Passion in the City: Нүдэнд ил, сэтгэлд ойр орших бидний Соёлын төв өргөө


Бид амьдралын завгүй хэмнэлд бүдчин явахдаа дэргэд орших үнэ цэнтэй зүйлсээ анзааралгүй өнгөрөөх нь бий. Өдөр бүр алхдаг танил зам, гудамж, чимээгүйхэн сүндэрлэх барилга байгууламж бүр өөрсдийн түүхийг бидний дурсамжтай хамт хадгалж байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр бүтээн байгуулалтууд улс орон, ард түмний түүх соёл, үндэсний бахархал болж бидний хэн байсан, хэн байх ёстойг сануулах чухал түүхэн өв болох юм. Тиймээс бид түүхэн барилгуудаа хуучин гэж үл тоох биш утга учрыг нь ойлгож, хайрлан хамгаалах учиртай.
Манай хот 300 гаруй жилийн түүхтэй хэдий ч архитектурын болон хотын хэв шинжийг илтгэх барилгууд цөөн байдаг ажээ. Иймд Passion in the city цувралынхаа энэ удаагийн дугаарт архитектурын гайхалтай нэгэн уран бүтээл, цаг хугацааны шалгуурт элэгдэлгүй өдийг хүрч, манай хотын төв хэсэгт сүндэрлэн буй нэгэн түүхэн барилгын талаар уншигч та бүхэнд сурвалжлан хүргэж байна. Энэ бол хүн бүрийн нүдэнд ил, сэтгэлд ойр оршин байдаг бидний Соёлын төв өргөө.
“Анх 1974 онд ЗХУ-ын удирдагч Л.И.Брежнев Монголд айлчлахад улс төрийн товчооны гишүүн Д.Майдар гуай “Варшав хотын шинжлэх ухаан, соёлын ордон шиг ордонтой болмоор байна” гэсэн хүсэлт тавьж, түүнийг нь ч зөвшөөрч улмаар Монголын Улс төрийн товчоогоор хэлэлцүүлж албажуулаад, ЗХУ-д уг асуудлыг хүргүүлсэн байдаг” хэмээн Соёлын төв өргөө анх хэрхэн байгуулагдахаар болсон түүхэн үеийн талаар Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр ярьж байв. Үргэлжлүүлэн бид тус барилгын талаарх сонирхолтой түүхэн болоод архитектурын баримтууд, мэдрэмжийн талаар бяцхан яриа өрнүүлсэн юм.

- Та Соёлын төв өргөөний барилгын түүхийн талаар уншигчдад маань дэлгэрэнгүй танилцуулаач?
1974 онд Д.Майдар гуай Москва хотноо очиж, ЗХУ-ын гавьяат архитектор, төрийн шагналт Ю.Л.Шварцбрейм гэх эрхэмтэй уулзан өөрийн саналыг хэлж зураг төслийг нь гаргуулж байв. Барилгын анхны зураг нь нэлээд том хэмжээтэй бөгөөд Монголын үндэсний хэв шинжийг тусгасан монгол гэр шиг хэв загвартай, дөрвөн талд нь сүм хийдийн дүр төрхтэй, монгол гэр хэлбэртэй барилгыг төлөвлөж, хойд талын гол барилгыг 24 давхар байхаар зурсан гэдэг. Тухайн үед энэ барилгыг Гандангийн хойно буюу 3, 4 дүгээр хорооллын орчимд барихаар төлөвлөж, газар шорооны ажил нь эхэлсэн боловч зогсоосон юм билээ. Тухайн үедээ барилгын ажилд зориулж ойролцоогоор нэг сая төгрөг зарцуулсан гэж баримт бичигт тэмдэглэн үлдээсэн байдаг.
Түүний дараа хотын төвд дахин барихаар төлөвлөж, зураг төслийг шинэчилж, анхны гаргасан зураг төслөөс хоёр дахин багасгаж барьсан юм. Улмаар хотын төвд одоогийн Соёлын төв өргөө буюу тухайн үеийн “Шинжлэх ухаан, техник соёлын ордон”, хүмүүсийн хэлж заншсанаар “ШУТСО” хэмээх барилга баригдсан түүхтэй.

