрээрээ онд ордог юм байна.
Дархад омгийн адууг зүслэхүй

Хойд нутгийн адууг зүсэлбэл, богино бахим хүзүүтэй, цээж өргөн, гэдэс хэвлий том, бие урт, булчин махны хөгжил сайтай, арьс зузаан, алхаа хөдөлгөөн тайван, өтгөн дэл сүүлтэй аж. Зонхилох зүс нь цагаан бор бөгөөд хар сормуус бүхий бараан зовхи нь цастай бэлчээрт идээшлэхэд нүд царгихаас хамгаалдаг байна.
Сүрэг адууны 60 гаруй хувь нь цагаан, үлдсэн нь бараан зүстэй. Хамгийн сонирхолтой нь, гүүнээс цагаан унага төрөх нь ховор гэнэ. Хар, бор зүстэй унага шүдлэн наснаасаа эхлэн өнгө нь цайрч цагаан адуу болдог аж.
Энэ омгийн адуу нь сүүний гарцаар бусад омгийн адуунаас илүү байдаг. Тухайлбал монгол адууны нэг удаагийн саам 350-500 мл бол дархад гүүнийх 500-800 мл байна.
Адуу хүйтэнд даарахаас гадна шуурганд тордог амьтан гэдэг. Тэгвэл дархад адууны өтгөн сахлаг дэл сүүл нь салхинд маш сайн нөмөр болдог аж. Нэгнийхээ дэл сүүл, өргөн чилгэр биеийн нөмөрт хоргодон, сүргээрээ салхи уруудан зогсох нь сүрлэг бөгөөд сайхан.
Дархад адуу баргийн саад тотгорт ажрахгүй ээ…
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн улсын аварга малчин Р.Галсангийнх таван хошуу мал маллан аж төрдөг. Эднийх адуугаа аялал жуулчлалын чиглэлээр бэлтгэн, тайгын морин аялал хийдэг аж. Эх нутагтаа адуу малаа хариулан амьдарч, аялагчдад дархад омгийн адууны шандас, хүчийг үзүүлэх тэдний хүү Г.Ням-Эрдэнэ бидэнтэй цөөн хором ярилцсаныг хүргэж байна.

Манайх зургаадугаар сарын эхээс есөн сар гартал баруун тайга руу аялагч авч явж үзүүлдэг. Дархад адуу маань өндөр ууланд торохгүй явдаг болохоор тайгаар явахад хамгийн тохиромжтой. Хүмүүс тайгын аялалд явахдаа “Дан цагаан адуугаар явна биз дээ?” гэж их асуудаг. Гэхдээ дан цагаан адуутай аялал нь энгийн бараан зүстэй адуутай аяллаас арай үнэтэй байдаг юм.
Дархад цагаан адуу айл болгонд байгаад байдаггүй. Хамгийн хойд талын дөрвөн сумдад л ихэнх нь байдаг юм. Харин ойрын хоёр жил айлууд цагаан азарга тавиад адууныхаа зүсийг цагаан болгох гэж үзээд байгаа.
Манай дархад адуу өндөр уул, тайгын амьтан болохоор ч тэр юм уу их омголон, догшин байдаг. Тэгээд уналга эдэлгээнд гаршуулчихаар номхон, дөлгөөн болчихдог юм. Өвөлдөө уул, тайга, модондоо бэлчээд зундаа тал руугаа бууж бэлчээрлэнэ.
“Хурд гаргах гээд өөр үүлдрийн адуутай эрлийзжүүлэх нь ихэссэн”

