Залуусын орон зай

"Бид амьдралын шинэ тойрогт орох бүрдээ хамгийн балчир, туршлагагүй нь болж байдаг"

Б.Отгонзаяа2025.02.095 минут унших
"Бид амьдралын шинэ тойрогт орох бүрдээ хамгийн балчир, туршлагагүй нь болж байдаг" - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Олон улсад өсвөр наснаас насанд хүрэгчдийн хооронд дахин нэг насны үечлэл бий болсныг сүүлийн үед судлаачид 18-25 насны хөгжиж буй үеийн залуус гэж нэрлэж байна. Монгол Улсын хүн амын 11 хувийг энэ үеийнхэн эзэлж байна. Өмнөх ярилцлагаараа бид 20 настнуудын сэтгэл зүйн онцлог болон өдөр тутамдаа сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөөг хүргэсэн бол энэ удаагийн ярилцлагаараа шинэ ажлын байран дээр гарч буй будаг нь ханхалсан 20 настнууддаа зориулан, өөрийн сэтгэл зүйг хэрхэн удирдаж, хамгаалах талаар мөн шинэ орчин нөхцөлд хэрхэн дасан зохицож, эрүүл зөв харилцаа үүсгэх тухай сэтгэл зүйч П.Сувданчимэгтэй ярилцлаа. 

“Мөрөөдөж болно, гэхдээ түүнийгээ тооцоолол сайтай, хэрэгжүүлж болохуйц бодитой тавих хэрэгтэй”

-Тархинд үүссэн өөрийн болон ирээдүйн талаар хийсэн хийсвэрлэлүүдийг бид  мөрөөдөл гэж нэрлэдэг. Хүн болгонд мөрөөдөл, зорилго, алсын хараа бий. 20 настнууд маань ч гэсэн том жижиг олон зорилго, зорилтуудыг өмнөө тавин урагшилж яваа. Энэ тал дээр та өөрийн туршлагаас хуваалцахгүй юу, мөрөөдөл зорилгоо тодорхойлохдоо юун дээр анхаарвал зохистой вэ? 

-Зорилгодоо  хүрэх гэсэн хүн бүрд бодитой тооцоолох чадвар хэрэгтэй. Үүнд би үнэхээр хүрч чадах уу. Энэ тодорхой, хэмжигдэхүйц, хүрч болохуйц зүйл мөн үү гэдгийг тооцоолсноор бодитой, биелж болохуйц мөрөөдөл, зорилго бий болно. Түүнд хүрэхийн тулд би хэдэн жил зарцуулж, хэр их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй вэ гэдэг дээр залуус том хийсвэрлэл тавьчхаад байна. Том мөрөөдөл байвал түүнийгээ урт хугацаанд тавь. Гурван жилээр, таван жилээр ч юм уу, гэхдээ гурван жил, таван жилийг тэвчих тэвчээрийг гаргаж чаддаг байх нь чухал. 

"Бид амьдралын шинэ тойрогт орох бүрдээ хамгийн балчир, туршлагагүй нь болж байдаг" нийтлэлийн зураг

Мөрөөдөж болно, гэхдээ түүнийгээ тооцоолол сайтай, хэрэгжүүлж болохуйцаар бодитой тавих хэрэгтэй. Тодорхой бус хийсвэр мөрөөдөл, төсөөлөлтэй байснаараа өөрийнхөө хамгийн сайн чаддаг зүйлийг хийж чадахаа болих хүртэл итгэл үнэмшилгүй нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, “Би ийм юм хийж чаддаг байсан. Одоо бүр юу ч хийж чадахаа больжээ” гэдэг дүгнэлтэд хүрээд байгаа гэсэн үг. Энэ хоёрын харьцааг 51%, 49% байлгах хэрэгтэй байна. Би эдгээрийг чаддаг шүү гэдэг нь 51 хувьтай. Гэхдээ надад чадахгүй зүйл ч бас байгаа гэдэг нь 49 хувьтай баймаар байна. Тэгэхгүй бол чи юу дадуулна, тэр чинь томорно гэж байгаа шүү дээ. Өөртөө би дажгүй юм чаддаг болоод байгаа шүү гэдгээ өнгөлж, анхаарах хэрэгтэй.

“Бид юм бүхнийг мэддэг оргил нь биш”

-Шинэ ажлын байранд гараад 20 настнууд маань өөрийгөө голж, стресстэж шантрах үетэй олонтоо тулгардаг. Магадгүй энэ ярилцлагыг уншаад сууж байгаа 20 настан би энэ мэргэжлээр ажиллаж чадахгүй юм байна. Ажлаа сольдог ч юм бил үү гээд сууж байхыг үгүйсгэхгүй. Энэ нь хүн болгонд тохиолддог энгийн зүйл үү. Та 20 насандаа эдгээр мэдрэмжийг авч байв уу?