Тус барилгыг тухайн үеийн ЗХУ манай улсад бэлэг болгон хүлээлгэн өгсөн гэдэг. 1987 онд барилгын ажил дуусаж, техник, тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг бүрэн суурилуулж, 1988 оны 12 дугаар сарын 29-ны өдөр нээгдсэн.
- Энэхүү барилгын архитектурын онцлогийн талаар та өөрийн бодлыг хуваалцахгүй юу?
Манай Улаанбаатар хотын төв талбайг тойрсон барилгуудын дийлэнх нь неоклассик буюу баганатай барилгууд байдаг. Соёлын төв өргөөний барилга нь модернизмын төлөөлөл хэдий ч талбай тойрсон неоклассик барилгуудтайгаа багануудаараа дамжуулан уусаж холбогддог. Өөрөөр хэлбэл, УДЭТ, УДБЭТ, Хөрөнгийн бирж, хуучин Хотын захиргаа, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн ордон, МУИС, Гадаад харилцааны яам гээд төв талбайн орчим дахь неоклассик барилгуудын үндсэн ансембль, нэг цогц хэв шинж, утга агуулгыг тодотгож, неоклассик архитектурын орон зай, түүнтэй уялдаж нийцсэн шинэ дүр төрхөөр илүү баяжуулж чадсан.
Соёлын төв өргөөний архитектурыг талбай тойрсон неоклассик архитектурын хэв шинжээс салгаж ойлгож болохгүй. Энэ барилгууд бол орон зайн хувьд нэгдмэл үзэл санаа, зохиомж, дүр төрхийг яаж бүтээж болдог вэ гэдгийг тод харуулдаг Монгол Улсын орчин цагийн хот байгуулалтын тод жишээ. Соёлын төв өргөөний барилга бол Улаанбаатар хотод социализмын үед баригдсан модернизмын төлөөлөл болсон барилгууд дундаас нэлээн дээгүүрт орох, манай хотын өнгө төрхийг илэрхийлэх барилгуудын нэг гэж боддог. Түүнчлэн Сүхбаатарын талбай тойрсон барилгуудтайгаа уялддаг гэдгээрээ маш том онцлогтой. Энэ газарт одоогоор төр, хувийн гээд урлаг соёлыг түгээн дэлгэрүүлдэг маш олон байгууллагын төлөөллүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс хотын төвд байрладаг соёлыг түгээж буй маш гоё барилга гэж боддог доо.
- Сүүлийн үед хуучны гоё хийцтэй барилгуудыг нураах болж. Үүнд та ямар байр суурьтай байна?
Манай хот бол Социалист буюу орчин үеийн хот байгуулалтын дурсгалаа устгаад бараг дуусаж буй хот. Үүнд мэдээж олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Хамгийн том хүчин зүйл нь манай хотын хөгжил буюу дэд бүтэц тэлж чадахгүй байгаа учраас хуучин хотын дэд бүтэц, байршилд тулгуурлан шинэ хотыг байгуулсны үр дүнд хуучны барилга, архитектур, түүхэн дүр төрхийг бараг бүхэлд нь эвдэж устгасан гэж хэлэхэд хилсдэхгүй. Бид өмнө нь хот байгуулж байгаагүй мэтээр шинэ болж хувирсан. Одоо “бидний амьдарч буй Улаанбаатар хот дэлхийн бусад хотуудаас яг юугаараа онцлог дүр төрхтэй юм бэ” гэж асуувал түүхэн талаасаа хариулахад хэцүү болсон. Учир нь, түүхэн орон зай, түүхэн архитектур, түүний цогц, нэгдмэл шинж чанарыг хадгалсан зүйл цөөрч байна.