Сүүлийн үед хүмүүс хурд гаргах гээд дархад адууг өөр үүлдрийн адуутай эрлийзжүүлэх нь их болж байгаа. Яг дархад омгийн адуун сүргээ цэврээр нь авч үлдэхийг хичээж байгаа хүмүүс нь цөөхөн дөө. Бид энэ долоодугаар сарын 17, 18 өдрүүдэд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо багийн Соёо толгойдоо дархад омгийн цагаан адууны баяраа хийх гэж байгаа.
Би өөр үүлдрийн олон адуу унаж үзсэн. Бие бялдрын онцлогоосоо хамаараад ууланд явж чаддаггүй юм билээ. Манай дархад адуу бол ууланд явахдаа хамгийн сайн. Бас мах сайтай. Хол замд, даваа гүвээ ихтэй, цас зуд ихтэйд ч дархад адуу ажрахгүй зорьсон газарт хүргээд өгнө дөө.
Өмнөд туйл руу жим татуулсан монгол адуу
Байгалийн шалгарлыг даван өлчиржсөн дархад омгийн монгол адуу дэлхийн анхны өмнөд туйлыг зорьсон аяллын хүлэг байжээ. Бөмбөрцгийн улс орнууд шинжлэх ухааны ололт амжилтаараа хоорондоо өрсөлдөн, түрүүлж Антарктидад хөл тавихаар уралдан ил далд аялалдаа бэлтгэх үе байж. Тэр үед “Терра Нова” хөлөг онгоцны ахмад Роберт Фалкон Скоттоор ахлуулсан Английн судлаачид 1911 онд аялалд гарахдаа хүлгийн сайн, морьдын хүчтэйг сонгон явжээ. Энэ аялалд дархад омгийн адуу хамт явсан юм. Сибирь, Буриад, Якутаас морь сонгохоор удтал ярилцсан ч эцэст нь монгол адуу сонгосон нь тэр үед ч монгол морьдын нэр алдар дэлхийн сонорт хүрсэн байсныг илэрхийлнэ. Монголын тайгын цагаан адуу нь ямар ч гүн хунгарласан цасыг цавчиж өвс олж идэж чаддаг, цасан шуурган дунд зүг чигээ алддаггүй, хүний бэлхүүсээр татсан цасыг ч ядах юмгүй яраад гарчихдаг чадалтай амьтан ажээ.
Тэд урт удаан, хүнд аяллын ард гарч өмнөд туйлд хүрсэн ч анх хөл тавих том зорилгоосоо хожимдсон юм. Тэднийг очихоос сарын өмнө Норвеги улсын иргэн Руаль Амундсенээр ахлуулсан баг бэлтгэлээ нууцаар зэхсээр өмнөд туйлд хүрээд буцсан байж. Ингээд бие махбод, сэтгэл санааны хувьд ядарч туйлдан, хоол хүнс ч үгүй болсон хүмүүс буцах замдаа хөлөө ч хөдөлгөж чадахгүй болтол ядарсан адуу малаа буудан алж, ачаа бараагаа ч орхин майхнаа аваад явсан гэдэг. Гэвч тэд хөлөг онгоцондоо ч хүрэхгүй осгосон нь түүх сурвалжид хамгийн харамсалтай аялал гэж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хэдий гунигтай ч энэ түүх дархад омгийн монгол адуу дэлхийн дайдад эр бяраараа шигшигдэн, хүйтний туйлд хүрэх жимийг хөлөөрөө тамгалсан болохыг гэрчлэн үлджээ.
Мөн энэ адуу дайны хүйтэн он жилүүдэд Евразийн эх газрыг туулж, мөн Вьетнам, Өмнөд Солонгост ч үүрэг гүйцэтгээд ирсэн түүхтэй.

Дархад адуу үүлдэр болно
Дархад омгийн адуу 1990 онд омгоор баталгаажжээ. Одоо харин үүлдэр болгох их ажил өрнөж байна. Тухайлбал, ХААИС-ийн Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид 2022 оноос хойш энэ адууг үүлдэр болгох судалгаа, шинжилгээний ажлыг явуулж байгаа юм байна.
Монгол Улсын малын генетик нөөцийн мэдээллийн санд дархад омгийн адууны ашиг шимийн үндсэн чиглэлийг уналга, эдэлгээ, мах хэмээн тодорхойлдог. Харин нөгөө өнцгөөс нь харвал дархад омгийн адуу бол авч үлдэх ёстой өв соёл аж.
Учир нь 2024 онд нийтлэгдсэн монгол адууны генетикийн судалгаагаар дархад адуу нь судалгаанд хамрагдсан адууны омог, үүлдрүүдээс генетикийн хувьд хамгийн өвөрмөц бүтэцтэй болох нь тогтоогджээ. Галшар адуу Өндөршил адуутай төстэй, Монгол адуу нь Тэс адуутай төстэй бөгөөд генетикийн олон янз байдлаа хадгалах чадвар сайн аж. Харин дархад адуу тэдгээр чанаруудаараа бусдаасаа ялгаатай тул генетикийн нөөцийг хамгаалах үржлийн бодлого боловсруулан, тогтвортой хэрэгжүүлэх нь чухал юм байна. Тиймээс ч нутгийн зөвлөлөөс энэ асуудлыг орхин хаялгүй, дархад омгийн адуугаа үржүүлэх ажилд анхаарч байгаа аж.
Харин энэ биологийн өвөрмөц бүтэц, онцлогтой морин эрдэнээ хурд гаргахын төлөө өөр үүлдрийн адуутай саармагжуулах нь хамгийн том асуудал болоод байгаа аж. Хүнхэр тайгын товир цагаан адууг байгаль дэлхий өөрийн шалгуураар бүтээсэн гэдэг. Тэр л өндөр ууландаа цагийн хатуу, цасны зузааныг ажрахгүй даван үлдэх л хувьтай хүлгийг талын салхи шиг хурдан, зэгзгэр гоолиг дарьганга адуутай зүйрлэж яахин болох билээ дээ.

Гэрэл зургийг Г.Ням-Эрдэнэ
Сэтгэгдэл