-Энэ асуудал  үеийн үед байсан байх. Яагаад гэвэл надад ч гэсэн тийм мэдрэмжүүд төрдөг байсан. Сэтгэл зүйчид ч гэсэн сэтгэл зүйчийн зөвлөгөөнд явдаг. Би өөрөө хэд хэдэн сэтгэл зүйч, сэтгэл засалчтай. Над дээр ч гэсэн ажлын байранд гараад, би энэ ажлыг хийж чадахгүй юм байна, ажлаа сольдог ч юм бил үү гэж ирдэг үйлчлүүлэгч нэлээд бий. 

Үүнийг хүний амьдралын тухай кино гэж авч үзье л дээ. Киноны ерөнхий өрнөл нь амьдралын нэг цикл байдаг. Цэцэрлэгт бэлтгэл анги болоод сургуульд ороход нэгдүгээр анги хамгийн жоохон нь. Тавдугаар ангийнхан бага ангийнхаа хамгийн том нь болоод, дунд ангид ороход зургаадугаар анги хамгийн жаахан нь… ингэж явсаар их сургуульд дөрөвдүгээр курсийнх нь хамгийн том байсан бол ажлын байранд гараад дахиад л балчир нь болдог. Тэгэхээр бид амьдралын шинэ тойрогт орох болгондоо хамгийн балчир, туршлагагүй нь болж байдаг. 

"Бид амьдралын шинэ тойрогт орох бүрдээ хамгийн балчир, туршлагагүй нь болж байдаг" нийтлэлийн зураг

Би шинэ талбар руу орж байна. Мөн ажлын байран дээр би анх удаа ажилтан байж, байгууллагын нэг хэсэг болж үзэж байгаа. Тиймээс энэ талбарт мөлхөж байгаа хүн нь би юм байна гэдгээ ойлгож, яваандаа алхаж сурна гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Цаг хугацааны явцад чи тухайн газраа туршлагатай ажилтан нь болж шинэ хүмүүст заадаг болно. Ингэж явсаар тухайн ажлаа солимоор санагдахыг ч үгүйсгэхгүй. Гэнэт би өөрийгөө соримоор байна гээд салбараа сольж ч мэднэ. Гэтэл дахиад л нөгөө мэдрэмж төрнө. Би юу ч чаддаггүй байж гээд дахиад суралцаад эхэлдэг. Энэ бол амьдралын цикл. 

Тиймээс бидэнд сэтгэлгээний хувьд амьдралын далайд сэлж үзээгүй бүс нутгууд зөндөө байгаа. Аль нэгэн рүү нь би шинээр орж магадгүй. Тэр тохиолдолд “би юу ч чадахгүй гэдгээ мэдэж байна. Хичээгээд байвал сурч болох л байх.

Бид юм бүхнийг мэддэг оргил нь биш шүү дээ. Амьдрал өөрөө сургууль болохоор би насан туршдаа сурна, надад мэдэхгүй юм зөндөө бий. Би одоо хамгийн мундаг нь болчихсон гээд шинэ ажилд орчхоод мундаг нь болох гээд байвал “Уучлаарай энэ бол ажлын өөр талбар учраас танд сайрхах боломж байхгүй.” 

"Бид амьдралын шинэ тойрогт орох бүрдээ хамгийн балчир, туршлагагүй нь болж байдаг" нийтлэлийн зураг

“Бусдын хэлсэн үг, үйлдэлд цензуртэй хандах нь зүйтэй”

-Хаа хамаагүй, задгай ярьдаг хүмүүс бидний эргэн тойронд олон бий. Энэ нь өөрсдийнх нь сэтгэл зүйн механизмтай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй. Бусдыг доош хийснээр өөрийгөө аюулгүй мэтээр мэдэрдэг хүмүүс ч байдаг. Гэвч энэ нь тэдгээр үгийг хүлээн авч буй, сэтгэл хөдлөлөө бүрэн дүүрэн удирдаж чадахгүй байгаа 20 настнуудад хүндээр тусаж, сэтгэл зүйг нь гэмтээх тохиолдол нэлээд байдаг. Хүмүүсээс ирж буй сэтгэгдэл, шүүмжээс 20 настнууд маань сэтгэл зүйгээ хэрхэн хамгаалах вэ?  

-Хүний сэтгэл нь бодол, мэдрэмж буюу сэтгэл хөдлөл, үйлдэл гэдэг гурван зүйлээс бүрддэг. Тэгэхээр энэ гурав дээрээ ажиллах нь сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах хамгийн чухал хүчин зүйл. Хүний бодол бол вирус шиг халдамтгай зүйл. Тухайлбал, ажлын чинь нэг хүн “Өө, чи яасан хачин хувцасладаг юм, ямар сонин юм хийдэг юм бэ?” гээд хэлэнгүүт тэр нь эргээд бидний бодолд халдварлачихдаг. Яана аа, би энэ ажил дээр муу байгаа юм байх даа гэж бодно. Гэвч энэ нь чиний бодол биш, гаднаас орж ирж байгаа мэдээлэл. 