Хуучны архитектуртай барилгууд хотын өнгө төрхийг илэрхийлээс гадна, хотын таних тэмдэг буюу “Landmark” болж өгдөг нь гайхалтай. Тодруулбал, тухайн хотын иргэд барилгыг байршил заасан хэлбэрээр ашиглаж байвал тэр нь хотын таних тэмдэг болж өгдөг гэсэн үг. Жишээлбэл, хүнтэй утсаар ярихдаа “Соёлын төв өргөөний энд байна” гэвэл хэн ч байсан “аан, тэнд юм байна” гээд ямар ч асуудалгүй олоод очно. Мөн хотын түүхэн дүр төрхийг илэрхийлэх нэгээхэн хэсэг нь хуучин барилгууд болж өгдөг. Бага тойруу дахь неоклассик, Урт цагаан, Улаанбаатар зочид буудал, Соёлын төв өргөө зэрэг эдгээр барилгууд манай хотыг хэрхэн чимдгийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Ийм үзэсгэлэнтэй бас байршил заасан барилгуудыг хадгалж, хайрлаж, өвлүүлж явах хэрэгтэй. Хотынхоо түүх, соёл, онцлог, таних тэмдгийг илэрхийлэх барилгуудаа бид өөрсдөө хамгаалах нь маш чухал.
Бид жил ирэх тусам онцгой таних тэмдэг болсон барилгуудаа алдсаар л байна. Манай хотын хувьд хамгийн урт хугацаанд буюу 100 жилээс дээш хугацаанд хотын иргэдийн байршил заасан онцгой таних тэмдэг болж буй ганцхан үг байдаг нь “Гандан” юм. 100 жилийн өмнө ч хүмүүс одоо үтэй адилхан “Гандан дээр уулзъя” гэж ярьж, таних тэмдэг болгодог байсан. Гандан хийдийг хамгаалж үлдэнэ гэдэг нь байршил заасан таних тэмдгээ хамгаалж байна гэсэн үг юм. Гэтэл бид Урт цагаан хэмээх байршил заасан онцгой таних тэмдгээ хамгаалж үлдэж чадаагүй шүү дээ. “Муухай байна” гээд л буулгачихсан. Харамсалтай нь тус барилгатай цуг үг, байршил, таних тэмдэг, түүх устсан. Тиймээс бидний одоо харж байгаа барилгын цаана юу байгаа вэ гэдгийг мэдэж ойлгох нь маш чухал.
- Соёлын төв өргөөний барилгын талаар танд өөрт төрж явдаг мэдрэмжийг илэрхийлбэл?
Надад маш гоё тансаг мэдрэмж төрдөг. Хүмүүсийг орж үзээсэй гэж хүсдэг юм. Төв хаалгаар нь ороход л “энэ барилгыг Зөвлөлтийн ард түмнээс Монголын ард түмэнд дурсгав’’ гэсэн бичиг угтдаг нь тус барилгыг урлагийн бүтээл мэт санагдуулдаг. Үүдний гантиг шалнаас нь эхлээд хүнд урлагийн мэдрэмж төрүүлж, тухайн орчиндоо уусгаж өгч чаддаг маш гоё барилга. Нэг өгүүлбэрээр Соёлын төв өргөө бол Монголын орчин цагийн архитектурын урлагийн нэгэн том төлөөлөл гэж хэлэх байна. Манай хотод дотогш ороход л маш гоё мэдрэмж төрүүлдэг олон барилга бий. Жишээлбэл, Үндэсний төв номын сангийн шат маш гоё санагддаг. Энэ шат бол Монголын анхны архитектор Б.Чимэд гуайн бүтээл. Мөн Гэрлэх ёслолын ордонд ороход их сайхан мэдрэмж төрдөг. Нэг л тийм танил, дотно мэдрэмж. Монголын үндэсний хээ угалзаар чимэглэсэн нь бидний оршихуйг хэлж ярихгүйгээр илэрхийлж буй мэт маш онцгой санагддаг даа.
Нэгэн дээвэр доор...
Нийт 15,000 ам. дөр. метр энэхүү иж бүрэн цогцолборт 1325 болон 400 хүний суудалтай хурал, концертын их, бага танхим, Улсын Филармони, Баян Монгол чуулга, Морин хуурын чуулга, Уран зургийн галерей, Хүүхдийн номын сан, Соёлын өвийн төв, Шинжлэх ухааны академи, Олон Улсын Монгол Судлалын Холбоо, Соёл, урлагийн хөгжлийн хороо, Соёлын яам, Соёлын сан, Соёл, урлаг судлалын хүрээлэн, Театрын музей, кафе зэрэг соёл, урлагийн олон байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Эдгээр байгууллагуудын төлөөлөл болсон залуус Соёлын төв өргөөний талаарх дотоод мэдрэмж болон өөрсдийн хүсэл тэмүүллээсээ хуваалцаж тус барилга тэдний амьдралд маш онцгой орон зай эзэлдэг болохыг онцолж байлаа.
CAFE 78 кофе шопын бариста О.Хонгорзул

- Соёлын төв өргөөний барилга байгууламж танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
Соёлын төв өргөө анх 1988-1989 онд ашиглалтад орсон. 2000-аад оны дунд үеэс эхлээд ажиглаад байхад тус барилга архитектурын хувьд дахин давтагдашгүй өвөрмөц, маш том барилга гэдгийг нь ойлгосон. Тэр нь ч надад маш их таалагддаг. Мөн дотор нь жүжиг үзэхээр анх удаа орж үзэхэд дотоод засал нь тун өвөрмөц санагдаж билээ.
- Барилгын нэг хэсэгт нь байрлах Cafe 78-д ажиллаж байгаа таны хувьд энэ газрын онцлогийг юу гэж боддог вэ?
Соёлын төв өргөөний нэг жигүүрт нь байдгийн хувьд манай кафен гадаа орчин европ хэв маяг агуулсан, өнгөлөг загвартай учраас гадаа сүүдрэвчинд сууж үйлчлүүлж буй хүмүүст их гэгээлэг мэдрэмж төрдөг байх.
- Танд энэ газартай холбоотой дурсамж бий юу?
Одоогоор яг тийм гээд хэлэх дурсамж санаанд буухгүй байна. Гэхдээ өмнө нь ямар газар байсан, одоо яаж өөрчлөгдсөнийг нь зургаас харьцуулаад харахад энэхүү барилгыг бүтээхийн төлөө маш олон хүн хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зориулсан гэдгийг ойлгосон.
- Хүн болгонд хүсэл тэмүүлэл бий. Түүнийгээ ажлын байрнаасаа яаж мэдэрдэг вэ?
Ачаалал ихтэй өдөр үйлчлүүлэгчид маань ирээд “маш амттай кофе байна, ямар үр ашиглаж нэрдэг вэ, латте дээрх зураг үнэхээр хөөрхөн, чамин юм аа” гэх мэтээр урмын үг хэлэхэд л тэр өдрийн бүх асуудал мартагдаад аз жаргалтай болдог доо.
Монгол Улсын Консерваторийн утсан хөгжмийн тэнхимийн багш, хийлч М.Номужин

- Сайн байна уу, Соёлын төв өргөөний барилгын ур хийц өөрт тань ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
Уг барилга анх хэдэн онд байгуулагдсаныг сайн мэдэхгүй юм байна. Архитектурын хувьд Соёлын төв өргөө гэсэн том танхимтай, тэнд жүжиг, хурал зөвлөгөөн гээд төрөл бүрийн арга хэмжээ болдог. Хажууд нь Монголын Уран Зургийн Галарей, Монгол Улсын Филармони, Баянмонгол чуулга зэрэг соёл урлагийн олон байгууллага хамтдаа оршдог учраас энэхүү байгууламж бол соёлын үйл ажиллагаа цогц бүрдсэн газар гэж боддог юм. Миний хувьд энэ барилгыг орос хүмүүс барьсан юм шиг мэдрэмж төрдөг. Учир нь үнэр нь хүртэл оросын хуучин барилгын үнэртэй тун төстэй. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Драмын Эрдмийн Театраас ч гэсэн их танил үнэр үнэртдэг. Магадгүй тэр үнэр л Соёлын төв өргөөг бусад барилгаас илүү онцгой санагдуулдаг байж мэднэ.
- Энэ барилгатай холбоотой зарим дурсамжуудаасаа бидэнтэй хуваалцаач?
Би 2018-2022 он хүртэл Монгол Улсын Филармонид ажилласан. Энэ л газар соёлын бүтээл, сонгодог урлагийг хүмүүст хүргэж байгаа учраас үнэхээр сайхан санагддаг. Тиймээс энэ танхим надад маш дотно санагддаг. Маш олон жил бэлдэж, суралцсан хөдөлмөрөө энд гаргадаг учир Филармоний танхимдаа үнэхээр хайртай.