Тиймээс тархиндаа өрнөж байгаа бодлыг энэ миний бодол мөн үү, гаднаас ирсэн үү, энэ нь бодитой юу үгүй юу гэдгийг үнэлж дүгнэх хэрэгтэй. Энэ үнэлгээ дүгнэлт бодитой байхаас гадна хил хязгаартай байх хэрэгтэй. Би амьдралдаа хамгийн дээд, доод талдаа юуг хүлээн зөвшөөрөх вэ, юуг хүлээн зөвшөөрөхгүй байх вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Миний ажилд сайжруулах тал дээр шүүмж хэлж болно. Гэхдээ намайг хувь хүн талаас муулахыг би зөвшөөрөхгүй гэх мэт хил хязгаараа тогтоох хэрэгтэй. 

Хил хязгаар тогтоох ёстой бүсүүд гэж байдаг. Бид физик ертөнцийн газар нутгийн талаар сайн мэддэг. Аравдугаар хорооллын дараа 25-р эмийн сан байгаа гэдэг шиг сэтгэл зүй дотор гэр бүл, эрүүл мэнд, цаг хугацаа, хосын харилцаа, ажлын талаар харилцаа үүсгэдэг үнэ цэнтэй орон зай эзэлдэг бүсүүд зөндөө бий. 

Хосын харилцаан дээр надад ийм үг хэлэхийг би зөвшөөрнө, үүнээс цааш бол тэвчихгүй. Энэ бол миний өөрөө өөртөө тавьж байгаа хил хязгаар. Үүнээс давах юм бол надад тухгүй мэдрэмж төрж, миний сэтгэл зүй тогтворгүй болно. Тухайлбал, ажлын байран дээр яг тарах үеэр “за, одоо тэр, тэр тайлангуудаа яг одоо, өнөөдөртөө багтааж явуулаарай” гэхэд өөрөө өөртөө хил хязгаар тогтоогоогүй хүн “ёо, ямар ядаргаатай юм, хийхээс” гээд сууна. Харин хил хязгаар тогтоочихсон бол “уучлаарай, би ажлын найман цагтаа бүтээмжтэй ажилчихсан, баяртай” гээд гараад явна. Тиймээс дээр дурдсан хүрээ болгон дээр хил хязгаар тогтоох хэрэгтэй. Хил хязгаар нь амьдралын бүхий л хүрээнд байх хэрэгтэй. Гэхдээ нөхцөл байдлаас хамаараад уян хатан байж болно шүү дээ.

"Бид амьдралын шинэ тойрогт орох бүрдээ хамгийн балчир, туршлагагүй нь болж байдаг" нийтлэлийн зураг

“20 настнууд ямар ч төрлийн хүнтэй тохируулж, харьцаж сурах хэрэгтэй”

-Бодол халдварламтгай учир бусдын хэлсэн үг, үйлдэлд цензуртэй хандах нь хамгаас чухал байх нь. Мөн сэтгэл хөдлөлүүд ямар үүрэгтэй вэ, тэр сэтгэл хөдлөл надад юу хэлээд байна, надад тааламжтай байна уу, үгүй юу гэдгийг маш сайн ялгаж, ангилж сураад дараагаар нь үйлдэл хийх хэрэгтэй болдог байна. Тэгвэл сэтгэл хөдлөлөө хэрхэн, таньж мэдээд зөв үйлдэл хийх вэ?

-Бид бодол, сэтгэл хөдлөлөө таньж мэдээд дараагаар нь үйлдэл хийх болдог. Ялангуяа донтуулах хэв шинжийн кофе их уух, тамхи татах, мөрийтэй тоглоом тоглох, архинд орох зэрэг тайвшруулах төрлийн үйлдлүүдийг олон давтамжтай хийх юм бол эдгээр нь амьдралд хортой шүү дээ. Тиймээс эдгээр хортой үйлдэл дээрээ ажиллах хэрэгтэй. Хэрвээ та өөрөө чадахгүй бол сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Сэтгэл зүйчид бол таныг өөрөө өөрийгөө тольдох боломжийг олгодог хүмүүс. Сэтгэцийн өвчтэй эсвэл амьдралаа авч явж чаддаггүй хүн сэтгэл зүйчид ханддаг гэх ойлголтоос салах хэрэгтэй. Барууны орнуудад бол хүн болгон насан туршдаа сэтгэл зүйчтэй байдаг.

Мөн 20 настнууд маань ямар ч төрлийн хүнтэй шингээж, харьцаж сурах хэрэгтэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө харилцааны хэв маягт өөрчлөлт хийх хэрэгтэй. Бүх хүнтэй ижил тэгш харилцах боломжтой гэдэг боловч энэ нь бодит байдал дээр ямар ч боломжгүй. Яагаад гэвэл зарим нь өргөстэй сарнай, зарим нь багваахай. Энэ хоёрын усалгаа нь өөр учир ялгаатай арчлах шаардлагатай болно. Үүнтэй адил хүн болгон өөр өөр шүү дээ. Тиймээс ялгаатай нөхцөл байдалд ялгаатай харилцааны хэв маягийг үүсгэж сурах хэрэгтэй. 

Холбоотой нийтлэлүүд