- Хүмүүс энэхүү байгууламжийг соёл урлагийг түгээн дэлгэрүүлдэг газар гэж их хэлдэг шүү дээ. Гэтэл сүүлийн үед хуучны барилгуудыг нурааж шинэ барилга босгох шийдвэр гаргах болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
Аль ч улс орон эрт дээр үед баригдсан түүх соёлын дурсгалт барилгаа нураахаас өөр аргагүй болсон үед нь л нураадаг. Харин үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа, сэргэн засварлах боломжтой байхад нь хэн нэгний тушаалаар шууд нураадаг байж болохгүй гэж боддог доо.
- Та юунаас хүсэл тэмүүлэл мэдэрдэг вэ?
Миний хувьд хамгийн чухал зүйл бол мэдээж хөгжим. Амьдралын хамгийн хүнд хэцүү, гунигтай мөчид хөгжмөө тоглох эсвэл коридорт хөгжмөө давтаж байгаа хүүхдүүдийг хараад зогсоход хүртэл тухайн үеийн сөрөг мэдрэмж арилчихдаг юм. Амьдралдаа үзэж туулсан гунигтай, жаргалтай гээд бүх дурсамж цаг хугацаа өнгөрөхийн эрхээр мартагдах нь бий. Харин хөгжим өнгөрсөн үе рүүгээ түр зуур ч болов аялах боломжийг олгодог гэж боддог юм. Хөгжим дотроо олон төрөлтэй шүү дээ. Би сонгодог хөгжмийг түлхүү сонирхдог бас чөлөөт цагаараа DJ хийдэг учраас электроник хөгжимд дуртай.
Архитектор Д.Бат-Эрдэнэ

- Соёлын төв өргөөний барилгын ур хийц танд ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
Архитектор биш энгийн хүний нүдээр харахад л маш сүрдмээр хийцтэй барилга. Социализмын үеийн постмодерн хийцтэй буюу үүдэн хэсэгтээ маш сүрлэг өндөр баганатай, цаад талын барилгын фасад нь том хэмжээтэй байдаг нь хуучин нийгмийн төрийн барилга байгууламжийн хэв шинжийг шингээсэн мэт харагдуулдаг. Ер нь манай улсад том баганатай барилга маш цөөн байдгаас хамгийн гоёмсог нь яах аргагүй Соёлын төв өргөөний барилга гэж хэлнэ.
- Таны хувьд энэ барилгаас хамгийн таалагддаг хэсэг нь аль вэ?
Хүмүүс өдөр бүр дэргэдүүр нь өнгөрдөг ч архитектур талаас нь хараад, барилгын баганыг ажиглах юм бол яалт ч үгүй “хөөх!” гэж уулга алдмаар гоё хийцтэй. Мөн арван хэдэн давхарт нь байдаг хийцлэл маш чамин. Дотор нь орж үзвэл цонхоор нь хот үнэхээр гоё харагддаг, харууц маш сайтай.
- Сүүлийн үед хуучны гоё хийцтэй барилгуудыг нураах болж. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
Барилгыг нураагаад шинээр барьчихъя л гэх болсон. Архитектор хүний байр сууриас хандвал ингэж болохгүй. Социализмын хэв шинж агуулсан учраас нураах ёстой гэж боддог хүмүүс байдаг байх. Гэхдээ хуучны барилгууд архитектурын өв болж үлддэг. Учир нь эдгээр архитектурын маш чамин шийдэлтэй барилга байгууламж нь улс орны түүхийг хадгалахаас гадна, бидний ой санамж болж үлддэг онцлогтой юм. Түүнчлэн, ирээдүйн залуу архитекторчдын судалгааны бодит материал болох нь бий. Тиймээс эдгээр өвийг сэргээн засварлаад, цааш нь бүрэн бүтэн авч явах ёстой.
- Энэ барилгыг хараад танд төрж буй мэдрэмжийг товчхон илэрхийлбэл?
Барилгыг анх хараад хүнд төрөх мэдрэмж маш чухал. Энгийн хүн том багануудынх нь дэргэд зогсвол өчүүхэн жижигхэн мэт мэдрэмж төрнө. Тиймээс надад маш сүрлэг санагддаг даа. Улаанбаатар хотын архитектурын өнгө үзэмжийг тодорхойлдог тод өнгө бол яах аргагүй Соёлын төв өргөө.















Сэтгэгдэл